Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/83

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,

улсын яллагч Д.Сүрэнхор,

шүүгдэгч Ч.******* нарыг оролцуулан,

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ч.*******ид холбогдох эрүүгийн 2215000000072 дугаартай, 163/2022/0080/Э индекстэй хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* овогт *******ын *******, Хөвсгөл аймгийн ******* суманд 1993 оны 7 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, Булган аймаг, ******* сум, 5 дугаар багийн ******* гэх газарт оршин суух бүртгэлтэй, малчин, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, 29 настай, эрэгтэй, РД: *******.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.******* нь 2020 оны 11 дүгээр сарын 27-28-ны өдрийн хооронд Булган аймгийн ******* сумын 6 дугаар багийн нутгаас иргэн Я.*******ын адуун сүрэгт нийлсэн Н.*******ын алаг зүсмийн шүдлэн байдсыг хулгайлан бусдад зарж борлуулан 3.069.000 төгрөгийн хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн 2215000000072 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Ч.******* нь 2020 оны 11 дүгээр сарын 27-28-ны өдрийн хооронд Булган аймгийн ******* сумын 6 дугаар багийн нутгаас иргэн Я.*******ын адуун сүрэгт нийлсэн Н.*******ын алаг зүсмийн шүдлэн байдсыг хулгайлан бусдад зарж борлуулан 3.069.000 төгрөгийн хохирол учруулсан буюу мал хулгайлах гэмт хэргийн үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.*******ийн өгсөн: 2020 оны 05 дугаар сарын үеэр манай адуунд нэг алаг байдас нийлсэн. Би 2020 оны 05 дугаар сард нутаг яваад 08 дугаар сард буцаж ирэхэд тэр адуу манай адуунд байсан. Тэгээд 2020 оны 11 дүгээр сарын үед мөнгөний хэрэг гараад тэр адууг зарсан. Дараа нь *******а ахын адуу гэж мэдсэн гэх мэдүүлэг,

2. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.*******ын өгсөн: Би 2010 онд Баттүвшин гэх хүнээс хонгор зүсмийн хурдан удмын азарга 4 сая төгрөгөөр худалдаж авч байсан. 2020 оны 3 дугаар сарын сүүлээр манай дүү Содгэрэл над руу залгаад таны алаг байдас гийн хүрэн азарганд хураагдсан байна гэж хэлсэн. Тэр үед нь би хурдан удмын төл авна гэж бодоод гийн хүрэн азарганд орхисон. Тэгээд 2021 оны 02 дугаар сард залгаад та алаг байдас аа авсан юм уу? гэхээр нь би аваагүй гэж хэлсэн. хэлэхдээ ******* өвгөний адуунд таны алаг байдас байгаа. Саяхан ******* ирэхээр нь би асуухад эзэнд нь өгсөн гэж надад хэлсэн. Би таныг авсан юм байх гэж бодсон үгүй юм уу? гэж надтай ярьсан. ...2020 оны 3 дугаар сарын эхэнд *******той холбогдож адууг асуухад надад эзэн нь ирээд аваад авсан гэж хэлэхээр нь ямар хүн ирээд авсан юм, тэр чинь миний адуу, би аваагүй байхад чи хэнд өгсөн юм гэхэд утсаа салгасан. ...Би малд явж байгаад *******той дахиж таараад асуухад 2020 оны 11 сард манай адуунд байж байгаад алга болсон гэж хэлэхээр нь би манай эндээс мал алга болдоггүй юм. Чи битгий худлаа ярь гэж хэлэхэд ******* яваад өгсөн. ...Би адууны төлбөр болох 3.069.000 төгрөг, мөн цагдаагийн байгууллагад ирж очих замын зардал, үнэлгээний байгууллагын ажлын хөлс гээд нийт 3.670.000 төгрөгийг хүлээн авсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7-8, 10 дахь тал/,

3. Гэрч Б.гийн өгсөн: ...2020 оны 03 дугаар сард манай адуунд алаг зүсмийн байдас тэнэж яваад нийлсэн байсан. Тухайн үед тэр алаг байдасны эзэн хэн болохыг Содгэрэлээс асуухад *******а ахын тамга байна гэхээр нь би *******а ахын алаг байдас гэж бодоод *******а ахад хэлж байсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дахь тал/,

