Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/281

 

 

 

 

 

 

 

    2022          04          13                                       2022/ШЦТ/281

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Л.Төгсжаргал, шүүгдэгч Б.Б-, нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч А овогт Б-ын Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 2210000000305 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Монгол Улсын иргэн, 1989 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “ам бүл 4, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, А овогт Б-ын Б,  

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.Б- нь 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт С.С-ын эзэмшлийн “сөнтэй цэцэг” тамгатай бор зүсмийн шүдлэн үрээг хариулж байхдаа бусдад 4,000,000 төгрөгөөр худалдаж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж хохирогч С.С-т 900,000 төгрөгийн хохирол учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:   

         

          Шүүгдэгч Б.Б-: “...Урьд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг гаргахгүй, хохирлыг бодит байдлаар төлж барагдуулсан, миний сарын орлого 800,000 төгрөг, хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэв.

 

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогч С.С- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 8 дугаар сард өөрийн “сөнтэй цэцэг” тамгатай бор зүсмийн шүдлэн үрээг ...Б.Б- гэх хүний адуунд тавихаар гэрт  нь авчирч өгсөн. ...2021 оны 9 дүгээр сард ...Б-тай холбогдоход танай адуу сайн байгаа гэж хэлсэн, ...10 дугаар сарын дундуур адуугаа авахаар очиход миний адуу байхгүй байсан. ...Сэр-Од чиний үрээг Б- Хөвсгөл аймгийн хүнд зарсан гэж хэлсэн. ...Б- адууг зарлаа гэж надад хэлээгүй, авах хүн олдохгүй байна гэсэн. Би Б-аас адуу зарсан мөнгөө авъя гэхэд мөнгө байхгүй гэж хэлсэн...” / хавтас хэргийн 6-7 дахь тал/ гэсэн,

 

Иргэний нэхэмжлэгч Ц.Гансүх мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 9 дүгээр сард Б- гэх хүнээс бор зүсмийн “сөнтэй цэцэг” тамгатай шүдлэн үрээг 4,000,000 төгрөгөөр худалдан авсан, мөнгийг Б-ын данс руу шилжүүлсэн...” /хавтас хэргийн 11 дэх тал/ гэсэн,

 

Гэрч Б.Сэр-Од мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...3 тооны адуу ачаад ...Б-ын хамт Хөвсгөл аймгийн Хатгал тосгон гэх газарт ...Мархаз нэртэй хүний хашаанд буулгасан. “Сөнтэй цэцэг” тамгатай бор зүсмийн шүдлэн үрээ, цагаан үсэн нар саран тамгатай зээрд халзан шүдлэн үрээ хоёрыг худалдсан...” /хавтас хэргийн 13 дахь тал/ гэсэн,

 

Шүүгдэгч Б.Б- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 8 дугаар сард С- ах надад “сөнтэй цэцэг” тамгатай бор зүсмийн шүдлэн үрээ харуулахаар өгөөд зараад унаа тэрэг болгочихмоор байна, чи зараад өг гэж хэлсэн. ...Би Гансүх гэх хүнтэй холбоо барьж С- ахын “сөнтэй цэцэг” тамгатай бор зүсмийн шүдлэн үрээ, чандмань тамгатай цавьдар даага, саран дэвсгэртэй бундан тамгатай зээрд зүсмийн шүдлэн үрээг ачаад ...Гансүх ахад зарахаар хүргэж өгсөн. ...Сөнтэй цэцэг тамгатай бор зүсмийн шүдлэн үрээг 4,000,000 төгрөгөөр худалдсан бөгөөд тухайн мөнгийг С- ахад өгөөгүй...” /хавтас хэргийн 21 дэх тал/ гэсэн мэдүүлгүүд

 

- Өргөдөл / хавтас хэргийн 3 дахь тал/,

- Хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтас хэргийн 41 дэх тал/,

- Хохирогч С.С-ын хүсэлт /хавтас хэргийн 48 дахь тал/,

- Шүүгдэгч Б.Б-ын хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтас хэргийн 35 дахь тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт / хавтас хэргийн 38 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хавтас хэргийн 27 дахь тал/ зэрэг болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

