Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Мөнх-Эрдэнэ |
Хэргийн индекс | 128/2020/0175/з |
Дугаар | 128/ШШ2020/0366 |
Огноо | 2020-05-26 |
Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 128/ШШ2020/0366
2020 оны 05 сарын 26 өдөр Дугаар 128/ШШ2020/0366 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “Х” ХХК,
Хариуцагч: Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Э.З, С.З,
Нэхэмжлэлийн шаардлага: Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагчийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 242017109 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахыг хүссэн шаардлага бүхий зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б, хариуцагч Э.З, С.З, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Татварын улсын байцаагч нарын акт нь маргаан таслах зөвлөлд хэлэлцэгдээд 69 сая төгрөгийн акт тавигдсанаас 41 сая төгрөгт холбогдуулж нэхэмжлэл гаргасан. Үүнээс манайх 25 сая төгрөгийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр нэхэмжлэлээ тайлбарлаж байна.
Нэгдүгээрт Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дугаар зүйлд “Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ” гэсэн заалтын дагуу 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс өмнө буюу хуулийн хугацаанд тавьсан шаардлагын дагуу төлбөрөө төлсөн. Нотлох баримт дараа болгож ашиглахгүй гэж заасан байх ба Татварын ерөнхий газраас лавлагааг утсаар авсан. Тухайн лавлагаагаар татварын байцаагчид хүргүүлэхгүй гэж байсан тул татварын байцаагч нарт үзүүлээд буцаагаад авсан. Байцаагч нарт үзүүлсэн байтал улсын байцаагч нар нь акт тогтоосон ба үүнд 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс өмнө 169.221.400 төгрөгийн аж ил гүйлгээнд ноогдуулсан 5.076.640 төгрөгийн торгууль, 3.300.000 сая төгрөгийн алдангийг өршөөлийн хуульд хамруулж өгнө үү.
169.221.400 төгрөгт ноогдох өршөөлийн хуульд тайлагнагдсан болон Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн дагуу 169.221.400 төгрөгт ноогдох 16.900.000 төгрөгийн нэмэгдсэн өртгийн нөхөн татварыг мөн хүчингүй болгож өгнө үү гэж нэхэмжлэл гаргасан. Бид өршөөлийн хуульд хамрагдсанаас хойших хугацаанд тайлагнасан гэж байгаа, тэр хэсгийг хүлээж зөвшөөрч байна. Математикийн алдаа гаргаад 13.900.000 сая гэж бичсэн байна 16.900.000 сая төгрөг болж байгаа. Энэ үнийн дүнг хүлээн зөвшөөрч байгаа. Маргаан таслах зөвлөлөөс гаргасан 41сая төгрөгөөс 25 сая төгрөгийн өршөөлийн хуульд хамрагдсан энэ хэсгийг хасаж нэхэмжлэлийн шаардлага хангаж өгнө үү. Үлдсэн 17 сая орчим төгрөгийг хүлээн зөвшөөрч байна.
Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулиар манайх өршөөлд хамрагдах эрхтэй гэж үзэж байна. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай 4 дүгээр зүйлийн 4.3 дахь заалтад Энэ хуулийн 4.1-д заасны дагуу нийгмийн даатгалд ажил олгогчоор шинээр бүртгүүлсэн, эсхүл нийгмийн даатгалын шимтгэл ногдох хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогыг нуусан буюу хэмжээг нь бууруулснаа сайн дурын үндсэн дээр ил болгож, тайлагнасан нөхцөлд нуусан болон бууруулсан орлогод ногдох шимтгэлийг нөхөн төлүүлж, алданги, хариуцлагаас чөлөөлнө. Нийгмийн даатгалын байгууллагад ажил олгогчийн шинээр гаргаж өгсөн нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг нийгмийн даатгалын эхлэлтийн тайлан гэж үзнэ” гэж заасан. Маргаан бүхий акт нь бидний ил тод байдлын тайлан өгсөн хугацаанд хамрагдаж байгаа юм.
Бидний тайланд 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө гээд эдийн засгийн ил тод байдлын тайлангаа өгсөн. Татварын байцаагч нарын тайланд яагаад хамрагдаж байна гэхээр бүх гэрээ контракт гаргаж өгсөн. Тэр материалын дагуу нягтлан бодох бүртгэлдээ худалдан авалт тусгагдсан. Яагаад худалдан авалтаа тусгаж байна гэвэл нягтлан бодох бүртгэлийн аккруэл суурь гэж байдаг. Энэ контрактын аль түрүүлж үйлдэгдсэн бичиг баримтад үндэслэж нягтлан бодох бүртгэлд тусгана. Бид нарын гэрээ нь 03 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан анхан шатны баримт байна.
Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд анхан шатны гэж ажил, гүйлгээ гарсныг нотолж бүрдүүлдэг гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт болон бусад нотолгоог хэлнэ гэсэн байна. Тэр анхан шатны баримт нь тухайн өршөөлд хамрагдах хугацаа гэдгийг нотолдог. Энэ нь 04 дүгээр сарын 01-ний өдрөөр тасалбар болж байгаа нь үнэн. Тухайн хугацаанд тайлан өгсөн аж ахуй нэгжүүдийг Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалтын дагуу хариуцлагаас чөлөөлнө гэж заасан. Иймд манайх энэ хуулийн дагуу шийдэгдэх үндэслэлтэй гэж үзэж байна.
Маргаан таслах зөвлөлийн шийдвэрт гомдолтой байгаа тул шүүхэд хандсан. Та нар анхан шатны баримт өгөөгүй гэсэн. Нотлох баримтууд нь байна. Гэтэл татварын хяналт шалгалт нь анхан шатны баримтад үндэслэж гарах ёстой. Анхан шатны баримтад үндэслээгүй ба анхан шатны баримт нь 03 дугаар сарын 04-ний өдөр гэж заасан тул өршөөлийн хуульд хамрагдах хугацаанд орж байна.
Мөн хариуцагч талаас шинжээчийн дүгнэлт гэж гаргаж өгсөн байна. Тухайн дүгнэлтэд бидэнд цагдаагийн бичиг ирсэн тул шалгана гэж хэлсэн. Өмнөх шүүх хуралдаан дээр цагдаагийн бичигт үндэслэж шийдвэрлэнэ гэж хэлж байсан. Гэтэл цагдаагийн бичиг болон хөндлөнгийн шинжээчийн дүгнэлтэд 2015 онд “Дашин шил” ХХК-д ямар нэгэн нөхөн төлбөр тавьсан гэдгийг нотолж чадаагүй байна. Анхан шатны баримтад үндэслээгүй гэдэг нь нотлогдож байна. Зөвхөн цагдаагийн бичигт үндэслэсэн. Гэтэл цагдаагийн бичигт шинжээчийн дүгнэлт гараад тухайн бичиг нь 2015 онд зөрчилтэй гэдэг талаар нотлоогүй байна.
Манай байгууллага барилгын туслан гүйцэтгэгч хийдэг. Одоо бол 10-15 тооны ажилтантай байнгын орон тоотой байдаг. Бид нар ямар нэгэн байдлаар улс эх орноо хохироох ч гэдэг юм уу татвараас бултах зайлах зүйл хийж байгаагүй. Энэ тохиолдолд 44 болон 100 айлаас барилгын материал, хэрэгслүүдээ авч байсан. Улсын байцаагч нар дэлгүүрүүдээс дансаараа шилжүүлэх ёстой гэдэг зүйл хэлээгүй. Эдгээр газруудад тийм зүйл байдаггүй. Тухайн авсан бараа нь нэр устай дэлгүүрүүдэд байхгүй. Тэр газрууд нь бид нарт анхан шатны баримт өгсөн. Тэр баримтыг цагдаагийн газар өгөөд бид нар хуурамч баримт өгсөн талаар нотлох шаардлага байхгүй. Хэрэв тэгсэн тохиолдолд харилцагч нар бараа өгөхгүй. Ийм л утгагүй асуудал үүснэ.
Тухайн баримтууд нь дараа нь цагдаагийн газраас хуурамч баримт өгсөн гэдэг үндэслэлээр татварын байцаагч нар шалгасан. Гэхдээ бид нар эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хугацаанд хамрагдсан байсан. Цагдаагийн бичгээр үндэслэж шалгахдаа 2015 онд зөрчил гаргасан гэж шалгасан боловч хөндлөнгийн шинжээчийн дүгнэлтэд ямар нэгэн” Дашин Шил” ХХК-ийн хуурамч падан, зөрчил байхгүй гэдэг. Шинжээчийн дүгнэлтийн асуулт 11, хариулт 11, асуулт 12, хариулт 12, асуулт 9, хариулт 9, асуулт 10, хариулт 10-аас ямар нэгэн асуудал байсан, зөрчил илэрсэн гэдэг нь тогтоогдохгүй байна. Тэгэхээр хариуцагч нар нь цагдаагийн бичигт үндэслэж анхан шатны баримтыг тогтоосон нь алдаатай байна.
