Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/84

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,

улсын яллагч Э.*******,

шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ган-Очир,

шүүгдэгч Г.******* нарыг оролцуулан Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г.*******д холбогдох эрүүгийн 2215000000041 дугаартай, 163/2022/0082/Э индекстэй хэргийг 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* овогт *******ын *******, Булган аймгийн Булган суманд 1994 оны 10 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, Булган аймгийн Булган сумын 4 дүгээр багийн ******* тоотод оршин суух бүртгэлтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, урьд 4 удаагийн ял шийтгэлтэй, 28 настай, эрэгтэй, РД: *******.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.******* нь 2022 оны 01 дүгээр сарын 08-ны орой архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Б.*******этэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний цээж хэсэгт түлхэж, улмаар хойшоогоо унахдаа буцалж байсан халуун цайнд түлэгдэж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн 2215000000041 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Г.******* нь 2022 оны 01 дүгээр сарын 08-ны орой архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Б.*******этэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний цээж хэсэгт түлхэж, улмаас хойшоогоо унахдаа буцалж байсан халуун цайнд түлэгдэж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Гантулгын өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх мэдүүлэг,

2. Мөрдөн шалгах ажиллагаанд хэргийн газарт үзлэг хийсэн: Хэрэг учрал болсон гэх газар нь Булган аймгийн Булган сумын 5 дугаар багт байрлах хаягжилт тодорхойгүй хашаан дотор болсон байв. Уг хашаанд нэг байшин, нэг гэр байв. ...Байшин дотор шаргал өнгийн хулдаасан дээр цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон толбо байв гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 11-15 дахь тал/,

3. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 16-20 дахь тал/

4. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.*******ийн өгсөн: 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өглөө 10 цагт Булган аймгийн Булган сумын 5 дугаар багт байрлах нийтийн байрнаас гараад Баярмагнай ахынд очсон. Тэгээд Баярмагнай ах, Отгоо бид гурав байж байтал удалгүй *******, Гантуяа хоёр орж ирсэн. Удалгүй дахиад танихгүй 2-3 эрэгтэй хүн орж ирээд бид нар 2-3 шил архи уусан. ...Тэгээд харанхуй болчихсон Шинээ гэх залуу нь нэлээн согтуу Баярмагнай ахын байшингийн баруун хоймор хэсэгт цахилгаан тогоонд дүүрэн ус хийгээд бор цай буцалгаж байсан. Маагаагийн орны ойролцоо сууж байсан Г.******* нь намайг Зүүнхараагийн шоронд чинь би ажиллаж байсан, намайг таних уу? чи Зүүнхараад байсан гэл үү? гээд хүмүүсийн нэр хэлээд таних уу? гээд хэлж байсан. Тэгээд босоод ирэхээр нь би бас өөдөөс нь харж сууж байгаад босоод ахын дүү болъё оо гэж хэлсэн. Тэгтэл чам шиг юм тэгдэггүй юм гэж хэлээд миний нүүр хэсэгт баруун гараараа мангасдаад түлхэж унагаасан. Тэгээд миний ард буцалж байсан цахилгаан тогоотой цайнд би унаж түлэгдсэн. Тухайн үед тэнд байсан хүмүүс миний гадуур өмсөж байсан хар цамцыг тайлаад хүйтэн усаар цэврүүг Отгоо эгч арчиж өгсөн. ...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9-10 дахь тал/,

Дахин өгсөн: ...Г.******* миний нэхэмжилсэн хохирлыг 2.100.000 төгрөгийг ямар нэг хэлбэрээр төлж барагдуулаагүй. Тэгээд би Г.Гантулгын ар гэрийн байдлыг харгалзан үзэж хохирлын мөнгийг 1.000.000 төгрөг болгож байна. Ойрын хугацаанд нэхэмжилсэн мөнгийг маань төлж барагдуулбал надад гомдол санал байхгүй. Хэрэв төлж барагдуулахгүй бол гомдолтой гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27 дахь тал/,

