Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2020/00014

 

Ц.Т-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 182/ШШ2019/00126 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 510 дугаар магадлалтай

Ц.Т-ийн нэхэмжлэлтэй,

“ЭТТ” ХК-д холбогдох,

Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 75 017 388 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгч Ц.Т-ийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Т-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Сарантуяа, Э.Уянга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг шүүх 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2018/00566 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 1418 дугаар магадлалаар шийдвэрлэсэн. Тухайн үед хариуцагч “ЭТТ” ХК нь намайг Нягтлан бодох бүртгэлийн хэлтэст Нийтлэг үйлчилгээ, аж ахуй хариуцсан менежерээр томилж, зохигчид ажилд эгүүлэн тогтоох шаардлагад эвлэрэн хэлэлцсэнийг баталж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Талууд эвлэрэн хэлэлцэхдээ ажилгүй байсан 2017 оны 04 дүгээр сараас 2018 оны 03 дугаар сарыг дуустал 12 cap ажилгүй байсан хугацааны цалин 52 269 600 төгрөг гаргуулж өгөхөөр тохирсон боловч одоо болтол өгөөгүй. Мөн уг нэхэмжлэлийн шаардлагаа 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 15-ны хооронд 1 жил 2 cap 3 хоног ажилгүй байсан хугацаа гэж тооцож 2 cap 3 хоног буюу 23 896 011 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 75 017 388 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ц.Т- нь 2018 оны 03 дугаар сард “ЭТТ” ХК-д холбогдуулан Төслийн ерөнхий зохион байгуулагчийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх, шимтгэлийг нөхөн төлүүлэх гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаснаар Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2018/00566 дугаар шийдвэр гарсан. Тус шүүхийн шийдвэрээр Ц.Т-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ нь хөлсөөр ажиллах гэрээний зохицуулалтад хамаарч байна. Хөлсөөр ажиллах гэрээ нь 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр дуусгавар болохоор 3 сарын хугацаатай байгуулсан байна.

Гэрээний хугацаа дуусахаас 8 хоногийн өмнө гэрээг цуцалсан явдалд Ц.Т-ийг гэм буруутай гэх үндэслэлгүй тул 8 хоногийн ажлын хөлс 1 227 906 төгрөгийг “ЭТТ” ХК-иас гаргуулан 8 хоногийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг даалгаж, ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 1418 дугаар магадлалд Ц.Т-ийг хэрэг хянан шийдвэрлэх явцад тухайн нэхэмжлэлийн шаардлагатай холбогдолгүйгээр “ЭТТ” ХК-ийн Захиргааны хэлтэст Нийтлэг үйлчилгээ, аж ахуй хариуцсан менежерээр ажилд орсныг шүүх буруу тайлбарлан ажилд эгүүлэн тогтоолгох гэсэн шаардлагын хувьд эвлэрсэн гэж үзэж бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Ц.Т-ийн ажиллаж байсан Төслийн ерөнхий зохион байгуулагчийн ажил албан тушаал цааш үргэлжлээгүй төсөл зогссон бөгөөд хөдөлмөрийн гэрээ байгуулж Нягтлан бодох бүртгэлийн хэлтэст Нийтлэг үйлчилгээ, аж ахуй хариуцсан менежерээр авсан. Иймд Ц.Т-ийи нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 182/ШШ2019/00126 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “ЭТТ” ХК-д холбогдох ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 75 017 388 төгрөг гаргуулах тухай Ц.Т-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 696 729 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 510 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 182/ШШ2019/00126 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч “ЭТТ” ХК-аас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 75 017 388 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ц.Т-ийн нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Т-ээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 696 729 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ц.Т- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 2019.01.16-ны өдөр хэргийг хянан хэлэлцэж, миний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийдвэрт давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 сарын 18-ны өдрийн 510 дугаар магадлалаар анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ талуудын хооронд үүссэн маргааны зүйл, түүнд хамаарах нотлох баримтад хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй байна, хуулийн заалтыг зөв тайлбарлан хэрэглээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна гэж үзэж, миний гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Учир нь миний гаргаж өгсөн хавтаст хэргийн 55 дугаар талд авагдсан “тодорхойлолт” баримтыг давж заалдах шатны шүүхээс “Нэхэмжлэгч нь хариуцагч компанид хөлсөөр ажиллаж байх үеийн дундаж цалинг тооцоолсон, мөн 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 2018 оны 06 сарын 15-ны өдрийн хооронд 14 сар цалин аваагүй гэсэн агуулгатай хариуцагчийг уг тодорхойлолтод дурдсан цалин хөлсийг олгохоор хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлгүй байна гэж дүгнэснийг дахин хянаж өгнө үү.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан энэ тодорхойлолтыг хариуцагч талын эрх бүхий албан тушаалтнууд байгууллагын дотоод журамдаа нийцүүлж гаргасан бөгөөд энэ баримтаар хариуцагч талын хүсэл зориг илэрхийлэгдсэн гэж үзэх бүрэн боломжтой байхад ямар үндэслэлээр нотлох баримтын хэмжээнд үнэлэхгүй татгалзаж байгаа нь ойлгомжгүй байна. Би энэ баримтыг дээд шүүхийн хуралдааны бүрэлдэхүүн шүүгчдээр дахин хянуулж, нотлох баримтаар үнэлүүлэн, судлуулж, хэргийг үндэслэлтэй шийдвэрлүүлэхийг хүсч байна. Төрийн өмчит компанийн тухайд ажилтны цалин хөлс олгох талаар Захирлууд баталж, гаргасан энэ баримтаас өөр ямар баримт шүүх шаардаад байгаа нь ойлгомжгүй байна. Би маш их гомдолтой байна, би энэ байгууллагаас болж, цаг хугацаа, санхүү, мөнгөөр хохирч байна. Шат шатны шүүх үнэн шударгаар шийдэж өгөхгүй байгаагаас болж, би удаа дараа улсын тэмдэгтийн хураамж төлж хохирч байна.

