| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюушийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 137/2022/0033/Э |
| Дугаар | 39 |
| Огноо | 2022-04-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 17.12.2.1., 17.12.2.2., 17.12.2.4., |
| Улсын яллагч | Б.Догмиддорж |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 39
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Ц даргалж
Нарийн бичгийн дарга Э.Ө
Улсын яллагч Б.Д
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Э, Х.С
Шүүгдэгч С.М, Х.М, Д.Д, Д.А, Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Эрүүгийн хуулийн тусгай 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн
шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Даймгийн У сумын харъяат, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус боловсролтой, хүнд машин механизм оператор мэргэжилтэй, ам бүл 2, эхнэрийн хамт амьдрах, Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян 5 дугаар багт оршин суух бүртгэлтэй, одоо Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороонд оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ... оны ... сарын ...-ны өдрийн ... дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан, Б овогт С.М,
Эрүүгийн хуулийн тусгай 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн
шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Д аймгийн У сумын харъяат, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, аавын хамт амьдрах, малчин, Дорноговь аймгийн Улаанбадрах сум 1 дүгээр багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь ял шийтгэлгүй, Ш овогт Д.Д,
шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Д аймгийн Х сумын харъяат, ... оны ... дугаар сарын ...-ний өдөр төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, малчин, Дорноговь аймгийн Улаанбадрах сум 2 дугаар багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь ял шийтгэлгүй, Д овогт Б.Б,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн
шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Д аймгийн О сумын харъяат, ... оны ... дүгээр сарын ...-ны өдөр төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдрах, ... ажилтай, Дорноговь аймгийн Өргөн сум 4 дүгээр багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Сум дундын 8 дугаар шүүхийн ... оны ... сарын ...-ний өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, Б овогт Х.М,
шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Д аймгийн У сумын харъяат, ... оны ... дүгээр сарын ...-ны өдөр төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдрах, ... ажилтай, Дорноговь аймгийн Сайншанд сум 6 дугаар багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь ял шийтгэлгүй, З овогт Д.А нарт холбогдох эрүүгийн ... тоот хэргийг хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
1.Шүүгдэгч С.М, Б.Б, Д.Д нар нь бүлэглэж, Дорноговь аймгийн Улаанбадрах сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Б” гэх газраас иргэн О.Б-н 2 тооны тэмээг цагаан өнгийн Марк-2 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, 1,780,000 төгрөгийн хохирлыг,
-шүүгдэгч С.М, Б.Б нар нь бүлэглэж 2018 онд Дорноговь аймгийн Улаанбадрах сумын 1-р багийн нутаг дэвсгэрт байрлах Х гэх газраас иргэн Ч.Ө-н хар зүсмийн 1 тооны тэмээг цагаан өнгийн Марк-2 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, 1,800,000 төгрөгийн хохирлыг,
-шүүгдэгч С.М, Б.Б нар нь бүлэглэж 2018 оны 08 дугаар сард Дорноговь аймгийн Улаанбадрах сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Б” гэх газраас иргэн Ч.О-ны 2 тооны тэмээг УА3-31512 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, 2,580,000 төгрөгийн хохирлыг, 2018 оны 07 дугаар сард мөн газраас Ц.Г-н 1 тооны тэмээг цагаан өнгийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, 1,500,000 төгрөгийн хохирлыг,
-шүүгдэгч С.М, Д.Д, Д.А нар нь бүлэглэж Дорноговь аймгийн Улаанбадрах сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Б” гэх газраас иргэн Ч.О-ны 1 тооны тайлган тэмээг цагаан өнгийн Марк-2 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, 1,280,000 төгрөгийн хохирлыг,
-шүүгдэгч С.М, Х.М, Б.Б, Д.А нар нь бүлэглэж, 2018 онд Дорноговь аймгийн Улаанбадрах сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Г гэх нэртэй газраас иргэн Ц.Э-н нас гүйцсэн 1 тооны адууг цагаан өнгийн Марк-2 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, 900,000 төгрөгийн хохирлыг,
-шүүгдэгч С.М, Д.Д нар нь бүлэглэж, Дорноговь аймгийн Улаанбадрах сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Б” гэх газраас 2018 оны 07 дугаар сард иргэн Т.Н-н нас гүйцсэн 1 тооны тэмээг цагаан өнгийн Марк-2 тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, 1,480,000 төгрөгийн хохирлыг,
2.Шүүгдэгч С.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 08 дугаар хороо, ... тоотод Б.Ч-тай маргалдаж, улмаар нүүрэн тус газарт гараараа цохиж, хамар, ясны хугарал, баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн нүдний зовхинд шарх гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргүүдэд тус, тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1.Мал хулгайлах гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч С.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ Би Б-тай хамт 2018 оны хавар байх Ө-н хар өнгийн ноослоогүй тайлган тэмээ, 2018 оны 05 сард байх Д-тай Б-ны хойд талаас 40 тооны тэмээнээс ноосолсон бор зүсмийн тайлган тэмээ, Д, А хоёртой Б-ны зүүн урдаас О-ны чойнжин тамгатай цагаан зүсмийн ингэ, Б-тай байх, сайн санахгүй байна, Х очрмоос хүрэн зүсмийн тайлган тэмээ, 2018 оны 08 сард Б-тай хамт Х хавиас байхаа, нас гүйцсэн эр, эм 2 тэмээ, бас Б, Д нартай Б-н 2 тэмээ, 2018 оны 04 сард А, М, Б нартай хонгор үрээ, 2018 оны 06 сард Б-ны араас Д-тай цагаан зүсмийн ингэ, 2018 оны 07 сард Б-тай Б-ны араас нэг тэмээ хулгайлсан. Мөрдөн байцаалтанд мэдүүлсэн байгаа, одоо сайн санахгүй байна. Хохирлыг бүгдийг нь хувааж төлсөн. Б-т 890,000 төгрөг, Ө-т 900,000 төгрөг, О-д 1,800,000 төгрөг, Г-д 750,000 төгрөг, Э-д 225,000 төгрөг, Н-т 740,000 төгрөг гээд бүх хохирлыг барагдуулсан. Хулгайн хэргийг үйлдэхдээ Т-ны ... дугаартай УАЗ-31512 маркийн машин болон өөрийн марк-2 машинтай явж байсан. Т-ны машин өөрт нь байгаа, харин би Марк-2 машинаа Д-д малаар зарсан. Үнийг нь яг мөнгөөр илэрхийлээгүй. Мөн би Ч-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Сая шүүх хурал эхлэхийн өмнө 200,000 төгрөг төлсөн, хамраа янзлуулахад нэхэмжилсэн 3 сая гаруй төгрөгийг төлнө. Би “...“ ХХК-д ажил хийдэг, 2 сая шахам төгрөгийн цалин авдаг, Ч-н хохирлыг 2-3 сарын дотор төлж барагдуулна. Би албан ёсоор шилжээгүй боловч Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн хаяг дээр бараг таван жил амьдарч байгаа” гэсэн мэдүүлэг,
