Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 42

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Ц даргалж, шүүгч Э.Б, шүүгч Д.Ц нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга Э.Ө

Улсын яллагч Л.С

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Ч

Иргэдийн төлөөлөгч Ц.А

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч О.Ү

Шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотын Налайх дүүргийн харъяат, ... оны ... сарын ...-ний өдөр төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдрах, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг ... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь ял шийтгэлгүй, Б овогт Ц.Б-д холбогдох хэргийг хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Замын-Үүд сумын 2 дугаар багт байрлах нийтийн байрны ... тоот өрөөнд 2022 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 19:00-20:00 цагийн үед Ө.Д-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар зодож, хана руу түлхэж алсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.Б-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ Би Д-тэй 2021 оны 08, 09 сарын үеэс манай нийтийн байрыг түрээсэлдэг болсон. 11 сараас танилцаад дотно болсон. Манай эхнэр байрны түрээсээ төлөөгүй байгаа, эхнэр нь нас барсан, 2 хүүхэдтэй юм билээ гэж надад хэлж байсан. Тэгээд энэ хүнд тус дэм болъё гэж бодсон, надад ч өөрийнхөө тухай ярьж эхэлсэн. Бид ийм харьцаатай байсан. Энэ жилийн битүүний орой Д-г манайд битүүлэх гээд орж ирэхэд би зурхай хараад сууж байсан, би ер нь өөрийнхөө талынхны засал номыг сүүлийн жилүүдэд хийж байгаа юм. Тэгээд би Д-д хандаж, энэ жил засал ном хийлгэхгүй бол болохгүй юм байна шүү, ойрхон хийлгээрэй гэж хэлэхдээ арай бурханы оронд явах юм байна гэж хэлээгүй. Тэгээд маргааш мөрөө гаргах талаар ярилцаад Д харьсан. Шинийн 2-нд манай эхнэрийн ах нь гэртээ ирж цай уу гээд бид явсан. Тэгээд үдээс хойш нь би эхнэртээ нийтийн байрны 3 тоотыг түрээсэлж байгаа 3 залуутай ганц шил архи уучих уу гэхэд эхнэр зөвшөөрөхөөр нь гэрээс бууз, архи аваад 3 тоот руу орсон. Тэгээд цай байна уу гэхэд байхгүй гэсэн, цай чаначихаарай гэж хэлээд унтсан. Удаагүй байх Д орж ирээд миний хөлд суугаад намайг сэрээсэн. Д намайг засал ном хийж өгөөрэй гээд юм ярих гээд байхаар нь би жаахан үл тоосон байдалтай байсан юм. Бид нар миний авчирсан архийг хувааж уусан, би их согтуу байгаагүй. Тэгээд бид хэд хөзөр тоглосон чинь Д хөзрөө барьж чадахгүй унагаагаад байхаар нь ахын дүү одоо гэртээ орж амар гэхэд явахгүй байхаар нь би тэндээс гараад Х-нд ороод буцаад нөгөө айлдаа ороход Д зөрөөд гарсан. Тэгэхээр нь хаалгыг нь түгжээд хөзөр тоглоод байж байтал Д хаалга нүдээд байхаар нь эхлээд тайлж өгөөгүй, дахиад хүчтэй нүдэхээр нь хаалгаа нээчих гэж хэлээд нээлгэсэн. Тэгээд бид нарыг хөзөр тоглоод сууж байтал хажууд шүлсээ хаяад байхаар нь тэнд байсан Д наадах чинь айлын гэр орон шүү дээ, шүлсээ битгий хаяад бай гэж хэд, хэдэн удаа хэлсэн чинь болихгүй байсан.Тэгээд тэр 2 барилцаж авах шинжтэй байхаар нь талийгаачийг согтсон байна, гэртээ ор гэхэд хойшоогоо гэдийгээд босохгүй байсан. Талийгаач намайг бодвол биерхүү хүн байсан л даа, тэгээд би гараас нь татахад гэдийгээд байснаа гараараа миний цээжний баруун  дээд хэсэг рүү  цохиод бид 2 заамдалцах маягтай болсон. Би зөрүүлээд 2-3 удаа алгадсан байх. Талийгаачийн хамраас нь цус гарсан, тэнд байсан дүү нар намайг татаж болиулсан. Талийгаачийн цус тогтоохоор салфетик өгсөн. Ор ширээ хоёрын  хажууд сандал байхаар нь би суусан. Тэгтэл талийгаач миний хамраас цус гаргадаг хэн бэ гээд босож ирээд намайг заамдахаар нь түлхчихсэн чинь үүдний хананд цохигдоод газарт унасан. Тэгээд би эхнэр рүүгээ ярьсан. Талийгаачийн хүүхдүүдээс нь ахынх нь утсыг аваад ярьсан. Ингээд эмнэлэг рүү авч явсан. Би унасан дараа нь болон эмнэлэг дээр очоод хиймэл амьсгал хийж цээжин дээр нь хэд, хэдэн удаа дарсан. Талийгаачийн оршуулгын зардалд 19,500,000 төгрөг төлсөн. Үлдэж байгаа 2 хүүхдийг би бодож л байна. Би талийгаачийг алья гэж бодоогүй ” гэсэн мэдүүлэг

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Б өөрийгөө манай дүүд их хайртай байсан, өөрийгөө ид шидтэн юм шиг л ярьж байна. Миний дүү цалингийн зээлтэй байсан болохоор түрээсээ өгч чадахгүй ганц нэг сар өнждөг байсан, тэрийг нь далимдуулж, хувийн ажлаа хийлгэдэг байсан юм билээ, би сүүлд мэдсэн. Тэр өдөр Б над руу ярихдаа би байр түрээслэгч байна, танай дүүг цохьчихсон чинь  ухаан алдаад сэрдэггүй гэхээр нь тоглоод байгаа юм уу, хүүхэд цохьсон байгаад үзээрэй гэж хэлээд би шууд гараад байр руу нь очиход эдний өвчтэй гээд байгаа охин нь шалан дээрх цус цэвэрлээд байж байсан, асуухад эмнэлэг явсан гэж хэлсэн. Тэндээс гараад ердөө 8 минутын дотор эмнэлэг орсон байдаг. Намайг эмнэлэг рүү ороход Б цээжин дээр нь суучихсан, сэргээгээд өгөөч гээд эмч, сувилагч нарын хажуу талаас нь татаад дийлэхгүй байгаа бололтой байсан. Энэ үед манай дүү аль хэдийн бурхан болчихсон байсан. Бид нар эх, эцгээс тавуулаа, талийгаач манай хамгийн бага дүү байсан. Ээж, аав маань 2003, 2013 онуудад нас барсан. Талийгаачийн эхнэр нь 2021 онд нас барсан, 2 хүүхэдтэйгээ амьдардаг байсан. Б оршуулгын зардалд 19,500,000 төгрөг төлсөн, сүүлд хоног хураахад болон оршуулгын зардлын үлдэгдэл нийт 580,000 төгрөг үлдсэн байсан, түүнээсээ татгалзаж байна. Харин 2 хүүхдэд нь 16 нас хүртэл нь сар бүр хүүхэд тус бүрийн 552,000 төгрөгийн тэтгэвэр гаргуулж өгөхийг хүсч байна. 4 настай, 9 настай 2 хүүхэд үлдсэн. Том охин нь сэтгэл санааны хувьд хэцүү байх шиг байна, аавынхаа ардаас явна гэж ярьсан байсан, бага нь ханиад томуу тусаад эмчилгээтэй байна. 2 хүүхдийн асран хамгаалагчаар  манай дүү Ө.Ц-г албан ёсоор томилсон байгаа. Бидэнд Б-н бодол санаа хэрэггүй, ... оны ... сарын ...-ны өдөр төрсөн охин Д.А, ... оны ... сарын ...-ны өдөр төрсөн Д.Х нарт тэтгэмж гаргуулж өгөхийг хүсч байна“ гэсэн мэдүүлэг,

Шинжээч П.Г шүүхийн хэлэлцүүлэгт өсгөн “Би цогцост үзлэг хийсэн. Талийгаачийн цээжний хэнхэрцэгийг шалгахад цээжний зүүн талд 2-5 дугаар хавирга өвчүүний хажуугийн шугамаар хугарсан байсан. Энэ нь сэхээн амьдруулалтыг буруу хийснээс  үүссэн гэмтэл учраас шинжилгээний явц хэсэгтээ тусгасан, харин талийгаачийн үхэлд хүргэсэн гэмтэлтэй хамаагүй байсан учраас дүгнэлт хэсэгт тусгаагүй. Амь хохирогчийн тухайд  гавал тархины далд гэмтэл, их тархины зүүн чамархай хэсгийн аалзан бүрхүүл дорх цус харвалт, хуйханд  ар дагзны  баруун хэсэгт цус  хуралтууд учирсан байдаг. Энэ бол үхэлд шууд хүргэх гэмтлүүд юм. Гэмтлийг авсан даруйдаа нас барах боломжтой. Дүгнэлтийн хувьд цээжний зүүн талд 2-5 дугаар хавирга өвчүүний хажуугийн шугамаар хугарсан гэмтлийг дүгнэлт хэсэгтээ оруулаагүйгээс бусад зөрүүтэй зүйл байхгүй байгаа, хавирганы хугарлыг дүгнэх хэсэгт оруулснаар амь хохирогчийг нас барсан дүгнэлтэд нөлөөлөхгүй” гэсэн мэдүүлэг

