Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 41

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

        Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Ц даргалж, шүүгч Э.Б, шүүгч Д.Ц нарын бүрэлдэхүүнтэй,

  Нарийн бичгийн дарга Э.Ө

  Улсын яллагч Б.Д

 Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Э

Иргэдийн төлөөлөгч Б.Х

Хохирогч С.Б

Шүүгдэгч Ш.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Д аймгийн С сумын харъяат, ... оны .... сарын ...-ны өдөр төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ... мэргэжилтэй, ам 2, дүүгийн хамт амьдрах, Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар багт оршин суух бүртгэлтэй хаягтай, одоо Замын-Үүд сумын 2 дугаар баг түр оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь ял шийтгэлгүй, Б овогт Ш.Г -д холбогдох хэргийг хянан хэлэлцэв.

            Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ш.Г нь 2022 оны 02 дугаар сарын 02-ны шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Замын-Үүд сумын 2 дугаар баг .... тоотод хохирогч С.Б зүрхэн тус газарт нь нэг удаа хутгалж, улмаар С.Б-н цээжний хөндийд нэвтэрсэн шарх, үнхэлцэгт цус хурахтай хавсарсан зүрхний гэмтлүүд бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ш.Г-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ 2022 оны 02 сарын 02-ны шинийн нэгний өдөр Б-д очсон. Б нь манай хамаатны эгчтэй суусан юм. Тэгээд золгохоор очсон. Тэнд Б, О байсан, хохирогч байсан эсэхийг санахгүй байна, байсан байхаа. Хэдэн шил архи уусныг мэдэхгүй байна, нэг мэдэхэд өглөө эрүүлжүүлэхэд сэрсэн. Гэтэл ийм зүйл болсон байсан. Гэрч хохирогчийн мэдүүлгээр би хутгалсан байгаа юм. Өөрийн бурууг хүлээн зөвшөөрч байна. Би хоирогчийг сайн танихгүй, өмнө нь ганц, хоёр уулзаж байсан, муудаж, сайдаж байсан асуудал байхгүй. Хэрэгт шалгагдаж байхад нэг удаа уулзсан,  эмчилгээний зардалд 20,000,000 төгрөг нэхэмжилэхээр нь надад тийм их мөнгө байхгүй гэж хэлсэн, ялаа аваад явна гэж хэлээгүй. Би хохирогчид 1,350,000 төгрөг төлсөн, эмнэлэгт байхад нь манай ар гэрийн зүгээс эргэж, тойрч байсан. Цаашид гарах эмчилгээний зардлыг төлнө ” гэсэн мэдүүлэг

Хохирогч С.Б-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ 2022 оны 02 сарын 02-ны орой 20 цагийн үед Б-д золгохоор очсон. Намайг очиход Б, А, О, Г, Б нар байсан. Бид бараг 3 жил архи уусан байх. О, Г 2 гараад явсан хойгуур Б согтоод унтчихсан. Б бид 2 юм яриад сууж байхад Г босоод гал тогооны шүүгээ хэсэг рүү очсон, би цай, ус уух гэж байгаа юм байх даа гэж бодсон. Тэгээд намайг шүргэх шиг болсон. Гэтэл Б хутгалчихлаа шүү дээ гэж хэлсэн. Бид хөзөр тоглоогүй, маргаж муудсан асуудал болоогүй. Одоо миний бие сайнгүй, эмчийн хяналтанд байнгын эмчилгээтэй, өвчин намдаах эм ууж байна, эмнэлгийн картаа авчираагүй байна. Эмчилгээний зардалд зарцуулах гэж К  банкнаас 3,100,000 төгрөгийн группын зээл авсан. Түүнийгээ гаргуулж авмаар байна, хэрэгт болон сая шүүх хурлын өмнө баримт өгсөн. Г надад 1,350,000 төгрөг хохирол төлсөн. Одоо 3,100,000 төгрөгийн зөрүүг гаргуулж авмаар байна, гомдолтой байна “гэсэн мэдүүлэг

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 01/

Хэргийн газар үзлэг хийсэн  тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 03-08/

 Эд мөрийн баримтаар  хар өнгийн иштэй 19,5 см урттай хутгыг хураан авч, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон прокурорын тогтоол  /хх-ийн 09/

