Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 1443

 

Х.Золгэрэлийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 182/ШШ2017/00810 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Х.Золгэрэлийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Капитал банк” ХХК-д холбогдох

 

Урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажлаас чөлөөлсөн болон сахилгын шийтгэл ноогдуулсан, өөр ажилд шилжүүлсэн тушаалуудыг хүчингүй болгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг нэхэмжлэл гаргах хүртэл хугацаагаар тооцон гаргуулах, ажилласан хугацаанд ноогдох ээлжийн амралтын олговор, томилолтын зардал, гар утасны зардал, түрээсийн төлбөрт нийт 40 998 650 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

 

33 037 657 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Золгэрэл,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Болормаа,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Идэрчулуун,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Х.Золгэрэл нь 2014 оны 8 дугаар сараас эхлэн Капитал банкны Солонгос дахь төлөөлөгч, ахлах ажилтнаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан. Ажлаас халагдах хүртлээ 2016 оны 5 дугаар сарын 19-нийг хүртэл хөдөлмөрийн гэрээний дагуу өөрт оногдсон үүрэгт ажлаа идэвхи санаачлагатай гүйцэтгэж байсан. Идэвхи зүтгэлтэй ажиллаж байсан ажилтны 2015 оны 11, 12 дугаар сарын томилолтын зардлыг хассан бөгөөд үүнийг эдийн засгийн хямралыг даван туулахын тулд хүн бүрийн оролцоо хэрэгтэй гэсэн тайлбарыг ирүүлж өгөөгүй. Мөн 2016 оны 01 дүгээр сард томилолтын мөнгө олгогдоогүй учраас Хөрөнгийн удирдлагын газрын захирал н.Билгүүнд энэ асуудлыг шийдэж өгөхийг хүссэн. 2015 онд ээлжийн амралтаа аваагүй байсан учир 02 дугаар сард ээлжийн амралтаа аваад тус хугацаанд асуудлыг шийдүүлэх талаар тохиролцоонд хүрсэн боловч байгууллага уг асуудлыг шийдвэрлэлгүйгээр Х.Золгэрэлийг тулган шаардах, үг хэлээрээ болон мейлээр дарамталсан. Х.Золгэрэл нь ажлаа хэвийн гүйцэтгэх хүсэлтэй байгаагаа уламжилж байсан боловч хүсэлтийг үл тоосон. 2016 оны 4 дүгээр сард биеийн эрүүл мэндийн байдал муудан архаг цус багадалтанд орж эмнэлэгт хэвтсэн. Х.Золгэрэлд 2016 оны 4 дүгээр сарын 27, 28-ны өдрүүдэд сахилгын арга хэмжээ авсан тушаал, нөгөөх нь монголд шилжүүлэн ажиллуулах тухай тушаал мэйлээр явуулсан. Нэхэмжлэгч нь уг тушаалуудыг хуулийн үндэслэлгүй гарсан гэж үзэж зөвшөөрөхгүй байна. Х.Золгэрэлийн банкинд гаргасан хүсэлт, гомдлыг шийдвэрлэж өгөхгүй байсан тул 2016 оны 5 дугаар сарын 29-ний өдөр ажлаас өөрийн хүсэлтээр гарах өргөдлөө өгсөн боловч энэ хүсэлтийг мөн хүлээн авахгүйгээр 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр ноцтой зөрчил гаргаснаар халах тушаал гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй. Ажил олгогч нь 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш цалин, орон байрны түрээс, томилолтын зардал, гар утасны мөнгөний алийг нь ч олгоогүй. Тиймээс ажлаас үндэслэлгүй халагдаж хохирсон тул ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс болон 2015 оны 11 дүгээр сараас олгогдоогүй томилолтын зардал, гар утасны зардлын мөнгийг нөхөн гаргуулахыг шаардаж байна. Ажилгүй байсан хугацааны буюу 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс мөн оны 9 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэлх цалин, 2015 оны 11 дүгээр сараас 2016 оны 8 дугаар сарыг дуусталх хугацааны томилолтын зардлыг сарын 1 700 000 воноор тооцож, /ханш 1.98 төгрөгөөр/ 40 998 650 төгрөг, мөн нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Сарын