Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/80

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,

улсын яллагч М.Сайнзаяа,

шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.*******д холбогдох эрүүгийн 2215000000064 дугаартай, 163/2022/0079/Э индекстэй хэргийг 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* овогт *******ийн *******, Булган аймгийн Хишиг-Өндөр суманд 1990 оны 12 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, ******* хот, ******* дүүрэг, 17 дугаар хороо, *******ын 3 дугаар гудамжны 587а тоотод оршин суух бүртгэлтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, 32 настай, эмэгтэй, РД: *******.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.******* нь 2022 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн орой 22 цагийн үед архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 4 дүгээр багийн нутагт иргэн Ж.*******гийн бие эрх чөлөөнд халдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн 2215000000064 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Б.******* нь 2022 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн орой 22 цагийн үед архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 4 дүгээр багийн нутагт иргэн Ж.*******тэй үл ялих зүйлээр маргалдаж, улмаар түүний толгой хэсэгт архины шилээр цохиж биед нь дух, зүүн чихний дэлбээнд 2 тооны няцарсан шарх, цээж, хүзүү, зүүн гуя, баруун чихний ар, баруун гуянд зөөлөн эдэд 4 тооны цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Энэ үйл баримт нь

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******гийн өгсөн: Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг дээр нэмж хэлэх зүйлгүй гэх мэдүүлэг,

2. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ж.*******гийн өгсөн: 2022 оны 02 сарын 02-ны өдрийн орой 22 цагийн үед Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 4 дүгээр багийн нутаг Намхай гэх айлд сар шинэ хийсэн. ...н эгч гэх эмэгтэй нь намайг хэл амаар доромжлоод ял үүрдэг танайх, манайх ялыг тоолдог гэж янз бүрээр хэлээд байхаар нь боль гэж хэлээд маргалдсан. Уг эмэгтэйн нөхөр гэх залуу босож ирээд намайг тэврээд бид хоёр хоорондоо барьцалдаад байж байтал босож ирээд миний баруун талын гараас барьсан. Тухайн эмэгтэйн нөхөр гэх залуу миний зүүн талын гараас бариад авсан. н эгч гэх эмэгтэй ууж байсан архины шилийг аваад миний духан дунд нэг цохисон чинь тухайн шил нь хагараагүй. Тэгээд би газар унасан чинь уг 3 хүн миний толгой дээр дэвсээд байсан. Босоод ирэхэд миний зүүн талын чих сэтэрчихсэн, цус гараад байсан. Тухайн үед миний дээрээс нь чих хэсэгт өшиглөж, миний чихийг сэтэлсэн. Мөн цээж хэсэгт бас дэвссэн. н эгч нь архины шилээр миний дух хэсэгт цохиж гэмтэл учруулсан, миний чихийг сэтэлсэн юм. Гомдолтой байна. эмчилгээний мөнгөө гаргуулж авсаар байна гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9-10 дахь тал/,

Би тухайн үед архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Намайг ******* гэх эмэгтэй толгой хэсэгт нэг удаа архины шилээр цохисон. Би тухайн үед цохиулаад газарт унасан. Би яг хэн цохисныг хараагүй, намайг газраас босоход , Эрдэнэ-Очир нар миний хажууд байсан юм. Би эмчилгээндээ 615.000 төгрөгийг зарцуулсан. Миний хохирлыг ******* гэх эмэгтэй бэлнээр төлж барагдуулсан. Надад одоо гомдол, санал байхгүй гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дахь тал/,

3. Гэрч Ш.гийн өгсөн: ...манай нөхрийг Улаанаа буюу ******* эгч толгой хэсэгт нь архины шилээр цохисон. Архины шилээр цохих үед манай нөхөр Ж.*******гийн толгойноос цус гараад дух нь язраад цаанаас нь мах өөхөн хэсэг нь харагдаад байсан юм. , Эрдэнэ-Очир нарыг манай нөхрийг цохиж байхыг нь би хараагүй... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дахь тал/,

4. Гэрч Б.н өгсөн: 2022 оны 02 дугаар сарын 02-ны өдөр шинийн нэгний орой 22-23 цагийн орчим Хишиг-Өндөр сумын 4 дүгээр багт байрлах гэртээ хүмүүстэй цагаан сар хийсэн. Тухайн үед архины дугараа өргөөд байж байхад *******гийн дух хэсгээс цус гарчихсан манай эгч болох Улаанаа /*******/-тай барьцалдаад авчихсан байхаар нь салгасан юм. Тухайн үед Улаанаа, ******* нар нь нэгнийгээ янхан гичийгээрээ дуудалцаад байсан. Дахин ямар нэгэн зодоон цохион болоогүй. Тухайн үед манай эгч “X” нэртэй архины шилээр цохисон юм гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дахь тал/,