5. Гэрч Т.*******ийн өгсөн: 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр ерөнхий жижүүрийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 103-н эмч Л.*******э түлэгдсэн хүн авчирлаа гэж 19 цаг 40 минутын үед хүлээн авах дээр ирж хэлсэн. Тэгээд очиж үзэхэд нуруундаа халуун ус цацуулсан гэх согтуу эрэгтэй хүн байсан бөгөөд хувцасыг тайлуулан үзэхэд нурууг бүхэлд нь хамарсан 1-3-р зэргийн түлэгдэл бүхий шархтай байсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34 дэх тал/,

6. Гэрч П.*******гийн өгсөн: ...Би гэртээ байж байтал 19 цагийн үед хаалга эрэгтэй хүн “би” байна гээд тогшоод байхаар нь онгойлготол нийтийн байрны 7 тоотод оршин суух 40 орчим настай эрэгтэй хүн түргэн дуудаад өгөөч би хүнд зодуулчихлаа гээд өмд, хувцас нь норчихсон байдалтай зогсож чадахгүй байсан. Тэгэхээр нь гэртээ оруулаад 103 дуудахад удалгүй түргэний машин ирээд тэр хүнийг аваад явсан... Уг хүний амнаас нь цус гарчихсан байсан. Намайг хувцасыг маань сөхөөд хараад өгөөч гэхээр нь нуруу хэсгийг нь харахад нурууны арьс нь түлэгдэж хуурсан байсан... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36-37 дахь тал/,

7. Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 21 дугаартай: Б.*******ийн биед биеийн нийт гадаргуугийн 19%-ийг хамарсан 2 дугаар зэргийн түлэгдэлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь өндөр хэмийн халууны үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэх дүгнэлт /хавтаст хэргийн 43-44 дэх тал/,

8. Тольдох Оюуны өгөөж хариуцлагатай хувьцаат компанийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн №22/0004 дугаартай: Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Akira брендийн цахилгаан тогооны зах зээлийн үнэлгээг 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар 32.000 төгрөг гэж тогтоов гэх дүгнэлт /хавтаст хэргийн 50-55 дахь тал/,

9. Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Гантулгын яллагдагчаар гэм буруугаа хүлээж өгсөн: 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 10 цагийн үед гараад 3 дугаар хороонд байдаг урд өмнө таньдаг Гантуяа эгчийн гэрт очтол Гантуяа эгч гэртээ ганцаараа байсан. Тэгээд тэднийд юм яриад сууж байсан чинь Гантуяа эгч намайг Маагаа ахынд очих уу? гэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд бид хоёр Маагаа ахын гэрт очиход Маагаа ах эхнэрийнхээ хамт орон дотроо хэвтэж байхаар нь би галыг нь түлж өгөөд байж байтал гаднаас *******э гэх залуу орж ирээд өврөөсөө 0.75 литрийн Соёрхол нэртэй архи гаргаж ирсэн. ...Тэгээд архиа уугаад байж байсан чинь *******э гэх ах намайг чи Зүүн хараагийн шоронд байсан гэл үү? гээд байхаар нь чи юу гээд байгаа лалар, пизда вэ? гэж хэлсэн чинь миний нүүр хэсэгт *******э гэх залуу нэг удаа цохих шиг болсон. Би тухайн үед нэлээн согтуу байсан. Миний хамраас бага зэргийн цус гарсан. Тэгэхээр нь *******э гэх ахыг яасан даварчихсан пизда вэ? гээд цээж хэсэгт нь түлхсэн чинь *******э гэх ах хойшоогоо унангуутаа нуруу түлэгдчихлээ гээд босохоор нь харсан чинь ар талд нь хоолны халуун тогоо байсан. Тэгээд Гантуяа эгч, *******э ахын цамцыг нь тайлаад харсан чинь нуруу хэсэг нь улайсан байхаар нь би *******э ахаас уучлалт гуйгаад ард талд чинь халуун тогоотой цай байсныг мэдсэнгүй гэж хэлээд байж байтал гаднаас Шаравжамц, Билгүүн тэр хоёр орж ирээд юу болсон бэ гэхээр нь би *******э ахыг түлхсэн чинь халуун тогоотой цай руу нуруугаараа унаад түлэгдчихлээ гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 106-107 дах тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Б.*******э, гэрч Т.*******, П.******* нарын өгсөн мэдүүлэг, шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Г.Гантулгын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан судлахад шүүгдэгч Г.******* нь 2022 оны 01 дүгээр сарын 08-ны орой архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Б.*******этэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний цээж хэсэгт түлхэж, улмаар хойшоогоо унахдаа буцалж байсан халуун цайнд түлэгдэж эрүүл мэндэд нь биеийн нийт гадаргуугийн 19%-ийг хамарсан 2 дугаар зэргийн түлэгдэлт бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.Гантулгын хохирогчийн цээж хэсэгт түлхэж унагаасан гэм буруутай үйлдэл, Б.*******ийн биед учирсан хүндэвтэр гэмтэл хоёрын хооронд шалтгаант холбоотой, энэ нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.

