Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 48

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Ц даргалж

Нарийн бичгийн дарга Э.Ө

Улсын яллагч Э.Б

Шүүгдэгч Ж.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1-р танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн

шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Д аймгийн Ө сумын харьяат, ... оны ... сарын ...-ны өдөр төрсөн, ... настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, аав, ээж, дүүгийн хамт амьдрах, Д аймгийн Ө сум 3 дугаар баг, Б гэх газарт нутаглах, хувиараа мал аж ахуй эрхлэдэг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Д овогт Ж.Б-д холбогдох эрүүгийн ... тоот хэргийг хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.Б нь 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Дорноговь аймгийн Өргөн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн А.З-н бэлэг эрхтэн тус газарт цохиж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ж.Б-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “  Хохирогч З бид 2 пиво ууцгаасан. Адууны шээс уудаггүй гэх зүйлийг бол тоглоод хэлсэн. Бид 2 нээх муудах зүйл болоогүй, би зарим юмыг сайн санахгүй байгаа юм. Ямар ч байсан гэрээс гараад О эгчийн гэрийн гадаа З-н төмсөгний хавьд цохисоноо санаад байгаа юм. Би З-н биед гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна.  З-г Сайншанд руу эмчилгээнд явах гэж байхад нь 50,000 төгрөг төлсөн, 180,000 төгрөг данс руу нь шилжүүлсэн. Цаашид хагалгаанд орох эмчилгээний зардлыг хариуцан төлнө. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх учир холбогдлыг ойлгосон, прокурорын санал болгосон ялыг зөвшөөрч байгаа ” гэсэн мэдүүлэг

