Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 45

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ц даргалж

Нарийн бичгийн дарга М.Э

Улсын яллагч Б.Д

Шүүгдэгч Х.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах үйлдэж ирүүлсэн Э овогт Х.Б-д холбогдох эрүүгийн ... тоот хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Д аймгийн Э суманд төрсөн, ... настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, барилгын өргөн мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сум 5-р багт оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ... оны ...-р сарын ...-ний өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800,000 төгрөгийн торгох ялаар мөн  Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ... оны ...-р сарын ...-ний өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар 800,000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэгдэж байсан, Э овогт Х.Б

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Х.Б нь 2022 оны 02-р сарын 04-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2-р багийн нутаг дэвсгэрт байрлах шүүхийн байрны гадна талд хохирогч Б.Г-г толгойн тус газарт цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3-р багийн нутаг дэвсгэр, Соёмбын гудамжинд 2022 оны 02-р сарын 18-ны өдрийн 00 цаг 20 минутын үед Ө.Б-тэй маргалдан зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  /Яллах дүгнэлтэд авагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Х.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2022 оны 02 сарын 05-ны өдөр О гэж хүнийд очиж архи уусан. Г гэж хүнтэй жаахан маргалдсан байна лээ. Тухайн үед уусан байсан болохоор сайн санахгүй байна. Тэр үед нь Г-д эм тариа авч өгсөн. Б-тэй машин барьж яваад маргалдсан. Намайг согтуу машин бариулахгүй гэж уурлаж байхад нь би алдаа гаргасан байна лээ. Хийсэн зүйлдээ гэмшиж харамсаж байна. Дахиж ийм алдаа гаргахгүй гэжээ.

Шүүгдэгч Х.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...би урд өгсөн мэдүүлэгтээ мэдүүлсэн байгаа. Тэглээч би өөрийн хийсэн хэргээ хүлээж байна би хэргээ хялбаршуулсан журмаар шийдүүлэх хүсэлтэй байна. Би хэрэг гардаг өдөр согтуу байсан. Хохирогч Б.Г-н биед гэмтэл учирсан үйлдлээ санаж байна. Би өөрийн хийсэн хэргээ хүлээж байна. ...2022 оны 02-р сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 00 цаг 20 минутын үед Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3-р багийн нутаг дэвсгэрт Ө.Б-тэй маргалдан зодож Ө.Б-н эрүүл мэндэд нь гэмтэл учруулсан нь үнэн. Би тухайн зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би өөрийн буруугаа хүлээж ухамсарлаж байгаа. Дахин ийм хэрэг үйлдэхгүй  ” гэх мэдүүлэг /хх-ийн 74-75, 116/

Хохирогч Б.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...хэрэг болдог өдөр даргынд юм ярьж сайхан шинэлж байсан чинь Б нөхөр нь эхнэрийгээ зүгээр суулгахгүй гараараа нударж аваад орж гараад байсан. Тэгсэн чинь манай захирлын нөхөр нь Б-н нөхөрт хандан хөөе залуу минь наад эхнэрээ зүгээр суулгаач нэг бол орж гараад яасан хэцүү хүн бэ? гэсэн чинь Б-н нөхөр тэднийхээс гараад явсан. Тэгтэл Б надад хандан хоёулаа хамт гарчихаад ирье гэхээр нь хамт гарсан чинь Б-н нөхөр Б-г цохьсон. ...тэгээд Б-г машиныхаа ард барьж аваад зууралдаад хэрэлдээд байхаар нь салгах гээд та хоёр одоо боль гэсэн чинь Б нь чамд ямар хамаатай юм гээд миний толгойн тус газарт цохьсон. Тэгтэл миний толгойноос цус гарахаар нь би буцаж захирлын гэрт орж цусаа угаагаад буцаад бид нар захирлын гэрээс гараад ирсэн чинь тэр хоёр алга болсон байсан. Тэгээд би нэгдсэн эмнэлэг орж 10 гаран оёдол тавиулсан. ...одоо миний биеийн байдал тааруу байна. Нүдний  хөх арилахгүй цохиулсан хэсэгт өвдөөд байгаа өдөр болгон боолт хийлгэж байгаа. Өчигдөр эмнэлэг орж үзүүлсэн чинь өрөвссөн байна гэсэн дахин эм тариа хийлгэж байгаа. ...хэрэг болсноос хойш надад Б нэг хоёр эм авч өгсөн. Бусад зардлаа өөрөөсөө гаргасан. Би тухайн үед баримт сэлт цуглуулах гэдгийг мэдээгүй. Эм тарианы баримтыг устгасан яаг одоо надад өгчих эмчилгээний зардлыг баримт байхгүй. Шүүх хуралд өөрийн биеэр орж гаргасан зардлаа нэхэмжлэх болно” гэх мэдүүлэг /хх-ийн 7-11/