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-ийн 02/

Хэргийн газар үзлэг хийсэн  тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 03-12/

Шүүгдэгч Ц.Б-н биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зураг /1хх-ийн 22/

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 26-34/

Эд мөрийн баримтаар  тооцох тухай мөрдөгчийн тогтоол  /1хх-ийн 38/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр түүний төрсөн ах Ө.Б-г тогтоох тухай тогтоол /1хх-ийн 43/

Гэрч С.Х-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би болсон зүйлийн талаар сайн мэдэхгүй байна яагаад гэвэл би гэртээ ганцаараа орондоо орсон амарч байсан тэгсэн манай гэрийн хаалгыг онгойлгоод нэг хүн ороод ирэхээр нь би хэн бэ гэсэн чинь Б байна та босоод ир гэхээр нь би амарч байна гэсэн чинь араас нь Д гэх залуу орж ирээд Х ах амарч байгаа юм уу гэх шиг болсон, тэгтэл Б гэх манай байрны эзэн залуу түрүүлээд манай гэрээс гараад явсан, харин Д гэх залуу үлдээд намайг сэрээх гээд байхаар нь ах нь амарч байна, чи яв гэсэн чинь төд удалгүй манай гэрээс гараад явсан, тэгээд би хэсэг зуур унтсан байсан, тэгтэл дахин манай гэрт нэг танихгүй залуу орж ирээд Б ах дуудаад байна гээд дахин, дахин хөнжлөөс татаад байхаар нь би босоод нийтийн байрны 3 номерт орсон чинь Д гэх залуу үүдний хэсэгт цустай хутгалдчихсан, газар дээшээ харсан байдалтай ухаангүй хэвтэж байсан, тухайн айлд танихгүй 3 залуу, тэгээд манай байрны эзэн залуу Б гэх хүмүүс байна. Тэгээд би юу болсон талаар асууж амжаагүй зогсож байсан чинь Б-н эхнэр нь орж ирээд шууд эмнэлэг авч явахгүй бол болохгүй гээд Б-н эхнэрийн машинд бид нар өргөж суулгаад сумын эмнэлэг орсон түргэн тусламжийн өрөөнд оруулж тавиад гарсан, тэгээд эмнэлгийн гадаа зогсож байсан чинь Д гэх залуу нас барсан байна гэж эмнэлгийн хүн мэдэгдсэн” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 52-53/

Гэрч Н.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2022 оны 02 дугаар сарын 02-ны өдөр бид нарын түрээсэлдэг байрны эзэн Б 15 цагийн орчимд өрөөнд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай, цэнхэр өнгийн дөрвөлжин шилтэй 1 литрийн архитай орж ирсэн. Бид нар өмнөх өдөр нь Б ахтай золгосон байсан тул ахын дүү нар юу хийж байна, ахдаа нэг цай чанаад өгчих гэж хэлсэн. Энэ үед манай найз Д гэрээс гараад сүүнд явсан. Б ах хэсэг унтаж амрах гээд миний унтдаг орон дээр унтсан. Тэгээд манай найз Д дэлгүүр ороод сүү аваад орж ирээд бид нар цай чанаад, өөр өөрсдийн гар утсаар фейсбүүк ороод юм яриад суусан. 18 цагийн орчимд нийтийн байрны ... тоотод амьдардаг Д өрөөнд архи согтууруулах ундааны зүйл нилээн хэрэглэсэн байдалтай орж ирээд орон дээр унтаж байсан Б ахын хөлөн дээр суухад Б ах сэрсэн. Тэгээд манай найз Н тэр хоёрт цай хийж өгсөн. Б ах өрөөнд орж ирэхдээ авч орж ирсэн шилтэй архиа сэнжтэй шилэн аяганд бид нарт аягалж өгөхөд манай найз Н архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй болохоор огт уугаагүй, Д 2-3 удаа аягалж өгөхөд уусан байх, миний хувьд 3-4 удаа аягалж өгөхөөр нь уусан. Манай өрөөнд орж ирсэн Д мөн надтай адил 3-4 удаа аягалж өгөхөөр нь уусан. Д нь өрөөнд орж ирэхдээ нилээн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан тул зарим хэлж ярьж байгаа зүйл нь ойлгогдохгүй байсан. Тэгээд 18 цаг 40 минутын орчимд Б ахын аягалж байсан архи нь дуусаад бид нар хөзөр тоглохоор болоод Б, Д, Д бид дөрөв арвангурав гэх хөзрөөр тоглодог тоглоом тоглож байхад Д өөрийн гартаа барьж байгаа хөзрөө ялгаж чадахгүй газар унагаагаад байхаар нь бид нар хөзөр тоглохгүй дуусгасан. Энэ үед Б ах Д-д хандаж ахын дүү архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд болсон юм биш үү, гэртээ орж унтаж амар гэж хэлэхэд үгүй би сууж байна гэж хэлсэн. Мөн Б ах Д-д дахин хандаж ахын дүү эсвэл энд унтаж амрах юм уу гэж хэлээд дээлээ өмсөөд бие засах гээд өрөөнөөс гараад явсан. Мөн Д Б ахын араас өрөөнөөс гараад явсан. 3-4 минутын дараа Б ах өрөөнд буцаад орж ирээд өрөөний хаалгыг дотор талаас нь цоожилсон. Б ах за ахын дүү нар цагаан сар болж байгаа юм чинь хэдүүлээ хөзөр тоглох уу гэж хэлээд бид 4 хөзөр тоглох гэж байхад өрөөний хаалгыг Д чанга, чанга дугараад хэд хэдэн удаа нүдчихээд явсан. 1-2 минутын дараа дахин ирээд өрөөний хаалгыг нүдсэн. Энэ үед Б өрөөний хаалга нээчих гэж хэлээд өрөөний хаалгыг Д нээж өгсөн. Д гэрт орж ирээд Б ахын доод талд орны толгойн хэсэг дээр суугаад гудамжинд байгаа юм шиг шалан дээр шүлсээ хэд хэдэн удаа хаясан. Тэгсэн чинь Б ах Д-д хандаж ахын дүү согтсон байна, гэртээ орж унтаж амар, айлын гэрт шүлсээ хаяж болохгүй шүү дээ гэж хэд хэдэн удаа хэлэхэд Д өөдөөс нь юм ярихгүй дахин шүлсээ хаяад байсан. Энэ үед бид гурав хоймор хэсэгт гудас дэвссэн сууж байсан. Б ах орон дээрээс босоод Д-г өрөөнөөс гаргах гээд баруун талын мөрөн дээрээс нь баруун талын гараараа татсан чинь гарахгүй байхаар нь Д-н хамар болон нүүр хэсэг рүү аль гараар цохисон талаар сайн анзаарч хараагүй, 3-4 цохих үед бид гурав босож ирээд Д бид хоёр Б ахыг Д-с салгаад хоймор хэсэг рүү түлхэж байхад Д босож ирээд Б ахыг цохих гэсэн чинь арай хүрээгүй. Тэгсэн чинь Б ах Д бид хоёрыг ширээ рүү түлхээд Д-г орон дээр татаж зүүн талаар нь хэвтүүлээд толгой болон нүүр хэсэг рүү баруун талын гараараа хэд хэдэн удаа цохисон. Тэгээд бид гурав Б ахыг Д-с салгасан чинь Д орон дээрээс босоод ирэх үед Б хоёр гараараа Д-н цээжин хэсэг рүү түлэхэд Д өрөөний хаалганы баруун талын ханыг нуруу болон толгойн дагз хэсгээр хүчтэй цохиж, дээшээ хараад баруун талаараа шалан дээр ухаан алдаж унасан. Энэ үед бид 4 Д-г яасан бол гэж бодоод хартал ухаан алдсан амьсгалтай байсан. Тэгээд бид нарт эмнэлэг рүү залгаж дуудлага өгөх гэсэн боловч дугаарыг нь мэдэхгүй байсан тул би өрөөнөөс гарч гүйгээд ... тоотод амьдардаг С.Х ахыг дуудаж өрөөнд оруулж ирсэн. Мөн Б ах өрөөнөөс гараад Д-н гэрт орж хоёр хүүхдээс нь Д-н ахынх нь гар утасны дугаарыг аваад залгаж яриад танай дүүг би цохиод унагасан чинь сэрэхгүй байна гэж ярьсан. 3-5 минутын дараа Б ахын эхнэр суудлын тээврийн хэрэгсэлтэй ирээд бид нар Д-г өрөөнөөс өргөж гаргаад машинд суулгаад эмнэлэгт хүргэж өгсөн. Эмнэлэг рүү явж байхад Д хөдөлгөөнгүй байсан... Бид нарын зүгээс Д-д гар хүрээгүй” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 58-59/