Шүүгдэгч Х.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ Би М, А, Б нартай хамт Э-н 1 тооны адууг хулгайлсан. 900,000 төгрөгийг дөрвүүлээ хуваагаад 225,000 төгрөгийг төлж барагдуулсан байгаа. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна ” гэсэн мэдүүлэг,
Шүүгдэгч Д.А-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ Би М, Д нартай О-ны нэг тэмээг, М, М, Б нартай Э-н нэг адууг хулгайлсан. Э-д 225,000 төгрөгийг өгсөн. Мөн О-ны мөнгийг хуваагаад төлсөн, буруу хэрэг хийсэн гэдгээ ойлгож байгаа ” гэсэн мэдүүлэг,
Шүүгдэгч Д.Д-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ Би 3 удаагийн үйлдэлтэй. М-тай хамт Н-н нэг тэмээг, М, Б нартай хамт Б-н хоёр тэмээг, М, А нартай О-ны нэг тэмээг хулгайлсан. Б-т 890,000 төгрөг, Н-т 740,000 төгрөг, О-д тэмээ өгсөн. М-с малаар авсан Марк-2 машиныг задлаад зарсан, одоо байхгүй, тухайн үед малаар авч байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна ” гэсэн мэдүүлэг,
Шүүгдэгч Б.Б-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би 5 удаагийн үйлдэлтэй. М, Д нартай Б-н 2 тэмээ, М-тай Ө-н 1 тэмээ, М-тай О-ны 2 тэмээ, М-тай Г-н 1 тэмээ, М, А, М-тай Э-н 1 адуу зэргийг хулгайлсан. Хохирлыг бүгдийг барагдуулсан байгаа ” гэсэн мэдүүлэг,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 02/
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 3-32/
Хохирогч Ц.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ Би Дорноговь аймгийн Улаанбадрах сумын 2 дугаар багийн нутаг И хайрханы араас 2018 оны 07 дугаар сард цагаан зүсмийн хоёр гэрэлт хонгон дээрээ чойнжин тамга дарсан нас гүйцсэн ингэ хулгайд алдсан. Гомдолтой байна би цагаан зүсмийн ингээ 4,000,000 төгрөгөөр үнэлнэ. Учир нь нас залуу амьд байсан бол 4 дэх удаагаа ботголож байгаа хохиролоо төлүүлж авмаар байна” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 34/,
... “Надад учирсан хохирлыг төлж барагдуулсан. Надад одоо нэхэмжлэх зүйл байхгүй, санал хүсэлт байхгүй, шүүх хуралд суухгүй” /2хх-ийн 127/,
Хохирогч О.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би Дорноговь аймгийн Улаанбадрах сумын 2 дугаар багийн нутаг И хайрханы зүүн урдаас 2018 оны 05 дугаар сарын 20-ны үеэр бор зүсмийн хоёр гуян дээрээ зуузай тамга дарсан, зөв чих нь араасаа ухам, буруу голоороо хагалбар хүзүүнээсээ улбар шар өнгийн дүүжинтэй нэг тэмээ нь 4 настай, нөгөө тэмээ нь 2 настай тэмээ нь тамгагүй 2018 оны 05 дугаар сарын хойш алга болсон. ...бор зүсмийн 4 настай тэмээгээ 1 сая төгрөгөөр, 2 настай тэмээ нь 500,000 төгрөгөөр үнэлж байна” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 36/,
... “ Би өөрийн эзэмшлийн бор зүсмийн 4 настай гэрэлт хонгон дээрээ зуузай тамгатай тайлаг тэмээ, бор зүсмийн 2 настай зөв талын чих ухам буруу талын чих хагалбар имтэй тэмээгээ 2018 онд хулгайд алдаж надад 1,780,000 төгрөгний хохирол учирсан. Надад учирсан 1,780,000 төгрөгний хохирлыг барагдуулсан” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 113/,
Хохирогч Ц.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2018 оны 05 дугаар 10-наас 12-ны хооронд байх Улаанбадрах сумын төвөөс баруун урд зүгт 49 км байх 1 дүгээр багийн нутаг Д гэх газарт байсан буган хээр азаргатай 40 шахуу адуунаас 1 тооны морь алга болсон. Хонгор зүсмийн, хагархай па тамгатай буруу талын чих босоо онь чихлээстэй 7 настай” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 39/,
... Би өөрийн эзэмшлийн хонгор зүсмийн 6 настай зөв талын гуян дээрээ хагархай Па тамгатай морио 2018 онд хулгайд алдаж надад 900,000 төгрөгний хохирол учирсан. Надад учирсан 900,000 төгрөгний хохирлыг барагдуулсан. Надад гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 109/,
Хохирогч Ч.Ө мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би Дорноговь аймгийн Улаанбадрах сумын 2 дугаар багийн нутаг “И” хайрханы орчмоос 2018 оны 09 дүгээр сард “Шар” зүсмийн буруу талын гэрэлт хонгон дээрээ чойнжин тамга дарсан, зөв талын гэрэлт хонгон дээрээ зуузай тамгатай нас гүйцсэн буур хулгайд алдсан. Би гомдолтой байна. Би хар зүсмийн атаа 2,500,000 /хоёр сая таван зуун/ төгрөгөөр үнэлээд хохирлоо төлүүлж авмаар байна. “ гэсэн мэдүүлэг /1хх-ийн 43/,
... “ Би өөрийн эзэмшлийн 9 настай гэрэлт хонгон дээрээ чойнжин тамгатай буураа 2018 онд хулгайд алдаж надад 1,800,000 төгрөгний хохирол учирсан. Надад учирсан 1,800,000 төгрөгний хохирлыг бүрэн барагдуулсан, надад гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 117/,
Хохирогч Ч.О-ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Манайх Улаанбадрах сумын Б багт байрлах их, бага Богд уулын орчимд нутаглаж амьдардаг. 2018 оны 05 дугаар сарын 01-нээс 21-ний өдрийн хооронд гунжин ингэ алга болсон. 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 07 дугаар сарын 02-ны хооронд цагаан зүсмийн нас гүйцсэн ингэ, 2018 оны 07 дугаар сарын сүүлчээр дөрвөн настай бор зүсмийн тайлган тэмээ алга болсон. Надад учирсан хоёр ингэ, тайлган тэмээний хохирлыг төлж барагдуулсан” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 121/
Хохирогч Т.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би Дорноговь аймгийн Улаанбадрах сумын 2 дугаар багийн нутаг “И” хайрханы орчмоос 2018 оны 04 дүгээр сард Улаан зүсмийн буруу талын гэрэлт хонгон дээрээ 3 тоо тамга дарсан, буруу талын ташаан толгой дээрээ халцархай, хүзүүндээ шар өнгийн даавуу зүүсэн нас гүйцсэн ат хулгайд алдсан. Би хар зүсмийн атаа 2,000,000 /хоёр сая/ төгрөгөөр үнэлээд хохирлоо төлүүлж авмаар байна“ /1хх-ийн 41/,
... “ Надад учирсан хохирлыг төлж барагдуулсан. Надад одоо нэхэмжлэх зүйл байхгүй, ямар нэгэн санал байхгүй” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 124/
Гэрч Б.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2018 оны зун улсын баяр наадам өнгөрсөн байсан....Сайншандаас ... Д бид хоёр дайгдаад сумын төв орсон. Сумын төв дээр ирсэн хойно Д надад хэлэхдээ У Б-н араас хоёр тэмээ төхөөрөөд хүний машин унаад замаараа намайг авч Замын-Үүд орсон, хулгайн тэмээ гэж хэлсэн. У хоёр тэмээ хулгай хийж төхөөрөөд Замын-Үүд сум ороод хэн гэдэг хүнд зарсан талаар би мэдэхгүй. ...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 48/.