цалинг нийгмийн даатгалын лавлагааг үндэслэн 920 000 төгрөгөөр тооцон нэхэмжилнэ. Харин Төрийн банкны гүйцэтгэх захирлын тушаалаар нэр өөрчлөгдсөн Хөрөнгийн удирдлагын газрын Гадаад харилцааны албаны Солонгос дахь төлөөлөгчийн газрын мэргэжилтний ажилдаа эгүүлэн тогтоолгох шаардлагаасаа татгалзаж байгаа. Сахилгын шийтгэл ногдуулсан, өөр ажилд шилжүүлэн томилсон, үндэслэлгүйгээр ажлаас халсан тушаалууд нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн, түүний хөдөлмөрлөх эрхийг хязгаарласан тушаалууд учир хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.Золгэрэл нь манай Солонгос дахь төлөөлөгчийн газар 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан. Түүний үндсэн зорилго нь Солонгос улс дахь албан ёсны эрхтэй төлөөлөгчийн газар нээх байсан. Төлөвлөгөөний хүрээнд 2015 оны 10 дугаар cap хүртэлх хугацааны ажилтны тайланг авч, үндсэн төлөвлөгөөний биелэлтийг дүгнэсэн. Уг биелэлт нь хангалтгүй байсан тул 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Удирдлагын хорооны 35 тоот хурлаар эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлд авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, Солонгос дахь төлөөлөгчийн газрын үйл ажиллагааг дүгнэн хэлэлцэх гэсэн асуудлыг хэлэлцэж Солонгос дахь төлөөлөгчийн газрын үйл ажиллагааны зардлыг тодорхой хугацаанд 50 буюу түүнээс дээш хувиар бууруулах, Солонгос улс дахь төлөөлөгчийн газрын албан ёсны эрхийг нь авах үйл ажиллагааг хэрэгжүүлэхийн тулд Х.Золгэрэлд 2015 оныг дуустал хугацаат үүрэг, даалгавар өгөх шийдвэр гарсан. Удирдлагын хорооны дарга н.Ундармаа нь 2015 оны 10 дугаар сарын 11-нд үүрэг, даалгаврыг өгсөн. Мөн шууд удирдлагуудад нь Х.Золгэрэлийн тайланг cap болгон авч дүгнэж байх үүрэг даалгаврыг өгсөн. Энэ талаар Х.Золгэрэлээс ирүүлсэн албан мэйлд шүүхээс үзлэг хийлгэсэн. 2015 он дуусахад тухайн ажилтнаас тодорхой үр дүн гараагүй. 2015 оны 12 дугаар сарын 03-нд Х.Золгэрэлийн өөрийн боловсруулж ирүүлсэн төлөвлөгөөтэй танилцан, харилцан гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсан. Х.Золгэрэлийн асуудлыг 2016 оны 4 дүгээр сарын 21-нд 10 тоот Удирдлагын хорооны хурлаар энэ төлөвлөгөөний гүйцэтгэлийг хэлэлцэхэд Солонгос дахь төлөөлөгчийн газрын үйл ажиллагаа нь төлөвлөсөн хэмжээндээ хүрээгүй тул хурлаас Х.Золгэрэлийн үйл ажиллагаа нь 2 улирлын турш дараалан хангалтгүй, зорилгодоо огт хүрсэнгүй гэж дүгнээд хөдөлмөрийн дотоод журмын 6.5.1, 6.5.2, мөн хөдөлмөрийн гэрээний 4.2.9 дэх заалтуудыг үндэслэн түүнд сахилгын шийтгэл ногдуулсан. Уг тушаалыг гаргасан өдөрт нь ажилтанд мэйлээр явуулсан, мэйлд шүүхээс үзлэг хийсэн. Мөн дээрх Удирдлагын хорооны хурлын шийдвэрийн дагуу хөдөлмөрийн дотоод журамд зааснаар ажилтныг шаардлагатай үед шилжүүлэн томилох эрхтэй байдаг тул Х.Золгэрэлийг өөр ажилд шилжүүлэн томилсон тушаалыг 4 дүгээр сарын 28-нд гаргаж, ажилтанд албан мэйлээр хүргүүлсэн. Тушаалд ажилтныг 5 дугаар сарын 04-ний өдрөөр тасалбар болгон шилжүүлэхээр заасан ба 5 дугаар сарын 19-нд Х.Золгэрэл нь н.Энхтүвшинд ажлаа хүлээлгэн өгсөн тухай актаа ирүүлсэн. Ажлаа хүлээлгэн өгснөөс хойш буюу 2016 оны 5 дугаар сарын 25, 6 дугаар сарын 06-ны өдрүүдэд тус тус Улаанбаатар хотод томилогдсон ажилдаа яаралтай орох тухай хүний нөөцийн ахлах мэргэжилтэн болоод Удирдлагын хорооны нарийн бичгээс албан мэйлийг хүргүүлсэн. 2015 оны 11, 12 дугаар сарын, 2016 оны 01, 02 дугаар саруудад томилолтын зардлыг хассан. Гэхдээ цалинг хассан асуудал байхгүй. 2015 оны 11, 12 дугаар сарын томилолтын зардлыг олгох боломжгүй гэдгийг Х.