4. Гэрч Я.*******ын өгсөн: 2019 оны 8 дугаар сард манай ганц хүү ******* нь ээжийнхээ эгчийн малыг маллах гэж Булган аймгийн ******* сум 06 дугаар багт ирэхээр нь би эхнэрийн хамт дагаж ирээд хүүгийнхээ оронд мал маллаж байгаа. Тэгээд манай баз Ядамсүрэн нь ******* сумын 6 дугаар багийн малчин Жамьян гэх хүнээс сартай хүрэн азарга худалдаж аваад гүүгээ хураалгасан. Тухайн үед би Ядамсүрэнгийн адууг хариулж маллаж байсан. Тэгтэл 2020 оны 07 сарын үед хэнийх нь мэдэгдэхгүй алаг зүсмийн шүдлэн байдас хураагаад ирсэн байхаар нь би эхнэр, хүү хоёрт энэ талаар хэлээд уг алаг байдсыг эзэн нь авах байх гэж бодоод өөрийн малд байлгаж байсан. Тэгээд 2020 оны 11 дүгээр сарын 10-нд би эхнэрийн хамт Эрдэнэт хот ороход манай адуунд тухайн алаг зүсмийн байдас байсан. Тухайн үед коронавирус гээд Эрдэнэт хотод хөл хорио тогтоож таараад эхнэр бид хоёр 1 сарын хугацаанд Эрдэнэт хотод хөл хорионд байж байгаад ирэхэд  уг байдас манай адуунд харагдахгүй байсан. Тэгээд би 2021 оны 06 дугаар сарын үед эхнэр Маамаагийн хамт ******* сумын төв ороод буцаж явахад ******* сумын малчин *******атай таарахад *******а нь манай алаг байдсыг танай адуунд байж байгаа, авна гэх утгатай юм ярьсан. Би 2020 оны 11 дүгээр сарын үед уг адуу алга болсон гэж *******ад хэлсэн.Тэгтэл *******а танай хүү ******* бусдад өгсөн гэж хэлэхээр нь би гэрт очиж хүүгээс тэр алаг байдсыг хүнд өгсөн зүйл байна уу? гэж асуухад манай хүү ******* нь би аваагүй гэж хэлж байсан. Би уг адуу алга болсон гээд юм яриагүй. Тэгтэл саяхан над руу манай хүү ******* нь залгаад аав би тэр алаг байдсыг авснаа хүлээчихлээ гурван сая таван зуун мянган төгрөгийг *******а ах өг гэнэ гэж надад утсаар хэлэхээр нь би уурлаад чи юу яриад байгаа юм. Чи надад аваагүй гэж хэлсэн биз дээ, чи яахаараа хүний малыг дур мэдэн хүнд зарсан юм. Надад яагаад хэлээгүй юм. Өөрөө наад асуудлаа шийд надад мөнгө байхгүй гэж хэлсэн. Тэгээд цагдаа дээр ирээд уулзаад явсан орой би хүүгээсээ чи яг авсан юм уу? гэж асуухад манай хүү ******* би авсан 1 хүнд өгсөн гэж ярьж байсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34 дэх тал/,

5. Тольдох оюуны өгөөж хариуцлагатай хувьцаат компаний 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 22/0090 дугаартай: шүдлэн байдас 3.069.000 төгрөгөөр тогтоов гэх дүгнэлт /хавтаст хэргийн 47-59 дэх тал/,

6. Мөрдөн шалгах ажиллагаанд Ч.*******ийн яллагдагчаар гэм буруугаа хүлээн мэдүүлсэн: 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр би Хөвсгөл аймгийн Жаргалан сум руу ажлаар явсан. Тэгээд 2020 оны 08 сар дөнгөж гараад ******* суманд байрлах гэртээ ирсэн. Тэгтэл манай адуунд алаг зүсмийн шүдлэн байдас ирээд нийлчихсэн байсан. Тухайн үедээ хэний байдас байсан эсэх талаар мэдээгүй байсан. Тэгээд эзэн нь ирж авахгүй байхаар нь 2020 оны 11 дүгээр сарын үед хөдөөгүүр мал, мах аваад явж байсан махны ченжид 700.000 төгрөгөөр зарж борлуулсан. Тэгтэл дараа нь *******ын адуу гэдгийг мэдсэн. Тэгээд *******а нь надаас адуугаа нэхэж эхэлсэн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 88 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдлоо.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Н.*******ын мэдүүлэг /хавтаст хэргийн 7-10 дахь тал/, гэрч Б.Жамъяангийн мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дахь тал/, гэрч Я.*******ын мэдүүлэг /хавтаст хэргийн 34 дэх тал/, Тольдох оюуны өгөөж хязгаарлагдмал хувьцаат компаний шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 14-ний №22/0090 дугаартай /хавтаст хэргийн 47-59 дэх тал/ дүгнэлт, шүүгдэгч Ч.*******ийн яллагдагчаар гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 68 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг нягтлан шалгахад дээрх үйл баримт нь 2020 оны 11 дүгээр сарын 27-28-ны өдрийн хооронд Булган аймгийн ******* сумын 6 дугаар багийн нутгаас иргэн Я.*******ын адуун сүрэгт нийлсэн Н.*******ын алаг зүсмийн шүдлэн байдсыг дур мэдэн өөрийн өмчийн адил захиран зарцуулж бусдад зарж борлуулан 3.069.000 төгрөгийн хохирол учруулж мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хөдөлбөргүй нотлогдож байна.