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 03/

Хохирогч А.З-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөнБи 2022 оны 01 дүгээр сарын 14-нд эгч О-н гэрт хэвтэж байтал гаднаас Б 2,5 литрийн савалгаатай боргио пиво нэгийг аваад орж ирсэн. Тэрийг Б бид хоёр хувааж уугаад би гарч дэлгүүрээс 2,5 литрийн савалгаатай сэрүүн пиво 3-ийг аваад бид хувааж уусан. Бид хоёрыг пиво ууж байхад Г, М нар хажууд сууж байсан. Тэгээд эгчийн гэрт 2 пиво уучихаад Г-н гэрт 2 пиво авч ороод уусан. Ууж байх хугацаанд Б адууны шээс уудаггүй гэх зэргээр хэл амаар өдөөд байсан. Тэгж байгаад Б манай эгч О-н гэрт орохоор нь би араас нь очоод орон дээр хэвтэж байхад нь татаад босготол намайг хавсарч унагаагаад миний билэг эрхтэнлүү өшиглөсөн. Тэгээд Б гараад явчихаар нь би араас нь гартал 00-ийн хажууд байхаар нь араас нь очоод чи миний эрхтэнг ийм бологчихлоо гээд харуултал үл тоосон шинжтэй яваад байхаар нь би араас нь очоод татсан чинь эргэж хараад намайг хэдэн удаа цохисон. Тэгээд байж байтал Г-н гэрээс М, З нар гарч ирээд цагдаа эмнэлэг дуудсан. Би 4 пиво уугаад нэлээд согтсон байсан. Гадаа гараад салхинд цохиулаад юу болсныг сайн санахгүй байна. Тэгээд би маргааш нь Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэж хагалгаанд орсон. Би найз А.А, Э нарын хамтаар хөдөөнөөс сумруу БНХАУ-д үйлдвэрлэгдсэн супер даюун маркийн мотоцикльтой явж байгаад элсэн дотор унасан юм. Тэгээд би унахдаа зүүн хөлийн шагайг дараад унасан. Тухайн үед манай хоёр найз хоорондоо муудалцсан тэгхээр нь сумаас А-н таньдаг дүүг дуудаад А-г сумруу өгч явуулсан. Тэгээд Э бид хоёр сумруу алхсан юм. Тухайн үед хөл гайгүй байж байгаад маргааш нь хөл хавдсан байсан. Тэгээд хэвтсэн ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-08/, 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Дорноговь аймгийн Өргөн сумын төвд амьдардаг ээжийн төрсөн эгчийнд байж байхад намайг зоддог Б 2 ширхэг 2,5 л Н пиво барьж орж ирээд хамт уух уу гэхээр нь би гэрийн баруун орон дээр хэвтэж байсан болохоор босоод би уумааргүй байна гэж хэлсэн чинь зүүгээрэй найз нэг хоёр татчих гэхээр нь бид хоёр хамт пиво уусан тэгээд Б-н авчирсан хоёр том пиво дуусаад би дэлгүүр орж дахин хоёр том пиво авчирч хамт уусан тэгтэл өөрөө пиво авчирч хамт уучхаад намайг пиво авчирсан чинь Б нь би адууны шээс уудаггүй гэхээр нь чи өөрөө пиво авчирсан байж юу яриад байгаа юм бэ гэсэн чинь Б нь би дандаа архи уудаг гэж хэлсэн тэгтэл манай гэрийн баруун орон дээр дээшээ хараад хэвтээд байхаар нь би очоод хөөе чи бос гэж хэлээд татаад босгосон чинь намайг босож ирээд хавсраад газарт унагачихаад дээрээс хөлөөрөө өшиглөчхөөд гэрээс гараад явсан тэгээд би Б-г явсны дараа миний бэлэг эрхтнээс цус гарахаар нь гэрээс гарч Б-г дуудаж чи хүнийг ийм болгочихоод яваад өгдөг хэн бэ гэсэн Б нь үгийн зөрүүгүй миний хамар хэсэгт юугаар цохисонг мэдэхгүй цохиод авсан тэгээд би яахаа мэдэхгүй дээрээс нь согтуу байж байсан чинь сумын цагдаа ирээд араас нь эмнэлэг ирж намайг аваад явсан эмнэлэг дээр ирж надаа цус тогтоох тариа болон өвчин намдаах тариа хийсэн тэгээд маргааш нь намайг яаралтай аймгийн эмнэлэг яв гэж хэлэхээр нь аймаг явах үедээ Б-г дуудаж уулзсан тэгсэн чинь Б нь чи яваад эмнэлэгт үзүүл би бүх зардлыг чинь өгнө гэж хэлсэн тэгээд би 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын нэгдсэн эмнэлэгт хагалгаанд орсон. Би их согтсон байсан зарим юмаа санаад зарим юмаа санахгүй байна. Согтуу байсан учраас. Б нь миний бэлэг эрхтэн болон хамарт цохисон мөн хувирга хэсэгт хөхөрсөн байсан. Б нь миний бэлэг эрхтэн хэсэгт хөлөөрөө нэг удаа өшиглөсөн хамар хэсэгт гараараа цохисон юм уу юугаар цохисон талаар мэдэхгүй байна. Тухайн үед бид хоёр 2,5л нийслэл болон сэрүүн нэртэй 4 том пиво уусан бид хоёроос өөр хүн байгаагүй. Б нь би баян айлын хүүхэд адууны шээс уудгүй гээд надаа томроод тэгэхээр нь би чи өөрөө ирэхдээ пиво барж ирчхээд юу яриад байгаа бэ гэж хэлсэн тэгээд бид хоёр маргалдсан маргаан ийм зүйлээс эхэлсэн. Миний биеийн байдал бие засахаар өвчтэй байгаа 2022 оны 04 дүгээр сардаа багтаан дахин нэмэлт хагалгаанд ор гэж эмч зөвлөсөн байгаа. Миний хувьд Б-д гомдолтой байгаа одоо гарсан эмчилгээний зардал болон 4-р сард хагалгаанд орох зардлыг нэхэмжлэх болно” гэсэн мэдүүлэг /хх-ийн 67/

