Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/43

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Талгат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.А,

улсын яллагч Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Д,

шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Д гаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Г д холбогдох эрүүгийн 2213000000046 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б.Г, 1962 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 60 настай, эрэгтэй, яс үндэс Казах, дээд боловсролтой, цэргийн холбооны инженер мэргэжилтэй, “Практикал даатгал” ХХК-ны Баян-Өлгий аймаг дахь салбарт менежер ажилтай, Баян-Өлгий аймгийн Ө сумын 0 дугаар багт оршин суудаг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, урьд нь Баян-Өлгий аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 заалтад зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, хэрэг хариуцах чадвартай, РД:БЮ62******.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

Шүүгдэгч Б.Г  нь 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Баян-Өлгий аймгийн Бугат сумын 03 дугаар багийн нутаг дэвсгэр, “Ширгийн гаталгаа” гэх газраас Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 07 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан “Ховор амьтны жагсаалт”-д оруулсан 4 тооны зэрлэг гургуулыг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, тээвэрлэж амьтны аймагт 292.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар.

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.

1.1.Шүүгдэгч Б.Г аас мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Тухайн үед тээврийн хэрэгслээ жолоодож рашаанаас ус уух зорилгоор очсон. 4 тооны гургуул тааралдаж буудсан маань үнэн. Нэгэнт тээврийн хэрэгслээр явж байгаа учраас агнасан шувууг машиндаа хийсэн гэв.

2. Эрүүгийн 2213000000046 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

2.1. Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч ажилтай А.Ж ээс 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр гэмт хэргийн талаар гаргасан мэдээлэл /хавтаст хэргийн 1 дүгээр тал/,

2.2. Яллагдагч Б.Г ы мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 5-7 дугаар тал/,

2.3. Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 8-10 дугаар тал/,

2.4. Агнагдсан гэх 4 тооны зэрлэг гургуулд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 13-17 дугаар тал/,

2.5. Иргэн Б.Г ы гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэх гол төмрийн 6926, замагны 58660 дугаартай ТОЗ-8 загварын буу болон бууны хамт байсан 1 ширхэг 5.6 мм-ийн сумд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 18-20 дугаар тал/,   

2.6. Иргэн Б.Г ы гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэх 00-00 БӨА улсын дугаартай хар өнгийн Toyota hilux загварын тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 21-23 дугаар тал/,

2.7. Агнагдсан гэх 4 тооны зэрлэг гургуул, мөн иргэн Б.Г ы гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэх гол төмрийн 6926, замагны 58660 дугаартай ТОЗ-8 загварын буу болон бууны хамт байсан 1 ширхэг 5.6 мм-ийн сумыг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 24-34 дүгээр тал/,

2.8. Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 04 дугаартай, “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоол /хавтаст хэргийн 40-41 дүгээр тал/,

2.9. Агнагдсан гэх 4 тооны зэрлэг гургуул, мөн иргэн Б.Г ы гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэх гол төмрийн 6926, замагны 58660 дугаартай ТОЗ-8 загварын буу болон бууны хамт байсан 1 ширхэг 5.6 мм-ийн сумыг тус тус эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 55-56  дугаар тал/,

2.10. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ш ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 63-65 дугаар тал/,

2.11. Гэрч А.Ж ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 67-68 дугаар тал/,

2.12. Шинжээч Ашид Билгүүн ХХК-ны 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн БӨА-22-038 дугаартай “1953 онд үйлдвэрлэгдсэн, ТОЗ-8 загварын, 250 метрийн тусгалтай буу 2022 оны 01 дүгээр сарын байдлаар 150.000 төгрөгийн үнэтэй болох”-ыг тогтоосон  дүгнэлт /хавтаст хэргийн 74-77 дугаар тал/,

2.13. Шинжээч Ашид Билгүүн ХХК-ны 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн БӨА-22-037 дугаартай “2006 онд үйлдвэрлэгдсэн, 2015 онд Монгол Улсад орж ирсэн Toyota hilux загварын автомашин 2022 оны 01 дүгээр сарын байдлаар 24.000.000 төгрөгийн үнэтэй болох”-ыг тогтоосон дүгнэлт /хавтаст хэргийн 83-87 дугаар тал/,

2.14. Шинжээч Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн И.Ж ын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 03 дугаартай “зэрлэг гургуул шувуу”-ны талаар гаргасан 03 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 94-95 дугаар тал/,

2.15. Яллагдагч Б.Г ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 107-108 дугаар тал/,

2.16. Шүүгдэгч Б.Г ы хувийн байдлыг тодорхойлсон нотлох баримтууд  болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

3. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Г ы холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд

3.1. Хэргийн үйл баримтын талаар.