Хөрөнгийн үнэлгээний А ХХК-ний 2019 оны 11 сарын 29-ний өдрийн “ Тэмээ нас гүйцсэн ингэ 1 ширхэг 1,500,000 төгрөг, тэмээ /гунжин ингэ/ 1 ширхэг 1,080,000 төгрөг, тайлган тэмээ /дөрвөн настай/ 1 ширхэг/ 1,280,000 төгрөг нийт 3,860,000” гэсэн ТХҮ-819/0120 тоот дүгнэлт /1хх-ийн 63-64/
Хөрөнгийн үнэлгээний А ХХК-ний 2019 оны 11 сарын 29-ний өдрийн “Ингэн тэмээ /нас гүйцсэн/ 1 ширхэг 1500,000 төгрөг” гэсэн ТХҮ-819/0117 тоот дүгнэлт /1хх-ийн 68-70/
Хөрөнгийн үнэлгээний А ХХК-ний 2019 оны 11 сарын 29-ний өдрийн “Тайлган тэмээ /дөрвөн настай/ 1 ширхэг/ 1,280,000 төгрөг, тайлган тэмээ /хоёр настай/ 1 ширхэг 500,000 төгрөг нийт 1,780,000” гэсэн ТХҮ-819/0118 тоот дүгнэлт /1хх-ийн 73-75/
Хөрөнгийн үнэлгээний А ХХК-ний 2019 оны 11 сарын 29-ний өдрийн “Адуу нас гүйцсэн 1 тооны 900,000 төгрөг” гэсэн ТХҮ-819/0119 тоот дүгнэлт /1хх-ийн 78-80/
Хөрөнгийн үнэлгээний А ХХК-ний 2019 оны 11 сарын 29-ний өдрийн “ Атан тэмээ 1 тооны 1,480,000 төгрөг” гэсэн ТХҮ-819/0126 тоот дүгнэлт /1хх-ийн 83-85/
Хөрөнгийн үнэлгээний А ХХК-ний 2019 оны 11 сарын 29-ний өдрийн “Атан тэмээ 1 тооны / нас гүйцсэн 1,800,000 төгрөг” гэсэн ТХҮ-819/0125 тоот дүгнэлт /1хх-ийн 89-92/
Гэрч А.У мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр гэж би дэвтэрт бичсэн байсан Д.Д буюу Д гэж дууддаг залуугаас 2 тооны тэмээ авсан гэж тэмдэглэлийн дэвтэрт тэмдэглэсэн байна ба уг хоёр тэмээний арьс, толгой шийр нь байгаагүй дан мах гарал үүслийн гэрчилгээ, багийн даргын тодорхойлолт, цагдаагийн тодорхойлолт байхгүй байсан нийт 462.5 кг болсон нэг хилийг нь 3,300 төгрөгөөр бодоод 1,526,250 төгрөг болсон, мөнгийг бэлэн өгсөн санагдаж байна. С.М буюу У гэж дууддаг залуу 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр нэг тооны тэмээ авсан гэж тэмдэглэлийн дэвтэр дээрээ тэмдэглэсэн байна. Уг нэг тэмээний арьс, толгой шийр нь байгаагүй дан мах гарал үүслийн гэрчилгээ, багийн даргын тодорхойлолт байхгүй байсан нийт 227 кг болсон нэг хилийг нь 3,200 төгрөгөөр болоод 726,400 төгрөг болсон мөнгийг нь бэлнээр өгсөн санагдаж байна” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 131/
Гэрч Б.У мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “С.М буюу У нь хэдэн он, сарыг нь санахгүй байна нэрээ хэлээгүй, урд нь харж байгаагүй залуу, эгч та мах авдаг уу, тэмээний мах авдаг уу гэсэн, би авна авч ирсэн юм уу? гэхэд тийм гээд хашаанд автомашинтайгаа орж ирсэн. Ямар машинтай байсныг нь одоо санахгүй байна, машинд туранхай бага насны тэмээний мах байсан, дараа бас он сарыг нь санахгүй байна миний ... дугаартай утас руу залгаад би дээр тэмээний мах өгсөн, С.М байна, та тэмээний мах авахуу? гээд залгасан, би за өөх багатай, бичиг баримттай бол аваад ир гэж хэлсэн, тэгээд л манай гэрт эхнэр нь болох Н-тэй хамт ирсэн нэг бага насны тэмээ бололтой байсан, хэд хоногийн дараа надаас С.М мөнгө зээлчих, таньд мал авчирч өгнө гээд 300,000 төгрөг эхнэр Н-тэй хамт ирж авсан зээлж авсан, мөнгөө өгөхгүй болохоор нь би эхнэрийг сурж байгаад олж хэрүүл хийж байгаад мөнгөө авсан. Он сар өдрийг нь санахгүй байна манай гэрт ирээд нэг адууны мах, хоёр ямааны махтай ганцаараа жижиг автомашинтай ирсэн. Он сарыг санахгүй байна Д.Д буюу /Д/ С.М нар өглөө эрт цагаан өнгийн УАЗ-31512 дугаартай автомашинтай нэг тэмээний мах авчирч өгсөн, ямар нэгэн бичиг баримтгүй байсан, бичиг баримт гэж хэлэхэд багийн засаг даргын тодорхойлолт өгсөн” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 142/
Б.У-н Х банкны ... дугаартай дансны хуулга, тэмдэглэлийн дэвтрийн хуулбар /1хх-ийн 143-152/
Иргэний нэхэмжлэгч Т.Т-ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “.. улсын дугаартай УАЗ-31512 маркийн тээврийн хэрэгсэл миний эд хөрөнгө... Өөрийн тээврийн хэрэгслийг авах хүсэлтэй байна” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 130/
Гэрч У.С-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “С.М нь айлын ганц хүүхэд тул их дураараа хүүхэд, зан харилцааны хувьд ямар нэг муухай зан авир байхгүй, даруухан хүн. Манай хүүхэд С.М нь хулгайн гэмт хэрэг үйлдсэн талаар мэдээгүй байсан” гэсэн мэдүүлэг /2 хх-ийн 132/
Хөрөнгийн үнэлгээний А ХХК-ний 2022 оны 01 сарын 18-ны өдрийн “УАЗ -31512 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл 2,000,000 төгрөгний үнэтэй” гэсэн ДГО1000981 тоот дүгнэлт /2хх-ийн 137-139/