Гэрч Д.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...золголт хийгээд сууж байсан чинь манай ажлын Б нь нөхөр болох Б-ны хамт орж ирээд хамт шинэлсэн. ... юм ярьж сууж байхад Б-н нөхөр Б нь эхнэрийгээ зүгээр суулгахгүй энэ тэндээс нь  татаад гарч ороод байхаар нь та хоёр яасан явах гэж байгаа юм уу гэсэн чинь Б манай нөхөр согтсон байна, машин барих гээд түлхүүр нэхээд байна гэж байсан. ...удалгүй манай гэрээс гарсан.Төд удалгүй Г манайд орж ирээд Б намайг зодчихлоо гээд цусаа гоожуулаад ороод ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23/

Хохирогч Ө.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...би өөрөө машинаа барьж чадна, чамд өгөхгүй гэж байснаа уурлаад Б нь баруун гараараа миний баруун нүд хэсэгт нэг удаа цохьсон чинь миний баруун хөмсөг язраад цус гарч эхэлсэн. Тэгээд машинаас буугаад нөгөө талаар нь очсон чинь мөн миний зүүн хөл рүү 1 удаа өшиглөсөн. Тэгээд би буцаагаад машиндаа суусан чинь Б нь хөдлөөд Ложистикийн гүүр даваад буцаж эргээд калмартай хөшөөний тэр орчимд явж байсан чинь цагдаагийн машин өөдөөс ирж байгаа харагдахаар нь би рулыг нь булаагаад цагдаагийн машин руу дөхүүлсэн чинь цагдаагийн машин буцаж эргээд бид нарыг зогсоосон. Х.Б нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилдөө арга хэмжээ авхуулсан. Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 96/

Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 26-27/

2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 04/067 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

-Б.Г-н биед гэмтэл тогтоогдлоо.

-Б.Г-н биед баруун чамархайд зулгаралт, язарсан шарх, баруун нүдний дээд зовхинд цус хуралт гэмтлүүд нь тогтоогдлоо.

-Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ.

-Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно.

-Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 28-29/

Захиргааны зөрчилд холбогдсон талаарх лавлагаа /хх-ийн 33-38/

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33-40,125-127/

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Борхойн багийн Засаг даргын тодорхойлолт / хх-ийн 41/

Шүүгдэгч Х.Б-ны хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт /хх-ийн 77/

2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 04/082 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

-Ө.Б-н биед баруун хөмсгөнд язарсан шарх гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ.

-Ө.Б-н биед үүссэн гэмтлүүд нь тухайн хэрэг болох цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

-Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно.

-Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 106-107/

Аюулын зэргийн үнэлгээ /хх-ийн 149-150/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

