Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/282

 

 

 

 

 

 

 

    2022         4           13                                       2022/ШЦТ/282

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Ц.Гэрэлчимэг, шүүгдэгч О.Я-, С.Б-, нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Д овогт С-ийн Б-, А овогт О-ийн Я- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2210000000118 дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1. Монгол Улсын иргэн, 1985 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, ам бүл 6, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Д овогт С-ийн Б,

 

2. Монгол Улсын иргэн 1979 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ам бүл 3, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, А овогт О-ийн Я,  

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч О.Я-, С.Б- нар нь үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн, нууцаар, хууль бусаар 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг А худалдааны төвийн барааны тасгаас 2 ширхэг куртик, 1 ширхэг малгай, 1 ширхэг цамц,

2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг А худалдааны төвийн барааны тасгаас 3 ширхэг куртик, 2 ширхэг жинсэн өмд, 1 ширхэг суналттай өмд, 3 ширхэг малгай зэргийг хулгайлан А ХХК-д 2,596,400 төгрөгийн хохирол учруулан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч нарын мэдүүлэг: 

 

          Шүүгдэгч С.Б-: “..Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг гаргахгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, дахиж ийм зүйл хийхгүй, худалдагчийн ажил хийгээд нэг жил гаран болж байна...” гэв.

 

          Шүүгдэгч О.Я-: “...Мэдүүлэг гаргахгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар үнэн зөв мэдүүлсэн. Дэлгүүрээс юм авах гээд С.Б-ийн хамт орсон, тэгээд хоёулаа авах юмаа сагсанд хийж явж байгаад бичүүлэхдээ зарим нэг эд зүйлийг бичүүлэхгүй аваад гарчихсан, тэгээд ингэж болдог юм байна гээд эргэж ороод дахиж эд зүйл авсан. Чипийг хөмсөг засдаг хайчаар хайчилсан, хайч Ч.Б-т байсан. Хохирлыг хүнээс мөнгө зээлж төлж барагдуулсан, үнэхээр муухай зүйл хийсэн, дахиж ийм зүйл хийхгүй...” гэв.

 

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэбат мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хоёр эмэгтэй хувцасны тасгаас хувцас хулгайлсан. Тухайн үед бид хэд барьж чадаагүй бөгөөд 2021 оны 12 дугаар сарын 28-ны орой хулгай хийсэн хоёр эмэгтэй дахин хувцасны тасагт явж байсан бөгөөд гарах үед барьж авсан. ...Хоёр эмэгтэй хяналтын камерт орж гарч байгаа дүрс бичлэг нь байгаа. ...Хохирлын мөнгийг хүлээн авсан...” /хавтас хэргийн 38-44 дэх тал/ гэсэн,

 

З.Бямбадаваа мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Бид гурав Хан-Уул дүүргийн А худалдааны төв орж хоёр давхарт байдаг барааны тасгаас бид гурав нэг, нэг ширхэг куртик, тэр хоёр ретуз, нэг жинсэн өмд, тэр хоёр дөрвөн ширхэг малгай авсан. ...2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ...би машиндаа сууж байхад тэр хоёр нэг нэг куртиктэй орж ирсэн. ...Я-, Б- хоёр хамгаалалтын хүмүүстэй ирсэн, миний машиныг шалгах хэрэгтэй байна гэж хэлсэн. ...Я-гийн өгсөн куртикийг өмнө нь алдагдсан куртик байна гэхээр нь би хулгай хийсэн талаар мэдсэн...” /хавтас хэргийн 98-100 дахь тал/ гэсэн,

 

Шүүгдэгч О.Я- мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр найз Б-, Бямбадаваа нарын хамт Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, А дэлгүүр ороод бид гурав тус тусдаа 290,000 төгрөгийн үнэ бүхий 3 ширхэг куртикийг наалттай байдаг хувцасны таг-ийг нь хайчилж аваад өмсөөд гарсан. ...2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр найз Б-ийн хамт ...хоёр ширхэг куртик, хоёр ширхэг малгай авсан. .....” /хавтас хэргийн 57-58, 91-92 дахь тал/ гэсэн,