Учир нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Татварын ерөнхий хуульд анхан шатны баримтыг үндэслэж баримтыг тогтоох ёстой. Би тодорхой хэсгийн татварыг хүлээн зөвшөөрч байгаа. Энэ байдлыг харгалзаж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэв.
Хариуцагч Э.З шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхэд бичгээр гаргасан тайлбараа дэмжиж байна. “Дашин Шил” ХХК-тай байгуулсан гэрээг өнөөдөр бодитоор харлаа. Өөр байгууллагатай хийсэн гэрээг нь файлаар авсан. Бтэй бид хяналт шалгалтын үеэр уулзалдаагүй. Н.Отгонбаатар гэдэг захирал нь уулзаж байсан. Түүнээс биш Бтэй ярилцлага ч хийгээгүй. Бид нар анхан шатны баримтыг хүлээн зөвшөөрч байгаа зөвхөн гэрээнд үндэслэж нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалтыг хасалт хийхгүй.
Бид 2012 оноос хойш хий бичилтийн падаантай холбоотой олон газар шалгасан. Нэхэмжлэгч байгууллага нь 2015 оны 04 дүгээр сараас 10 сар хүртэл кассын баримтыг хүлээн зөвшөөрсөн. Одоо нэмэгдсэн өртгийн албан татвартай холбоотой л яриад байна. Эдийн засгийн ил тод байдлын тухай хуультай холбоотойг нь бид хүлээн зөвшөөрөөд байгаа. Өршөөлийн тухай хуулиар бол бид нар босоо удирдлагатай тул чиглэлээ л барина. Өнөөдрийг хүртэл татварын албаны салбар нэгж бүрд энэ чиглэл хамаарч, үйлчилдэг. Өршөөлийн хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь заалтыг барина гэсэн чиглэл өгсөн. Заавал тогтоол шийдвэр гарсан байх ёстой, баталгаажсан байх ёстой гэдэг чиглэл өгч байсан.
04 дүгээр сарын 01-ний өдрөөр тасалбар болсон бол Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу ярьж болно. 04 дүгээр сарын 01-ний өдрөөр 07 дугаар сарын 02-ны өдрийн хооронд бол өршөөлд хамруулж ярина. Өршөөл нь хүү торгуулиас л өршөөнө. Нэхэмжлэгч тал 2 хуулиа хольж солиод байна.” гэв.
Хариуцагч С.З шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ил тодын байдлыг шалгуулахгүй. Уг нь ил тод нь орлого буюу хөрөнгөө нуусан гэдгийг л бид үзэж байгаа болохоос худалдан авалтын тухай ярихгүй. “Дашин шил” ХХК-тай хийсэн гэрээ гээд байна. Яг кассын баримт нь мөнгө хүлээлцэж авсан тухай байхгүй. “Дашин шил” ХХК нь хаана байдаг нь ч тодорхойгүй.
Б бид хоёртой өмнө нь уулзаж байгаагүй. Анхан шатны баримт нь гэрээ гээд яваад байна. Залуу хүмүүс байж бодолтой байх хэрэгтэй. Одоо өршөөлийн хуультайгаа л холбоотой зүйлээ яръя. Анхан шатны гэрээгээр 200 сая төгрөгөөс чөлөөлөгдөнө гэдэг нь улсынхаа төлөө хийж байгаа зүйл юм. Кассын зарлагаас харахад 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 07 дугаар сарын 02-ны өдөр хүртэл хугацаанд169 сая төгрөг гэж байна. Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн анхан шатны баримт нь 158.850.000 төгрөг байна. 07 дугаар сарын 02-ны өдрөөс 10 сар хүртэл нь 169 сая төгрөг байна.” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч нь нийт хяналт шалгалтын актаар ноогдуулсан 69 сая төгрөгт гомдол гаргасан. Маргаан таслах зөвлөлөөс 28 сая төгрөгийг хүчингүй болгуулж шийдвэрлэсэн байгаа. Татварын албанаас ямар нэгэн гомдол гаргаагүй.
Мөн Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу ил тод тайлан өгснийг татварын алба хүлээн зөвшөөрсөн. Анхны Ардчилсан Сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт өршөөлийн хуульд хамрах үндэслэлтэй гэж үзэж байна. Нэг ёсондоо 4 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл татварын өрийг ил тодын тайланд оруулсан. 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 10 дугаар сар хүртэл хугацааны өрийг хүлээн зөвшөөрөхгүй гэдэг байдлаа хэлсэн. Анхны Ардчилсан Сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт “Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ” гэж заасан байдаг.
Гэтэл 07 дугаар сарын 02-ны байдлаар тухайн татвар төлөгчтэй холбоотой ямар нэгэн улсын байцаагчийн актаар тогтоогдоогүй тул тухайн хуульд хамрагдах боломжгүй юм. Анхны Ардчилсан Сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт “Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ.