Гэрч А.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би 2022 оны 02 дугаар сарын 03-ны өдөр ... 15:00 цаг өнгөрч байхад байрны эзэн Б ах манай өрөөнд 1 литрийн архи барьж орж ирээд орон дээр юм ярьж байснаа унтаад өгсөн. Тэгээд Б ах 18:00 цаг өнгөрч байхад сэрээд бид нар юм яриад байж байсан чинь манай хажуу талын хөрш Д нилээд согтсон байдалтай орж ирэхээр нь баяр болж байна гээд Б ах архиа задалж тойруулж хувааж ууцгаасан. Энэ үед би тамхи байхгүй байсан учир дэлгүүр рүү тамхи аваад ирсэн чинь нөгөө Б ахын авчирсан архи дуусаж байсан. Намайг орж ирэхэд Б ах надад сэнжтэй аягаар 30-40 грамаар хоёр удаа өгч би архийг уусан. Архи дууссан байсан учир Н, Б, Б, Д бид нар 13 тоглоод эхэлсэн. Энэ үед Д эхний тоглоомонд ороод хөзрөө эвлүүлж чадахгүй байсан учир больсон. Энэ үед цаг 19:00 цаг болж байсан санагдаж байна. Д ах нилээд согтсон байсан учир Б ах чи харьж амар гэж хэлсэн чинь би явахгүй гээд суугаад байсан. Тэгсэн Б ах бие засахаар гадагшаа гарахад Д араас нь гарсан. Хэсэг хугацааны дараа Б ах орж ирээд хаалгаа түгжээд бид нар хөзрөө тоглож эхэлтэл өрөөний хаалгыг хүчтэйгээр Д нүдээд байхаар нь эхэндээ онгойлгохгүй гүрийж байгаад сүүлдээ хаалга эвдчих гээд байхаар нь би онгойлгосон чинь Д орж ирээд суусан. Д орж ирээд сандал дээр сууж байснаа гэрт шүлсээ хаяад байхаар нь би боль гэж хэлсэн чинь юм дуугарахгүй байж байсан чинь Б ах Д-д хандан би чамайг гэртээ харь гэж хэлээ биздээ гээд буйдан дээр түлхэж суулгасан чинь Д уурлаж босож ирээд Б ахыг яахлаараа түлхдэг юм гээд тэр хоёр заамдалцаад хоорондоо муудалцаж эхлээд Б ах нэг цохиод, талийгаач зөрүүлж нүүр рүү нь нэг цохиод, дахиад Б ах Д-н нүүр рүү цохьсон чинь хамарнаас нь цус гарахаар нь бид нар салгаад Д-н хамарнаас гарсан цусыг нойлын цаасаар тогтоож өгсөн. Д цусаа тогтоосны дараа дахин Б ах руу миний хамарнаас цус гаргадаг хэн бэ? гэж хэлээд дахиад дайрсан чинь Б ах Д-г хоёр гараараа нилээн хүчтэй түлхсэн чинь хаалганы хажуу талын ханыг мөргөөд унасан. Д унаад босож ирэхгүй болохоор нь Б ах цээжин дээр нь хоёр гараараа нилээд дарсан боловч сэрэхгүй байсан. Тэгээд бид нар эмнэлэгийн дугаарыг мэдэхгүй болохоор Б ах авгай руугаа залгаж дуудаад машинаар эмнэлэг дээр авчирсан. Д толгойгоороо хана мөргөөд дагзаараа унасан” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 65-67/

Гэрч Э.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2022 оны 02 дугаар сарын 03-ны өдөр шинийн 02-ны өдөр байсан тул Б, Д бид 3 гэртээ амарсан. Би 3 хамт 1 өрөө түрээслэдэг юм. Уг өдөр 15 цагийн орчим байхаа нийтийн байрны эзэн Б ах манай өрөөнд нилээн согтуу байдалтай “дүү нартайгаа 1 шил юм уучихья” гээд 0,75 граммын 1 шил архи бариад орж ирсэн юм. Б ахыг орж ирэхэд нь бид нар цай ч чанаагүй байсан болохоор Д усанд явж ирээд цай чанаж байх хооронд Б ах авчирсан архинаасаа 1 удаа байхаа даа татчихаад унтаад өгсөн. Би түүний авчирсан архинаас бол уугаагүй. Б ахыг унтаж байхад талийгаач Д бас нилээн согтуу байдалтай орж ирээд Б ахыг харчихаад “ах босоорой” гээд түүнийг унтаж байхад нь татаад сэрээж босгосон. Ингээд Б ахын авчирсан үлдсэн архийг Б ах, Д, Д, Б нар хуваагаад ууж суусан, би тэр хооронд бууз жигнэсэн. Тэд нар архиа уугаад бараг дуусаж байхад Д жоохон согтуурхаад Б ахыг “та намайг тоодоггүй биздээ, дүү нь хүнтэй суумаар байна” гээд янз бүрийн юм ярьж байсан. Б ах өөрөө бөө хүн юм шиг байна лээ, тэгээд юм үзэж хардаг болохоор ч юм уу Д-д “ах нь чамайг гэр бүлтэй болгох талаас нь, гайгүй хүнтэй уулзуулах юм бодож өгье” гэсэн зүйл ярьсан. Б ах Д-г согтуу олон үг хэлээд, янз бүрийн юм яриад байхаар нь жоохон төвөгшөөгөөд байгаа бололтой манайд сууж байгаад архи ууж дуусаад бууз амсчихаад гараад явчихсан. Талийгаач болохоор бууз идчихээд бас манай  өрөөнөөс гарсан. Д шууд гэртээ орох шиг болсон. Д-г дөнгөж гарч явсны дараа Б ах манай байрны өөр нэг өрөөнд байдаг Х гэх ахынд орчихоод зөрж орж ирээд манай өрөөний хаалгыг дотор талаас нь түгжээд “цаадах чинь бас ороод ирнэ” гэж байсан. Б ахыг хаалга түгжээд удаа ч үгүй байхад Д хаалга нүдээд “хаалгаа онгойлго, би таныг байгааг мэдэж байна” гээд байсан. Д бараг хаалга эвдчих гээд чанга нүдээд байсан тул Б ах “за за онгойлгоё” гээд хаалгаа тайлаад Д-г оруулсан. Д манай гэрт орж ирээд манай өрөөнд байдаг буйдан дээр суучихаад шүлсээ хаяад Б ахыг “Чиний үздэг хардаг чинь тэндээ л юм байгаа биз” гээд хэрүүл өдөөд байсан. Тэгсэн чинь Б ах Д-г аргадаад “ахын дүү согтчихсон байна, одоо орж амар, гэртээ ор” гээд Д-г татаад босгох гэхээр Д Б ахын өөдөөс хэдэрлээд “ормооргүй байна, юм уумаар байна” гээд босохгүй байсан. Д өөрөө махлах том биетэй учир Б ах Д-г босгож дийлээгүй. Д, Б ах нар нэгнээ мэддэг хүмүүс, харин бид нар тэр хоёрыг сайн мэдэхгүй учир хажуунаас нь нэг их юм яриагүй хараад байж байсан. Д нилээн согтчихсон байсан бөгөөд Б ахын үгэнд орохгүй, шүлсээ хаяад байсан тул Б ах Д-г сууж байхад баруун, зүүн гараараа нэг нэг удаа алгадчих шиг болсон. Би өрөөний буланд байсан, Б, Д хоёр Д-н хажууд нь сууж байсан болохоор харсан байх, би яг хэд цохьсныг нь тодорхой мэдэхгүй байна, 2 удаа баруун зүүн гараараа Д-н 2 хацар руу нь алгадах шиг болсон, яг хаана нь алгадсныг нь тодорхой хараагүй. Б ах Д-г алгадахад Д-н хамарнаас цус гоожсон бөгөөд Д хажуу тийшээ тонгойгоод буйдан дээр цусаа гоожуулаад байсан чинь Д, Б нар “наана чинь бөөн цус боллоо” гэхэд Б ах Д-г шилэн хүзүүн дээрээс нь татаад шалан дээр дөрвөн хөллүүлээд түүний нуруу, ууц орчим дээр нь гараараа 3 удаа байхаа алгадсан. Энэ үед Д, Б нар босоод Б ахын хоёр талаас нь бариад “та одоо болио” гэхэд Б ах “ах нь одоо зүгээр ээ зүгээр” гээд Д-г алгадахаа зогсоосон. Б ах дахиж Д-г цохиогүй. Б ах “Х-г дуудчих, Д-г оруулж унтуул гэж хэлээрэй” гэхээр нь би өрөөнөөс гарахад нийтийн байрны ... номерын өрөөнд байдаг Х ах өрөөнийхөө үүдэнд зогсож байхаар нь дуудсан. Х ах өрөөндөө дөнгөж орчихоод буцаж гарч ирж байх хооронд би буцаад өрөөний үүдэнд ирээд дотогш хараад зогсож байхад Д босоод ирчихсэн Б ахыг “хоёулаа үзчихье” гэхэд Б ах “Тэгвэл тэгье” гэж хэлээд Д-н халз урдаас нь хоёр гараараа 2 мөр рүү хүчтэй түлхсэн. Д манай өрөөний гол хэсэгт үүдэн талдаа, Б ах болохоор хоймор хэсэгт зогсож байгаад Д-г түлхсэн бөгөөд Д түлхэгдээд хойшоо унахдаа дагзаараа хаалганы хажуугийн хана руу “тас” гээд саваад унасан. Д тэгж уначихаад ухаан алдчихсан юм шиг ямар ч мэдрэлгүй болчихсон. Миний анзаарснаар Д тэгж уначихаад амьсгалахгүй байх шиг байсан. Тухайн үед Б ч гэсэн Д-г “амьсгалахгүй байх шиг байна шүү дээ” гэхэд Б ах “арай ч үгүй биздээ” гээд Д-н хамар дээр нь хуруугаараа амьсгалж байгаа эсэхийг нь шалгаснаа “цохилж байх шиг байна” гэснээ Д-н цээжин дээр дараад массаж хийгээд байсан. Д тэгж хойшоо савж уначихаад ямар ч хөдөлгөөнгүй, босож ирэхгүй байсан чинь Б ах эхнэр рүүгээ залгаж “хань нь хүн алчих шиг боллоо, ухаангүй болчихлоо, түргэн дуудаарай” гэж ярьсан. Мөн Д-н ах руу нь ярьлаа гэж байсан. Б ахыг эхнэртэйгээ ярьсны дараа удаагүй Б ахын эхнэр нь гэх эмэгтэй машинтай ирээд бид нар Д-г дамжилж өргөөд түүний машинд нь оруулаад эмнэлэг аваад явсан. Би эмнэлэг рүү цуг яваагүй, араас нь очиход Д-г өнгөрсөн байна гэж хэлж байсан” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 69-73/