 

Шүүгдэгч С.Б- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Я- эгчийн хамт А дэлгүүр рүү ороод бид хоёр эмэгтэй хувцасны тагаас би жинсэн өмд, Я- эгч саарал өмд авсан, хоёр ижил хар өнгийн куртик авсныгаа хувцас солих өрөөнд орж өмдийг нь өмсөөд куртикийг тэрэг дээр түрж явж байгаад гарахдаа өмссөн. ...2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Я- эгчийн хамт А дэлгүүр орж би цагаан өнгийн канттай хар куртик, элгэн малгай, ногоон өнгийн ноосон цамц нэг ширхийг авсан. ...Бямбаа ах мэдээгүй А орж хувцас авах гэж байна гэж ойлгосон...” /хавтас хэргийн 61-62, 84-86 дахь тал/  мэдүүлгүүд,

 

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 15-24 дэх тал/,

- Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтас хэргийн 25 дахь тал/,

- Сиди-нд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтас хэргийн 30-36 дахь тал/,

- Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 45-50, 63-71 дэх дахь тал/,

- Хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтас хэргийн 74-77 дэх тал/,

- Хохирол төлсөн баримт /хавтас хэргийн 149 дэх тал/,

- Шүүгдэгч С.Б-, О.Я- нарын хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтас хэргийн 122, 137 дахь тал/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хавтас хэргийн 123, 138 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтас хэргийн 128, 143 дахь тал/ зэрэг болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

1. Шүүгдэгч О.Я-, С.Б- нар нь үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн, 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг А худалдааны төвийн барааны тасгаас 2 ширхэг куртик, 1 ширхэг малгай, 1 ширхэг цамц зэрэг эд зүйлсийг,

2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг А худалдааны төвийн барааны тасгаас 3 ширхэг куртик, 2 ширхэг жинсэн өмд, 1 ширхэг суналттай өмд, 3 ширхэг малгай зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч А ХХК-д 2,596,400 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан  гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэбатын “...2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хоёр эмэгтэй хувцасны тасгаас хувцас хулгайлсан. Тухайн үед бид хэд барьж чадаагүй бөгөөд 2021 оны 12 дугаар сарын 28-ны орой хулгай хийсэн хоёр эмэгтэй дахин хувцасны тасагт явж байсан бөгөөд гарах үед барьж авсан. ...Хоёр эмэгтэй хяналтын камерт орж гарч байгаа дүрс бичлэг нь байгаа. ...Хохирлын мөнгийг хүлээн авсан...” /хавтас хэргийн 38-44 дэх тал/ гэсэн, З.Бямбадаваагийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “...Бид гурав Хан-Уул дүүргийн А худалдааны төв орж хоёр давхарт байдаг барааны тасгаас бид гурав нэг, нэг ширхэг куртик, тэр хоёр ретуз, нэг жинсэн өмд, тэр хоёр дөрвөн ширхэг малгай авсан. ...2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ...би машиндаа сууж байхад тэр хоёр нэг нэг куртиктэй орж ирсэн. ...Я-, Б- хоёр хамгаалалтын хүмүүстэй ирсэн, миний машиныг шалгах хэрэгтэй байна гэж хэлсэн. ...Я-гийн өгсөн куртикийг өмнө нь алдагдсан куртик байна гэхээр нь би хулгай хийсэн талаар мэдсэн...” /хавтас хэргийн 98-100 дахь тал/ гэсэн, шүүгдэгч О.Я-гийн “...2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр найз Б-, Бямбадаваа нарын хамт Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, А дэлгүүр ороод бид гурав тус тусдаа 290,000 төгрөгийн үнэ бүхий 3 ширхэг куртикийг наалттай байдаг хувцасны таг-ийг нь хайчилж аваад өмсөөд гарсан. ...2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр найз Б-ийн хамт ...хоёр ширхэг куртик, хоёр ширхэг малгай авсан...” /хавтас хэргийн 57-58, 91-92 дахь тал/ гэсэн, шүүгдэгч С.Б-ийн “...Я- эгчийн хамт А дэлгүүр рүү ороод бид хоёр эмэгтэй хувцасны тагаас би жинсэн өмд, Я- эгч саарал өмд авсан, хоёр ижил хар өнгийн куртик авсныгаа хувцас солих өрөөнд орж өмдийг нь өмсөөд куртикийг тэрэг дээр түрж явж байгаад гарахдаа өмссөн. ...2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Я- эгчийн хамт А дэлгүүр орж би цагаан өнгийн канттай хар куртик, элгэн малгай, ногоон өнгийн ноосон цамц нэг ширхийг авсан. ...Бямбаа ах мэдээгүй А орж хувцас авах гэж байна гэж ойлгосон...” /хавтас хэргийн 61-62, 84-86 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 15-24 дэх тал/, сиди-нд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтас хэргийн 30-36 дахь тал/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 45-50, 63-71 дэх дахь тал/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтас хэргийн 74-77 дэх тал/ зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлэх бөгөөд хулгайлах гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрөө бусдын эд зүйлийг хулгайлж байгаа идэвхтэй үйлдлээ хэнд ч мэдэгдээгүй сэтгэхүйн харилцаагаар тодорхойлогдоно.