Хохирогч С.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Г бид хоёр муудалцаж маргалдаж сүртэй зүйл болоогүй. Гэтэл Г нь шүүгээнээс хутга  аваад миний зүрхэн тус газарт  1 удаа хутгаар  хатгасан. Би тоглож байнадаа гэж бодсон чинь эхлээд мэдэгдээгүй гэтэл зүрхэн тус газраас цус гараад эхэлсэн, тэгээд Б түргэн дуудаарай гэж байсан байх, миний биеийн эрүүл мэндийн байдал муу  байгаа тул сүүлд нь тодорхой мэдүүлэг өгнө... /хх-ийн 13/ ... Эрүүл мэндийн байдал муу  байгаа маш ихээр амьсгааддаг, дээшээ хараад унтаж болохгүй заавал хажуу талруугаа харж унтдаг. Улаанбаатар хотод БЗД-ийн эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаад  одоо Замын-Үүд сумандаа гартээ ирчихээд байгаа. ..Ш.Г нь надад ямар ч төлбөр, эмчилгээний  зардал мөнгө өгөөгүй Г-с нэхсэн чинь надад мөнгө байхгүй, авдаг ялаа аваад явна гэж хэлсэн. Би шүүх хуралд сууна, эмчилгээний төлбөрийг Ш.Г-с  нэхэмжилж байна. Зүрх гэдэг ийм чухал эрхтэндээ гэмтэл авсан байгаа”  гэсэн мэдүүлэг /хх-ийн 15/

Гэрч Н.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2022 оны 02 дугаар сарын 02-ны сар шинийн нэгний өдөр байсан О.О бид 2 гадуур айлаар шинэлж явж байгаад 22:00 цаг өнгөрч байхад Замын-Үүд сумын 2-р баг .... тоотод байх Б ахын гэрлүү орсон чинь тэдний гэрт Б, У.Б, С.Б, Ш.Г нар архи уугаад сууж байсан. Тэгээд бид 2 орсон чинь Б нь “найзууд ирлээ” гээд бид нар золгочихоод Б бид хоёр архи хийж өгснийг О бид 2 нэг нэг татчихаад сууж байсан чинь О нь “хоёулаа манайруу явчихаад ирье, гал түлчихээд цай уучихаад ирье” гэхлээр нь “тэгье тэгье” гээд О-н гэр болох “Ж” дэлгүүрийн хойд талын катеж-д байдаг гэрт нь алхаад очсон. Тэдний гэрт очоод О галаа түлээд, эгчтэй нь золгочихоод цай унд уучихаад буцаад Б-ы гэр рүү алхсан, тэгээд Б-ы гэрийн хаалгыг тогшсон чинь С.Б хаалгаа нээгээд бид 2 гэрт ортол С.Б нь энгэрээс цус гарчихсан “найзыг нь шаачихлаа ш дээ” гэсэн, тэгэхэд нь О “хэн юм бэ?” гэсэн чинь Б нь “Г” гээд Г ах руу заасан, тэгээд Б-н энгэр хэсгээс цус гарч байсан бөгөөд Б шууд хэвтээд өгсөн, Тэгээд О бид 2 сандраад цагдаа, эмнэлэг рүү дуудлага өгсөн. Тэгээд 2 цагдаа ирээд “юу болсон юм бэ?” гэсэн Б нь “энэ намайг хутгалчихлаа гээд Г-г заасан”, тэгсэн чинь Г нь “тиймээ бид хөзөр тоглож байгаад маргаад хөзөрнөөс болоод ингэчихлээ” гэж байсан тухайн үед ямар ч хөзөр харагдаагүй, тэгээд цагдаа нар Г-г гавлаад Цагдаагийн хэлтэс рүү аваад гарсан. Бид анх ороход Б зүгээр байсан, О-н гэр рүү явчихаад ирсэн чинь л тийм зүйл болсон байсан. Б нь их согтуу байгаагүй, Г-г бол сайн танихгүй мэдэхгүй учраас түүнийг хэр зэргийн согтолттой байсан эсэхийг нь мэдэхгүй, гэхдээ цагдаа нартай зүгээр яриад “хөзөрнөөс болоод ингэчихлээ” гээд зүгээр ярьж байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19/

