Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 46

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ц даргалж,

Нарийн бичгийн дарга Э.Ө

Улсын яллагч Б.Д

Шүүгдэгч Э.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1-р танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Э.Э-д холбогдох эрүүгийн ... тоот хэргийг 2022 оны 04-р сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр Д аймгийн С суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, эхнэр хүүхдүүдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 5-р багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Б овгийн Э.Э

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Э нь 2022 оны 02-р сарын 24-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 5-р баг ... тоотод хохирогч Д.Б-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э.Э мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Б нэртэй бааранд орж нэг хүний 3 ширхэг лаазтай пиво уусан. Манай найз М такси дуудаад бид нар 22 цагийн орчимд Б нэртэй баарны гаднаас таксинд суухад тухайн таксины урд суудалд таньдаг ус зөөдөг Б суугаад явж байсан. Замын-Үүд сум 5-р баг Усны гудамжинд байдаг 8 нэрийн хүнсний дэлгүүрийн гадаа ирээд зогсоход М, Б хоёр хэрүүл маргаан хийгээд нэг нэгнийгээ нэг нэг удаа цохьсон. ...Би хугарсан шалны модоор Б-н толгой хэсэг рүү 1 удаа цохиод толгойноос нь цус гарсан. Тэгсэн чинь цагдаа ирээд бид нарыг салгасан. Гэм буруугаа ойлгож байгаа тул хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хохирогч Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Би 2022 оны 02-р сарын 24-ны орой 22 цагийн үед гэртээ байж байсан чинь манай эхнэрийн дүү Б нь хүнд зодуулсан орж ирэхээр нь юу болсон талаар асуусан чинь манай дүү хүнд зодуулсан гэхээр нь тэр хүмүүс чинь хаана байна гэсэн манай гэрийн гадаа хар өнгийн приус маркийн тээврийн хэрэгсэлтэй хоёр залуу машиндаа сууж байсан тэгэхээр нь би очоод та нар ямар шалтгаанаас болж манай дүүг зодож байгаа юм бэ? гэсэн миний өөдөөс хэл амаар доромжлоод машинаасаа буугаад ирсэн. Тэгтэл М гэх залуутай маргалдаж байх үед хажуугаас Э гэх залуу нь миний толгой руу нэг юмаар цохьсон тэгтэл миний толгойноос нойтон оргиод цус гарахаар нь би гэртээ ороод цусаа тогтоож байхад гэрийн цонхыг цаанаас нь түлхэж онгойлгоод М болон Э хоёр цонхны цаанаас хэл амаар доромжлоод байсан тэгтэл манай эхнэр цагдаа дуудсан тэгтэл цагдаа ирээд юу болсон  талаар асуусан чинь цагдаагийн өөдөөс хэрэлдэж маргалдаад цагдаа нар юу юм бэ? гээд орилоод ирсэн. Цагдаагийн тавьсан шаардлагыг эсэргүүцээд байсан. ...миний бие энэ үйл явдал болсноос хойш хувийнхаа ажлыг хийж чадахгүй толгой тархи байнга өвдөөд байгаа өвчтэй зовиуртай байна. Би зодуулсандаа гомдолтой байна. Мөн дүүг маань ажлыг нь хийлгэхгүй утсаар дарамтлаад байгаа тэр тусмаа М нь та нар яасан их цагдаад өгдөг юм гээд дарамтлаад байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9/