 

Шүүгдэгч С.Б-, О.Я- нар нь бүлэглэн А дэлгүүрийн эмэгтэй хувцасны лангуунаас 2,596,400 үнэ бүхий бэлэн хувцаснуудыг нууцаар авсан нь өөрсдийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж мэдсэн боловч зориудаар хохирол учруулж гэм буруугийн санаатай хэлбэрээр хохирогч А ХХК-ийн эд хөрөнгийн өмчлөх эрхэд халдсаны улмаас 2,596,400 төгрөгийн хохирол буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул дээрх зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно...” гэж,

3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ...” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч С.Б-, О.Я- нар гэмт хэрэг үйлдэхээр санаатай нэгдэж, 2021 оны 12 дугаар сарын 26, 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрүүдэд дээрх гэмт хэргийг үйлдсэн байх тул тэднийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр бүлэглэж үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч С.Б-, О.Я- нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.

 

Шүүгдэгч С.Б-, О.Я- нар нь хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

2. Шүүгдэгч С.Б-, О.Я- нарт нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

Дээр хөнгөрүүлэн үзэх нөхцөл, шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирол хор уршиг, гэмт хэрэг үйлэх болсон шалтгаан, шүүгдэгч нарын ажил хөдөлмөр эрхлэлтийн байдал, хувийн байдал  зэргийг харгалзан тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 250 /хоёр зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэв.

 

3. Гэмт хэргийн улмаас хохирогч А ХХК-ийн эд хөрөнгө өмчлөх эрх зөрчигдөж, 2,594,600 төгрөгийн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч нар нь хохирлыг төлсөн, хохирогч, иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэбат гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна.

 

Эрүүгийн 2210000000118 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ногоон өнгийн малгай 1 ширхэг, ногоон саарал өнгийн үстэй эмэгтэй куртик 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч С.Б-, О.Я- нарт буцаан олгож, сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч С.Б-, О.Я- нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэбат гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус шийдвэрлэв.

 

   Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д овогт С-ийн Б-, А овогт О-ийн Я- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д овогт С-ийн Б-, А овогт О-ийн Я- нарт тус бүр 250 /хоёр зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч С.Б-, О.Я- нарт оногдуулсан 250 /хоёр зуун тавь/ нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-, О.Я- нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн 2210000000118 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ногоон өнгийн малгай нэг ширхэг, ногоон саарал өнгийн үстэй эмэгтэй куртик нэг ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч С.Б-, О.Я- нарт буцаан олгож, сиди нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч С.Б-, О.Я- нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэбат гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.Б-, О.Я- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б-, О.Я- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.АЛТАНЖИГҮҮР