Гэрч О.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2022 оны 02 дугаар сарын 02-ны сар шинийн нэгний өдөр байсан ...Б-ы гэрийн хаалгыг тогшсон чинь С.Б хаалгаа тайлсан, тэгээд бид 2 гэрт ортол С.Б нь “найзыг нь шаачихлаа шүү дээ” гэхлээр нь “хэн юм бэ?” гэсэн чинь “Г” гээд Г гэх залууг заасан, Б-н энгэр хэсгээс цус ихээр гарч байсан бөгөөд Б шууд хэвтээд ухаангүй болсон, А бид 2 сандраад цагдаа, эмнэлэг рүү дуудлага өгсөн. Б буйдан дээр согтоод унтаж байсан, Г, Б нар буйдан дээр зэрэгцээд сууж байсан, Б нь бид 2-т хаалга нээж өгчихөөд газар гудсан дээр дээшээ хараад хэвтээд өгсөн, би Г-т уурлаад “наанаа сууж байгаарай чи” гэж хэлээд дуудлага өгсөн, цагдаа нар орж ирээд “хэн хутгалсан юм бэ?” гэж асуусан тэгэхлээр нь би “Г хутгалсан гэсэн” гэж хэлсэн чинь Г нь тухайн үед “ тиймээ би хутгалсан юмаа” гээд толгой дохиж байсан, цагдаа нар Г-г аваад гэрээс гарсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21/

Гэрч У.Б-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2022 оны 02 дугаар сарын 02-ны сар шинийн нэгний орой би гэртээ байж байсан чинь С манайд ирээд шинэлсэн юм. Тэгтэл манай эхнэр архи уугаад байна гээд уурлаад бид 2-ийг хөөхөөр нь 19 цагийн үед гэрээсээ гараад 35 дугаар байр буюу Т байранд байдаг Б-ы гэрт ирсэн чинь гэрийн эзэн Б, Б, Г нар архи ууж байсан бид нийлээд ууцгааж сууж байсан чинь Ш.Г нь гэнэт л “бүгдийг чинь ална шулна” гээд согтуурхаад агсам тавиад эхэлсэн, тэгтэл Б нь мөн атаман, би атаман гээд хоорондоо маргалдаад эхэлсэн, Б нь өрөөний гол хивсэн дээр сууж байсан, Ш.Г нь гэнэт л босож ирээд гал тогооны хэсэгт байсан шургуулгыг татаад жижиг хар иштэй хутга барьж байгаад Б-н энгэр цээж хэсэгт нь хатгачихсан Тэгтэл Б-н энгэр хэсгээс нь цус гараад эхэлсэн, тэгэхээр нь би эмнэлэг, цагдаа дууд гэсэн чинь Г нь эхлээд хутгаа энгэртээ хийчихсэн байж байгаад намайг эмнэлэг цагдаа дууд гэсэн чинь хутгаа буйдангийн хөлний доод хэсэгрүү шидчихсэн. Тэгээд тасраад унтчихсан байсан гэрийн эзэн Б-г татаж сэрээгээд “Г бид нарыг ална” гээд байнаа “сэрээрэй, сэрээрэй” гээд сэрээсэн юм. Тухайн үед Г “та нарыг бүгдийг чинь ална шүү” гээд, Б нь цусаа гоожуулаад л суугаад байсан, тэгтэл удалгүй цагдаа, эмнэлгийн хүмүүс ирсэн. ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 23/

