Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 40

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Ц даргалж,

Нарийн бичгийн дарга Э.Ө

Улсын яллагч Б.Д

Орчуулагч М.С

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Б

Шүүгдэгч С.Ш.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн

Шүүгдэгч: Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн, Хэнан мужид ... оны ... сарын ...-ны өдөр төрсөн, ... настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 6, аав, ээж, эгч дүү нарын хамт амьдрах, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хэнан мужийн Шиа И шан хотын Сун Жуан тосгонд оршин суух, гагнуурын ажил эрхэлдэг байсан, урд нь ял шийтгэлгүй, С.Ш.Х /гадаад паспортны дугаар -д холбогдох эрүүгийн ... тоот хэргийг хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Ш.Х нь 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Хилийн ... дугаар ангийн хариуцсан хэсэг болох Хилийн ... дугаар тэмдэгтээр боомт бус  газраар Монгол улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч С.Ш.Х-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ Би санамсаргүйгээр Монгол Улсын хилийг нэвтэрсэн. Манай найз Эрээнд үйлдвэрт ирж ажилла гэж хэлсэн. Тэгээд Эрээнээс гараад явж байгаад торон дээр ирсэн. Би үйлвэрийн хашааны тор гэж бодсон. Хятадын хилийн торыг даваад гарсан. Тэгээд цаашаа явж байгаад дахиад тор таарсан ба дундаас нь дээшээ өргөөд торон дундуур гарсан. Би нутагтаа байхдаа найзтайгаа холбогдсон. Эрээнд ирээд холбогдоогүй. Замын-Үүдийн машбатын зургийг утас дээрээ авсан. Зөвшөөрөлгүй хил нэвтэрсэн гэдгээ ойлгож байгаа ” гэсэн мэдүүлэг,

С.Ш.Х-д үзлэг хийж, үзлгэрээр илэрсэн эд зүйлийг түүнд хүлээлгэн өгсөн тэмдэгдэд /хх-ийн 5-6/

Гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, түүнд хавсаргасан гар утсанд байх гэрэл зураг. Тухайн гэрэл зурагт Замын-Үүд сумын маштабласан зургийг интернэтээс авсан байв. /хх-ийн 20-32/

Гэрч Э.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ Би 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Хилийн ... дугаар ангийн ... дугаар салбарын эргүүлээр үүрэг гүйцэтгэж байсан. Эргүүлээ хүлээн аваад байж байтал ангийн жижүүрээс хилийн ... тэмдэг хүртэл мөр хянах зурваст үзлэг хий гэсэн үүргийн дагуу байлдагч Ү-г заставаас авч шалгалт хийх газартаа ирсэн. Тэгээд шалгалтаа хийж байх явцад хилийн ... дугаар тэмдгээр  гадаадаас  дотоод руу буюу БНХАУ-аас Монгол улс руу нэг явган хүний мөр илэрсэн тул ангийн  шуурхай жижүүрт мэдэгдэж тухайн мөрийг хөөсөөр  хил зөрчигч хятад /эрэгтэй/ иргэнийг хилийн ... дүгээр тэмдгийн харалдаа 13 цаг 10 миунтанд саатуулсан. Тухайн иргэнийг саатуулах явцад  ямар нэгэн хариу эсэргүүцсэн үйлдэл гаргаагүй. Тухайн хил зөрчигч хилийн ... дугаар тэмдгээр боомт бус газраар Монгол улсын хил нэвтэрсэн байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34/

Гэрч Н.Ү мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн” Би 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хилийн харуулын цагийн манаанд  08-10 цагт буюу 1-р ээлжээр үүрэг гүйцэтгэж байсан.  Тэгээд 12 цагаас  ахлах дэслэгч  Э.Н-той сэргийлэх манаанд хилийн ... дүгээр тэмдэг хүртэл явахад ... дугаар тэмдгээр гадаадаас дотоод руу буюу БНХАУ-аас Монгол улс руу нэг хүний мөр илэрсэн. Тэгээд шуурхай жижүүрт мэдэгдээд илэрсэн мөрөө дага гэсний дагуу  хил хамгаалалтын 2 дугаар заагаар нэвт буюу нутгийн гүн тал руу явсан байсан. Мөрөө дагаж явсаар Д хилийн харуулын хаалгаар орж мөрдөж хөөгөөд харахад нэг хүн хилийн ... дүгээр тэмдгийн  чиглэлтэй алхаж явсан. Тэгээд араас нь гүйж очин тухайн иргэнийг саатуулахад гадаад улсын иргэн байсан. Асуулт асуухад ойлголцохгүй, гайхсан байдалтай байсан. Хилийн ... дугаар тэмдгээр улсын хил зөрчин Монгол Улсад ирсэн байсан. 13 цаг 10 минутанд тус хил зорчигчийг саатуулсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36/

Шүүх сэтгэц гэм судлалын 2022 оны 02 сарын 11-ний өдрийн “ 1 С.Ш.Х нь сэтгэцийн  ямар нэгэн  өвчин үгүй болно.