Шүүгдэгч Б.Г  нь 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Баян-Өлгий аймгийн Бугат сумын 03 дугаар багийн нутаг дэвсгэр, “Ширгийн гаталгаа” гэх газраас Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 07 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан “Ховор амьтны жагсаалт”-д оруулсан 4 тооны зэрлэг гургуулыг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, тээвэрлэсэн үйл баримт шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

3.1.1. Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч ажилтай А.Ж ээс 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр гэмт хэргийн талаар гаргасан мэдээлэл /хавтаст хэргийн 1 дүгээр тал/,

3.1.2. Яллагдагч Б.Г ы мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 5-7 дугаар тал/,

3.1.3. Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 8-10 дугаар тал/,

3.1.4. Агнагдсан гэх 4 тооны зэрлэг гургуулд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 13-17 дугаар тал/,

3.1.5. Иргэн Б.Г ы гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэх гол төмрийн 6926, замагны 58660 дугаартай ТОЗ-8 загварын буу болон бууны хамт байсан 1 ширхэг 5.6 мм-ийн сумд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 18-20 дугаар тал/,   

3.1.6. Иргэн Б.Г ы гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэх 00-00 БӨА улсын дугаартай хар өнгийн Toyota hilux загварын тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 21-23 дугаар тал/,

3.1.7. Агнагдсан гэх 4 тооны зэрлэг гургуул, мөн иргэн Б.Г ы гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэх гол төмрийн 6926, замагны 58660 дугаартай ТОЗ-8 загварын буу болон бууны хамт байсан 1 ширхэг 5.6 мм-ийн сумыг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 24-34 дүгээр тал/,

3.1.8. Агнагдсан гэх 4 тооны зэрлэг гургуул, мөн иргэн Б.Г ы гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэх гол төмрийн 6926, замагны 58660 дугаартай ТОЗ-8 загварын буу болон бууны хамт байсан 1 ширхэг 5.6 мм-ийн сумыг тус тус эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 55-56  дугаар тал/,

3.1.9. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ш ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Гэм буруутай этгээдээр байгаль экологид учруулсан хохирлыг бүрэн төлүүлэх, хуулийн хариуцлага хүлээлгэхийг хүсэж байна.

...Тухайн зэрлэг гургуул шувууны экологи эдийн засгийн үнэлгээг 73.000 төгрөгөөр тогтоосон. Дөрвөн ширхэг зэрлэг гургуулын үнэ нь 292.000 төгрөг болж байгаа юм байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 2 дахь заалтад зааснаар амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлбөр оногдуулах талаар хуульчилсан байдаг. Гэм буруутай этгээдээс 584.000 төгрөг нэхэмжилж байгаа бөгөөд Б.Г  нь экологи эдийн засагт учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 63-65 дугаар тал/,

3.1.10. Гэрч А.Ж ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр “Сар шинэ” нэгдсэн арга хэмжээний хүрээнд батлагдсан томилгооны дагуу цагдаагийн ахмад А.А ийн хамт Өлгий сумын 09 дүгээр багийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад Хотгорын уурхайн чиглэлээр ирж байсан Toyota hilux загварын 00-00 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоож шалгах явцад тээврийн хэрэгслийн багаж буюу хойд талын тээшийг онгойлгож шалгах үеэр тухайн тээврийн хэрэгслээс ховор амьтан болох дөрвөн ширхэг зэрлэг гургуул байсныг илрүүлж, аймгийн Цагдаагийн газрын жижүүрт мэдэгдсэн.

...Жолооч нь болох Б.Г  гэх хүнээс ямар учиртай шувуу гэдгийг асуусан. Тэрээр “би энэ дөрвөн шувууг Бугат сумын 03 дугаар багийн нутаг дэвсгэр Тавалтайн рашааны наад талаас нь өөрөө ганцаараа явж байгаад агнасан. Би өөрөө өвчтэй хүн байгаа юм, эмчилгээнд гургуул шувууны мах сайн гэхээр эмчилгээний журмаар өөрөө идэх гэж ганцаараа явж байгаад агнаж авч ирсэн байгаа” гэж хэлсэн. Тэр үед Г  гэх хүн өөрөө ганцаараа явж байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 67-68 дугаар тал/,

3.1.11. Шинжээч Ашид Билгүүн ХХК-ны 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн БӨА-22-038 дугаартай “1953 онд үйлдвэрлэгдсэн, ТОЗ-8 загварын, 250 метрийн тусгалтай буу 2022 оны 01 дүгээр сарын байдлаар 150.000 төгрөгийн үнэтэй болох”-ыг тогтоосон  дүгнэлт /хавтаст хэргийн 74-77 дугаар тал/,

3.1.12. Шинжээч Ашид Билгүүн ХХК-ны 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн БӨА-22-037 дугаартай “2006 онд үйлдвэрлэгдсэн, 2015 онд Монгол Улсад орж ирсэн Toyota hilux загварын автомашин 2022 оны 01 дүгээр сарын байдлаар 24.000.000 төгрөгийн үнэтэй болох”-ыг тогтоосон дүгнэлт /хавтаст хэргийн 83-87 дугаар тал/,

3.1.13. Шинжээч Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн И.Ж ын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 03 дугаартай “1. Шинжилгээнд ирүүлсэн 4 ширхэг шувуу нь Тахиа /Galliformes/ багийн Гургуул /Phasianidae/ овгийн Зэрлэг гургуул шувуу ба 2 ширхэг нь эр, 2 ширхэг нь эм шувуу байна.

