Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/38

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Т  даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А,

улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Д,

шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, улсын ахлах өмгөөлөгч С.Т,

шүүгдэгч Х.Х  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Х  т холбогдох эрүүгийн 2213000000051 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Х.Х , 1980 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Баян-Өлгий аймгийн Баяннуур суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, яс үндэс Казах, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Б сумын 00 дугаар багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар БВ80******.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

Шүүгдэгч Х.Х  нь 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 03 дугаар багийн нутаг дэвсгэр, Цагаан арал гэх газраас Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 07 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан “Ховор амьтны жагсаалт”-д оруулсан 1 тооны зэрлэг гургуулыг тусгай зөвшөөрөлгүйгээр агнаж, амьтны аймагт 73.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар.

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.

1.1.Шүүгдэгч Х.Х ээс мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна гэв.

2. Эрүүгийн 2213000000051 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

2.1. Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт цагдаа ажилтай С.Т аас 2022 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 19 цаг 35 минутанд гэмт хэргийн талаар гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 2 дугаар тал/,

2.2. Иргэн А.Х ээс гаргаж өгсөн зэрлэг гургуул шувууг эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 4-7 дугаар тал/,

2.3. Иргэн Х.Х ийн эзэмшлийн ТОЗ-8 загварын галт зэвсэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 19-24 дүгээр тал/,

2.4. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ш ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 31-33 дугаар тал/,

2.5. Гэрч А.Х ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 36 дугаар тал/,

2.6. Гэрч А.Т ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 42 дугаар тал/,

2.7. Шинжээч Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн И.Ж ын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 02 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 51 дүгээр тал/,

2.8. Шинжээч Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээч ажилтай С.Р гийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 22/19 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 70-72 дугаар тал/

2.9. Яллагдагч Х.Х ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 83-86 дугаар тал/,

2.10. Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 69 дугаартай албан бичиг /хавтаст хэргийн 90 дүгээр тал/,

2.11. Шүүгдэгч Х.Х ийн хувийн байдлыг тодорхойлсон нотлох баримтууд  болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

3. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Х.Х ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд

3.1. Хэргийн үйл баримтын талаар.

Шүүгдэгч Х.Х нь 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 03 дугаар багийн нутаг дэвсгэр, Цагаан арал гэх газраас Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 07 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан “Ховор амьтны жагсаалт”-д оруулсан 1 тооны зэрлэг гургуулыг тусгай зөвшөөрөлгүйгээр агнаж, амьтны аймагт 73.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

3.1.1. Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт цагдаа ажилтай С.Т аас 2022 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 19 цаг 35 минутанд гаргасан “...Сар шинэ 2022 оны нэгдсэн арга хэмжээний хүрээнд эргүүлийн үүрэг гүйцэтгэх явцад 84-75 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг шалгахад дотроос нь зэрлэг гургуул шувуу тээвэрлэж явсныг илрүүлсэн” гэх гэмт хэргийн талаар гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 2 дугаар тал/,

3.1.2. Иргэн А.Х ээс гаргаж өгсөн зэрлэг гургуул шувууг эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 4-7 дугаар тал/,

3.1.3. Иргэн Х.Х ийн эзэмшлийн ТОЗ-8 загварын галт зэвсэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 19-24 дүгээр тал/,

3.1.4. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ш ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн хэргийн материалтай танилцахад нэг ширхэг зэрлэг шувууны экологи эдийн засгийн үнэлгээг 73.000 төгрөгөөр тогтоосон байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 2 дахь заалтад зааснаар амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлбөр оногдуулахаар хуульчилсан тул гэм буруутай этгээдээс 146.000 төгрөгийн нэхэмжилнэ.