Шүүгдэгч Г.******* нь гэм буруугийн талаар маргаагүй, түүний бусдын бие, эрх чөлөөнд халдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй санаатай, нийгэмд аюултай, бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл тул прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Г.Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Г.Гантулгын гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар хохирогч Б.*******э нь мөрдөн шалгах ажиллагаанд эмчилгээний төлбөр, замын зардалтай холбогдуулан 1.000.000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилсэн боловч холбогдох нотлох баримтуудыг шүүхэд болон мөрдөн шалгах ажиллагаанд ирүүлээгүй байна.

Харин хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Тольдох Оюуны Өгөөж хариуцлагатай хувьцаат компанийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 22/0004 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон Akira загварын халууны тогооны үнэ 32.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, хохирогч Б.*******эд олгох нь зүйтэй байна.

Хохирогч нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой баримтыг шүүхэд ирүүлээгүй тул хэлэлцэхгүй орхиж, гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй гэж үзэв.

 

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Г.Гантулгыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч Г.Гантулгын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Г.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалгүйг дурдах нь зүйтэй гэж үзэв.

Хавтаст хэргийн 60-62, 69, 73, 76-95 дахь талд авагдсан урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, байнга оршин суугаа хаягийн лавлагаа, цагдаагийн газрын цахим хайлтын системийн лавлагаа, шийтгэх тогтоолын хуулбарууд зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Г.******* нь ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Булган аймгийн Булган сумын 4 дүгээр багийн ******* тоотод амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, бага боловсролтой, урьд 4 удаагийн ял шийтгэлтэй зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Г.Гантулгын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, урьд олон удаа ял шийтгэгдэж байсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрлөөс зорчих эрхийг хязгаарлах ялын төрлийг сонгож, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.*******д Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 2022/ШЦТ/26 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг хүчингүй болгож, уг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15000 төгрөгийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож 33 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, нийт 7 сар, 3 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоох нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж шүүх дүгнэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Г.******* нь 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 26 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.

Шүүгдэгчээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ногоон өнгийн нэг ширхэг цахилгаан тогоог устгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт *******ын Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гантулгыг 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Гантулгын Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 2022/ШЦТ/26 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг хүчингүй болгож, уг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15000 төгрөгийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож 33 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, нийт 7 /долоо/ сар, 3 /гурав/ хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Гантулгын цагдан хоригдсон 26 /хорин зургаа/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, цагдан хоригдсон нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож оногдуулсан 7 сар, 3 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаас хасаж, биечлэн эдлэх ялыг 6 /зургаа/ сар, 7 /долоо/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гантулгыг оршин суугаа газраас буюу Булган аймгийн Булган сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг 6 /зургаа/ сар, 7 /долоо/ хоногийн хугацаагаар хязгаарласугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.*******ас Akira загварын ногоон өнгийн халуун тогооны үнэ 32000 /гучин хоёр мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1 дүгээр багт оршин суух *******гийн *******эд олгож, эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Шүүгдэгч Г.*******ас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдсугай.

 

9. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Akira загварын ногоон өнгийн нэг ширхэг цахилгаан тогоог шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

 

10. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.ОТГОНБААТАР