Гэрч Б.С-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн  “... О-н гэрт очоод 30-40 минутын дараа буюу 19 цаг 40 минутын орчимд охины гар утас руу манай нөхөр залгаад Д-н ахынх нь гар утасны дугаар байна уу гэж асуухаар нь байхгүй, юу болсон юм бэ гэж асуухад би Д-г цохиод, хана руу түлхсэн чинь ухаан алдаад уначихлаа сэрэхгүй байна гэж ярихаар нь би сандраад шууд яваад очиход ... тоотод өрөөний хаалгыг нээхэд Д өрөөний үүдэн хэсэгт дээшээ харсан байдалтай хэвтэж байсан. Тэгээд би та нар чинь юугаа хараад байгаа юм бэ эмнэлэг рүү явья гэж хэлээд тэнд байсан эрэгтэй хүмүүс Д-г өргөөд машинд суулгаад эмнэлэгт хүргэж ирсэн. Манай нөхөр ... оны ... дүгээр сарын ...-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн. Бага насандаа аав, ээжийн гар дээр хүмүүжсэн. Ерөнхий боловсролын сургуулийг 8 дугаар анги төгссөн. Манай нөхөр айлын баг хүү, дээрээ 6 ах, 1 эгч, 1 эмэгтэй дүүтэй. Улаанбаатар хотод хувиараа хөдөлмөр эрхэлдэг байсан. 1998 онд нөхөр Б бид хоёр танилцаж, гэр бүл болсон. 1998 оноос 2002 он хүртэл хувиараа хөдөлмөр эрхэлдэг. 2002 оноос 2007 оны хооронд уул уурхайн компанид ажилдаг байсан. 2010 онд Дорноговь аймгийн Замын-Үүд суманд гэр бүлийн хамт шилжиж ирсэн. 2010 оноос хойш одоог хүртэл ачааны тээврийн хэрэгслийн жолооч болон хувиараа хөдөлмөр эрхэлж байна. Манайх ам бүл 6 эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг. Д нь 2021 оны 04 дүгээр сараас ... тоотод байрлах нийтийн байрны ... тоотод 2 хүүхдийн хамт өрөө түрээслэж амьдардаг. Д нь Замын-Үүд сумын төмөр замд ажилладаг. Зан харилцааны хувьд даруухан найрсаг харилцаатай хүн. Манай нөхөр Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаггүй. Хааяа нэг баяр наадмын үер ганц нэг хундага татаж харагддаг. Сая манай нөхөр юу нь мэдэгдэхгүй надаас ганц шил архи уучих уу гээд асуугаад, сүүлийн үед ууртай, уцаартай, эсвэл их тайван байгаад байсан. Нөхөр элгэний хатуурал өвчиндөө ингээд байгаа юм болов уу гэж бодсон” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 75-76/

Гэрч  Ц.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Манай дүү Б Налайх дүүрэгт төрж өссөн, яг хэзээ төрснийг нь бол санахгүй байна, бага байхад нь бид хоёр ойр дотно байгаагүй болохоор ерөнхийдөө санахгүй байна, миний мэдэхээр архи дарс амсдаггүй, томоотой л залуу шиг санагддаг. Би Б-н талаар сайн мэдэхгүй байнаа. Манай гэрт ирэхээрээ огт архи дарс уудаггүй, уугаад явж байна ч гэж би сонсож байгаагүй. Бага байхын техникт сонирхолтой хүүхэд байсан, элдэв янзын муу зуршил анзаарагдаж байгаагүй, тамхи ч татдаггүй хүн шүүдээ. Би ямар ажил эрхэлдэг талаар мэдэхгүй байна, ямар ч байсан эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг” гэсэн мэдүүлэг /хх-ийн 83-84/

Гэрч Ч.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2022 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлэгт 16 цагаас маргааш өглөөний 08 цаг хүртэл яаралтай тусламжийн тасагт эрэмбэлэн ангилалтын их эмчээр ажиллаж байхад 20 цаг 35 минутанд яаралтай тусламжийн тасагт иргэн ухаан алдсан байдалтай эмнэлэгт хүргэж ирж байна гэсэн дуудлагын дагуу тус өдөр ажиллаж байсан миний бие болон эмч, сувилагч, асрагч нарын хамт гаднаас машинаас иргэн Ө.Д-г зөөвөрлөж эмнэлгийн яаралтай тусламжийн өрөө рүү орж ирээд тухайн хүнийг үзлэг хийж үнэлэхэд амьсгал, зүрх судасны үйл ажиллагаа зогссон, иргэн Ө.Д нь нас барсан байсан. Тийм учраас хамт орж ирсэн хүмүүст энэ талаар хэлэхэд махлаг, өндөр, дээлтэй залуу бид нарын хажуугаар орж ирээд би энэ хүнийг эмнэлэг рүү авч ирэхээс өмнө цээжин дээр нь баахан дарсан та нар зүрх цохиулдаг аппаратаар цохиулаач гэж хэлээд мөн Ө.Д-н цээжин дээр хэд хэдэн удаа дарсан. Тэгээд би нар тухайн хүнийг энд байх шаардлагагүй гэж хэлээд өрөөнөөс гарсан. Хүнд цээж шахалтыг буруу техник байрлалаар хийвэл хавирга хугарах эрсдэлтэй. Иргэн Ө.Д-г өрөөнд оруулаад ирээд үзлэг хийхэд нас барсан байсан тул эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх боломжгүй байсан” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 87-88/

Гэрч М.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2022 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 20 цагийн орчимд гэртээ байж байхад манай нөхөр Ө.Б-ний гар утас руу нэг хүн залгаад юм яриад байсан. Манай нөхөр Ө.Б манай төрсөн дүү Ө.Д-г нэг хүн цохисон юм шиг байна, хоёулаа хамт амьдардаг байр руу нь очих уу гэж хэлээд нөхөр бид хоёр Ө.Д-н амьдардаг ... гудамжинд байдаг нийтийн байранд очиход хүмүүс байхгүй Б-н төрсөн охин байхаар нь юу болсон юм бэ гэж асуухад эмнэлэг явсан гэж хэлсэн. Тэгээд нөхөр бид хоёр эмнэлэг дээр ирэхэд Б-н эхнэр эмнэлгийн гадаа уйлаад байж байсан. Эмнэлэг рүү явж ороход яаралтай тусламжийн өрөөнд эмч нар болон орон дээр хэвтэж байсан Ө.Д-н цээжин дээр Б дараад та нар яагаад тусламж үзүүлэхгүй байгаа юм бэ гэж байсан. Эмч нар Ө.Д-д анхан шатны тусламж үзүүлэх боломж байхгүй, нас бараад удсан байна гэж хэлсэн. Эмнэлэг дээр байсан 3 залуу бид нар ямар ч хамаарал байхгүй, Б Д-г цохисон гэж хэлж байсан. Мөн Б би Д-г цохисон, хэргээ өөрөө даана гэж хэлж байсан. Манай нөхрийн төрсөн дүү Ө.Д нь ямар нэг муухай зан авир байхгүй. Ахынхаа болон миний үгэнд сайн ордог залуу байсан. Ө.Д нь эхнэр, 2 хүүхдийн хамт амьдарч байгаад 2021 онд эхнэр нь өвчний улмаас нас барсан. Тэрнээс хойш 2 хүүхдийн хамт амьдарч байсан” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 90-91/

Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2022 оны 02 дугаар сарын 04-ний шөнө 01 цаг 15 минутанд гэмт хэрэгт сэрдэгдсэн иргэн Ц.Б-г хүлээн авч архи согтууруулах ундааны согтолтын зэрэг шалгах драгер багажаар шалгахад 0.27 хувьтай согтолттой байсан. Тийм учраас эрүүлжүүлсэн” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 93/

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 02 сарын 07-ны өдрийн “1. Ц.Б-н цээжний баруун дээд талд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

 2. Дээрх Гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно” гэсэн 04/062 /1хх-ийн 105-106/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  2022 оны 03 сарын 04-ний өдрийн “1. Шинжилгээнд ирүүлсэн амь хохирогч Ө.Д-н өмсөж байсан гэх саарал өнгийн подволк, саарал өнгийн биеийн тамирын өмд, үдээстэй хар өнгийн хос гутал, саарал дотоож, хар саарал өнгийн эрээн оймс нь шинжилгээнд тэнцэнэ.