2. С.Ш.Х нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай.

3. С.Ш.Х нь хэрэг хариуцах чадвартай болно” гэсэн  5 тоот дүгнэлт  /хх-ийн 45/

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 02 сарын 10-ны өдрийн 07, 2022 оны 03 сарын 09-ний өдрийн 11 дугаартай “С.Ш.Х-г яллагдагчаар цагдан хорьсан тухай” шүүгчийн захирамжууд /хх-ийн 55-56, хх-ийн 80-82//

Шүүгдэгч С.Ш.Х-ны ... дугаартай гадаад паспортны хуулбар  /хх-ийн 19/

Шүүгдэгч С.Ш.Х нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 70/

Эд зүйл баримт бичиг, бусад баримтыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 71/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч С.Ш.Х нь 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдрин 13 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Хилийн ... дугаар ангийн хариуцсан хэсэг болох Хилийн ... дугаар тэмдэгт буюу боомт бус газраар, зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн үйл баримт болсон байна.

Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харъяалалгүй хүн Монгол Улсын хилээр орох, гарах, нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, эсхүл зохих зөвшөөрөлгүйгээр нэвтрэх эрхгүй бөгөөд шүүгдэгч С.Ш.Х-ийн хувьд 2022 оны 02 сарын 04-ний өдөр хилээр нэвтрэх эрхийн баримт, бичиггүйгээр, боомт бус газраар БНХАУлсаас Монгол Улс руу нэвтэрсэн идэвхитэй үйлдэл хийсэн байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг агуулсан байх тул түүнийг Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч С.Ш.Х-ийн дээрх гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт түүний гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан гэрч Э.Н, Н.Ү нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гар утсанд үзлэг хийсэн тухай зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч нь санамсаргүйгээр үйлдсэн  гэх боловч хавтаст хэргийн 20-32 дугаар хуудсанд авагдсан гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургуудаас үзэхэд тэрээр БНХАУ-ын Нингнан хотоос 2022 оны 02 сарын 03-ны өдөр Эрээн хот руу зорчсон, 2022 оны 02 сарын 04-ний өглөөний 07 цаг 47 минутанд Замын-Үүд сумын маштабласан зургийг интернетээс татаж, зургийг нь хадгалсан, Хилийн ... дугаар тэмдэгтээр 2022 оны 04 сарын 04-ний өдрийн 13 цагийн орчимд нэвтэрч, саатуулагдсан зэрэг нөхцөл байдлаас дүгнэхэд тэрээр өөрийн ухамсарт үйлдлээр, анхнаасаа Монгол Улсын хилээр хууль бусаар санаатай нэвтрэх санаа зорилготой байсан нь тогтоогдож байх  ба энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар үйлийн 2-т заасан “ гэм буруугийн шууд санаатай хэлбэр”-ээр уг гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй юм.

Иймд Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын  хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

С.Ш.Х-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар,  хэр хэмжээ зэрэг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд баримтлах “ Шударга ёсны зарчим”-ыг эрх зүйн удирдлага болгон, түүний зүйлчлэгдсэн зүйл ангид байх хорих ялыг сонгон оногдуулав.

Хохирлын талаар:

Шүүгдэгч С.Ш.Х-с энэ гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нэхэмжилсэн зүйлгүй байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Энэ хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд зүйл болон эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн баримт бичиг ирээгүй болохыг дурдав.

Шүүгдэгч нь энэ хэрэгт 2022 оны 02 сарын 10-ны өдрөөс эхлэн нийт 61 хоног цагдан хоригдсон байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар дээрх хугацааг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1-т заасан Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.Ш.Х-г 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч С.Ш.Х-д оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хулуийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.Ш.Х-ны цагдан хоригдсон 61 түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5.Энэ хэрэг хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд зүйл болон эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний баримт бичиг ирээгүй болохыг дурдсугай.

6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Ш.Х-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     А.Ц