Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/41

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Талгат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.А,

улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор  А.Д,

шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч С.Н /цахимаар/,

шүүгдэгч А.А  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.А д холбогдох эрүүгийн 2113000000137 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, А.А , 2003 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд төрсөн, 18 настай, эмэгтэй, яс үндэс Казак, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Бүгд Найрамдах Казахстан Улсын КазГУ их сургуулийн 1 дүгээр курсийн оюутан, ам бүл 7, эцэг эх, дүү нарын нарын хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Н сумын 0 дугаар багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, РД:Б303******.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

Шүүгдэгч А.А  нь 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрүүдийн хооронд үргэлжилсэн үйлдлээр хохирогч С.Ж ын Төрийн банкны виза картнаас 424.000 төгрөгийг бэлнээр, эд зүйл худалдан авах зэрэг аргаар хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах “Хулгайлах” гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар.

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.

1.1. Шүүгдэгч А.А аас мэдүүлэхдээ: Хулгай хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

2. 2113000000137 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

2.1. Иргэн С.Ж ээс 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 1 дүгээр тал/,

2.2. Хохирогч С.Ж ээс гаргаж өгсөн Төрийн банкны 2908********** дугаартай дансны хуулга /хавтаст хэргийн 4-6 дугаар тал/,

2.3. Хаан банкнаас гаргаж өгсөн хяналтын камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 10-12 дугаар тал/,

2.4. Хохирогч С.Ж ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 17-24, 127 дугаар тал/,

2.5. Гэрч С.Л ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 30 дугаар тал/,

2.6. Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн шүүх сэтгэц гэм судлалын 03 дугаартай магадалгаа /хавтаст хэргийн 134-135 дугаар тал/,

2.7. Яллагдагч А.А ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 43-44, 129, 153 дугаар тал/,

2.8. Шүүгдэгч А.А ын хувийн байдлыг тодорхойлсон нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.

3. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч А.А ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд

3.1. Хэргийн үйл баримтын талаар.

Шүүгдэгч А.А  нь 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрүүдийн хооронд үргэлжилсэн үйлдлээр хохирогч С.Ж ын Төрийн банкны виза картнаас 424,000 төгрөгийг бэлнээр, эд зүйл худалдан авах зэрэг аргаар хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйл баримт шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

3.1.1. Иргэн С.Ж ээс 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 1 дүгээр тал/,

3.1.2. Хохирогч С.Ж ээс гаргаж өгсөн Төрийн банкны 2908********** дугаартай дансны хуулга /хавтаст хэргийн 4-6 дугаар тал/,

3.1.3. Хаан банкнаас гаргаж өгсөн хяналтын камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 10-12 дугаар тал/,

3.1.4. Хохирогч С.Ж ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... би тус өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын төвд явж байгаад 2908********** дансны дугаартай виза картаа гээсэн юм. Виза картаа хаана гээснээ сайн мэдэхгүй байна. Тэгээд виза карт нууц кодтой юм чинь нууц кодыг нь оруулж мөнгө авч чадахгүй байх гэж бодоод Ногооннуур сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах хадлангийн газар луу яваад өгсөн юм. Манай хадлангийн газар сүлжээгүй газар байсан ба би 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр сумын төвд орж ирээд Төрийн банкнаас мөнгө авах гэхэд миний дансанд мөнгө байхгүй байна гэж теллер хэлсэн. Тэгээд би виза картаа хаалгасан юм. Миний гээсэн виза картыг хэн нэгэн олж аваад нийт 424.000 төгрөгийг хувьдаа завшсан байна.

...миний эзэмшлийн 2908********** дугаартай дансанд 4 хүүхдийн мөнгө болох 400.000 төгрөг орж ирдэг байсан тэр мөнгө байхгүй, мөн дансанд 40.000 гаруй төгрөгийн үлдэгдэлтэй байсан юм.

...Миний бие 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр буюу цагдаагийн байгууллагад хандахаас өмнө А.А аас миний виза картыг авсан эсэхийг асуухад тэр таны картыг би аваагүй, та виза картаа хурдан хаалгаж, цагдаагийн байгууллагад хандаарай гэж зөвлөгөө өгсөн.

...Надад гомдол, санал болон нэхэмжлэх зүйл байхгүй. Учирсан 424.000 төгрөгийн хохирлыг А.А  бүрэн төлж барагдуулсан. Түүнд хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17-24, 127 дугаар тал/,

3.1.5. Шинжээч Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн шүүх сэтгэц гэм судлалын 03 дугаартай “1. А.А  нь сэтгэцийн хувьд эрүүл байна.

2. Сэтгэцийн хувьд эрүүл учраас ямар нэгэн өвчингүй, урд өмнө нь сэтгэцийн өвчингүй байна.

3. А.А  нь болсон асуудлыг үнэн зөвөөр ойлгож мэдүүлэг өгөх чадвартай.

4. А.А  нь хэрэг хариуцах чадвартай. Эрүүл учраас нийгэмд аюулгүй.

5. Дүгнэлт гаргах явцад хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал илрээгүй болно” гэх магадалгаа /хавтаст хэргийн 134-135 дугаар тал/,

3.1.6. Яллагдагч А.А ын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд өгсөн: “...2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 16 цагийн үед нагац ах болох С.Ж , ээж Күришхан нарын хамт Өлгий сумын төвд байрлах эмийн санд очиж С.Ж  ах уг эмийн сангаас эм аваад картаа уншуулж тооцоогоо хийсэн. Бид нар эмийн сангаас гараад явж байхад С.Ж  ах надад хандаж “би виза картаа эмийн санд үлдээсэн юм шиг байна, чи очоод асуугаад ирээрэй” гэсэн. Тэгээд би төв эмийн сангийн эмийн санчаас нагац ахынхаа картыг асуухад виза карт нь тэнд үлдсэн байсан ба би уг картыг тэндээс авсан. Ингээд С.Ж  ахдаа “таны виза карт байхгүй байна” гэж худлаа хэлсэн. Учир нь би С.Ж  ахын виза картын нууц дугаарыг мэддэг учраас уг картнаас мөнгө авах зорилгоор худал хэлж картыг өгөөгүй.