 2. Шинжилгээнд ирүүлсэн амь хохирогч Ө.Д-н өмсөж байсан гэх саарал өнгийн подволк, саарал өнгийн биеийн тамирын өмд, үдээстэй хар өнгийн хос гутал дээрээс цус илэрсэн. Илэрсэн цусны ДНХ-ийн тогтцыг тогтоов.

3. Илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо бүртгэлийн 1113 дугаартай дүгнэлтэд тусгасан амь хохирогч Ө.Д-н гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна” гэсэн шинжээчийн 1114 тоот дүгнэлт /1хх-ийн 139-140/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  2022 оны 03 сарын 04-ний өдрийн “1. Шинжилгээнд ирүүлсэн Ц.Б-н өмсөж байсан гэх хувцаснууд нь шинжилгээнд тэнцэж байна.

2. Шинжилгээнд ирүүлсэн Ц.Б-н өмсөж байсан гэх ногоон өнгийн дээл, цэнхэр өнгийн Монгол цамц, хээтэй, хар өнгийн Монгол гутал дээрээс цус илэрсэн. илэрсэн цусны ДНХ-ийн тогтцыг тогтоов.

3. Илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо бүртгэлийн 1113 дугаартай дүгнэлтэд тусгасан амь хохирогч Ө.Д-н гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна.” гэсэн 1115 тоот шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 146-147/

Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2022 оны 02 сарын 21-ний өдрийн  “1.Ц.Б нь сэтгэцийн ямар нэгэн өвчин үгүй болно. 2.Ц.Б нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай болно” гэсэн 08 тоот дүгнэлт /1хх-ийн 163-165/

Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны  2022 оны 03 сарын 14-ний өдрийн “1. Амь хохирогч Ө.Д-н биед гавал тархины далд гэмтэл, Их тархины зүүн чамархай хэсгийн аалзан бүрхүүл дорх цус харвалт, хуйханд ар дагзны баруун хэсэгт цус хуралт, доод уруулын баруун гадна талд зулгаралт, уг зулгаралтын дотор талд уруулын дотор салстанд язарсан шарх, цус хуралт, баруун гарын бугуйны ар талд зулгаралт, зүүн бугалганы дотор дээд талд зулгаралт, баруун далны хэсэгт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

 2. Амь хохирогчийн биед үүссэн дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болох цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

 3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ.

4. Амь хохирогчийн биед учирсан гавал тархины далд гэмтэл, их тархины зүүн чамархай хэсгийн аалзан бүрхүүл дорх цус харвалт Гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт, хуйханд ар дагзны баруун хэсэгт цус хуралт, доод уруулын баруун гадна талд зулгаралт, уг зулгаралтын дотор талд уруулын дотор салстанд язарсан шарх, цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт, баруун гарын бугуйны ар талд зулгаралт, зүүн бугалганы дотор дээд талд зулгаралт, баруун далны хэсэгт зулгаралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно.

5. Амь хохирогч нь гавал тархины далд гэмтэл, их тархины зүүн чамархай хэсгийн аалзан бүрхүүл дорх цус харвалтын улмаас зүрх судасны хурц дутагдалаар нас баржээ.

 6. Нас барах үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн дунд зэргийн согтолттой байсан байна.

 7. Шинээр илэрсэн зүйлгүй болно” 04/10 тоот шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 169-172/

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 02 сарын 07-ны өдрийн “ Ц.Б-г яллагдагчаар цагдан хорьсон 2022/ЦХШЗ/06 тоот шүүгчийн захирамж /1хх-ийн 201-203/

Шүүгдэгч Ц.Б нь урьд нь ял шийтгүүлж байгаагүй гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 214/

Шүүгдэгч Ц.Б-н ... регистрийн дугаарын иргэний үнэмлэхийн хуулбар /1хх-ийн 218/

2022 оны 02 сарын 17-ны өдөр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Б-н Х банкны ... тоот данс руу 4,000,000 төгрөг шилжүүлсэн Х банкны мөнгөн шилжүүлгийн баримт /1хх-ийн 222/

Эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл тэмдэглэл /1хх-ийн 226/

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын засаг даргын 2002 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Б/03 тоот захирамжаар Д.А, Д.Х нарын асран хамгаалагчаар Ө.Ц-г тогтоосон захирамжийн хуулбар /2-р хх-ийн 7/

... дарга А.О-н “ хохирогч А.Д-г 1,658,000 төгрөгийн цалинтай болохыг тодорхойлсон “ 58/123 тоот албан бичиг /2хх-ийн 8/

Хохирлын баримт /2хх-ийн 15-35/

2022 оны 03 сарын 23-ны өдөр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Б-н Х банкны ... тоот данс руу 6,000,000 төгрөг шилжүүлсэн Х банкны мөнгөн шилжүүлгийн баримт /2хх-ийн 44/ баримт

Шүүгдэгч Ц.Б-н болон түүний охин Б.У-н эрүүл мэндийн талаарх баримт /2хх-ийн 69-78/

Тэгжээгчээ алдсаны  тэтгэвэр тогтоолтын хуудас /шүүхийн хэлэлцүүлэгт өсгөн/  зэргийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл  

Нэг.Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ц.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Замын-Үүд сумын 2 дугаар баг ... тоотод байрлах нийтийн байрны ... тоот өрөөнд 2022 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн орой 19:00-20:00 цагийн орчимд Ө.Д-г “ айлд шүлсээ хаялаа, согтсон байна,” гэх шалтгааны улмаас хувийн таарамжгүй харьцаа үүсгэсэн байх ба тухайн үед Ө.Д нь шүүгдэгчийн цээжний зүүн дээд хэсэгт нэг удаа цохиход нь шүүгдэгч  нь зөрүүлээд алгадсан, хамраас нь цус гаргасан, хамт байсан Д, Б нар нь Б-г “та одоо болио” гэж хэлээд салгасан, үүний дараа Ө.Д “ миний хамраас цус гаргачихлаа” гэж шалтгаанаар орон дээрээс босч ирэхэд нь шүүгдэгч түүнийг түлхэхэд толгойн ар дагз хэсгээр хана цохиж газарт унасан, шүүгдэгч нь Ө.Д-н цээжин тус газарт нь дарж, сэхээн амьдруулах үйл явцыг хийсний дараа эмнэлэгт хүргэхэд нас барсан байсан үйл баримт болжээ.

1-р хавтаст хэргийн 169-172 дугаар хуудсанд авагдсан Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны  2022 оны 03 сарын 14-ний өдрийн шинжээч эмч П.Г нь хохирогч Ө.Д-н биед учирсан гэмтэл, түүний үхлийн шалтгааныг  “1. Амь хохирогч Ө.Д-н биед гавал тархины далд гэмтэл, Их тархины зүүн чамархай хэсгийн аалзан бүрхүүл дорх цус харвалт, хуйханд ар дагзны баруун хэсэгт цус хуралт, доод уруулын баруун гадна талд зулгаралт, уг зулгаралтын дотор талд уруулын дотор салстанд язарсан шарх, цус хуралт, баруун гарын бугуйны ар талд зулгаралт, зүүн бугалганы дотор дээд талд зулгаралт, баруун далны хэсэгт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо...5. Амь хохирогч нь гавал тархины далд гэмтэл, их тархины зүүн чамархай хэсгийн аалзан бүрхүүл дорх цус харвалтын улмаас зүрх судасны хурц дутагдалаар нас баржээ” гэж дүгнэсэн байх ба тухайн дүгнэлттэй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.7 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар оролцогчид танилцсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад ямар нэг хүсэлт гаргаагүй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримт буюу хэрэг явдал болох үед хамт байсан, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэх гэрч Д-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Д уурлаж босож ирээд Б ахыг яахлаараа түлхдэг юм гээд тэр хоёр заамдалцаад хоорондоо муудалцаж эхлээд Б ах нэг цохиод, талийгаач зөрүүлж нүүр рүү нь нэг цохиод, дахиад Б ах Д-н нүүр рүү цохьсон чинь хамарнаас нь цус гарахаар нь бид нар салгаад Д-н хамарнаас гарсан цусыг нойлын цаасаар тогтоож өгсөн. Д цусаа тогтоосны дараа дахин Б ах руу миний хамарнаас цус гаргадаг хэн бэ? гэж хэлээд дахиад дайрсан чинь Б ах Д-г хоёр гараараа нилээн хүчтэй түлхсэн чинь хаалганы хажуу талын ханыг мөргөөд унасан. Д унаад босож ирэхгүй болохоор нь Б ах цээжин дээр нь хоёр гараараа нилээд дарсан боловч сэрэхгүй байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 65-67/