Хохирогч Г.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би тухайн өдөр 22 цагийн орчим талбай дээрээс такси бариад приус 30 маркийн машинд суусан. Таксины жолооч дахиад дуудлага ирээд байна гээд замдаа 3 хүн нэмж аваад явсан. Тэгтэл тухайн машинд 3 хүн суугаад цаашаа явж байтал таксины жолоочыг тэр 3 дэлгүүр дээр зогсчих гэж хэлээд Усны гудамжинд байдаг 8 нэрийн хүнсний дэлгүүр дээр зогсоод архи аваад ир гэж М гэх залуу нь намайг дарамталсан. Би дэлгүүр орохгүй архи авч өгч чадахгүй гэсэн чинь намайг М, Э нар зодсон. Би гэрлүүгээ зугтаагаад гэртээ орж ирээд байж байтал араас нөгөө хоёр залуу гэрийн үүдэнд машинтай тулж ирээд гарч ирэхгүй бол цонхыг чинь хагална шүү гэхээр нь би болон манай хүргэн ах Б бид хоёр гарсан. Тэгтэл тэр хоёр намайг бариад авахад манай хүргэн намайг салгах гээд М гэх залуутай муудалцсан. Тэгтэл манай хүргэн ахын толгой тус газарт М, Э хоёр цохьсон. Тухайн үед би болон манай хүргэн ах бид хоёрыг зодож байх үед миний гар утсыг хагалаад мөн хар өнгийн түрүүвч бичиг баримт, 60,000 төгрөг алга болсон. Тэгээд эгч цагдаа дуудсан” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/

Гэрч Э.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 02-р сарын 24-ны өдөр Э.Э, Н нарын хамт Б нэртэй бааранд орж нэг хүний 3 ширхэг лааз пиво уусан. Такси дуудаад таксинд суухад тухайн таксины жолоочийн эсрэг талын урд суудал дээр таньдаг Усны гудамжинд амьдардаг Б суугаад явж байсан. Усны гудамжинд байдаг 8 нэрийн  хүнсний дэлгүүрийн гадаа ирээд зогсоход дэлгүүр хаасан байхаар нь Б-г дэлгүүр ороод ганц шил архи аваад өгчих, чи таньдаг юм чинь гэж хэлэхэд чадахгүй гэж хэлэхээр нь би чи арчаагүй хүн шүү гэж хэлээд бид хоёрын дунд хэрүүл маргаан болсон. ...нэгнийгээ хальт нэг удаа цохьсон. Тэгсэн чинь Б машинаас буугаад гэр лүүгээ гүйгээд яваад өгсөн. Бид нар араас нь очиж машинаас буухад гэрээсээ заазуур барьж гарч ирээд та нарыг ална тална гэхээр нь манай найз Н, Э.Э хоёр бариад авах үед  Б-н ах гэх Б гэрээс шалны мод барьж гарч ирээд миний толгой болон нүүр хэсэр рүү хэд хэдэн удаа цохиж би газар унасан” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/

2022 оны 03-р сарын 01-ний өдрийн 04/084 дугаартай Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлтэнд:

-  Г.Б-н биед гэмтэл тогтоогдлоо.

- Г.Б-н биед духны зүүн дээд талд, зүүн нүдний доод талд жижиг зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ.

-Учирсан гэмтлүүд нь “гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно.  

-Цаашид хохирогчийн биед болон хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй”гэх дүгнэлт /хх-ийн 25-26/

2022 оны 03-р сарын 01-ний өдрийн 04/085 дугаартай Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлтэнд:

-  Д.Б-н биед гэмтэл тогтоогдлоо.

- Д.Б-н биед баруун чамархай хэсэгт хуйханд язарсан шарх, зүүн тохойд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ.

-Учирсан гэмтлүүд нь “гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно. 

-Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй”гэх дүгнэлт /хх-ийн 25-26/

Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 32/

2022 оны 03-р сарын 09-ны өдрийн  “А Б” ХХК-ний шинжээчийн  ТХҮ-622/3206 тоот дүгнэлт /хх-ийн 40-42/

Шүүгдэгч Э.Э нь урьд эрүүгийн хариуцлагад холбогдсон эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56-57/

Шүүгдэгч Э.Э-н байнга оршин суугаа хаягийн лавлагаа / хх-ийн 60/       

2022 оны 03-р сарын 31-ний өдрийн 5/21 дугаартай “Хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол, санал /хх-ийн 79-81/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар

Шүүгдэгч Э.Э нь 2022 оны 02-р сарын 24-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 5-р баг ... тоотод хашаан дотор хохирогч Д.Б-г шалны модны хугархайгаар толгойн тус газарт цохиж зодож, эрүүл мэндэд нь баруун чамархай хэсэгт хуйханд язарсан шарх, зүүн тохойд зулгаралт гэмтлүүд бүхий  хөнгөн хохирол санаатай учруулжээ.