Хөрөнгийн үнэлгээний А ХХК-ний 2022 оны 01 сарын 21-ний өдрийн “... улсын дугаартай Марк-2 маркийн автомашины зах зээлийн үнэлгээг эзэмшигч өөрөө биет байдлаар үзүүлэх боломжгүй гэсэн тул манай байгууллага уг үнэлгээг тогтоох боломжгүй байна” гэсэн 01/205 дугаартай албан тоот /2-р хх-ийн 148/
2022 оны 01 сарын 07-ны өдрийн Б/04 тоот эд хөрөнгө битүүмжлэх тухай “... улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тухай” прокурорын тогтоол /2хх-ийн 154-155/
Шүүгдэгч Б.Б нь Дорноговь аймгийн Улаанбадрах сумын 2 дугаар багт оршин суудаг” гэсэн багийн засаг даргын тодорхойлолт, урьд нь ял шийтгэлгүй гэсэн тэмдэглэгээ бүхий эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2хх-ийн 161, 162/
Шүүгдэгч Д.Д нь Дорноговь аймгийн Улаанбадрах сумын 1 дүгээр багт оршин суудаг” гэсэн багийн засаг даргын тодорхойлолт, урьд нь ял шийтгэлгүй гэсэн тэмдэглэгээ бүхий эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2хх-ийн 166, 167/
Шүүгдэгч Д.А нь Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар баг ... тоотод оршин суудаг гэсэн багийн ажлын албаны тодорхойлолт, урьд нь ял шийтгэлгүй гэсэн тэмдэглэгээ бүхий эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2хх-ийн 171, 174/
Шүүгдэгч Х.М нь Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг, ... тоотод оршин суудаг гэсэн багийн ажлын албаны тодорхойлолт, урьд нь ял шийтгүүлж байсан гэсэн тэмдэглэгээ бүхий эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2хх-ийн 211/
Шүүгдэгч С.М нь урьд нь ял шийтгүүлж байсан гэсэн тэмдэглэгээ бүхий эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2хх-ийн 199/
Шүүгдэгч С.М нь “2019 оны 06 сарын 02-ноос эхлэн шилэн фасад угсралтын туслах ажилтнаар ажилласан ба одоо бригадын ахлахаар ажиллаж байгаа бөгөөд 1 өдөрт ажиллах цалингийн үнэлгээ нь 75,000 төгрөг болно, цалинг сард ажилласнаар олгох бөгөөд сард дунджаар 1,950,000 төгрөг болно” гэсэн ... ХХК-ны тодорхойлолт /хх-ийн 187/,
Шүүгдэгч С.М “Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороонд оршин сууж байгаа” гэсэн мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт, уг хаяг дээр амьдарч байгааг тодорхойлсон түрээсийн гэрээ /2-р хх-ийн 173, 178/
Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ... оны ... сарын ...-ны өдрийн ... дүгээр шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 200-203/
Сум дундын 8 дугаар шүүхийн ... оны ... сарын ...-ний өдрийнй ... дугаар шийтгэх тогтоолын хуулбар /2хх-ийн 212-220/
Шүүгдэгч нарын хохирол төлсөн баримт /2хх-ийн 223-226/
2.Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулахгэмт хэргийн талаар:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл /3хх-ийн 5/
Хохирогч Б.Ч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 22 цагийн үед байх намайг гэртээ байж байхад манай ажлын орчуулагч Үүрээ надруу яриад “ойрд уулзаагүй юм байна, уулзах уу?, гэрийн чинь гадна ирж байна гараад ир” гэхээр нь гарч түүнтэй уулзсан. Уулзаад ярилцаад байж байтал “архи уух уу?” гэхээр нь тэгье” гэсэн чинь найзынхаа гэрлүү дагуулаад явсан. Найзынх нь гэр МҮОНРТ-ийн замын эсрэг талд байдаг юм билээ. Ү замаасаа нэг шил 0.75 литр хэмжээтэй архи дэлгүүрээс авсан ба түүнийгээ тэр найзынх гэрт орж уухаар орсон. Ү-н хамтаар машин дотор нь бас нэг ажлынх нь залуу хамт явж байсан ба тэр дотогшоо оролгүй машин дотор нь унтаад үлдсэн. Би харин Ү-н хамтаар найзынх нь гэрт орсон. Тэгээд гэрт нь ороод Ү-н найз гэх нэг залуутай танилцсан бөгөөд нэрийг нь одоо санахгүй байна, тэр залуу гэртээ эхнэрийнхээ хамтаар байсан. Тэгээд Ү, Ү-н найз бид 3 хамт нөгөө 0.75 литр хэмжээтэй архийг хувааж уугаад дуусгасан. Архиа уугаад дууссаны дараагаар яриа таарахгүй, тэр Ү-н найз буюу гэрийн эзэн гэх залуутай би бага зэрэг маргалдсан. Юунаас болж, юу гэж хэлээд маргалдаж байснаа одоо бол санахгүй байна. Тухайн үед би тэр Ү-н найз буюу гэрийн эзэн гэх залуугийн эхнэр нь жирэмсэн харагдаж байсан болохоор гэрт нь маргалдаад яахав гээд Ү-г дагуулаад гэрээс нь гарсан. Гараад ирэхэд Ү-н ажлын залуу гэх машин дотор унтаж байсан залуу босоод ирчихсэн гэрийнх нь үүдэнд тамхи татаад зогсож байсан. Тэгээд намайг гэрээс нь гарах гээд гутлаа өмсөөд тонгойчихоод өндийтөл нөгөө Үүрээгийн найз гэх залуу миний зүүн нүдний орчимд нэг удаа цохьсон. Би гараараа цохьсон уу?, ямар нэгэн зүйлээр цохьсон уу? анзаарч харж амжаагүй, нүд харанхуйлтал цохьсон. Тэгээд би цохиулаад шууд гэрээс нь гарсан. Тэгээд би шууд гэрээс нь гараад гэрлүүгээ явсан. Гэртээ очоод түргэн тусламж болон цагдаад дуудлага өгсөн юм. Гэрийн эзэн буюу Ү-н найз гэх жижиг биетэй залуу миний нүүр хэсэгт цохиж, энэ гэмтлийг учруулсан. Тэр найзынх нь эхнэр нь жирэмсэн байсан. Гэрт нь гутлаа өмсөөд өндийхөд тэр найз нь миний нүүр лүү нэг удаа хүчтэй цохьсон. Юугаар цохьсоныг нь мэдэхгүй байна. Гутлаа өмссөний дараа нэг хүчтэй цохиулсанаа бол сайн санаж байна. ...