-гэрч Н.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Б ах орон дээрээс босоод Д-г өрөөнөөс гаргах гээд баруун талын мөрөн дээрээс нь баруун талын гараараа татсан чинь гарахгүй байхаар нь Д-н хамар болон нүүр хэсэг рүү аль гараар цохисон талаар сайн анзаарч хараагүй, 3-4 цохих үед бид гурав босож ирээд Д бид хоёр Б ахыг Д-с салгаад хоймор хэсэг рүү түлхэж байхад Д босож ирээд Б ахыг цохих гэсэн чинь арай хүрээгүй. Тэгсэн чинь Б ах Д бид хоёрыг ширээ рүү түлхээд Д-г орон дээр татаж зүүн талаар нь хэвтүүлээд толгой болон нүүр хэсэг рүү баруун талын гараараа хэд хэдэн удаа цохисон. Тэгээд бид гурав Б ахыг Д-с салгасан чинь Д орон дээрээс босоод ирэх үед Б хоёр гараараа Д-н цээжин хэсэг рүү түлхэхэд Д өрөөний хаалганы баруун талын ханыг нуруу болон толгойн дагз хэсгээр хүчтэй цохиж, дээшээ хараад баруун талаараа шалан дээр ухаан алдаж унасан...” гэсэн мэдүүлэг  /1хх-ийн 58-59/

-гэрч Э.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Б ах Д-г сууж байхад баруун, зүүн гараараа нэг нэг удаа алгадчих шиг болсон. Би өрөөний буланд байсан, Б, Д хоёр Д-н хажууд нь сууж байсан болохоор харсан байх, би яг хэд цохьсныг нь тодорхой мэдэхгүй байна, ...Б ах Д-г алгадахад Д-н хамарнаас цус гоожсон бөгөөд Д хажуу тийшээ тонгойгоод буйдан дээр цусаа гоожуулаад байсан чинь Д, Б нар “наана чинь бөөн цус боллоо” гэхэд Б ах Д-г шилэн хүзүүн дээрээс нь татаад шалан дээр дөрвөн хөллүүлээд түүний нуруу, ууц орчим дээр нь гараараа 3 удаа байхаа алгадсан. Энэ үед Д, Б нар босоод Б ахын хоёр талаас нь бариад “та одоо болио” гэхэд Б ах “ах нь одоо зүгээр ээ зүгээр” гээд Д-г алгадахаа зогсоосон. ... Д босоод ирчихсэн Б-г ахыг “хоёулаа үзчихье” гэхэд Б ах “Тэгвэл тэгье” гэж хэлээд Д-н халз урдаас нь хоёр гараараа 2 мөр рүү хүчтэй түлхсэн...Д түлхэгдээд хойшоо унахдаа дагзаараа хаалганы хажуугийн хана руу “тас” гээд саваад унасан. Д тэгж уначихаад ухаан алдчихсан юм шиг ямар ч мэдрэлгүй болчихсон...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 69-73/,

- хэрэг болсон газарт үзлэг хийсэн  тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 03-12/,

-шүүгдэгч Ц.Б-н биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зураг /1хх-ийн 22/,

-цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 26-34/,

-эд мөрийн баримтаар  тооцох тухай мөрдөгчийн тогтоол  /1хх-ийн 38/,

-шүүгдэгч Ц.Б-н хэрэг болох үед өмсөж явсан гэх хувцаснуудаас илэрсэн цусны ДНХ нь тогтцоороо хохирогч Ө.Д-н цусны ДНХ тогтоцтой тохирч байгаа дүгнэсэн шинжээчийн 2022 оны 03 сарын 04-ний өдрийн 1115 тоот дүгнэлт /1хх-ийн146-147/,

-хохирогч Ө.Д-н биед учирсан гэмтэл, түүнийг үхэлд хүргэсэн шалтгаан нөхцлийг тогтоосон шинжээч П.Г-н 2022 оны 03 сарын 14-ний өдрийн 04/10 тоот дүгнэлт,

-хохирогч Ө.Д-г эмнэлэгт хүлээн авсан гэрч Ч.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...машинаас иргэн Ө.Д-г зөөвөрлөж эмнэлгийн яаралтай тусламжийн өрөө рүү орж ирээд тухайн хүнийг үзлэг хийж үнэлэхэд амьсгал, зүрх судасны үйл ажиллагаа зогссон, иргэн Ө.Д нь нас барсан байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 87-88/,

-гэрч М.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Эмнэлэг рүү явж ороход яаралтай тусламжийн өрөөнд эмч нар болон орон дээр хэвтэж байсан Ө.Д-н цээжин дээр Б дараад та нар яагаад тусламж үзүүлэхгүй байгаа юм бэ гэж байсан. Эмч нар Ө.Д-д анхан шатны тусламж үзүүлэх боломж байхгүй, нас бараад удсан байна гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 90-91/ зэргээс дүгнэхэд шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь “хүнийг алах” гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “ энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд  гэм буруутай  үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж заасан байх бөгөөд  амь хохирогч Ө.Д-г үхэлд хүргэсэн гэмтэл нь шүүгдэгч Ц.Б-н үйлдэлтэй шалтгаант холбоотой байх ба дээрх шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримт нь шүүгдэгчийн мэдүүлгийг давхар нотолсон нотлох баримтууд байна.

Дээрх нөхцөл байдал, хэрэгт хуульд заасны дагуу авагдсан нэг, нэгнээ нотолсон нотлох баримтуудыг харьцуулан дүгнэхэд шүүгдэгч Ц.Б-н хохирогч Ө.Д-н амь насыг хохироосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан хүнийг алах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

Иймд Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг шүүгдэгч Ц.Б-н үйлдэлд тохирсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-д “ өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд  хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно гэж заажээ.

Хэргийн нөхцөл байдал, шүүгдэгч, гэрч Э.Н нарын мэдүүлэг, гэрч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Ц.Б-г хүлээн авч архи согтууруулах ундааны согтолтын зэрэг шалгах драгер багажаар шалгахад 0.27 хувьтай согтолттой байсан” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 93/ зэргээс үзэхэд шүүгдэгч нь өөрөө ухамсарт үйлдэл хийх боломжтой, хохирол, хор уршигийг урьдчилан тооцох боломжтой  байсан нь тогтоогдож байна. Иймд шүүгдэгчийг гэм буруугийн санаатай хэлбэрээр уг гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Ч нь шүүхийн хэлэлцүүлэгт “ 1. 1хх-ийн 43 дугаар хуудсанд авагдсан хууль ёсны төлөөлөгч томилсон тогтоолын “ удирдлага болгох “ хэсэгт 9.5 дугаар зүйлийн 1 дахь хэсгийг гээд хаалт дотор шаардлагатай бол 2 дахь хэсгийг тусгах гэж бичсэн нь ойлгомжгүй. Мөрдөгч хууль ёсны төлөөлөгчийг буруу томилж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг зөрчиж, хохирогчийн ахыг томилсон. Дээрх заалтын дагуу томилох, мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу шүүх, прокурор шийдвэрлэх ёстой байсан. Мөн хүүхдийн асран хамгаалагч нь Ө.Ц гэх хүн тогтоогдсон, тэжээн тэтгэхтэй холбоотой асуудалд иргэний нэхэмжлэгчийн тогтоох ёстой байсан уу гэдгийг анхаараагүй, дээрх байдлыг зөв тогтоосноор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5.4-д заасан хангагдана,

2.Цогцост хийсэн үзлэг, шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн биед хавирганы хугарал гэмтэл тогтоогдсон байдаг. Гэтэл шинжээч нь хавирганы хугарлыг дүгнэлт хэсэгт дүгнээгүй, энэ нь үхэлд хүргэсэн шалтгаанд нөлөөлөхгүй гэж тайлбарлах боловч Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.5, 14 дүгээр зүйлийн 14.1.2, 2014 оны Эрүүл мэндийн сайд, Хууль зүйн яамын сайдын хамтарсан “цогцост шинжилгээ хийх” журмын 5.1-д заасныг тус тус зөрчсөн. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д зааснаар дахин шинжээч томилох шаардлагатай,

3.Тухайн үед 3 гэрч хамт байсан. Энэ 3 гэрчийн мэдүүлэг хоорондоо зөрүүтэй. Н “Б ах Д-г шилэн хүзүүн дээрээс нь татаад шалан дээр дөрвөн хөллүүлээд түүний нуруу, ууц орчим дээр нь гараараа 3 удаа байхаа алгадсан” гэж Б, Д нараас зөрүүтэй мэдүүлсэн. Алгадсан, зодсон гэдгээр ярьдаг, зодсоор байгаад алчихсан юм уу эсвэл талийгаачийг довтолгоон хийх үед түлхсэн юм уу гэдэг нь эргэлзээтэй. Тэгэхээр хүнийг санаатай алсан гэж яллаж байгаа бол мэдүүлгийг зөрүүг арилгах, шалтгаант холбоо, обьектив шинжийг  заавал тогтоосны дараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 4.1 үү, тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар зүйлчлэх үү гэдгийг шийдвэрлэнэ.