...буруутай этгээд болох Х.Х  нь 146.000 төгрөгийг бүрэн барагдуулж өгсөн, одоо нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31-33 дугаар тал/,

3.1.5. Гэрч А.Х ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Өлгий сумын 4 дүгээр багт байрлах гэрээсээ 16 цаг өнгөрч байхад Баяннуур сумын Цагаан арал гэх баг руу өөрийн 84-75 БӨТ улсын дугаартай УАЗ-469 загварын машинтайгаа эхнэрийн хамт гарсан. Би тийшээ явсан учир нь найз Жанибек гэх залуу хүүхэдтэй болсны цайллагад найз нараа дуудаж тэнд оролцохоор аймгаас гарч явсан болно. Тэгээд өчигдөр цайнд оролцоод тэр багт амьдардаг хүргэн ах Озатбекийн гэрт хоноод өнөөдөр 15 цаг 30 минутын үед Баяннуурын сумын Цагаан арал багаас аймгийн төв рүү гарсан.

Намайг тэндээс гарах гэж байхад Х.Х  гэх хүн аймаг руу явах гэж байгаа бол ачаа дайж явуулъя гээд надад 1 тал шуудайтай зүйл, мөн дээрээс нь жижиг кардон цаасанд ороож скочдсон зүйл өгч, хүмүүс тосож авна хэмээн өгч явуулсан. Би түүний өгсөн эд зүйлсийг юу гэдгийг нь асуугаагүй, машины хойд хонхорт шидчихсэн. Тэгээд замдаа Бугат сумын Хар үзүүрийн постонд байсан цагдаагийн алба хаагч нар миний тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад Х.Х ийн өгч явуулсан жижиг кардон цаасанд скочдож ороосон зүйл нь гургуул нэртэй шувуу байсан. Би уг шувууг агнаагүй, Х.Х  эдгээр ачааг хүн очиж авна гээд өгч явуулсан тул би аваад ирсэн. Дотор нь юу байгааг огт мэдээгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36 дугаар тал/,

3.1.6. Гэрч А.Т ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 09 дүгээр сард надад корона өвчин тусаад эмчлүүлсэн. Тэгээд би Х.Х  рүү залгаж корона тусаад эдгэлээ, ардын эмчилгээ хийлгэх хэрэгтэй гэнэ, уушгиа сайн эмчлүүлэхийн тулд дархлаагаа дэмжихэд шувууны мах сайн юм байна гэхэд Х.Х  надад тэгж байгаад холбоо барья гэж хэлсэн. Тэгээд он гарсны дараа, саяхан над руу залгаад би нэг гургуул шувуу агнасан, түүнийгээ А.Х  гэх хүнээр явууллаа, чи тосоод аваарай гэж над руу утсаар ярьсан. Гэтэл орой нь над руу Х.Х ийн эхнэр нь гэх эмэгтэй залгаж чамаас болж манай нөхөр баригдлаа гэж уурлаж, хэл амаар доромжлоод байхаар нь би утсаа таслаад дахиж холбоо бариагүй. Би заавал гургуул шувуу агнаад өг гэж Х.Х т хэлээгүй, би шувуу агнуулах талаар мөнгө төгрөг өгөөгүй, надад сэтгэлээрээ туслах гэж агнасан байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 42 дугаар тал/,

3.1.7. Шинжээч Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн И.Ж ын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 02 дугаартай “1. Шинжилгээнд ирүүлсэн 1 шувуу нь Тахиа /Galliformes/ багийн Гургуул /Phasianidae/ овгийн Зэрлэг гургуул шувуу ба эр шувуу байна.

2. Тухайн шувууны агнагдсан байдлыг болон хэзээ агнагдсан цаг хугацааг тогтоох боломжгүй.

3. Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар нэг толгой Зэрлэг гургуул шувууны экологи, эдийн засгийн үнэлгээ нь 73.000 төгрөг байна.

Зэрлэг гургуул шувуу нь Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар ховор амьтны жагсаалтад орсон шувуу юм” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 51 дүгээр тал/,

3.1.8. Шинжээч Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээч ажилтай ийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 22/19 дугаартай “1. Яллагдагч Х.Х ийн эзэмшлийн гол төмрийн 11328, замагны 24108 дугаартай буу нь 1954 онд Зөвлөлт холбоот улсад ан агнах, спорт сургалтын зориулалтаар үйлдвэрлэгдсэн ТОЗ-8 загварын галт зэвсэг байна.

2. Уг буунд ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй байна.