Шүүгдэгч Х.Б нь 2022 оны 02-р сарын 04-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2-р багийн нутаг дэвсгэрт байрлах Шүүхийн байрны гадна талд иргэн Б.Г-г толгойн тус газарт цохиж, эрүүл мэндэд нь баруун чамархайд зулгаралт, язарсан шарх, баруун нүдний дээд зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3-р багийн нутаг дэвсгэр, Соёмбын гудамжинд 2022 оны 02-р сарын 18-ны өдрийн 00 цаг 20 минутын үед хохирогч Ө.Б-тэй маргалдан зодож, түүний эрүүл мэндэд баруун хөмсгөнд язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “тэгээд Б-г машиныхаа ард барьж аваад зууралдаад хэрэлдээд байхаар нь салгах гээд та хоёр одоо боль гэсэн чинь Б нь чамд ямар хамаатай юм гээд миний толгойн тус газарт цохьсон. Тэгтэл миний толгойноос цус гарахаар нь би буцаж захирлын гэрт орж цусаа угаагаад буцаад бид нар захирлын гэрээс гараад ирсэн чинь тэр хоёр алга болсон байсан. Тэгээд би нэгдсэн эмнэлэг орж 10 гаран оёдол тавиулсан” гэх  мэдүүлэг /хх-ийн 7-11/, гэрч Д.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “юм ярьж сууж байхад Б-н нөхөр Б нь эхнэрийгээ зүгээр суулгахгүй энэ тэндээс нь  татаад гарч ороод байхаар нь та хоёр яасан явах гэж байгаа юм уу гэсэн чинь Б манай нөхөр согтсон байна, машин барих гээд түлхүүр нэхээд байна гэж байсан. ...удалгүй манай гэрээс гарсан.Төд удалгүй Г манайд орж ирээд Б намайг зодчихлоо гээд цусаа гоожуулаад ороод ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23/, хохирогч Ө.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...би өөрөө машинаа барьж чадна, чамд өгөхгүй гэж байснаа уурлаад Б нь баруун гараараа миний баруун нүд хэсэгт нэг удаа цохьсон чинь миний баруун хөмсөг язраад цус гарч эхэлсэн. Тэгээд машинаас буугаад нөгөө талаар нь очсон чинь мөн миний зүүн хөл рүү 1 удаа өшиглөсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 96/, яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 26-27/, 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 04/067 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 28-29/,  2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 04/082 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 106-107/,  аюулын зэргийн үнэлгээ /хх-ийн 149-150/  зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх яллах талын нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, нэг нь нөгөөгөө давхар нотолсон, шүүхийн шийдвэрийн үндэс болсон хууль ёсны нотлох баримтууд гэж үзсэн болно.

Шүүгдэгч Х.Б нь уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэж, хоёр түүнээс олон хүний биед хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгчийн үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Дорноговь аймгийн Замын-Үүд дэх сум дундын прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч Х.Б нь үйлдсэн хэргийнхээ гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

Хохирогч Ө.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгчийн түүнд төлөх төлбөргүй гэж үзэв.

Хохирогч Б.Г нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирол төлбөр нэхэмжилнэ гэж байгаа боловч хохирлын талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй тул төлбөргүй гэж үзэв.  

Шүүгдэгчид хүлээлгэх Эрүүгийн хариуцлагын талаар

Шүүхээс шүүгдэгчийг хоёр, түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

Хохирогч Б.Г нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирол төлбөр нэхэмжилнэ гэж байгаа боловч хохирлын талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй тул цаашид гарах хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэх иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна. 

Шүүгдэгч Х.Б-ны хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Улсын яллагч шүүгдэгч Х.Б-д 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, эрхэлсэн тодорхой ажилгүй гэх зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан торгуулийн ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр санал гаргасныг хүлээн хүлээн авах боломжгүй байна.

Шүүгдэгч Х.Б-ны хувийн зан төлөв, хэргийн нөхцөл байдал, удаа дараа гаргаж буй гэмт үйлдэлдээ дүгнэлт хийгээгүй зэрэг байдлуудыг харгалзан 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ял оногдуулах,  шүүгдэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан торгуулийн ялыг сайн дураар төлөх хугацаанд төлөх боломжтой тул торгуулийн ялыг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Э овогт Х.Б-ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт заасан хоёр, түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-г 900 /есөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б нь оногдуулсан 900.000 төгрөгийн торгох ялыг  шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг  нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Х.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирогч Б.Г нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрвөл  өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Д.Ц