Гэрч Ж.Б-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2022 оны 02 дугаар сарын 02-ны сар шинийн нэгний өглөө гэртээ шинэлчихээд гэрээсээ 11 цагийн үед эхнэр С-н хамт 2, 3 айлаар орчихоод буцаад гэртээ 16 цагийн үед ирээд байж байсан чинь Б ганцаараа ороод ирсэн, Б нь 1 шил Э архитай орж ирсэн, С нь “ах дүү нартайгаа зураг авхуулна” гээд буцаад гараад явчихсан, Б бид 2 үлдээд түүний авчирсан архийг нь уугаад сууж байсан чинь 18 цагийн үед Г нь мөн ганцаараа Е байсан уу? яасан билээ 1 шил архитай ороод ирсэн бид 3-уулаа болоод Г-н авчирсан архийг уугаад сууж байсан чинь О, түүний найз нь М л гэдэг нэрийг нь мэдэхгүй байна залуутай хамт орж ирсэн, тэднийг орж ирэхэд би нилээд согтсон байсан нэг шил архитай орж ирсэн билүү, яасан билээ сайн санахгүй байна. Нэг мэдсэн унтчихсан байсан, нэг мэдсэн чинь У.Б нь намайг татаад “Хөөе хөөе” гээд сэрээгээд байсан, би согтоод унтсан болохоор манараад юу болсоныг ойлгож мэдээгүй байж байтал хаалга дуугараад цагдаагийн хүмүүс, эмнэлгийн хүмүүс ороод ирсэн, би тухайн үедээ согтоод унтаад сэрсэн байсан болохоор болсон асуудлыг сайн ойлгоогүй. Мэдээгүй, намайг сэрүүн байхад бол тэд хоорондоо маргалдаж муудалцсан асуудал байхгүй, хэрэв муудсан бол гэрээсээ хөөгөөд гаргах байсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 27/

Гэрч Б.Ү-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн  “Миний бие Цагдаагийн хэлтсийн даргын баталсан хуваарь томилгооны дагуу 2022 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 21:00 цагаас 03:00 цагийн хугацаанд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд “Замын-Үүд сумын 2-р баr  тоотод хүн хутгалуулсан байна” гэх дуудлага мэдээллийн дагуу очиход гэрийн эзэн гэх Баярсайхан нь унтаж байсан, Б, Б нар буйдан дээр сууж байсан О, А нар нь үүдний хэсэгт зогсож байсан. Тэгээд тухайн айлд ороод “юу болсон” талаар асуусан чинь О нь Г руу заагаад “энэ хүн Б-ыг хутгалчихлаа” гэж хэлсэн, Б-с мөн асуусан чинь “Г бид 2 уг нь тоглож байсан чинь ингээд хутгаар хатгачихлаа” гэж хэлсэн, “юунаас болж яагаад хутгалсан юм бэ?” гэхэд Г нь хэлэхдээ “бид тогломноос болоод, намайг басаад байхаар нь хутгалчихсан юм аа” гэж хэлж байсан тэгтэл удалгүй эмнэлгийн түргэн тусламжийн эмч орж ирээд Б-г эмнэлэг рүү авч явсан Г-г эрүүлжүүлэх саатуулах байрлуу хүргэсэн. Тэдгээр хүмүүс хэн хэн нь гайгүй байсан, асуусан асуултанд зүгээр хариулж байсан. Б-н энгэр хэсэг нь цус нэвтэрчихсэн байсан, бусад хүмүүсийн биед ямар нэгэн гэмтэл шарх байгаагүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29/

Гэрч Ш.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2022 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Цагаан сараар ах манайд шинэлсэн манай хашаанд байдаг 2 айлаар ороод 1 айлд огт уугаагүй, нэг айлд нь бага зэрэг согтууруулах ундааны зүйл хэрэглээд гарч ирээд гэртээ байж байгаад манай нөхөртэй бага зэрэг архи нэмж ууж сууж байгаад 18, 19 цагийн үед байх “айлд очоод ирье” гэж хэлээд гэрээсээ гараад явсан. Тэгээд ахыг ирэхгүй болохоор нь орой 21 цаг өнгөрч байхад залгасан чинь “ах нь одоо ингэж байгаад өөрөө яваад очноо” гэж хэлж байсан, тэгээд дахиад 22 цагийн үед залгасан чинь нилээд согтчихсон байгаа бололтой “ингэж байгаад яваад очино гэсэн үү? дууднаа гэсэн үү?” тэгэж хэлж байсан, тэгээд эргээд утсаа авахгүй болохоор нь санаа зовоод тухайн үед гадаа их хүйтэн байсан тул энд тэнд уначихвиидээ гэж бодоод залгаад байсан утсаа авахгүй байгаад байсан. Тэгээд 00 цаг болж байх үед “цагдаагаас ярьж байна, танай ах чинь эрүүлжүүлэхэд байна, нэг хүнийг хутгалсан байна, тэр нь амь наснаас холуур санаа зоволтгүй” гэж ярьсан тэгэхлээр нь би “одоо очоод авах уу?” гэсэн чинь “маргааш өглөө ирж аваарай” гэж хэлсэн.  Ах ямар нэгэн зүйлийн талаар санахгүй байна гэсэн, ах маань бараг хүнтэй муудалцаад байдаггүй хүн учраас тийм хэрэг хийсэн гэдэгт сайн итгэж өгөхгүй байгаа. Гэмт хэрэгт урьд өмнө нь холбогдож байгаагүй, ер нь хүнтэй маргалдаж муудалцаад байдаггүй хүн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31/