3. Уг буугаар буудлага үйлдэж болно” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 70-72 дугаар тал/,

3.1.9. Яллагдагч Х.Х ийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн: “...Би эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна.

...Би уг гургуул шувууг агнахдаа зохих байгууллагаас зөвшөөрөл аваагүй. Би өнгөрсөн намар зүс таних А.Т  гэх залуутай таарсан юм. Гэтэл А.Т  би ковид тусаад биеэ сайжруулмаар байна. Дархлаагаа дэмжихэд ардын эмчилгээ сайн гэнэ гэхээр нь “за би чамд нэг шувуу агнаад явуулна, түүний махыг идэж шөлийг уух юм бол ядаргаанд сайн” гэж хэлээд явсан. Тэгээд би 2022 оны 01 дүгээр сарын 26-н өдөр алдуул мал хайж яваад Баяннуур сумын 3 дугаар баг Цагаан арал гэх газарт 40 айл гэж нэрлэдэг газраас өөрийнхөө ТОЗ-8 загварын галт зэвсгээр нэг тооны гургуул шувууг агнасан юм. Тэгээд би уг шувууг аймгаас ирсэн А.Х  гэх хүн буцаад аймаг руу явах гэж байна гэхээр нь аваад хайрцагт хийж ороогоод 2022 оны 02 дугаар сарын 03-ны өдөр дайж явуулсан юм. Гэтэл орой А.Х  цагдаад баригдсан талаараа хэлсэн юм.

...Би А.Т ээс нэг ширхэг ч төгрөг аваагүй, тус больё гэж бодоод нэгийг буудсан юм. Би учруулсан хохирлыг бүрэн барагдуулсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 83-86 дугаар тал, шүүх хуралдааны тэмдэглэлд/,

3.1.10. Баян-Өлгий аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 69 дугаартай “Гургуул шувуу агнах талаар ямар нэгэн зөвшөөрөл олгогдоогүй тухай” албан бичиг /хавтаст хэргийн 90 дүгээр тал/ зэрэг нотлох баримтууд болно.

4. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв гэж үнэлэв.

5. Хууль зүйн дүгнэлт.

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Х.Х ийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлох баримтуудын хүрээнд тогтоогдсон тул  түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлтийг гаргасан байх ба шүүгдэгч Х.Х ээс уг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргаан байхгүй гэсэн дүгнэлтийг гаргаж, гэм буруугийн талаар мэтгэлцээгүй болно.

Амьтны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх заалтад зааснаар “ховор амьтан” гэж тархац нутагтаа тоо толгой цөөрсөн, нөөц багатай, устаж болзошгүй амьтныг ойлгохоор хуульчилсан байх бөгөөд мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.5 дахь хэсэгт зааснаар төрийн захиргааны төв байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр судалгаа, шинжилгээ, соёл, урлаг, эмчилгээний зориулалтаар, Монгол Улсын болон гадаадын иргэн тусгай төлбөр төлсөн тохиолдолд, тодорхой нутаг дэвсгэрт амьтны сүргийн бүтцийг зохицуулах болон халдварт өвчний голомтыг эрүүлжүүлэх зорилгоор ховор амьтныг агнаж, барьж болохыг зөвшөөрсөн, бусад тохиолдолд хориглосон байна.

Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаартай, “Жагсаалт, журам батлах тухай (Ховор амьтны)” тогтоолын 1 дүгээр хавсралтын Хоёрын 18-нд Зэрлэг гургуул (Phasianus colchicus)-ыг ховор амьтны жагсаалтад оруулжээ.

Шүүгдэгч Х.Х  нь 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 03 дугаар багийн нутаг дэвсгэр, Цагаан арал гэх газраас “Ховор амьтны жагсаалт”-д багтсан 1 тооны зэрлэг гургуулыг тусгай зөвшөөрөлгүйгээр агнаж амьтны аймагт 73.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдсон, түүний энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөлгүйгээр ховор амьтныг агнасан” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул улсын яллагчийн гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Х.Х ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар ан агнах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Гэм хэрэг гарахад шүүгдэгчийн хуулийн зохих мэдлэггүй байдал нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

6. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.

