Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 2018/ДШМ/51

 

Н.Чд холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Долгормаа даргалж, шүүгч З.Энхцэцэг, ерөнхий шүүгч Л.Наранбаяр нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийв.

  Шүүх хуралдаанд:

  Нарийн бичгийн дарга                              Н.Энхнаран

  Прокурор                                                   Л.Мөнхбаяр нар оролцов.

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж шийдвэрлэсэн 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2018/ШЦТ/256 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Г.Г, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Г нарын давж заалдах гомдлоор Н.Чд холбогдох эрүүгийн 1821004090276 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Л.Наранбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Х овогт Нн Ч. Монгол Улсын иргэн, регистрийн дугаартай, Дорнод аймгийн Матад суманд 1987 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт Дорнод аймгийн Матад сумын  дугаар баг  гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймгийн Сум дундын 10 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 28 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хорих ялаар шийтгэгдэж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан.

Шүүгдэгч Н.Ч нь 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Дорнод аймгийн Матад сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Булшт” гэх газарт хохирогч Г.Гийн нүүрэн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Л.Мөнхбаяр шүүгдэгч Н.Чыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн” гэж дүгнэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2018/ШЦТ/256 дугаар шийтгэх тогтоолоор:

1/ Шүүгдэгч Х овогт Нн Чыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

2/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Чыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

3/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Чын орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Н.Чад мэдэгдэж,

4/ Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, ...шийдвэрлэжээ.

Хохирогч Г.Г, түүний хууль ёсны төлөөлөгч С.Г нар давж заалдах гомдолдоо: “...Бид шүүгдэгч Н.Чад оногдуулсан торгуулийн ялыг багадсан гэж үзэж байна. Учир нь тэрээр урьд өмнө гэмт хэрэг үйлдэн шүүхээр шийтгэгдэж байсан боловч засрал хүмүүжлээ олоогүй дахин давтан гэмт хэрэг үйлдсэн, түүнчлэн бидний аймаг ирж очих унааны зардал болон хохирогч Г.Гийн нүдний ухархайн зурагны үнэ, шүүх эмнэлгийн дүгнэлт гаргуулахад төлсөн нийт 109000 төгрөгийг төлөөгүй болно.

Шүүгдэгч Н.Ч нь 2018 оны 08 сарын 24-ний өдөр С.Г намайг хэл амаар доромжилж бусдыг өдөөн хатган олон нийтийг үл хүндэтгэж нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээг зөрчсөн зөрчилдөө Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 2018/ЗШ/271 тоот шийтгэврээр 10 цагийн албадан сургалтад хамруулж, 10 хоног баривчлах шийтгэл оногдуулсан. Энэ бүгдээс дүгнэж үзэн Н.Чын торгуулийн ялыг хөнгөдсөн гэж үзэж байгаа бөгөөд хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгчийн хохирол төлбөрийг барагдуулаагүй байхад анхан шатны шүүх бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж хохирогчийн эрхийг хангаагүй гэж үзэн гомдол гаргаж байна. Иймд шүүгдэгч Н.Чаас хохирлын 109000 төгрөгийг гаргуулан хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч бидэнд олгуулж, улмаар торгуулийг нэмэгдүүлэх нь зөв гэсний үндсэн дээр энэхүү гомдлыг гаргаж байна” гэжээ.

Прокурор Л.Мөнхбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Н.Ч, хохирогч Г.Г, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Г нар нь “хэргийг хялбаршуулсан журмаар хурдан шийдвэрлэж өгнө үү, хохирлын талаар ямар нэг маргаан байхгүй” гэсэн хүсэлт гаргасны дагуу хэргийг шүүхэд шилжүүлсэн. Ингэхдээ шүүгдэгч Н.Чад 500,000 төгрөгийн торгох ял оногдуулах талаарх саналыг хохирогчид танилцуулж гарын үсэг зуруулсан. Хохирогч энэ талаар ямар нэг гомдол санал гаргаагүй. Мөн хохирогч шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаагүй, шүүх хуралдаанд ирж оролцоогүй. Иймд анхан шатны шүүх прокуророос гаргасан саналын хүрээнд ял оногдуулсан нь үндэслэлтэй. Хохирогч тал нь “нүдний ухархайн зурагны үнэ, шүүх эмнэлгийн дүгнэлт гаргуулахад төлсөн нийт 109,000 төгрөгийг төлөхгүй байна” гэдгээр ялыг нэмэгдүүлж өгөхийг хүсэж давж заалдах гомдол гаргасан нь үндэслэлгүй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

            Шүүгдэгч Н.Ч нь 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Дорнод аймгийн Матад сумын 2 дугаар багийн нутаг “Булшт” гэх газарт хохирогч Г.Гтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, нүүрэн тус газар нь гараараа цохиж, өшиглөснөөс эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хохирогч Г.Г, насанд хүрээгүй гэрч Г.Дөлгөөн нарын мэдүүлэг, шүүгдэгч Н.Чын үйлдсэн хэргээ хүлээсэн мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 07 сарын 06-ны өдрийн 521 тоот дүгнэлт  зэрэг нотлох баримтаар нотлогдсон гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

            Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотолсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмыг ноцтой зөрчөөгүй бөгөөд шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

            Шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхдээ прокурорын саналын хүрээнд 500,000 төгрөгийн торгох ял оногдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5-д заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх журамд нийцсэн байна. Хохирогч Г.Г, түүний хууль ёсны төлөөлөгч С.Г нарын давж заалдах гомдолд дурдсан “шүүгдэгч өмнө нь шүүхээр ял шийтгүүлж байсан, 2018 оны 08 сарын 24-нд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Гг доромжилсон зөрчилдөө захиргааны шийтгэл хүлээсэн” гэх асуудал нь ял шийтгэлийг прокурорын саналын хүрээнээс хэтрүүлэх үндэслэл болохгүй. Мөн “хохирогчийн нүдний ухархайн зурагны үнэ, шүүх эмнэлгийн дүгнэлт гаргуулахад төлсөн 109,000 төгрөгийг шүүгдэгч төлөөгүй” гэх асуудал нь  давж заалдах гомдолд шинээр дурдагдсан бөгөөд анхан шатны шүүх хэргийг хэлэлцэх үед “хохирлын маргаан байхгүй” гэсэн баримт хэрэгт байсан, хохирол төлөгдөөгүй гэх зүйл тухайн үед тогтоогдоогүй,  энэхүү 109,000 төгрөгийг шүүгдэгч нь 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хохирогчид төлсөн баримтыг хэрэгт хавсарган давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн байх тул уг асуудлаар шийтгэх тогтоолыг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэлгүй байна гэж үзэв.

            Дээр дурдсан үндэслэлүүдээр хохирогч Г.Г, түүний хууль ёсны төлөөлөгч С.Г нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.9 дүгээр зүйлийн  1.1, мөн зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2018/ШЦТ/256 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Г.Г, түүний хууль ёсны төлөөлөгч С.Г нарын  давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ж.ДОЛГОРМАА                         

                  ШҮҮГЧИД                                                       З.ЭНХЦЭЦЭГ

                                                                                          Л.НАРАНБАЯР