Ил тод нь 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөхөөр нь чөлөөлөгдөнө. Өршөөлийн тухай хууль нь 07 дугаар сарын 02-ны өдрөөс өмнө. 2 өөр хугацаа байгааг сайн анхаарна уу. Хуулийн дагуу Нийслэлийн маргаан таслах зөвлөл чөлөөлсөн. Түүнээс хойш хугацаанд хамаарах асуудлыг ярьж байна.
Манай татварын албаны зүгээс татвар төлөгчийн маргаж байгаа Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд хамрагдах талаар маргаан таслах зөвлөл шийдсэн байгаа. Нийслэлийн маргаан таслах зөвлөл нь 7 гишүүнээс бүрддэг. 2 нь татвар төлөгчийн төлөөлөл, 5 нь хууль болон нягтлан бодох бүртгэлээр мэргэшсэн удаан жил ажилласан хүмүүс байгаа. Гэтэл энэ хүмүүс анхан шатны баримт болон бусад материалдаа тулгуурлаж үндэслээд тодорхой хэмжээний татварыг төлөх нь зөв юмаа гэдэг шийдвэр гаргаад Эдийн засгийн ил тод байдлын тухай хуульд тайлагнасан гэдгийг хэрэгсэхгүй болгосон. Нийт 07 дугаар сарын 02-ны өдрөөс 10 дугаар сарын 05-ны өдрийн хугацааны зөрчилд татвар төлөгч нь өөрөө маргахгүй, хүлээн зөвшөөрч байгаа. 04 дугаар сарын 02-ны өдрөөс 07 дугаар сараас 02-ны өдөрт хамрагдах хугацаанд өршөөлийн тухай хуульд хамрагдъя гэж байгаа болохоос биш хүчингүй болгуулъя гэж маргадгүй. Өршөөлийн хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 болон 10.3 дугаар зүйлийг үндэслээд хамруулах боломжгүй гэж үзсэн.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагчийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 242017109 дугаар шийтгэлийн хуудсаар нэхэмжлэгчид 471,523,181.50 төгрөгийн зөрчилд 44,329,830.65 төгрөгийн нөхөн татвар, 13,298,949.20 төгрөгийн торгууль, 12,113,895.73 төгрөгийн алданги, нийт 69,742,675.60 төгрөгийн төлбөр ногдуулжээ.
Нэхэмжлэгчээс тус шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч гомдол гаргасныг Нийслэлийн маргаан таслах зөвлөл 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 71 дүгээр тогтоолоор Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.1, 5.2, 5.3, 6 дугаар зүйлийн 6.1-д заасныг тус тус үндэслэн 180,454,545.5 төгрөгийн зөрчилд ногдуулсан 18,045,454.6 төгрөгийн нөхөн татвар, 5,413,636.4 төгрөгийн торгууль, 5,151,869.2 төгрөгийн алданги нийт 28,610,960.2 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгож, 291,068,636.0 төгрөгийн зөрчилд ногдуулсан 26,284,390.1 төгрөгийн нөхөн татвар, 7,885,317.0 төгрөгийн торгууль, 6,962,026.6 төгрөгийн алданги, нийт 41,131,733.7 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэжээ.
Хариуцагч маргаан бүхий захиргааны актын үндэслэлээ “хяналт шалгалтын хугацаанд анхан шатны баримтыг гаргаж өгөөгүй, тухайн худалдан авалтуудыг аж, ахуйн нэгжийн орлогын албан татвараас хасч тооцсон бөгөөд нэмэгдсэн өртгийн албан татвараас хасах, өршөөлийн болон ил тодын тухайн хуульд хамуулах үндэслэлгүй” гэж, харин нэхэмжлэгчээс “татварын улсын байцаагч нар нь хяналт, шалгалтыг хууль, журамд заасны дагуу явуулаагүй, зөрчилтэй холбоотойгоор Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу тайлагнасан, худалдан авалтууд хууль хэрэгжихээс өмнө хийгдсэн” гэж тус тус маргажээ.
Нэмэгдсэн өртгийн албан татварийн тухай хуулийн /2006 оны/ 14 дүгээр зүйлийн 14.3-д “Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй”, Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “дараахь үйлдэл, эс үйлдэхүйгээр татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан татвар төлөгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол татварын алба, татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна”, 74.3-д “энэ хуулийн 74.1, 74.2-т заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхээргүй байна” гэж тус тус заажээ.