 Ингээд 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 08 дугаар сарын 30-ны өдөр хүртэл нийт 14 удаа С.Ж  ахын виза картыг уншуулж, 424.000 төгрөгийг авч өөртөө хэрэгтэй эд зүйл, бараа авсан маань үнэн.

...Харин картнаас хэдний өдөр, хэдэн төгрөг гаргаж аваад уг мөнгийг юунд зарцуулснаа нарийн сайн санахгүй байна. Ерөнхийдөө бол хувийн хэрэгцээнд зарцуулж дуусгасан.

...Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Маш их гэмшиж байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43-44, 129, 153 дугаар тал, шүүх хуралдааны тэмдэглэлд/ зэрэг нотлох баримтууд болно.

4. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв гэж үнэлэв.

5. Хууль зүйн дүгнэлт.

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч А.А ын хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч А.А  гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргаантай асуудал байхгүй гэх дүгнэлтийг гаргасан болно.   

Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, өөрийн эзэмшил болгохыг ойлгоно.

Тухайн хэргийн хувьд шүүгдэгч А.А  нь үргэлжилсэн үйлдлээр хохирогч С.Ж ын Төрийн банкны виза картнаас 424,000 төгрөгийг бэлнээр, эд зүйл худалдан авах зэрэг аргаар хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар гарган авч уг мөнгийг захиран зарцуулах бололцоо бий болгосноор тус гэмт хэрэг төгссөн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж хуульчилсан байх ба шүүгдэгч А.А  нь бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрүүдийн хооронд үргэлжилсэн үйлдлээр хохирогч С.Ж ын Төрийн банкны виза картнаас 424,000 төгрөгийг бэлнээр, эд зүйл худалдан авах зэрэг аргаар үйлдсэн нь тогтоогдсон байна.

Хохирогч С.Ж ын мэдүүлгээс үзэхэд түүний Төрийн банкан дахь 2908********** дугаартай данс бүхий виза картаас 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хооронд өөрт нь мэдэгдэхгүй шалтгаанаар 424.000 төгрөгийн зарлага хийгдсэн, энэхүү мөнгийг шүүгдэгч А.А  авах талаар амаар болон бичгээр зөвшөөрсөн нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч А.А ын гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан иргэний эд хөрөнгө эзэмших, өмчлөх, ашиглах эрхийг нь зөрчсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл буюу гэмт хэрэгт хамаарна. 

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч А.А ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

6. Гэмт хэрэг гарахад шүүгдэгч А.А ын шунахай сэдэлт, амар хялбар аргаар эд хөрөнгө олж авах зорилго нь шууд нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй.

7. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч А.А ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.Ж д 424.000 төгрөгийн хохирол учирсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Хохирогч С.Ж  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт “Надад учирсан 424.000 төгрөгийг А.А  бүрэн төлж барагдуулсан учир ямар нэгэн гомдол, санал байхгүй” /хавтаст хэргийн 127 дугаар тал/ хэмээн мэдүүлсэн тул шүүгдэгч А.А ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй.  

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

2.1.Шүүгдэгч А.А д холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулан хэргийг прокурорт шилжүүлсний дараа шүүгдэгч А.А , түүний өмгөөлөгч нараас хохирогч С.Ж ын хохирлыг бүрэн барагдуулж өгсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж өгөх талаар хүсэлтээ бичгээр гаргасан байна.

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн саналд яллагдагч А.А д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар 7 сарын хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “Оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах санал гаргасныг яллагдагч А.А  хүлээн зөвшөөрч гарын үсгээ зуржээ /хавтаст хэргийн 162-163 дүгээр тал/.

2.2.Прокуророос хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хяналтаа хуульд заасан журмаар хэрэгжүүлсэн бөгөөд шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянаад шүүгдэгч А.А д холбогдох эрүүгийн хэргийг мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгч А.А д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч А.А  нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар ял шийтгүүлж байгаагүй бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан заасан эрүүгийн хариуцлагыг  хүндрүүлэх  нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

2.3.Шүүх хуралдаанаар шинжлэн судалж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч А.А д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан шүүгдэгч А.А д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А д оногдуулсан хорих ялыг эмэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

2.4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А д оногдуулсан 7 сарын хорих ялыг мөн хугацаагаар тэнсэж, түүнд тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А  нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэх нь зүйтэй.

2.5. Шүүгдэгч А.А  нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдаж, хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн ХААН банкны тооцооны төвийн камерын бичлэг 1 ширхэг СД бичлэгийг эрүүгийн хэргийг хадгалах хугацаанд хэргийн хамт хадгалахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч А.А д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А.А ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А ыг 7 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А д оногдуулсан 7 сарын хорих ялыг эмэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А д оногдуулсан 7 сарын хорих ялыг мөн хугацаагаар тэнсэж, түүнд тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэг, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт тус тус зааснаар тэнсэж үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээ авсан шүүгдэгч А.А д хяналт тавихыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А  нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

7. Шүүгдэгч А.А  нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.2 дахь заалтад заасныг баримтлан хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн ХААН банкны тооцооны төвийн камерын бичлэг 1 ширхэг СД бичлэгийг эрүүгийн 2213000000137 дугаартай хэргийг хадгалах хугацаанд хэргийн хамт хадгалсугай. 

9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч А.А д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг,  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч А.А д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Х.ТАЛГАТ