би гадаа гарч ирээд мөн түүнтэй зууралдаж байсанаа бол санаж байна. Яг гадаа хашаан дотор байх үед цохьсон эсэхийг нь сайн санахгүй байна, гэхдээ намайг хашаан дотор байхдаа дахин цохьсон байх боломжтой, цохьсон ч байж магадгүй. Би согтчихсон байсан болохоор бүрэн санахгүй байна. ... Учирсан хохирол гэвэл одоогоор тархины зураг авхуулахад 144.000 төгрөг зарцуулсан, өвчин намдаах эмийг эмийн сангаас 20.000 төгрөгөөр авсан байгаа. Цаашид надад мөнгө байхгүй байгаа болохоор хамраа янзлуулж чадахгүй байна, Э эмнэлэгт очиж үзүүлэхэд хамрыг маань 1.500.000-3.200.000 төгрөгний хооронд янзална гэсэн. Би одоогоор мөнгөгүй учраас хамраа янзлуулж чадахгүй хүлээлтийн байдалтай байгаад байна. Хамраа хурдан янзлуулж, хохиролоо барагдуулмаар байна, хохирлоо барагдуулчихвал гомдол, санал гэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /3хх-ийн 9-10/
Гэрч Л.Ү мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ Эхнэр маань 2021 оны 12 сарын 27-ны өдөр амаржиж, надад анхны минь хүүхдийг төрүүлж өгсөн юм. Тэгээд би энэ өдрөөс хойш гэрээс гараагүй байж байгаад 2022 оны 01 сарын 05-ны өдөр М-тай утсаар ярьж байгаад миний аав болсон баярыг тэмдэглэе гэж шийдээд би түүний гэрт нь очсон юм. Гэр нь МҮОНРТ-ийн байрны эсрэг талд байдаг юм. Тэгээд намайг тэдний гэрлүү явж байхад Ч над руу яриад “уулзах уу?” гээд байхаар нь түүнтэй уулзаад, түүнийг дагуулаад М-н гэрт нь оччихсон юм. Очихдоо бид 2 дэлгүүрээс 0.75 литр хэмжээтэй 1 шил архи, боов, чихэр, ундаа, ус гэх зэрэг зүйлс аваад орсон. Ингээд ороход М нь эхнэр гэх эмэгтэйн хамтаар байж байсан. Би орохдоо Ч-н хамтаар гэрт нь орсон, тухайн үед машин дотор хамт явж байсан ажлын найз Н нь ядарсан байсан болохоор машин дотор унтаад үлдсэн. ... Гэрт нь ойролцоогоор 22 цагийн үед орсон санагдаж байна, орсоноосоо хойш 30-40 минутын хугацааны дараа байх бараг нөгөө авч орсон 0.75 литр хэмжээтэй архиа хувааж уугаад дуусч байсан юм. Ингээд байж байтал Н гаднаас орж ирээд намайг “явъя” гэж дуудсан юм. Ингэхээр нь бид нар гарах санаатай босцгоож байтал. Гэнэт Ч нь “шорон, орон, хороололын атаман” гэх мэт зүйлс яриад томроод, согтуурхаад байсан юм. Ер нь тэрээр уугаад согтчихоороо ингээд согтуурхаад хүн өдөөд байдаг юм. Тэгээд согтуурхаад байхаар нь Н уурлаад түүнтэй маргалдсан юм. Ингээд маргалдаж байх явцад Ч нь миний машиныг согтуу барих гээд байсан, тухайн үед миний машины түлхүүрийг авчихсан байсан юм шиг байна лээ. Тэгээд М нь түүнийг согтуу машин барих гэлээ гээд зууралдаж, болиулж байсан, үүнээс болоод маргаан эхлээд тэр 2 хоорондоо барилцаж авсан юм. Ингээд зууралдаад эхлэнгүүт нь Н бид 2 дундуур нь салгах гээд орох үед М нь Ч-н нүүр хэсэгт нь цохих шиг болсон. Намайг харж байхад зүүн мөр, хацар орчимд буюу нүүр хэсэг рүү нь М гар хүрчих шиг болсон. Би тэр үед нь тэр 2-ын голоор ороод 2 тийш нь түлхэж салгаж байсан болохоор сатаараад сайн тогтож харж чадаагүй. Гэхдээ цохих шиг болсон юм. Ингээд цохьчих шиг болохоор нь 2 тийш нь салгаад Н бид 2 хамт Ч-г гэрээс нь шууд авч гараад машиндаа суулгаж авч яваад төв зам руу ороод түүнийг буулгаж үлдээсэн. Зүүн мөр, хацар орчимд буюу нүүрний ойролцоо нэг удаа цохих шиг болсон, ямартай ч М нь Ч-н нүүр хэсэгт 1 удаа цохих шиг болсон, өөрөөр бол цохиж, зодсон үйлдэл гаргаагүй” гэсэн мэдүүлэг /3хх-ийн 16-17/
Гэрч Г.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ ... М тэр хоёр барьцалдаад авчихсан байсан болохоор салгах гээд л очсон, М нөгөө залууг цохьсон эсэхийг би сайн мэдэхгүй, нөгөө залууд ямар нэг гэмтэл учирсан байсан эсэхийг анзаарч хараагүй” гэсэн мэдүүлэг /3хх-ийн 19/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 сарын 11-нийн өдрийн “1.Б.Ч-н биед хамар ясны хугарал, баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн нүдний зовхинд шарх гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой Шинэ гэмтэл байна.