1. Шүүгдэгч Б.Б- нь 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт С.С-ын эзэмшлийн “сөнтэй цэцэг” тамгатай бор зүсмийн шүдлэн үрээг хариулж байхдаа бусдад 4,000,000 төгрөгөөр худалдаж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсаны улмаас С.С-т 900,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч С.С-ын “...2021 оны 8 дугаар сард өөрийн “сөнтэй цэцэг” тамгатай бор зүсмийн шүдлэн үрээг ...Б.Б- гэх хүний адуунд тавихаар гэрт нь авчирч өгсөн. ...2021 оны 9 дүгээр сард ...Б-тай холбогдоход танай адуу сайн байгаа гэж хэлсэн, ...10 дугаар сарын дундуур адуугаа авахаар очиход миний адуу байхгүй байсан. ...Сэр-Од чиний үрээг Б- Хөвсгөл аймгийн хүнд зарсан гэж хэлсэн. ...Б- адууг зарлаа гэж надад хэлээгүй, авах хүн олдохгүй байна гэсэн. Би Б-аас адуу зарсан мөнгөө авъя гэхэд мөнгө байхгүй гэж хэлсэн...” / хавтас хэргийн 6-7 дахь тал/ гэсэн, иргэний нэхэмжлэгч Ц.Гансүхийн “...2021 оны 9 дүгээр сард Б- гэх хүнээс бор зүсмийн “сөнтэй цэцэг” тамгатай шүдлэн үрээг 4,000,000 төгрөгөөр худалдан авсан, мөнгийг Б-ын данс руу шилжүүлсэн...” /хавтас хэргийн 11 дэх тал/ гэсэн, гэрч Б.Сэр-Одын “...3 тооны адуу ачаад ....Б-ын хамт Хөвсгөл аймгийн Хатгал тосгон гэх газарт ...Мархаз нэртэй хүний хашаанд буулгасан. “Сөнтэй цэцэг” тамгатай бор зүсмийн шүдлэн үрээ, цагаан үсэн нар саран тамгатай зээрд халзан шүдлэн үрээ хоёрыг худалдсан...” /хавтас хэргийн 13 дахь тал/ гэсэн, шүүгдэгч Б.Б-ын “...2021 оны 8 дугаар сард С- ах надад “сөнтэй цэцэг” тамгатай бор зүсмийн шүдлэн үрээ харуулахаар өгөөд зараад унаа тэрэг болгочихмоор байна, чи зараад өг гэж хэлсэн. ...Би Гансүх гэх хүнтэй холбоо барьж С- ахын “сөнтэй цэцэг” тамгатай бор зүсмийн шүдлэн үрээ, чандмань тамгатай цавьдар даага, саран дэвсгэртэй бундан тамгатай зээрд зүсмийн шүдлэн үрээг ачаад ...Гансүх ахад зарахаар хүргэж өгсөн. ...Сөнтэй цэцэг тамгатай бор зүсмийн шүдлэн үрээг 4,000,000 төгрөгөөр худалдсан бөгөөд тухайн мөнгийг С- ахад өгөөгүй...” /хавтас хэргийн 21 дэх тал/ гэсэн мэдүүлгүүд, хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтас хэргийн 41 дэх тал/ зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө гэдэгт өмчлөгч өөрөө эд хөрөнгөө түр хугацаагаар шилжүүлж өгсөн эд хөрөнгийг хэлэх бөгөөд итгэмжлэн өгсөн эд зүйлс, өмч хөрөнгийг өмчлөгчид мэдэгдэлгүйгээр хууль бусаар өөртөө ашиглах нь хөрөнгө завших гэмт хэргийн үндсэн шинж бөгөөд шүүгдэгч Б.Б- нь хохирогч С.С-ын түүний адуунд тавьсан “сөнтэй цэцэг” тамгатай бор зүсмийн үрээг хохирогчийн зөвшөөрөлгүйгээр Ц.Гансүхэд 4,000,000 төгрөгөөр худалдаж, мөнгийг өөрийн хэрэгцээнд зарцуулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул дээрх зүйл хэсэгт зааснаар гэм буруутай тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.

 

Шүүгдэгч Б.Б- нь хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

2. Шүүгдэгч Б.Б- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын зарим хэсгийг төлж барагдуулсан, цаашид төлөхөө илэрхийлж буй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирлын хэмжээ, шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч маргаагүй зэрэг нөхцөлийг харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэв.

 

Шүүгдэгч нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаад хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.

 

3. Гэмт хэргийн улмаас хохирогч С.С-ын эд хөрөнгөд 900,000 төгрөгийн хохирол учирсан, шүүгдэгч, хохирогч нар мөрдөн шалгах ажиллагааны явцад сайн дурын үндсэн дээр эвлэрсэн, хохирлыг биет байдлаар буцааж өгсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт гаргасан байна. Мөн шүүгдэгч нь иргэний нэхэмжлэгч Ц.Гансүхэд 4,000,000 төгрөгийг буцааж төлсөн, иргэний нэхэмжлэгч Ц.Гансүх гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

 

Эрүүгийн 2210000000305 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.Б- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, бусдад төлөх төлбөргүй хохирогч С.С-, иргэний нэхэмжлэгч Ц.Гансүх нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч А овогт Б-ын Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-ын Б-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Б.Б-т оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б- торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаад хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн 2210000000305 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.Б- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, бусдад төлөх төлбөргүй хохирогч С.Сүхбатаар, иргэний нэхэмжлэгч Ц.Гансүх нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.  

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Б- урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                        Д.АЛТАНЖИГҮҮР