Дээрхээс дүгнэвэл хүн, хуулийн этгээд нь татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлээ нуух гэсэн санаа зорилгыг агуулсан байхыг шаардах бөгөөд уг үйлдэл нь хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ.
Нэхэмжлэгч нь “ДХД” ХХК-иас 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 013267639 тоот нэмэгдсэн өртгийн падаанаар 180,454,545.5 төгрөгийн, “Дашин шил” ХХК-иас 2015 оны 10 дугаар сарын 30 өдөр 0018701078 тоот падаанаар 91,068,636.0 төгрөгийн, 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 0018706694 тоот нэмэгдсэн өртгийн падаанаар 200,000,000.00 төгрөгийн худалдан авалтыг хийжээ.
Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хувь хүн, хуулийн этгээд бусдын нэр дээр бүртгүүлсэн, нуун дарагдуулсан өөрийн өмчлөлийн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй адилтгах бусад хөрөнгө, олсон орлого, үзүүлсэн үйлчилгээгээ ил тод болгон үнэн зөв, шударгаар санхүү, татварын болон нийгмийн даатгалын тайланд тусгаж, шинээр тайлагнасан, гаалийн байгууллагад нөхөн мэдүүлсэн, улсын бүртгэлд шинээр бүртгүүлсэн байх ба эдгээр үйл ажиллагаа нь хувь хүн, хуулийн этгээдийн зүгээс сайн дурын үндсэн дээр хийгдсэн тохиолдолд тэдгээрийг хуульд заасан хариуцлага болон албан татвараас нэг удаа чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 5 дугаар зүйлийн 5.1-д “Албан татвар ногдох орлого, орлогоос бусад албан татвар ногдох зүйл, нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогыг 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх хугацаанд нуун дарагдуулсан боловч энэ хуулийн 3.1-д заасан хугацаанд сайн дурын үндсэн дээр ил болгож, санхүүгийн болон албан татварын, нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг шинээр гаргаж харьяалах татварын алба, нийгмийн даатгалын байгууллагад сайн дурын үндсэн дээр мэдүүлсэн бол тухайн хувь хүн, хуулийн этгээдийг энэ хуулийн 4.1-д заасан хуульд заасан хариуцлагаас нэг удаа чөлөөлнө” гэж тус тус заажээ.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн “ДХД” ХХК-иас 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 013267639 тоот нэмэгдсэн өртгийн падаанаар хийсэн худалдан авалтыг Нийслэлийн маргаан таслах зөвлөл 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 71 дүгээр тогтоолоор 180,454,545.5 төгрөгийн зөрчилд ногдуулсан 18,045,454.6 төгрөгийн нөхөн татвар, 5,413,636.4 төгрөгийн торгууль, 5,151,869.2 төгрөгийн алданги нийт 28,610,960.2 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Харин “Дашин шил” ХХК-иас 2015 оны 10 дугаар сарын 30 өдөр 0018701078 тоот падаанаар 91,068,636.0 төгрөгийн, 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 0018706694 тоот нэмэгдсэн өртгийн падаанаар 200,000,000.00 төгрөгийн худалдан авалтууд нь дээрх хуулийн үйлчлэлд хамаарахгүй байна.
Учир нь дээрх хуулийн зорилго нь гагцхүү хүн, хуулийн этгээд нь нуун дарагдуулсан орлого, түүнтэй адилтгах бусад орлогоо шударгаар, сайн дурын үндсэн дээр шинээр мэдүүлсэн, бүртгүүлсэн байхыг шаардахаар байна.
Гэтэл нэхэмжлэгчийн дээрх зөрчлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтны хяналт шалгалтын үндсэн дээр илрүүлсэн байх тул түүнийг нуун дарагдуулсан орлого, түүнтэй адилтгах бусад орлогоо шударгаар сайн дурын үндсэн дээр мэдүүлсэн гэж үзэхээргүй байна.
Нөгөөтэйгөөр нэхэмжлэгчээс “худалдан авалтууд 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө хийгдэж, нэгтгэсэн байдлаар дээрх хугацаануудад падаан бичигдсэн, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д “хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ” гэж заасны дагуу өршөөлд хамрагдах ёстой” гэж тайлбарлаж байгаа боловч дээрх падаанууд хууль үйлчлэх хугацааны дараа бичигдсэн, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т заасан эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэр гарсан байх шаардлага мөн хамаарахааргүй байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нэмэгдсэн өртгийн албан татварийн тухай хуулийн /2006 оны/ 14 дүгээр зүйлийн 14.3,Татварын ерөнхий хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.3, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 5 дугаар зүйлийн 5.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Э.З, С.З нарт холбогдох Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагчийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 242017109 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дах хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