4.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн 1466 тоот шинжээчийн дүгнэлт /3-р хх-ийн 21-22/
Э эмнэлгийн 2022 оны 01 сарын 25-ны өдрийн нэхэмжлэх “Б.Ч /УШ97061977/ хамрын хагалгаа 3,200,000 төгрөг, шинжилгээ 138,000 төгрөг” болно нэхэмжлэх /3хх-ийн 42/
Хохирогч Б.Ч нь Э эмнэлэгт 40,000 төгрөгийн үзлэгт хамрагдсан НӨАТ-ийн баримт /3хх-ийн 42/
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 01 сарын 10-ны өдрийн 2022ЦХШЗ/01 дугаартай шүүгчийн захирамжаар С.М-г 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгчийн захирамж /2хх-ийн 102-105/,
Хохирогч Б.Ч-с шүүхэд ирүүлсэн “Миний биед хохирол учруулсан М-с эмчилгээний зардлаа төлүүлэх хүсэлт гаргаж байна. Нийт надаас гарсан зардал 150,000 төгрөгийн төлбөрийн баримт олдохгүй байгаа тул энд бичив. Хамарын хагалгааны үнэ 3,380,000 төгрөг болох тул хохирлыг барагдуулж өгөхийг хүсч байна, шүүх хуралд очиж чадахгүй “ гэсэн хүсэлт /3хх-ийн 167/
Б.Ч-н ... дугаартай Х банкны данс руу 2022 оны 03 сарын 04-ний өдөр 200,000 төгрөг шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримт /3хх-ийн 169/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
1.”Мал хулгайлах” гэмт хэргийн гэм буруугийн талаар:
Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараах үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч С.М, Б.Б, Д.Д нар нь бүлэглэж, Дорноговь аймгийн Улаанбадрах сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Б” гэх газраас иргэн О.Б-н 2 тооны тэмээг цагаан өнгийн Марк-2 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлсан,
-шүүгдэгч С.М, Б.Б нар нь бүлэглэж 2018 онд Дорноговь аймгийн Улаанбадрах сумын 1-р багийн нутаг дэвсгэрт байрлах Х гэх газраас иргэн Ч.Ө-н хар зүсмийн 1 тооны тэмээг цагаан өнгийн Марк-2 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлсан,
-шүүгдэгч С.М, Б.Б нар нь бүлэглэж 2018 оны 08 дугаар сард Дорноговь аймгийн Улаанбадрах сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Б” гэх газраас иргэн Ч.О-ны 2 тооны тэмээг УА3-31512 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлсан, 2018 оны 07 дугаар сард мөн газраас Ц.Г-н 1 тооны тэмээг цагаан өнгийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлсан,
-шүүгдэгч С.М, Д.Д, Д.А нар нь бүлэглэж Дорноговь аймгийн Улаанбадрах сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Б” гэх газраас иргэн Ч.О-ны 1 тооны тайлган тэмээг цагаан өнгийн Марк-2 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлсан,
-шүүгдэгч С.М, Х.М, Б.Б, Д.А нар нь бүлэглэж, 2018 онд Дорноговь аймгийн Улаанбадрах сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Г гэх нэртэй газраас иргэн Ц.Э-н нас гүйцсэн 1 тооны адууг цагаан өнгийн Марк-2 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлсан,
-шүүгдэгч С.М, Д.Д нар нь бүлэглэж, Дорноговь аймгийн Улаанбадрах сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Б” гэх газраас 2018 оны 07 дугаар сард иргэн Т.Н-н нас гүйцсэн 1 тооны тэмээг цагаан өнгийн Марк-2 тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлсан үйл баримт болсон байна.
Шүүгдэгч С.М нь 7 удаагийн үйлдлээр, шүүгдэгч Д.Д нь 3 удаагийн үйлдлээр, Б.Б нь 5 удаагийн үйлдлээр, Д.А нь 2 удаагийн үйлдлээр, Х.М нь 1 удаагийн үйлдлээр мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн байх бөгөөд шүүгдэгч нар нь дээрх гэмт хэргийг үйлдэхдээ ... улсын дугаартай УАЗ-31512 маркийн, ... улсын дугаартай Марк-2 маркийн тээврийн хэрэгслүүдийг ашигласан байна.
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газраас шүүгдэгч нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1-д заасан “ олон тооны мал хулгайлж”, 2.2-д заасан “ бүлэглэж”, 2.4-д заасан “ машин механизм ашиглаж” мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэж зүйлчилсэн болно.
Мал хулгайлах гэмт хэргийн шинжид хамаарч буй “ олон тооны мал” гэдгийг найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг,
“ бүлэглэж “ гэж хоёр ба түүнээс дээш этгээд гэмт хэрэг үйлдэж эхлэхээс өмнө хэргийг хамтарч үйлдэхээр талаар тохирлцсон байх, эсхүл тохироогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэн байхыг,
“ машин механизм ашиглаж” гэж гэм буруутай этгээд гэмт хэргийг үйлдэхдээ учруулж болох учруулж болох хор аюулыг ихэсгэх, гэмт үйлдлээ түргэсгэх, олж авсан эд зүйлийг зөөж тээвэрлэх, учирч болох саадыг арилгах, гэмт үйлдлээ хялбар болгох, гэмт хэргийн газраас зугатаах зорилгоор тээврийн хэрэглэсэн байхыг тус тус ойлгох юм.
Дээрх тогтоогдсон үйл баримт нь шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
-мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч Ч.О /2-р хх-121/, Т.Н /1-р хх-ийн 41/, Ц.Э /1-р хх-ийн 39/, Ц.Г /1-р хх-ийн 34/, Ө /1-р хх-ийн 43/, О.Б /1-р хх-ийн 39/ нарын ингэ, ат, тайлган тэмээ, адуугаа хэзээ хулгайд алдсан, ямар зүсмийн, ямар им, тамгатай, ямар насны тэмээ, адуу байсан талаар тодорхой мэдүүлсэн мэдүүлгүүд,
- хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэх, шүүгдэгч нараас тэмээ, адууны мах худалдан авсан А.У, Б.У нарт Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлд заасныг танилцуулан авсан гэрчийн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч С.М, Д.Д, Б.Б нарын үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “ олон тооны мал хулгайлж”, 2.2-д заасан “бүлэглэж”, 2.4-д заасан “машин механизм ашиглаж” мал хулгайлах гэмт хэргийн,
-шүүгдэгч Х.М, Д.А нарын үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2-д заасан “бүлэглэж”, 2.4-д заасан “ машин механизм ашиглаж” мал хулгайлах гэмт хэргийн шинжийг тус, тус бүрэн агуулсан байх тул тэднийг дээрх гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
2.Хохирлын талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч нар нь энэ гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэг бүхий этгээд байна.