4.Мөн шүүх хуралдааны үед илэрсэн нэг нөхцөл байдал бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн материалтай танилцах нөхцөл боломжоор хангаагүй. Цагдан хорих байранд ирээд гарын үсэг зур гээд зуруулсан, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хуралдааны өмнө хальт харсан” гэсэн үндэслэлээр хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд буцаах дүгнэлт гаргаж, мэтгэлцсэнийг шүүх хүлээн авах боломжгүй байна. Үндэслэл нь:

1.Хавтаст хэргийн 43 дугаар хуудсанд мөрдөгч хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр хохирогч Ө.Д-н төрсөн ах Ө.Б-г тогтоосон байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн тухай хуулийн 9.5 дугаар зүйлд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг томилох асуудлыг зохицуулсан байх ба мөрдөгч энэ хуулийн 1 дэх хэсэгт заасан “ мөрдөгч ...“ тогтооно гэсний дагуу тухайн заалтыг удирдлага болгосон байгаа нь хууль зөрчөөгүй байна.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д “ хохирогч нас барсан .... тохиолдолд түүний төрсөн, үрчилж авсан эцэг, эх, эхнэр, нөхөр асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг” тогтоохоор заасан. Талуудын мэтгэлцээны явцад амь хохирогч Ө.Д-н аав, ээж нь 2003, 2013 онуудад нас барсан, түүний эхнэр 2021 онд нас барсан нь тогтоогддог ба энэ гэмт хэргийг шалгах үед 2 хүүхдийн асран хамгаалагч томилогдоогүй байсан бөгөөд түүний төрсөн ах Ө.Б-г хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “... бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх” үндсэн эрхийг зөрчөөгүй байна.

Мөн өмгөөлөгч нь шүүх, прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 3 дхь хэсэгт зааснаар хууль ёсны төлөөлөгчийг тогтоох байсан гэх боловч энэхүү хуулийн тодорхой заалт нь маргаан үүссэн тохиолдолд шүүх шийдвэрлэх юм.

Түүнчлэн энэ хэрэгт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын засаг даргын 2002 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Б/03 тоот захирамжаар Д.А, Д.Х нарын асран хамгаалагчаар Ө.Ц-г тогтоосон байна /2хх-ийн 7/. Энэ хэрэгт тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах нэхэмжлэл гаргасан нь иргэний нэхэмжлэгчээр Ө.Ц-г томилсоноос үл хамаарч нэхэмжлэлийг хангах эсэхийг шүүх шийдвэрлэнэ.

2.Шинжээч эмч П.Г-н 2022 оны 03 сарын 14-ний өдрийн 04/10 тоот шинжээчийн дүгнэлтээр амь хохирогч Ө.Д-н биед учирсан гэмтэл, үхэлд хүргэсэн нөхцөл байдлыг тогтоосон байна. Уг дүгнэлтээс үзэхэд “ ...2-5 дугаар хувирга, өвчүүний хажуугийн шугамаар хугарсан “ талаар шинжилгээний явц хэсэгт тусгасан, харин дүгнэлт хэсэгт бичээгүй байна.

Хуульзүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан  2014 оны 12 сарын 05-ны өдрийн А/216/422 тоот  журмын нэгдүгээр хавстралтаар батлагдсан Гэмтлийн зэрэг тогтоох журмын 1.9.2-т “шинжлүүлэгч нь нэг цагийн хугацаанд  биедээ хэд, хэдэн гэмтэл авсан бол шаардлагатай тохиолдолд гэмтэл тус бүрт эрүүл мэндийн хохирлын зэргийг тогтоох ба эдгээрийн аль хүндээр нь гэмтлийн зэргийг үнэлж, хэрэв эдгээр гэмтлүүд нэг, нэгэндээ  харилцан нөлөөлж шинжлүүлэгчийн биеийн байдлыг хүндрүүлсэн бол тэдгээрийг бүрдэл байдлаар  авч үзэж, эрүүл мэндийн хохирлын зэргийг тогтооно”, хоёрдугаар хавсралтаар батлагдсан Цогцост үзлэг хийх журмын 5.1-д” цогцост илэрсэн гэмтэл, өөрчлөлт, лабораторийн  шинжилгээний хариу, эмнэлгийн бичиг баримт, бусад материалыг нэгтгэн үнэлж үзсэний үндсэн дээр шинжээч эмч шүүх эмнэлгийн шинжилгээний онош тавина гэж тус, тус заасан байна.

Дээрх журмын зохицуулалтуудаас үзэхэд шинжээч эмч П.Г нь шинжилгээний явцад хохирогчийн биед учирсан гэмтлүүдийг тодорхойлсон, хүнд, хөнгөн гэмтэл учирсаныг болон үхэлд хүргэсэн шалтгаан нөхцлийг тогтоосон байгаа нь дээрх журмыг зөрчөөгүй гэж үзнэ.

Шинжээч нь хохирогчийн биед учирсан гэмтлийг олж тогтоогоогүй, орхигдуулсан нөхцөл байдал байхгүй байхаас гадна “ ...2-5 дугаар хувирга, өвчүүний хажуугийн шугамаар хугарсан “  гэмтлийг дүгнэлт хэсэгт оруулснаар амь хохирогчийн үхэлд хүргэсэн шалтгаан нөхцөлд өөрчлөлт орохгүй, шүүгдэгчийн үйлдэл, хохирогчийн нас барсан шалтгааны хооронд дээрх гэмтэл нь шалтгаант холбоогүй байна. Иймд Шүүхийн шинжилгээний тухай хуулийн  20 дугаар зүйлийн 20.1-д заасан “... үндэслэлгүй буюу үнэн зөв болох нь эргэлзээтэй байвал... хүсэлтээр дахин шинжилгээ хийлгэнэ”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2-д заасан “ шинжээчийн дүгнэлт  эргэлзээтэй гарсан бол шүүх, прокурор дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгах” гэсэн үндэслэл тогтоогдохгүй байна.

3.Энэ хэрэгт хэрэг явдал болох үед хамт байсан, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэх Н.Б, А.Д, Э.Н нарт үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэйг тайлбарлаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2-д заасныг сануулж гэрчийн мэдүүлэг авсан байна.

Гэрчүүд хохирогч Ө.Д, шүүгдэгч Ц.Б нарын хувийн таарамжгүй харьцаа үүсгэх нөхцөл байдал, тухайн үед Ө.Д нь Ц.Б-г цохьсон, зөрүүлээд Ц.Б Ө.Д-г алгадаж, хамраас нь цус гаргасан, шүүгдэгч нь хохирогчийн түлхэхэд хана руу толгойн ард дагз хэсгэрээ хүчтэй цохиж газарт унасан, ухаан алдаад амьсгалахгүй байх шиг байсан, энэ талаар нь Ц.Б-д хэлсэн гэх зэргээр агуулгын хувьд зөрүүгүй мэдүүлсэн байдаг. Түүнчлэн гэрч Э.Н-н хувьд архи уугаагүй байсан, тэрээр өрөөний буланд сууж байсан, хэд алгадсаныг хараагүй гэж өөрийнхөө харсан өнцгөөс мэдүүлсэн байдаг бөгөөд “Д-г шилэн хүзүүн дээрээс нь татаад шалан дээр дөрвөн хөллүүлээд түүний нуруу, ууц орчим дээр нь гараараа 3 удаа байхаа алгадсан” гэж мэдүүлсэн нь гэрч А.Д, Н.Б нарын өгсөн мэдүүлгээс зөрүүтэй гэж өмгөөлөгч мэтгэцэх боловч эдгээр гэрчүүд нь тодорхой хэмжээнд архи уусан байсан,  өөрсдийн харсан асуудлыг мэдүүлсэн байгаа нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлхүйц ноцтой, нэг, нэгнээ үгүйсгэсэн мэдүүлэг биш байна.

Түүнчлэн эдгээр гэрч нарын мэдүүлгийн зөрүүг арилгаснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалт уу, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд зааснаар зүйлчлэх эсэх нь шийдвэрлэгдэнэ гэж мэтгэлцдэг. Гэрч нарын мэдүүлгээс үзэхэд шүүгдэгч Ц.Д нь хохирогчийг алгадаж хамраас нь цус гарсны дараа түүнийг  “болио” гээд Н.Б, А.Д нар салгаснаас хойш Ө.Д нь босч шүүгдэгч рүү хандах хандлага гаргасан байгааг Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйлд заасан  өөрийн эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг үйлдэл хийх гэж байсан гэж таамаглан дүгнэх боломжгүй юм.