Миний энэ гомдолтой, хохирч яваа байдлыг харгалзан, хэргийг дахин хянаж, хэргийг шударгаар шийдэж өгнө үү. Би анх шүүхэд хандаж эхэлснээс хойш энэ байгууллагаас нэхэмжилж буй мөнгөний 50%-тай тэнцэхүйц мөнгийг өөрөөсөө зарлагадаж, зарцуулчихаад байна. Нийт 7 удаагийн шүүх хуралд 11 өмгөөлөгч хөлсөлж, улсын тэмдэгтийн хураамж олон удаа төлөх зэргээр их хэмжээний мөнгөөр хохироод байна.

Мөн ИХШХШтХуулийн 65.1.6-дахь хэсгийг үндэслэн “нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа” гэх үндэслэл тогтоогдлоо гэж үзэж, ИХШХШтХуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсгийг үндэслэн, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй байна.

Хэргийг хэрэгсэхгүй болгож шийдсэнд би маш их гомдолтой байгаа учраас хэргийг дахин хянаж, давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Ц.Т- нь “ЭТТ” ХК-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 75 017 388 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Ц.Т- “ЭТТ” ХК-д холбогдуулан “ЭТТ” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 166 тоот тушаалыг эс зөвшөөрч ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргасныг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2018/00566 дугаартай шийдвэрээр    талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж дүгнэн, гэрээний хугацаа дуусталх хугацааны олговорт 1 227 906 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Дээрх шийдвэр давж заалдах шатны шүүхэд хэрэг хянагдах явцад буюу 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр “ЭТТ” ХК Ц.Т-ийг “ЭТТ” ХК-ийн Нягтлан бодох бүртгэлийн хэлтэст Нийтлэг үйлчилгээ, аж ахуй хариуцсан менежерийн ажилд томилж,  тушаал гаргасныг үндэслэн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 1418 дугаартай магадлалаар нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг хүчингүй болгож, зохигч ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагын хүрээнд эвлэрэн хэлэлцсэнийг баталж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээхээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан үйл баримт тогтоогджээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “...ажил олгогч нь эвлэрэн хэлэлцэхдээ ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор олгохоор тохиролцсон боловч өнөөдрийг хүртэл олгоогүй тул ажилгүй байсан 2017 оны 04 дүгээр сараас 2018 оны 03 сарыг дуусталх хугацааны олговорт 52 269 600 төгрөгийг гаргуулна...”, гэж, хэрэг шүүхэд хянагдах явцад “...ажилд томилсон 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацааны олговор гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж, нийт 75 017 388 төгрөгийг нэхэмжилж байна...” гэж тайлбарлажээ.

Ц.Т-, “ЭТТ” ХК-ийн хооронд 2017 онд хөлсөөр ажиллах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээс тогтоогдсон тул дээрх эрх зүйн харилцаанаас Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасан үр дагавар үүсэхгүй болно.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2018/00566 шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан 2017 оны 04 дүгээр сараас шүүхийн шийдвэр гарах 2018 оны 03 дугаар сарын 22 хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулахыг хүссэн шаардлагыг шийдвэрлэсэн байна, харин шүүхийн шийдвэр гарснаас хойш ажилд томилох хүртэлх хугацааны шаардлагыг өмнө шийдвэрлээгүй боловч тус шаардлагын үндэслэлийг шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа тул нэгэнт тогтоогдсон үйл баримт гэж үзэн дахин шийдвэрлэхгүй.

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзнэ.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн алдааг засч, Ц.Т-ийн нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6. дахь заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, магадлал 166 дугаар зүйлийн 166.4., 117 дугаар зүйлийн 117.1. дэх зохицуулалтад нийцжээ.

Гэвч магадлалын тогтоох хэсэгт холбогдох хуулийн заалтыг бичээгүй алдаа гаргасан байх тул энэ үндэслэлээр магадлалд өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 510 дугаартай магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...болгож,” гэсний дараа “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1.-д зааснаар” гэсэн нэмэлт оруулж, магадлалын үлдэх хэсгийг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 697 729 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР 

                           ШҮҮГЧ                                                     Х.ЭРДЭНЭСУВД