Хохирогч С.Б-н өвчтөний түүх /34-61/

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч П.Г-н 2022 оны 02 сарын 08-ны өдрийн “С.Б-н биед гэмтэл тогтоогдлоо.

 2. С.Б-н биед цээжний хөндийд нэвтэрсэн шарх, үнхэлцэгт цус хурахтай хавсарсан зүрхний гэмтлүүд тогтоогдлоо.

3. Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ.

 4. “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарах болно.

 5. Хүнд гэмтэл нь эрүүл мэндийг сарниулах хугацаа ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэл, төгсгөлийн байдлаас хамаарна” гэсэн 04/065 тоот дүгнэлт /хх-ийн 62-63/

             Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 02 сарын 10-ны өдрийн “1. Үзлэгээр илрүүлж бэхжүүлж авсан 19,5 см нийт урттай, ажлын хэсгийн урт нь 10 см, бариул хэсэг нь 9,5 см урттай хар өнгийн иштэй хутга нь шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд ирүүлсэн хутганаас гарын мөр илрэхгүй байна” гэсэн 03/04 тоот дүгнэлт /хх-ийн 67-68/

Шинжээч Ш.И-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Тухайн хар өнгийн иштэй хутга нь тос мэт зүйл, мөн тоос, шороо мэт зүйлээр бохирлогдсон байсан тул гарын мөр илрээгүй. Хүний гар хүрсэн, барьсан эд зүйл бүрийн материал гадаргуугаас хамаараад гарын мөр үүсэхгүй байх боломжтой” гэсэн мэдүүлэг /хх-ийн 72/

Шүүгдэгч Ш.Г нь урьд нь ял шийтгүүлж байгаагүй гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 87/

Ш.Г  0,79 хувь  гэсэн эрүүлжүүлэгдсэн хүний биед үзлэг  хийж, түр хураан авсан тэмдэглэл  /хх-ийн 94/

Шүүгдэгч Ш.Г-н ... дугаарын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 89/

Хохирлын баримт /хх-ийн 100-106/

Хохирогч С.Б-н Г банк дахь .... дугаартай данс руу 1,350,000 төгрөгийг шүүгдэгч Ш.Г-с шилжүүлсэн төлбөрийн баримт /хх-136 ийн /

Шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн ор хоногийн төлбөр 406,678 төгрөг, цээжний урсгуурын төлбөр 210,000 төгрөг гэсэн баримт зэргийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл

1.Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ш.Г нь 2022 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг .... тоотод оршин суух Ж.Б-ы гэрт уламжлалт цагаан сарын баяраар золгохоор очсон байхдаа архи ууж, гал тогооны шүүгээнээс нь хар өнгийн иштэй хутга авч, тухайн айлд байсан хохирогч С.Б-г ямар нэг шалтаг, шалтгаангүйгээр хутгалж, цээжний хөндийд нэвтэрсэн шарх, үнхэлцэгт цус хурахтай хавсарсан зүрхний гэмтлүүдийг учруулсан үйл баримт болсон байна.

Хохирогч С.Б-н биед учирсан гэмтлийн талаар Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний шинжээч эмч П.Г нь 2022 оны 02 сарын 08-ны өдрийн 04/065 тоот дүгнэлтээр “ С.Б-н биед цээжний хөндийд нэвтэрсэн шарх, үнхэлцэгт цус хурахтай хавсарсан зүрхний гэмтлүүд тогтоогдлоо, дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ, Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарах болно” гэж дүгнэсэн байх бөгөөд уг дүгнэлттэй шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.7 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар танилцсан, оролцогчид ямар нэг хүсэлт гаргаагүй байна.

Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт “ энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд  гэм буруутай  үйлдэл, эс үйлдэхүйн улмаас  хохирол, хор уршиг  учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж заасан байх бөгөөд шүүгдэгч Ш.Г-г  хохирогч С.Б-н биед хүнд гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “ зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Зэвсгийн чанартай зүйл гэж “ халуун, хүйтэн, төмөр, ахуйн болон бусад хэрэглээнд хэрэглэж болох” бүх төрлийн зэвсэгийг ойлгох бөгөөд шүүгдэгч нь Ж.Б-ы гал тогооны хэсгээс авсан, харагдах байдлаар ахуйн хэрэглээнд зориулсан хутгаар хохирогч С.Б-н эрүүл мэндэд хор уршиг учруулсан байгаа нь зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн гэж үзэх юм.

Шүүгдэгч Ш.Г нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч, хохирогч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, мөн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хуульд заасан хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримт болох

-Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч П.Г-н “хохирогч С.Б-д учирсан гэмтлийн талаар” гаргасан 04/065 тоот дүгнэлт /хх-ийн 62-63/           

- хэрэг болсон газар буюу Ж.Б-ы гэрт үзлэг хийсэн  тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 03-08/

-хохирогч С.Б-г хутгалсан гэх  хар өнгийн иштэй 19,5 см урттай хутгыг хураан авч, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон прокурорын тогтоол  /хх-ийн 09/,

-тухайн хэрэг болох үед хамт байсан, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэх Ж.Б гэрт гаднаас орж ирсэн О.О, Н.А, Ж.Б, У.Б, Б.Ү нарт Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлд заасныг танилцуулан авсан гэрчийн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг шүүгдэгч Ш.Г-н үйлдэлд тохирсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.4-д  зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Э нь “ шүүгдэгчийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн,  гэм буруугаа мөрдөн шалгах ажиллагаанаас эхлэн хүлээн зөвшөөрсөн, нотлох баримтын хүрээнд хохирлыг төлсөн, хор  уршиг арилаагүй боловч цаашид гарах эмчилгээний зардлыг төлөхөө илэрхийлсэн,  2,74 хувь буюу хүнд зэргийн согтолттой байсны улмаас өөрийгөө удирдан жолоодох, ухамсарт үйлдлээ хянах байдлаа алдсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг журамлан хорих ялын доод хэмжээний  гуравны хоёроос багагүй буюу 3 жил 4 сарын хугацаагаар хорих ял оногдуулах” саналыг гаргаж, мэтгэлцсэн болно.

Хэдийгээр шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, нотлох баримтын хэмжээнд хохирлыг нөхөн төлсөн, цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн нөхцөл байдал байгаа боловч ял оногдуулахдаа энэ гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчмийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ баримтлах  нь зүйтэй байна.

Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүл, аюулгүй орчинд амьдрах, 14 дэх хэсэгт зааснаар эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан  хохирлыг  нөхөн төлүүлэх эрхтэй байх бөгөөд  энэ ч утгаараа гэмт хэргийн нийгмийн аюулын шинжийн хувьд  хүний эрх, эрх чөлөөг  зөрчсөн, түүнд хохирол, хор уршиг учруулсан байхыг ойлгох юм.

Шүүгдэгч Ш.Г-н хувьд хохирогчийн биед учруулсан хүнд гэмтэл нь гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол, харин шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож буй “Хүнд гэмтэл нь эрүүл мэндийг сарниулах хугацаа ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэл, төгсгөлийн байдлаас хамаарна” гэсэн нь энэ гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.

Хэдийгээр шүүгдэгч нь хохирогчийн биед учирсан гэмтлийг эмчлэхэд зарцуулсан төлбөрийг нотлох баримтын хэмжээнд төлсөн боловч хохирогчид учирсан хор уршиг арилаагүй болох нь түүний шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна.