Шүүгдэгч Ч.*******ийн гэм буруутай үйлдэл, хохирогчийн эд хөрөнгөд учирсан 1 тооны адуу буюу 3.069.000 төгрөгийн хохирол хоёрын шалтгаант холбоо тогтоогдсон, энэ нь шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтаар батлагджээ.

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.

“Хулгайлах” гэмт хэрэгт бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүй нууц, далд аргаар, хууль бусаар олж авсан үйлдлийг ойлгох ба мал хулгайлах гэмт хэргийн халдлагын зүйл нь таван хошуу мал байдгаараа хулгайн бусад гэмт хэргээс ялгагдах бөгөөд “мал” гэдэгт хонь, ямаа, үхэр, адуу, тэмээ хамаарна гэж Эрүүгийн хуульд тайлбарлажээ.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгч Ч.*******ийн үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, учруулсан хохирлоороо 17.12 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан мал хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирсон байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Ч.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

  Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар

  Шүүгдэгч Ч.*******ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Н.*******ад 1 тооны бод мал буюу 3.069.000 төгрөгийн хохирол учирсан нь Тольдох Оюуны Өгөөж хариуцлагатай хувьцаат компаний шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон ба хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд адууны үнэ 3.069.000 төгрөг, замын зардал, шинжилгээний байгууллагын төлбөр 601.000 төгрөг, нийт 3.670.000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилжээ.  

  Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Ч.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчийн нэхэмжилсэн 3.670.000 төгрөгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч хохирлыг төлж барагдуулсан болох нь мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлгээр нотлогдож байна.

  Иймд шүүгдэгч Ч.*******ийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

  Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

  Шүүгдэгч Ч.*******ийг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Ч.*******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шүүгдэгч Ч.*******ийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ч.*******ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хавтаст хэргийн 70-80, 83-84 дэх талуудад авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, багийн засаг даргын тодорхойлолт, цагдаагийн газрын цахим хайлтын системийн лавлагаа, малын А дансны бүртгэлийн хуулбар зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.******* нь ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Булган аймгийн ******* сумын 5 дугаар багийн ******* гэх газарт мал маллан амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Ч.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хохирлыг төлж барагдуулсан, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 4/24 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч ялын санал, дүгнэлт гаргахдаа шүүгдэгч Ч.*******ийн үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байгаа бөгөөд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь заалтад зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссэн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй боловч шүүгдэгчийг өршөөлд хамруулах нь шүүхийн эрх хэмжээний асуудал гэжээ.

Шүүгдэгч Ч.*******ийн үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэх цаг хугацаа, хүрээний хувьд хамрагдах боловч Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.7 дахь заалтад “Энэ хуулийн 5.2, 5.3-т заасан өршөөлийг үзүүлэхэд шүүхээс шийдвэр гаргахгүй...” гэж заасан байх тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ч.*******ийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирол төлсөн, хэргийн зүйлчлэл болон прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг хүлээн зөвшөөрч үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх ялын төрөл, хэмжээний хүрээнд шүүгдэгч Ч.*******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, уг тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх болон зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Ч.******* нь цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Ч.*******ид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасныг баримтлан шүүгдэгч Ч.*******ийг тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх болон зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуульд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Ч.*******ид сануулсугай.

 

5. Энэ хэрэгт шүүгдэгч Ч.******* нь цагдан хоригдоогүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.*******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шүүгдэгч Ч.******* нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.ОТГОНБААТАР