Шүүгдэгч Э.Э-н энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Э.Э-н хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Д.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ”Тэгтэл М гэх залуутай маргалдаж байх үед хажуугаас Э гэх залуу нь миний толгой руу нэг юмаар цохьсон тэгтэл миний толгойноос нойтон оргиод цус гарахаар нь би гэртээ ороод цусаа тогтоож байхад гэрийн цонхыг цаанаас нь түлхэж онгойлгоод М болон Э хоёр цонхны цаанаас хэл амаар доромжлоод байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9/, хохирогч Г.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би дэлгүүр орохгүй архи авч өгч чадахгүй гэсэн чинь намайг М, Э нар зодсон. Би гэрлүүгээ зугтаагаад гэртээ орж ирээд байж байтал араас нөгөө хоёр залуу гэрийн үүдэнд машинтай тулж ирээд гарч ирэхгүй бол цонхыг чинь хагална шүү гэхээр нь би болон манай хүргэн ах Б бид хоёр гарсан. Тэгтэл тэр хоёр намайг бариад авахад манай хүргэн намайг салгах гээд М гэх залуутай муудалцсан. Тэгтэл манай хүргэн ахын толгой тус газарт М, Э хоёр цохьсон.  Тухайн үед би болон манай хүргэн ах бид хоёрыг зодож байх үед миний гар утсыг хагалаад мөн хар өнгийн түрүүвч бичиг баримт, 60,000 төгрөг алга болсон. Тэгээд эгч цагдаа дуудсан” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/, гэрч Э.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...бид хоёрын дунд хэрүүл маргаан болсон. ...нэгнийгээ хальт нэг удаа цохьсон. Тэгсэн чинь Б машинаас буугаад гэр лүүгээ гүйгээд яваад өгсөн. Бид нар араас нь очиж машинаас буухад гэрээсээ заазуур барьж гарч ирээд та нарыг ална тална гэхээр нь манай найз Н, Э.Э хоёр бариад авах үед  Б-н ах гэх Б гэрээс шалны мод барьж гарч ирээд миний толгой болон нүүр хэсэр рүү хэд хэдэн удаа цохиж би газар унасан” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/, 2022 оны 03-р сарын 01-ний өдрийн 04/084 дугаартай Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт /хх-ийн 25-26/, 2022 оны 03-р сарын 01-ний өдрийн 04/085 дугаартай Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт /хх-ийн 25-26/,  яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 32/,  2022 оны 03-р сарын 09-ны өдрийн  “А” ХХК-ний шинжээчийн  ТХҮ-622/3206 тоот дүгнэлт /хх-ийн 40-42/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх яллах талын нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, нэг нь нөгөөгөө давхар нотолсон, шүүхийн шийдвэрийн үндэс болсон хууль ёсны нотлох баримтууд гэж үзсэн болно.

Шүүгдэгч Э.Э нь уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэж, бусдын биед хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгчийн үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Дорноговь аймгийн Замын-Үүд дэх сум дундын прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч Э.Э нь үйлдсэн хэргийнхээ гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

Хохирогч Д.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 

Шүүгдэгчид хүлээлгэх Эрүүгийн хариуцлагын талаар

Шүүхээс шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Э.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Э.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн ба хохирлын хувьд хохирогч Д.Б-д хохирол төлбөрийг төлж барагдуулсан байх тул хохирол төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч Э.Э нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж бусдад учрууулсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хэргийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болох бөгөөд хуульд заасан хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Прокурорын газраас хэргийг хуульд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, хяналтын прокурортой 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгуулийн ялыг тохирч хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Иймд шүүгдэгч Э.Э-д ял оногдуулахдаа хэргийн хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн зан байдал зэргийг харгалзан хяналтын прокурортой тохиролцсон ялын төрөл, хэмжээний дотор оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан торгуулийн ялыг сайн дураар төлөх хугацаанд төлөх боломжтой тул хэсэгчлэн төлүүлэх талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Шүүгдэгчид торгуулийн ял оногдуулахаар шийдвэрлэсэн тул шүүгдэгчид өмнө нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овгийн Э.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-г 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Э.Э-д оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг  нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Э.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрвөл  өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                  Д.Ц