Түүнчлэн хх-ийн 94 дүгээр хуудсанд авагдсан шүүгдэгчийн согтуурлыг шалгасан тэмдэглэлээс үзэхэд 2,79 хувийн согтолттой байсан нь тогтоогдох боловч “ ухаан санаагаа алдсан гэдэг нь “ оюун санаагаа  удирдан жолоодох  чадвар нь ямар нэг  өвчний улмаас алдагдсан бус, харин согтууруулах ундаа, мансууруулах  бодисын улмаас  алдагдсан байхыг хэлнэ, ...Анагаах ухааны  үүднээс цусан дахь архины концентрацын хэмжээ 3-3.3 промилл байхад хүн өөрийн  ухамсарт  шинж байдлаа  бүрэн алдана”[1] гэж ойлгох бөгөөд шүүгдэгчийг хүнд зэргийн согтолттой, ухамсарт санаагаа алдсан байсан гэснийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байхаас гадна согтуурсан байхдаа гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болохгүй байна. Иймд дээрх үндэслэлээр өмгөөлөгчийн гаргасан саналыг хүлээн авах боломжгүй байна.

Иргэдийн төлөөлөгч Б.Х нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.4 дүгээр зүйлд заасны дагуу оролцож, “шүүгдэгч Ш.Г-г энэ хэрэгт гэм буруугүй байна” гэсэн дүгнэлтийг гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй байна. Учир нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь шүүхээс үнэлсэн нотлох баримтуудаар тогтоогдсон.

2.Хохирлын талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч Ш.Г нь энэ гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэг бүхий этгээд байна.

Хохирогч С.Б нь эмчилгээний зардалд зарцуулахаар 3,100,000 төгрөгийн группийн мөнгийг К банкнаас зээлж авсан, эмчилгээний баримтыг хэрэгт хавсаргасан, шүүгдэгчээс 1,350,000 төгрөгийг хүлээн авсан, одоо 3,100,000 төгрөгийн зөрүүг нэхэмжилнэ гэж мэдүүлдэг.

Шүүхийн хэлэлцүүлэгт хх-ийн 101-106 авагдсан баримтууд, шүүх хуралдаанд гаргаж өгсөн хохиролтой холбоотой нотлох баримтыг шинжлэн судалахад эмчилгээний болон шатахууны зардалд нийт 1,239,943 төгрөгийн баримтыг үнэлэх боломжтой байх бөгөөд юунд зарцуулагдсан нь тодорхойгүй болон  талх, боов, газ,  ундаа, хэрчсэн гурил зэргийг хохирогчийн учирсан гэмтлийг эмчлэхэд нэмэлт хоол тэжээлээр хэрэглэсэн гэж үзэх боломжгүй байна.

Түүнчлэн шүүгдэгч Ш.Г нь хохирогч С.Б-н Г банк дахь .... дугаартай данс руу 1,350,000 төгрөгийг шилжүүлсэн төлбөрийн баримт болон хохирогчийн мэдүүлэг зэргээс үзэхэд шүүгдэгч нь хохирогчид 1,350,000 төгрөг төлсөн нь тогтоогдож байгаа нь хэрэгт нотлох баримтаар тогтоогдсон хохирлыг төлж барагдуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Харин хохирогч С.Б нь эмчилгээнд зориулж группийн зээл 3,100,000 төгрөгийг банкнаас зээлсэн, эмчийн хяналт доор байнгын эмчилгээтэй байгаа, байнга эм тариа хэрэглэж байгаа талаарх нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байх тул энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй юм.

3.Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Ш.Г нь энэ гэм хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал болно, харин мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ гэмт хэрэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно” гэсэн хууль ёсны зарчим, мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн  гэмт хэрэг, гэмт хэргийн  нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ,  гэмт буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримталж, түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэгт заасан хорих ялын доод хэмжээг оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

4. Бусад:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцож, хэргийн хамт ирүүлсэн хар өнгийн иштэй 19.5 см урттай хутгыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6, 36.1 дүгээр зүйлийн 8 дах хэсгийн 8.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ш.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1-4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Б овогт Ш.Г-г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Ш.Г-г 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Г-т оногдуулсан 5 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Ш.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.5-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцож, хэргийн хамт ирүүлсэн хар өнгийн иштэй 19.5 см урттай хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлсүгэй. 

6. Шүүгдэгч Ш.Г нь хохиролд 1,350,000 төгрөгийг төлсөн бөгөөд хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн  иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрвөл  өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    А.Ц

                                 ШҮҮГЧИД                                   Э.Б

                                                                                     Д.Ц