Хохирогч нар учирсан хохирлыг буюу 8 тооны тэмээ, 1 тооны адуу зэргийг 1-р хх-ийн 63-64, 68-70, 73-75, 78-80, 83-85, 89-92 дугаар хуудсанд Хөрөнгө үнэлгээний А ХХК үнэлсэн байх бөгөөд шүүгдэгч болон хохирогч нар нь тухайн үнэлгээтэй танилцсан, энэ талаар ямар нэгэн маргаан гаргаагүй, шүүгдэгч нар нь хохирлыг хуваан хариуцаж, хохирогч нарт төлсөн, баримтыг хэрэгт хавсаргасан, хохирогч нар нь хохирлоо бүрэн авсан, нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй болохоо мэдүүлсэн зэрэг нь шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч Ч.О /2-р хх-121/, Т.Н /2-р хх-ийн 124/, Ц.Э /2-р хх-ийн 117/, Ц.Г /2-р хх-ийн 127/, Ө /2-р хх-ийн 114/, О.Б /2-р хх-ийн 121/ нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, хохирол төлсөн баримт /2-р хх-ийн 223-226/ тогтоогдож байх тул шүүгдэгч нарын “ мал хулгайлах” гэмт хэрэгт бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
3.Битүүмжлэгдсэн хөрөнгийн талаар:
Шүүгдэгч нар нь “мал хулгайлах” гэмт хэргийг үйлдэхдээ иргэний нэхэмжлэгч Т.Т-ны эзэмшлийн ... улсын дугаартай УАЗ-31512 маркийн болон ... улсын дугаартай Марк-2 маркийн тээврийн хэрэгслийг ашигласан болох нь хэрэгт тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “ гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж ... гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг ойлгоно гэж, мөн зүйлийн 1 дэх хэсэгт “ гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогы, ... гэмт хэрэг үйлдсэн хүнийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж заажээ.
Дээрх хуулийн агуулгаас үзэхэд шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ... улсын дугаартай УАЗ-31512 маркийн тээврийн хэрэгсэл нь иргэний нэхэмжлэгч С.Т-ны эзэмшилийнх байх тул битүүмжлэлийг хүчингүй болгож, түүнд буцаан олгож, Хөрөнгийн үнэлгээний А ХХК-ний 2022 оны 01 сарын 18-ны өдрийн ДГО1000981 тоот дүгнэлтээр /2хх-ийн 137-139/ уг тээврийн хэрэгслийг 2,000,000 төгрөгөөр үнэлсэнийг үндэслэн шүүгдэгч нарт хувь тэнцүүлэн хувааж, тус бүрээс 400,000 төгрөгийг гаргуулж, улсын орлого болгохоор шийдвэрлэх нь зүйтэй байна.
Харин ... улсын дугаартай Марк-2 маркийн тээврийн хэрэгслийг анх шүүгдэгч С.М бусдаас худалдан авсан, гэмт хэрэг үйлдсэний дараа Д.Д-д малаар зарсан, Д.Д нь задалж зарсан, одоо байхгүй болсон талаараа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн, түүнчлэн улсын яллагч нь “ уг тээврийн хэрэгсэл нь хэрэг шалгаж эхлэхэд байхгүй болсон байсан учраас битүүмжлээгүй “ гэж тайлбарладаг, Хөрөнгийн үнэлгээний А ХХК нь “... улсын дугаартай Марк-2 маркийн автомашины зах зээлийн үнэлгээг эзэмшигч өөрөө биет байдлаар үзүүлэх боломжгүй гэсэн тул манай байгууллага уг үнэлгээг тогтоох боломжгүй байна” гэсэн 01/205 дугаартай албан тоотоор /2-р хх-ийн 148/ мөрдөгчид хариу өгсөн зэрэг нөхцөл байдал бий болсон байх тул шүүгдэгч нараас үнийг гаргаж, улсын орлого болгох боломжгүй байна.
3.Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч С.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 08 дугаар хороо, ... тоотод Б.Ч-тай маргалдаж, улмаар нүүрэн тус газарт гараараа цохиж, хамар, ясны хугарал, баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн нүдний зовхинд шарх гэмтэл бүхий гэмт учруулсан үйлл баримт болжээ.
Хохирогч Б.Ч-н биед учирсан гэмтлийн талаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Б.Д нь 2022 оны 01 сарын 11-нийн өдрийн 1466 тоот дүгнэлтээр “1.Б.Ч-н биед хамар ясны хугарал, баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн нүдний зовхинд шарх гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна, дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэж дүгнэсэн байх бөгөөд уг дүгнэлттэй шүүгдэгч, хохирогч нар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.7 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар танилцсан, оролцогчид ямар нэг хүсэлт гаргаагүй байна.
Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “ энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж заасан байх бөгөөд шүүгдэгч С.М-г хохирогч Б.Ч-н биед хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч С.М нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, мөн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хуульд заасан хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримт болох
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Б.Д-н “хохирогч Б.Ч-д учирсан гэмтлийн талаар” гаргасан 1466 тоот дүгнэлт /3-р хх-ийн 9-10/
-тухайн хэрэг болох үед хамт байсан, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэх Л.Ү /3хх-ийн 16-17/, Г.Н /3хх-ийн 19/ нарт Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлд заасныг танилцуулан авсан гэрчийн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг шүүгдэгч С.М-н үйлдэлд тохирсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
4.Хохирлын тухайд:
Хохирогч Ч.Ч нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол буюу хамарын хагалгаанд ороход зарцуулагдах 3,380,000 төгрөг, эмчилгээнд зарцуулсан 150,000 төгрөг, нийт 3,530,000 төгрөг нэхэмжилдэг бөгөөд шүүгдэгч нь нотлох баримтаар авагдсан хохирлыг 2-3 сарын дотор төлж барагдуулахаа илэрхийлсэн болно.