5. Гэрч Г.гийн өгсөн: 2022 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн орой 22-23 цагийн орчим Хишиг-Өндөр сумын 4 дүгээр багт байрлах гэртээ хүмүүстэй цагаан сар хийсэн. Манай нөхөр архи хундагалаад байж байсан. Тухайн үед *******, ******* нар зэрэгцээд суугаад хоорондоо юм яриад байх шиг байсан. Тэгээд гэрээс гараад түлээний мод аваад ороод ирсэн чинь *******гийн дух хэсгээс нь цус гарчихсан байсан. Тэгээд *******, ******* нар хоорондоо барьцалдаад авчихсан маргалдаад байсан. Би хүүхдээ аваад нөхөр болох г салга гэж хэлээд холдсон. нь тухайн үед ******* манай нөхрийг архины шилээр цохисон гэж хэлсэн юм. Тэгээд *******, ******* нар нь хоорондоо эвлэрээд *******гийн цусыг арчиж, боож өгөөд хамт хоноод явсан. Тэрнээс хойш юу болсныг сайн мэдэхгүй байна гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28 дахь тал/,

6. Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 167 дугаартай шинжээчийн: Ж.*******гийн биед дух, зүүн чихний дэлбээнд 2 тооны няцарсан шарх, цээж, хүзүү, зүүн гуя, баруун чихний ар, баруун гуянд зөөлөн эдэд 4 тооны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байж болно. Няцарсан шарх нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Бусад гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй... гэх дүгнэлт /хавтаст хэргийн 31-32 дахь тал/,

7. Мөрдөн шалгах ажиллагаанд Б.*******гийн яллагдагчаар гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн: Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Прокурорын яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. 2022 оны 02 дугаар сарын 02-ны орой цагаан сарын шинийн нэгний өдөр байсан юм. Тухайн үед би дүү н гэрт нөхөр Эрдэнэ-Очирын хамт байж байтал манай дүү , эхнэр , танил дүү *******, эхнэр гийн хамт ирсэн. ...******* нь эхнэр руу гэртээ харъя, явъя гэж хэлээд уурласан. Тэгэхээр нь би чи битгий яв гэж хэлээд тайвшруулах гэтэл намайг чи янхан, банзал, ал, гичий гэх мэтээр олон удаа намайг согтуурхаж хараасан. Тэгэхээр нь миний уур хүрээд ууж байсан архины шилийг аваад *******гийн толгойн тус газарт нэг удаа цохисон. Цохисны дараа ******* босож ирээд намайг бариад авсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 53-55 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Ж.*******, гэрч Ш., Б., Г. нарын өгсөн мэдүүлэг, шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Б.*******гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан судлахад шүүгдэгч Б.******* нь 2022 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн орой 22 цагийн үед архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 4 дүгээр багийн нутагт иргэн Ж.*******тэй үл ялих зүйлээр маргалдаж, улмаар түүний толгой хэсэгт архины шилээр цохиж биед нь дух, зүүн чихний дэлбээнд 2 тооны няцарсан шарх, цээж, хүзүү, зүүн гуя, баруун чихний ар, баруун гуянд зөөлөн эдэд 4 тооны цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.*******гийн хохирогчийн толгойн тус газарт архины шилээр цохисон гэм буруутай үйлдэл, хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл хоёрын хооронд шалтгаант холбоотой, энэ нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

Шүүгдэгч Б.******* гэм буруугийн талаар маргаагүй, түүний бусдын бие, эрх чөлөөнд халдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй санаатай, нийгэмд аюултай, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл тул прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.*******гийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар хохирогч Ж.******* нь мөрдөн шалгах ажиллагаанд эмчилгээний төлбөр 615.000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилжээ.

Шүүгдэгч Б.******* нь гэм буруугаа хүлээж, хохирогчийн нэхэмжилсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч хохирогчид 615.000 төгрөгийг бэлнээр төлж барагдуулжээ.

Иймд шүүгдэгч Б.******* нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.*******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч Б.*******гийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйг дурдах нь зүйтэй гэж үзэв.

Хавтаст хэргийн 35-43 дахь талд авагдсан урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэхлавлагаа, байнга оршин суугаа хаягийн лавлагаа, цагдаагийн газрын цахим хайлтын системийн лавлагаа зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Б.******* нь ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт ******* хот, ******* дүүрэг, 17 дугаар хороо, *******ын 3 дугаар гудамжны 587а тоотод амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Б.******* гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 4/21 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

Шүүгдэгч Б.*******гийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч хохирол төлсөн, хэргийн зүйлчлэл болон прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг хүлээн зөвшөөрч үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, бусдад төлөх төлбөргүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын төрөл, хэмжээний хүрээнд шүүгдэгч Б.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, ******* хот, ******* дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш зорчин явахыг хязгаарлах нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар болон түүний хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдоогүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүйг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******г 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******г оршин суух газраас явахыг буюу ******* хот, ******* дүүргийн нутаг дэвсгэрээс 1 /нэг/ сарын хугацаагаар гарч явахыг хориглож, зорчих эрхийг хязгаарласугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Энэ хэрэгт шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шүүгдэгч Б.******* нь бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ОТГОНБААТАР