Золгэрэл нь ойлгож, хүлээн зөвшөөрч албан мэйл ирүүлсэн. 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр гүйцэтгэх захирлын 519 тоот ажлаас чөлөөлөх тухай тушаалаар ажлаас чөлөөлсөн. Х.Золгэрэл нь ажлаа хүлээлгэн өгснөөс хойш ажлаас түүнийг чөлөөлөх хүртэл хугацаанд ажилдаа ирээгүй, ажлыг тасалсан. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.3-т зааснаар болон банкны дотоод журам, дүрэм, мөн сахилгын шийтгэл ногдуулах журмын 6.10.4, хөдөлмөрийн дотоод журмын 9.1.3, хөдөлмөрийн гэрээний 6.4.5 дахь заалтуудыг үндэслэн ажлаас нь халсан. Энэ тушаал хууль зөрчөөгүй. Ажилгүй байсан цалинг нэхэмжилснийг зөвшөөрөхгүй. Ажилтанд сахилгын шийтгэл ногдуулсан. Капитал банкны зүгээс дүрэм, журам болон ямар нэгэн хууль зөрчсөн шийдвэр гаргаагүй. Тийм учраас ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгох үндэслэл байхгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Х.Золгэрэл нь анх ажилд орохдоо 2014 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 15 000 000 воныг БНСУ дахь төлөөлөгчийн газарт мэргэжилтнээр ажиллаж байх үед амьдарч буй байрны түрээсийн барьцаа хөрөнгө шаардлагатай байна гэсэн үндэслэлээр авсан. Ингэхдээ “би ямар нэгэн байдлаар ажлаас гарч түрээсийн байрнаас гарсан тохиолдолд энэхүү мөнгийг буцааж төлнө” гэсэн баталгааг 2014 оны 8 дугаар сарын 11-ний өдөр гаргасан. Тус баталгаа нь албан мэйлээр ирсэн учраас 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд хүсэлт гаргаж, үзлэг хийсэн бөгөөд үүнийг хавсаргаж өгсөн. Гэвч Х.Золгэрэл нь тухайн мөнгийг аваад ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш тооцоо хийгээгүй тул банк нь тухайн түрээсийн барьцаанд өгсөн мөнгийг буцааж авах эрхтэй бөгөөд 15 148 540 воныг төгрөгөөр тооцоход 31 963 413 төгрөг. Нэхэмжлэгчийн шүүхэд хэрэг хянагдаж байх үед манайд гаргаж өгсөн санхүүгийн баримтыг шүүж үзэхэд 88 290 воны үлдэгдэлтэй байсан. Үүнийг нэмж нэхэмжлэн нийтдээ 33 037 657 төгрөгийг нэхэмжилж байна. Х.Золгэрэл нь ажил хүлээлцсэн актаар зөвхөн эд хогшлыг л хүлээлгэн өгсөн, харин санхүүгийн эцсийн тооцоог хийж зуруулаагүй. Энэ санхүүгийн үлдэгдэл нь авлага болж байгаа юм. Энэ 488 290 вон буюу 1 074 238 төгрөгийг 31 963 419 төгрөгийн хамт нэхэмжилж байна. Нэгэнт санхүүгийн тооцоог хийж, ажил хүлээлцэж дуусаагүй учраас тойрох хуудас зуруулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийх боломжгүй байгаа гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 15 000 000 воны тухайд тайлбар хэлэхэд, хариуцагч байгууллагатай төлбөр тооцоог дуусгаж, асуудлыг шийдсэний дapaa энэ мөнгийг буцааж өгнө. Авсан гэдэг дээр маргаагүй. Харин сүүлд нэмэгдсэн 188 290 воны хувьд санхүүгийн тооцоо байгаа талаар дэлгэрэнгүй тооцоо, задаргаа байхгүй байна. Үүнд өр авлагын асуудал үүсээгүй, өөрт байсан бүх санхүүгийн баримтуудыг банкинд өгсөн. Тухайн үеүдэд нь санхүүгийн тайлан, тооцоог өгч байсан нь хэрэгт байгаа баримтуудаар тодорхой харагдана. Тиймээс эдгээр мөнгийг төлөх үндэслэлгүй. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 79 дүгээр зүйлийн 79.1, Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д заасныг баримтлан хариуцагч “Капитал банк” ХХК-иас 2016 оны 4 дүгээр сарын 25-наас 2016 оны 9 дүгээр сарын 05-ныг хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор, ээлжийн амралтын олговорт 4 642 738 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Золгэрэлд олгож, нэхэмжлэгч Х.