Гэрч Ө.М мөрдөн шалгах ажиллаанд өгсөн “Би 2022 оны 01 дүгээр сарын 13-нд орой гэртээ байж байтал З гаднаас 2,5 литрийн савалгаатай С пиво нэгийг аваад орж ирсэн. Тэгээд манай нөхөртэй хувааж ууя гэсэнд манай нөхөр Г би уухгүй маргааш ажилтай гэсэн. Тэгээд З манай аав Б.Б-тай хамт хувааж уугаад байж байтал гаднаас Д буюу Б орж ирсэн. Тэгтэл З ууж байсан пиво аягалж өгсөн чинь Б уухгүй гээд амсчихаад буцаагаад өгсөн. Тэгээд Б гараад явсан харин З ууж байсан пиво дуусгаад гараад явсан. Тэгээд байж байтал гаднаас манай хойд айлын З орж ирээд түргэн дуудахгүй бол болохгүй байна гэхээр нь би түргэн дуудсан. Тэгээд би Х эгчийн гэрт ороход З орилоод бэлэг эрхтнээ бариад байсан. Тэгээд түргэний эмч Э ирсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17/

Гэрч Б.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Б ахын гэрт бууз хийж байгаад 00 цаг 10 минутын орчим хадам ээжийн гэрт охин О-г авах гээд ортол З Б-г үснээс нь зуураад доош дарсан байсан. Тэгхээр нь би энэ чинь айл юм байгаа биздээ гарцгаа гээд хөөсөн чинь Б босох гээд З-н өмднөөс нь татаад боссон. Тэгээд би тэр хоёрыг хадам ээжийн гэрээс хөөгөөд хашаанаас нь гаргасан. Тэгтэл Б гэрлүүгээ явсан. Харин З гадаа орилоод Г-н гэрлүү явсан. Тэгээд би хадам ээжийг дуудах санаатай Г-н гэрлүү ороход манай хадам ээж Г-н гэрээс ус авах гээд байж байсан. З гараа өмдрүүгээ хийгээд гаргаж ирхэд гар нь цус болоод гарч ирсэн. Тэгэхээр нь юу болсон талаар асуухад миний эрхтэн ийм болчихлоо гээд эрхтнээ надад харуулсан. З-н эрхтэн нь цус болсон байдалтай байхаар нь эмнэлэгт дуудлага өгч үзүүлсэн. Б З-н өмдний дотор гуяны орчмоос бариад босож байсан. Харин бэлэг эрхтэнээс нь барьсан  үгүйг нь сайн мэдэхгүй. Б-г босоход  З үснээс нь зуурсан байснаа тавиад гарсан. гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22/

Гэрч Т.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ 2022 оны 01 дүгээр сарын 14-ний 01 цаг 20 минутанд эрүүл мэндийн төвийн жижүүр сувилагчаас “хүнд зодуулж бэлэг эрхтэнээс цус гарсан гэх” дуудлага хүлээн авсан. Би эрүүл мэндийн төвөөр орж түргэн тусламжийн биксийг авч 01 цаг 40 минутын орчим Өргөн сум 4 дүгээр баг Б хороо О-д гэх айлд очсон. Хохирогч нь намайг очиход согтуу байсан ба надад хэлэхдээ төмсгөө базуулсан гэж хэлж байсан. Тэгээд би цагдаад дуудлага өгөөд эмнэлэгт ирж өвчин намдаах тариа, цус тогтоох тариа хийгээд Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлгийн гэмтлийн эмчид яаралтай үзүүлэх шаардлагатай гээд ар гэр асран хамгаалах хүнд хүлээлгэн өгсөн. Намайг З-н биед үзлэг хийхэд амин үзүүлэлтүүд нь хэвийн артерын даралт 110/70 120/80 пүлс нь нэг минутанд 104 удаа цатурац 97% байсан. Бэлэг эрхтний үзүүр нь ил шархтай байсан. Шархнаас цус гарсан байдалтай байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн39/

Хохирогч А.З-н амбултороор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хх-ийн 44-45/

Түргэн тусламжийн дуудлагын хуудасны хуулбар /хх-ийн 46/

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 02 сарын 01-ний өдрийн “1. А.З-н биед эр бэлэг эрхтэний тээрхий шодой хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ.

3. “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно.

4. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн 04/060 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 47-48/

Гэрч О.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ Би хүүгийнхээ хийсэн  хэргийн талаар сайн мэдэхгүй байна зодоон болсон  өдөр нь би  хажууд  нь хамт байгаагүй болохоор мэдэхгүй байна.  Би  сүүлд нь мэдсэн. Манай хөдөө гэр Өргөн сумаас 100 гаруй км зайд байдаг хүү маань  тухайн  үед Өргөн сумаас  Улаанбаатар хотоос дайвар авах гээд сумын төв орсон юм. Тэгээд сумын төвд хүмүүстэй  архи уусан юм шиг байгаа юм тэгээд ийм хэрэгт холбогдсон байна. Миний хүү баяр ёслол  болон найз нөхдийн  хүрээнд уудаг тэр болгон шалтгаангүй уугаад байддаггүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 71/

Шүүгдэгч Ж.Б-н ... регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 72/

Шүүгдэгч Ж.Б нь урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас  /хх-ийн 78/

Хохирогч  А.З-н амбултороор эмчлүүлэгчдийн картын хуулбар /хх-ийн 82-86/

Хохирогч А.З-н хохирлын баримт /хх-ийн 89-90/

Шүүгдэгч Ж.Б нь хохирогчид 180,000 төгрөг төлсөн тухай Хаан банкны орлогын мэдүүлгийн баримт /хх-ийн 91/

Шүүгдэгч Ж.Б-н Прокурорын газарт гаргасан “ Миний бие өөрт шалгагдаж байгаа хэргээ хялбаршуулсан журмаар шийдүүлэх хүсэлтэй  байх тул миний хүсэлтийг  хүлэнэ авч шийдэж өгнө үү” гэсэн хүсэлт /хх-ийн 92/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ж.Б нь  2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Дорноговь аймгийн Өргөн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн Ч.О-н гэрийн гадаа хохирогч А.З-тай хувийн таарамжгүй харьцаа үүсгэж, улмаар хохирогчийн бэлэг эрхтэн рүү цохиж, эр бэлэг эрхтэний тээрхий шодой хэсэгт шарх гэмтэл учруулсан үйл баримт болжээ.

Хохирогч А.З-н эрүүл мэндэд учирсан дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаардаг талаар Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад П.Г нь 2022 оны 02 сарын 01-ний өдөр 04/060 тоот дүгнэлтийг гаргасан байх ба уг дүгнэлттэй шүүгдэгч, хохирогч нар танилцсан, энэ талаар ямар нэг маргаан гараагүй байна.

Дээрх үйл баримтаас үзэхэд шүүгдэгч Ж.Баяржаргалын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн дээрх гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, түүний мэдүүлгийг давхар нотолсон нотлох баримт болох шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч А.З-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэрч Ө.М, Б.Э, Т.Э нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 02 сарын 01-ний өдөр 04/060 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч нь уг гэмт хэргийн гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн, шүүгдэгчийн үйлдлийг прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг түүний үйлдэлд тохирсон гэж үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Хохирлын хувьд:

Шүүгдэгч нь Иргэний хуурийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг нөхөн сэргээх эмчилгээний зардлыг төлөх үүрэгтэй бөгөөд тэрээр нийт  230,000 төгрөг төлсөн гэх боловч хэрэгт 180,000 төгрөгийн баримт авагдсан, тэрээр цаашид гарах эмчилгээний зардлыг хариуцан төлөхөө шүүх хуралдаанд илэрхийлсэн болно.

Түүнчлэн хохирогч А.З нь 2022 оны 04 сард дахин хагалгаанд орох тул эмчилгээний зардлыг нэхэмжилнэ гэж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлдэг боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлагын хувьд:

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно, харин  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг  үйлдсэн гэм буруугаа  хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай зүйлийн 17.4 дүгээр зүйлийн 5-д заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч Ж.Б нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Д овогт Ж.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний  эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Д овогт Ж.Б-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Ж.Б нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурдсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Ж.Б нь 500,000 төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг  нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрвөл  өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             А.Ц