4. 2-р хэвтаст хэргийн 40 дүгээр хуудсанд авагдсан хавтаст хэргийн материал танилцуулсан тухайн тэмдэглэлээс үзэхэд шүүгдэгч Ц.Б, тухайн үед түүний хууль ёсны эрх ашгийг хамгаалан оролцож байсан өмгөөлөгч О.А нар нь хэргийн материалтай 2022 оны 03 сарын 04-ний өдрийн 14 цаг 22 минутаас танилцаж эхлэн 16 цаг 18 минутад дууссан, гарын үсэг зурсан, шүүхийн шатанд “ хальт харсан” гэх боловч шүүх хэргийн материалтай танилцуулах нөхцөл боломжоор хангаагүй” гэх байдал тогтоогдохгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн  3 дах хэсэгт заасныг зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

Хоёр. Иргэдийн төлөөлөгч Д.А нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.4 дүгээр зүйлд заасны дагуу оролцож “ Энэ хэрэг архидалтаас болсон. Энэ залуу хохирогчид анхны тусламж үзүүлсэн байна, энэ хэрэгт гэм буруутай байна. Гэм буруугаа ухаарч байгаа, биеийн байдал муу учраас учраас хөнгөн шийтгэл оногдуулж өгөөч гэж хүсэж байна.” гэсэн дүгнэлтийг гаргасан болно. Шүүх шүүгдэгчийг хүнийг алах гэмт хэрэгт гэм буруутай гэж үзсэн тул иргэдийн төлөөлөгчийг саналыг үндэслэлтэй гэж үзсэн болно.

Гурав.Хохирлын талаар:

Шүүгдэгч Ц.Б нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар энэ гэмт хэргийн улмаас бусдад учирсан гэм хорын хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оршуулгын зардалд 19,675,000 төгрөг, шүүх хуралдаанд 580,000 төгрөг нэхэмжилдэг бөгөөд шүүгдэгч нь дээрх нэхэмжлэлээс 19,500,000 төгрөг төлсөн талаар шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон шүүгдэгч нар мэдүүлж, хохирогч нь шүүхийн хэлэлцүүлгийн явцад гаргасан 580,000 төгрөгөөс татгалздаг болно. 2-р хавтас хэргийн 15-35 дугаар хуудсанд авагдсан хохирлын баримтыг үзэхэд 16,287,505 төгрөгийн хохирол тогтоогдох боловч шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар оршуулгын зардалд нотлох баримтаар тогтоогдсон хэмжээнээс илүү төлсөн, түүнийг буцаан гаргуулах талаар маргаагүй болно.

Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч О.Ү нар нь Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.2, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар ... оны ... сарын ...-ны өдөр төрсөн охин Д.А, ... оны ... сарын ...-ны өдөр төрсөн Д.Х нарыг 16 нас хүртэл нь сар бүр 552,700 төгрөгөөр тэжээн тэтгүүлэх талаар шаардлага гаргадаг, энэ үндэслэлээ “ манай дүү ... ажилладаг байсан, 1,658,000 төгрөгийн цалин авдаг байсан, үүнийг гэр бүлийн гишүүнд оногдох хувиар тооцсон” гэж тайлбарладаг болно.

Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3-д “ төлбөр гаргуулах хэмжээг тогтоохдоо ...  нас барагчийн сарын цалин хөлс,  орлогын дунджаар тогтооно. Түүнчлэн төлбөр авагч тус бүрт тогтоосон төлбөрийн хэмжээнээс тэжээгчээ алдсаны  тэтгэврийг  хасна” гэж заасан.

2-р хавтаст хэргийн 08 дугаар хуудсанд авагдсан ... дарга А.О-н “хохирогч А.Д-г 1,658,000 төгрөгийн цалинтай болохыг тодорхойлсон “ 58/123 тоот албан бичиг байх боловч энэ нь сарын үндсэн цалин мөн эсэх, эсвэл түүний авч байсан цалингийн дундаж цалин эсэх нь тодорхойгүй байна. Түүнчлэн шүүхийн хэлэлцүүлэгт тэгжээгчээ алдсаны  тэтгэвэр тогтоолтын хуудсыг гаргаж өгсөн боловч энэ нь эрх бүхий этгээдийн гарын үсэг зурагдаагүй, тамга тэмдэггүй нотлох баримтын шаардлага хангахгүй байна.

Иймд  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3-д зааснаар шаардлага гаргахдаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.

Түүнчлэн Гэр бүлийн тухай хуулийн  зургадугаар бүлэгт байх тэжээн тэтгэх, тэтгүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулсан байхад өмгөөлөгч нь Гэр бүлийн тухай 40 дүгээр зүйл нь тэжээгч нас барсаны тэтгэвэрт хамааралтай гэх үндэслэлээр шаардлага гаргасан. Гэтэл дээрх зохицуулалт нь гэмт хэргийн улмаас хүүхдийг тэжээн тэтгэхтэй холбогдсон тэтгэвэрт хамааралгүй, гэр бүлийн харилцаанаас үүссэн маргаан буюу гэрлэгчдэд хамааралтай юм.

Дөрөв.Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, гэмт хэргийн улмаас учруулсан материаллаг хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээрх хуульд заасан нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ гэмт хэрэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно” гэсэн хууль ёсны зарчим, мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн  гэмт хэрэг, гэмт хэргийн  нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ,  гэмт буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримталж, хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч нь тус шүүхийн 2022 оны 02 сарын 07-ны өдрийн 06 тоот шүүгчийн захирамжаар /1хх-ийн 201-203/ цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байсан ба түүнээс хойш 69 хоног цагдан хоригдсоныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар түүний эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна.

Тав.Бусад:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар “Коко кола ундааны сав 1 ширхэг, саарал өнгийн даавуу 1 ширхэг, шар өнгийн даавуу 1 ширхэг, ногоон өнгийн даавуу 1 ширхэг, цамц 1 ширхэг, дэрний уут 1 ширхэг, буйдангийн даавуу 1 ширхэг, J нэртэй архины шил 1 ширхэг, шаазан аяга 1 ширхэг, тамхины иш 10 ширхэг,

- Ц.Б-н өмсөн явсан ногоон өнгийн дээл 1 ширхэг, цэнхэр өнгийн монгол цамц 1 ширхэг , хар өнгийн хэлэн өмд 1 ширхэг, саарал өнгийн ноосон өмд 1 ширхэг, хар өнгийн дотоож 1 ширхэг, хар өнгийн тэлээ 1 ширхэг, хүрэн өнгийн монгол гутал хос 1 ширхэг, саарал өнгийн эрээн оймс хос 1 ширхэг, Талийгаач Ө.Даваахүүгийн өмсөн явсан дугуй захтай ногоон өнгийн подволк 1 ширхэг, саарал өнгийн биеийн тамирийн өмд 1 ширхэг, саарал өнгийн дотоож 1 ширхэг, богино түрүүтэй, урд талдаа үдээстэй хос гутал 1 ширхэг, эрээн хос оймс 1 ширхэг зэргийг шүүхэд ирүүлсэн бөгөөд шүүхийн хэлэлцүүлгийн явад дээрх эд мөрийн баримтаас авах талаар аль нэг талаас санал гаргаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 21.5 дугаар зүйлийн 6, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй байна.

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн баримт бичиг шүүхэд ирээгүйг дурдах нь зүйтэй байгааг дурдах нь зүйтэй байна.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1-4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Б овогт Ц.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.Б-г 11 /арван нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ц.Б-д оногдуулсан 11 жилийн хорих ялыг нээллтэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.Б-н цагдан хоригдсон 69 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн Коко кола ундааны сав 1 ширхэг, саарал өнгийн даавуу 1 ширхэг, шар өнгийн даавуу 1 ширхэг, ногоон өнгийн даавуу 1 ширхэг, цамц 1 ширхэг, дэрний уут 1 ширхэг, буйдангийн даавуу 1 ширхэг, J нэртэй архины шил 1 ширхэг, шаазан аяга 1 ширхэг, тамхины иш 10 ширхэг, Ц.Б-н өмсөн явсан ногоон өнгийн дээл 1 ширхэг, цэнхэр өнгийн монгол цамц 1 ширхэг , хар өнгийн хэлэн өмд 1 ширхэг, саарал өнгийн ноосон өмд 1 ширхэг, хар өнгийн дотоож 1 ширхэг, хар өнгийн тэлээ 1 ширхэг, хүрэн өнгийн монгол гутал хос 1 ширхэг, саарал өнгийн эрээн оймс хос 1 ширхэг, Талийгаач Ө.Д-н өмсөн явсан дугуй захтай ногоон өнгийн подволк 1 ширхэг, саарал өнгийн биеийн тамирийн өмд 1 ширхэг, саарал өнгийн дотоож 1 ширхэг, богино түрүүтэй, урд талдаа үдээстэй хос гутал 1 ширхэг, эрээн хос оймс 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

6.Шүүгдэгч Ц.Б-н иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг дурдсугай.

7.Шүүгдэгч Ц.Б нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид оршуулгын зардалд  19,500,000 төгрөг төлсөнийг дурдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь тэжээн тэтгүүлэхтэй  холбоотой нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

8.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрвөл  өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      А.Ц

ШҮҮГЧИД                                                        Э.Б

                                                                          Д.Ц