Шүүгдэгч Х.Х ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас амьтны аймагт 73.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 2 дахь заалтад зааснаар амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтоохоор хуульчилсан байна.

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 23 дугаартай, “Үнэлгээ, төлбөр, хураамжийн хэмжээг шинэчлэн батлах тухай” тогтоолын 1 дүгээр хавсралтын 3-ын 115-д Зэрлэг гургуулын (Phasianus colchicus) үнэлгээг 73.000 төгрөгөөр тогтоосон байна. 

Экологи эдийн засгийн үнэлгээгээр уг 73.000 төгрөгийн хохирлыг хоёр дахин төлүүлдэг хуулийн зохицуулалтаас үзэхэд амьтны аймагт учирсан хохирол энэ хэргийн хувьд 146.000 төгрөгөөр тооцогдох бөгөөд шүүгдэгч Х.Х  гэмт хэргийн хохирол болох 146.000 төгрөгийг 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Байгаль орчин, уур амьсгалын сангийн 100900013040 дугаартай төрийн сангийн дансанд шилжүүлсэн тул шүүгдэгч Х.Х ийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

2.1. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Х.Х т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч Х.Х ийн хувийн байдал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж өгөх дүгнэлтийг гаргаж, эрүүгийн хариуцлагын талаар мэтгэлцсэн болно.

2.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Х.Х ийн үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасныг удирдлага болгов.

2.3. Шүүгдэгч Х.Х т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, “учруулсан хохирлыг төлсөн”-ийг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй дүгнэлээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Х.Х  нь ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, малчин, өвчтэй хүүхдээ олон жилийн турш эмчлүүлж байгаа нөхцөл байдалтай, урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь түүний ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.

2.4. Шүүгдэгч Х.Х  нь хууль бусаар ан агнах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирлыг төлсөн байдал, хувийн байдал зэрэгт тус тус нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт өгч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг  журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Х т хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жил 3 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтооно.” гэж заасныг үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Х.Х т оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тэнссэн 1 жил 3 сарын хугацаанд авч, түүнд хяналт тавихыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Х  нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэх нь зүйтэй.

2.5.Шүүгдэгч Х.Х  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй,  зэргийг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтад зааснаар шийтгэх тогтол хүчин төгөлдөр болмогц хэргийн хамт ирүүлсэн 2020-БӨ-ГЗИ-0047 дугаартай сургалтын гэрчилгээг шүүгдэгч Х.Х т буцаан олгож, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн агнагдсан гэх 1 тооны зэрлэг гургуулыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газартай хамтран устгахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэв.

2.6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна.”, 2 дахь хэсэгт ““Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно.”, 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ.” гэж тус тус заасан байна.

Хуулийн дээрх зохицуулалтыг үндэслэн шүүгдэгч Х.Х ийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гол төмрийн 11328, замагны 24108 дугаартай ТОЗ-8 загварын галт зэвсгийг, галт зэвсэг эзэмших, ашиглах гэрчилгээний хамт улсын төсөвт шилжүүлэхээр Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Х.Х т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х.Х  ийг ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар ан агнах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг  журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Х т хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жил 3 сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Х.Х т оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тэнссэн 1 жил 3 сарын хугацаанд авч, түүнд хяналт тавихыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Х  нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Х.Х  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй зэргийг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтад зааснаар шийтгэх тогтол хүчин төгөлдөр болмогц хэргийн хамт ирүүлсэн 2020-БӨ-ГЗИ-0047 дугаартай сургалтын гэрчилгээг шүүгдэгч Х.Х т буцаан олгож, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн агнагдсан гэх 1 тооны зэрлэг гургуулыг шийтгэх тогтол хүчин төгөлдөр болмогц Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газартай хамтран устгахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Х.Х ийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гол төмрийн 11328, замагны 24108 дугаартай ТОЗ-8 загварын галт зэвсгийг эзэмших, ашиглах гэрчилгээний хамт улсын төсөвт шилжүүлэхээр Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт хүргүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Х.Х т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг,  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Х.Х т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Х.Т