Золгэрэлээс 31 650 000 төгрөгийг гаргуулан хариуцагч “Капитал банк” ХХК-д олгож, үндсэн нэхэмжлэлээс 36 355 912 төгрөг гаргуулах, “Капитал банк” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 345 тоот, 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 353 тоот, 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 519 тоот тушаалуудыг хүчингүй болгох гэсэн шаардлагуудыг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлээс 1 387 857 төгрөг гаргуулахыг хүссэн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-д зааснаар дээрх хугацааны олговороос зохих журмын дагуу нийгмийн даатгалын шимтгэл, хураамжийг тооцон, нэхэмжлэгч Х.Золгэрэлийн нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж баталгаажуулахыг хариуцагч “Капитал банк” ХХК-д даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Золгэрэл нь урьд эрхэлж байсан буюу Хөрөнгийн удирдлагын газрын Гадаад харилцааны албаны Солонгос дахь төлөөлөгчийн газрын мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлагаас татгалзсныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны болон ээлжийн амралтын олговрыг гаргуулах тухай нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 362 950 төгрөгөөс 339 729 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, илүү төлсөн 23 220 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгох, хариуцагчаас сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 348 099 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, нэхэмжлэгчээс 316 200 төгрөгийг гаргуулан хариуцагчид, хариуцагчаас 89 234 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид тус тус олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 182/ШШ/2017/00810 дугаар шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгчийн хувьд БНСУ-д амьдарч байгаа бөгөөд шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд түүний ээж итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байсан бөгөөд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох боломжгүй болсны улмаас 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөс миний бие итгэмжлэлийн үндсэн дээр оролцсон. Гэтэл надад ИХШХШТХ-ийн 25 дугаар зүйлд зааснаар хэргийн оролцогчийн хувьд хэргийн материалтай танилцуулаагүй. Надад өгсөн итгэмжлэлд нэхэмжлэлийн зарим шаардлагаас татгалзах эрхийг олгоогүй. Гэтэл шүүх хуралдааны явцад шүүгчээс ажилд эргэн орох эрхээсээ татгалзаж байна гэж ойлгож болох уу гэж асуусан ба улмаар итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие уг асуудлын учир холбогдлыг сайн ойлгож мэдэхгүй учир ажилд эргэн орох шаардлагаасаа татгалзаж байгаа тухайгаа шүүх хурлын дундуур бичиж өгсөн. Тиймээс итгэмжлэлээр олгогдоогүй эрхийн хүрээнд нэхэмжлэлийн урьд эрхэлж байсан ажил албан тушаалд томилогдохоосоо татгалзсан татгалзал нь хууль зүйн үндэслэлгүй атал шүүх татгалзсаныг баталж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Хариуцагч банкны мөнгөн хөрөнгийг хувьдаа ашиглан буцааж төлөөгүй гэж сөрөг нэхэмжлэл гаргасан. ИХШХШТХ-ийн 73 дугаар зүйлд зааснаар сөрөг нэхэмжлэл нь үндсэн нэхэмжлэлтэй хамт тооцогдохооргүй огт хамааралгүй атал шүүх сөрөг нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатайгаа холбогдуулан хариуцагч байгууллагын удирдлагуудтай харилцаж байсан цахим захидлууд болон мэйл зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн. Гэтэл шүүх эдгээрийг хуулийн шаардлага хангаагүй хэмээн үнэлэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Мөн тухайн хөдөлмөрийн маргаантай хэргийг шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай ажлын байрны тодорхойлолт зэрэг баримтыг гаргуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