3-р хх-ийн 42 дугаар хуудсанд авагдсан Э эмнэлгийн 2022 оны 01 сарын 25-ны өдрийн нэхэмжлэх болон хохирогч Б.Ч нь Э эмнэлэгт 40,000 төгрөгийн үзлэгт хамрагдсан НӨАТ-ийн баримт зэргээр нийт 3,378,000 төгрөгийн хохирол тогтоогдож байх тул дээрхээс хохирогчид төлсөн 200,000 төгрөгийг хасч, үлдэх 3,178,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, хохирогч Б.Ч-д олгож, 352,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
5. Шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч нар нь “ мал хулгайлах “ гэмт хэргийн тухайд бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан хууль ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршигийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийн давтамж зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д “ энэ хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах “ гэж заасныг журамлан шүүгдэгч Х.М-г 1 жилийн хугацаагаар, Д.А-г 1 жил 4 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, харин шүүгдэгч С.М, Б.Б, Д.Д нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэхгүйгээр хорих ялыг ялгамжтай байдлаар хорих ял оногдуулж, уг ялуудыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.
Түүнчлэн 2021 оны 07 сарын 02-ны өдөр батлагдаж, 2021 оны 07 сарын 06-ны өдрөөс дагаж мөрдөхөөр заасан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-д “ ...өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж, хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамруулахгүй”, 4 дүгээр зүйлийн 4.2-д “ энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна”, 12 дугаар зүйлийн 12.14-д “ энэ хуулийн 7.1, 7.2, 7.3-т заасны дагуу хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солиход ялтан нь байнга оршин суух газрын хаягтай байх бөгөөд энэ хуулийн 4.2-д заасан шаардлагыг хангасан байна” гэж тус, тус хуульчилсан байна.
Шүүгдэгч нарын хувьд Өршөөл үзүүлэх тухай хуульд өмнө нь хамрагдаж байгаагүй, байнга оршин суух хаягтай, хохирол төлбөрийг нөхөн төлсөн зэрэг Өршөөлийн хуульд заасан дээрх шаардлагуудыг хангаж байх тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт “ ... хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/... гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан... бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж заасны дагуу шүүгдэгч нар оногдуулсан хорих ялуудыг мөн хугацаагаар “ эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух өөрчлөх” зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Түүнчлэн шүүгдэгч С.М-т “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хохирогч Б.Ч-н эмчилгээний зардалд 3,178,000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн, түүнчлэн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа дахин гэмт хэрэг үйлдсэн зэрэг хувийн байдлыг харгалзан зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгон оногдуулах нь зүйтэй байна.
6.Бусад:
Шүүгдэгч С.М-т Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 01 сарын 10-ны өдрийн 2022ЦХШЗ/01 дугаартай шүүгчийн захирамжаар /2хх-ийн 102-105/ цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсан байх ба түүний цагдан хоригдсон 90 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.Д, Б.Б, Д.А, Х.М нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар нь мал хулгайлах гэмт хэрэгт бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг дурдах нь зүйтэй байна.
Түүнчлэн шүүгдэгч С.М нь хамгийн сүүлд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт ““хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн байдаг бөгөөд шүүх хуралдаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 1, 4, 8 дахь хэсгийг мэтгэлцэгч талуудад танилцуулсан, талууд хэргийн байдлыг бүрэн бодитойгоор тогтооход хэргийн харьяалал нөлөөлөхгүй гэж үзсэн тул шүүх хуралдааныг үргэлжлүүлж, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1, 4, 37.1 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Б овогт С.М, Ш овогт Д.Д, Д овогт Б.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-д заасан “ олон тооны малыг бүлэлэж, машин механизм ашиглаж” мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
-шүүгдэгч Б овогт Х.М, З овогт Д.А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-д заасан “ бүлэглэж, машин механизм ашиглаж ” мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
-шүүгдэгч Б овогт С.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус, тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-д зааснаар шүүгдэгч С.М-г 2 /хоёр/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Д.Д, Б.Б нарыг тус бүр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-д зааснаар шүүгдэгч Х.М-г 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Д.А-г 1 /нэг/ жил, 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ялаар,
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.М-г 2 /хоёр/ сарын хугацаагаар “ эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх” зорчих эрхийг хязгаарлах ялаар тус, тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар шүүгдэгч С.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-д зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хорих ял дээр нэмж, нэгтгэн түүний биелэн эдлэх хорих ялыг 2 жил 8 сарын хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.М-т оногдуулсан 2 жил 8 сар, шүүгдэгч Д.Д, Б.Б нарт тус бүр оногдуулсан 2 жил, шүүгдэгч Х.М-т оногдуулсан 1 жил, шүүгдэгч Д.А-т оногдуулсан 1 жил 4 сарын хорих ялуудыг нээллтэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.М-г цагдан хоригдсон 90 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.
6. Шүүгдэгч Д.Д, Б.Б, Д.А, Х.М нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар нь мал хулгайлах гэмт хэрэгт бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг дурдсугай.
7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч С.М-с эмчилгээний зардалд 3,178,000 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Ч-д олгож, нэхэмжлэлээс 352,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ... улсын дугаартай УАЗ-31512 маркийн тээврийн хэрэгслийн үнэ 2,000,000 төгрөгийг шүүгдэгч С.М, Д.Д, Б.Б, Х.М, Д.А нар хувь тэнцүүлэн хувааж, тус бүрээс 400,000 төгрөгийг гаргуулж, улсын орлого болгосугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.8-д зааснаар энэ хэрэгт битүүмжлэгдсэн ... улсын дугаартай УАЗ-31512 маркийн тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг хүчингүй болгож, иргэний нэхэмжлэгч Т.Т-д олгосугай.
10.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 07 сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 12 дугаар зүйлийн 12.14-д зааснаар шүүгдэгч С.М-т оногдуулсан 2 жил 8 сарын, шүүгдэгч Д.Д, Б.Б нарт тус бүр оногдуулсан 2 жилийн, шүүгдэгч Х.М-т оногдуулсан 1 жилийн, шүүгдэгч Д.А-т оногдуулсан 1 жил 4 сарын хорих ялыг мөн хугацаагаар “ эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх” зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай.
11.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч С.М-т оногдуулсан 2 жил 8 сарын, шүүгдэгч Д.Д, Б.Б нарт тус бүр оногдуулсан 2 жилийн, шүүгдэгч Х.М-т оногдуулсан 1 жилийн, шүүгдэгч Д.А-т оногдуулсан 1 жил 4 сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
12. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Д, Б.Б, Х.М, Д.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч С.М-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэсүгэй.
13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч нар, тэдний өмгөөлөгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.Ц