Нэхэмжлэгч Х.Золгэрэл нь хөдөлмөрийн гэрээний 4.2.2, 4.2.9-д заасан зөрчлүүдийг гаргаагүй атал түүнд Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1.2 дахь заалтыг үндэслэн 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 345 тоот тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй юм. Мөн нэхэмжлэгч Х.Золгэрэлд сахилгын шийтгэл ногдуулснаас хойш 1 хоногийн дараа буюу 28-ны өдөр “Өөр ажилд шилжүүлэх” тухай 353 тоот тушаал гаргаж Хөдөлмөрийн тухай хуулийн 32.1, 33.1, 34.1 дэх заалтад заасан үндэслэл тогтоогдоогүй байхад өөр ажилд шилжүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

Түүнчлэн хариуцагчаас Х.Золгэрэлийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан, түрээсийн барьцаа болох 15 000 000 воныг банкинд буцаан шилжүүлээгүй зэрэг хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргасан гэж үзэж 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг зөрчсөн байдаг.

Дээрх байдлаар шүүхийн шийдвэр нь хууль зүйн үндэслэлгүй гapcaн тул шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Х.Золгэрэл нь хариуцагч “Капитал банк” ХХК-д холбогдуулан сахилгын шийтгэл ногдуулсан тушаалуудыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулах, ажилласан хугацаанд ногдох ээлжийн амралтын олговор, томилолтын зардал, гар утасны зардал, түрээсийн төлбөрт нийт 40 998 650 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, 33 037 657 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааны шатанд “урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажлаас чөлөөлсөн болон сахилгын шийтгэл ногдуулсан, өөр ажилд шилжүүлсэн тушаалуудыг хүчингүй болгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг нэхэмжлэл гаргах хүртэл хугацаагаар тооцон гаргуулах, ажилласан хугацаанд ногдох ээлжийн амралтын олговор, томилолтын зардал, гар утасны зардал, түрээсийн төлбөрт нийт 40 998 650 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлнэ” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан  ба үндэслэлээ 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш цалин, байрны түрээс, томилолтын зардал, гар утасны төлбөрийн алийг нь ч олгоогүй тул ажилгүй байсан хугацааны цалин хөлс болон 2015 оны 11 дүгээр сараас олгогдоогүй томилолт, гар утасны зардлыг нэхэмжилсэн” гэж тайлбарлаж байна.

 

Шүүх хариуцагч “Капитал банк” ХХК нь ажилтны томилолт, байрны түрээс, гар утасны төлбөрийг хэдий хугацаанд ямар хэмжээгээр хэрхэн тооцож нэхэмжлэгчид олгож байсан буюу энэ талаар тухайлан тохиролцсон эсэх, үүнийг эрх зүйн ямар актаар зохицуулдаг талаар тодруулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 

Мөн анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.1 дэх хэсэгт “Шийдвэр удиртгал, тодорхойлох, үндэслэх, тогтоох хэсгээс бүрдэнэ, 118.4 дэх хэсэгт “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана” гэж тус тус заасныг зөрчсөн байна.

 

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэг буюу сөрөг нэхэмжлэлийн талаар хийсэн дүгнэлт дутуу байгаагаас уг шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг дүгнэх боломжгүй болжээ. Энэ талаар давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хэргийн оролцогч талуудаас тодруулахад хэрэгт авагдсан шийдвэрийн хувь хэргийн оролцогчид гардуулсан шийдвэрийн хувиас өөр байгаа нь тэдгээрийн тайлбараар тогтоогдож байна.

 

Иймд дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон эсэхэд хэрэгт цугларсан баримтын хүрээнд давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлт хийх боломжгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 182/ШШ2017/00810 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хашбатын төлсөн 362 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсгүүдэд зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

 

                                          ШҮҮГЧИД                                      Ц.ИЧИНХОРЛОО

 

                                                                                                 С.ЭНХТӨР