2. Тухайн шувууны агнагдсан байдлыг болон хэзээ агнагдсан цаг хугацааг тогтоох боломжгүй.

3. Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар нэг толгой Зэрлэг гургуул шувууны экологи эдийн засгийн үнэлгээ нь 73.000 төгрөг байна.

4. Зэрлэг гургуул шувуу нь Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар ховор амьтны жагсаалтад орсон ховор шувуу юм” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 94-95 дугаар тал/,

3.1.14. Яллагдагч Б.Г ы мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд өгсөн: “...Би сүүлийн хоёр жил элэг, нойр булчирхайн архаг өвтэй байгаа юм. Энэ шалтгаанаар байнга эмчилгээ хийлгэж, эмчийн хяналтад байдаг. 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр өөрийн 00-00 БӨА улсын дугаартай Toyota hilux загварын тээврийн хэрэгслээр өөрөө ганцаараа Бугат сумын 03 дугаар багийн нутаг дэвсгэр, “Тавалтай” гэх газрын рашаанд ус уухаар очсон. Тэгээд ус ууж бага зэрэг амарч сууж байгаад буцаад аймаг руу явж байх замдаа замын хажуу талд гургуул шувуу явж байсныг харсан. Өмнө нь нэг хүн надад “хэрэв олдвол гургуул шувууны махыг эмчилгээндээ хэрэглээрэй, энэ нь элэг, нойр булчирхайн үрэвсэлд сайн” гэж хэлсэн нь санаад ороод машины хойд талд байсан өөрийн эзэмшлийн ТОЗ-8 загварын бууг авч машинаас бууж ирэх хүртэл уг гургуул шувуу голын эрэгт байсан ой мод дотор орсон. Тэгээд би машинаа тэнд үлдээгээд буугаа аваад араас нь ой мод дотор ороход гургуул шувуу их байсан, тэр үед би өөрийн буугаар нийт дөрвөн ширхэг гургуул шувууг агнаад машинд авч ирж хийгээд аймгийн төвд орж ирсэн үед замдаа цагдаа нар зогсоож шалгасан.

Улмаар намайг цагдаагийн газарт авч ирсэн болно. Би тэр үед гургуул шувуу нь ховор ан амьтан гэдгийг мэдээгүй, түүнийг агнах хориотой байдаг гэдгийг мэдээгүйгээс болж ийм төрлийн гэмт хэрэгт холбогдсонд маш их харамсаж байна. Би өөрийн үйлдсэн хэргээ сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа ба улсад учруулсан хохирлыг ямар нэгэн маргаангүйгээр бүрэн төлж өгөх болно. Иймд миний гаргасан үйлдэлд хуулийн хөнгөлөлт үзүүлнэ үү” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 107-108 дугаар тал, шүүх хуралдааны тэмдэглэлд/ зэрэг нотлох баримтууд болно.

4. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв гэж үнэлэв.

5. Эрх зүйн дүгнэлт.

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б.Г ы үйлдсэн гэмт хэрэг нь нотлох баримтуудын хүрээнд тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлтийг гаргасан байх ба шүүгдэгч Б.Г аас “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, тээвэрлэсэн гэхээр тухайн үед машинаа жолоодож явж байсан” гэсэн тайлбарыг гаргасан болно

5.1. Амьтны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх заалтад зааснаар “ховор амьтан” гэж тархац нутагтаа тоо толгой цөөрсөн, нөөц багатай, устаж болзошгүй амьтныг ойлгохоор хуульчилсан байх бөгөөд мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.5 дахь хэсэгт зааснаар төрийн захиргааны төв байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр судалгаа, шинжилгээ, соёл, урлаг, эмчилгээний зориулалтаар, Монгол Улсын болон гадаадын иргэн тусгай төлбөр төлсөн тохиолдолд, тодорхой нутаг дэвсгэрт амьтны сүргийн бүтцийг зохицуулах болон халдварт өвчний голомтыг эрүүлжүүлэх зорилгоор ховор амьтныг агнаж, барьж болохыг зөвшөөрсөн, бусад тохиолдолд хориглосон байна.

Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаартай, “Жагсаалт, журам батлах тухай (Ховор амьтны)” тогтоолын 1 дүгээр хавсралтын Хоёрын 18-нд Зэрлэг гургуул (Phasianus colchicus)-ыг ховор амьтны жагсаалтад оруулжээ.

5.2. Шүүгдэгч Б.Г  нь 2022 оны 01 дүгээр сарын 28-ний өдөр Баян-Өлгий аймгийн Бугат сумын 03 дугаар багийн нутаг дэвсгэр, “Ширгийн гаталгаа” гэх газраас Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 07 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан “Ховор амьтны жагсаалт”-д оруулсан 4 тооны зэрлэг гургуулыг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, тээвэрлэсэн үйл баримт хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудын хүрээнд тогтоогдсон бөгөөд шүүгдэгч Б.Г ы үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “тусгай зөвшөөрөлгүйгээр ховор амьтныг агнасан, тээвэрлэсэн” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул улсын яллагчийн гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.Г ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар ан агнах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Гэм хэрэг гарахад шүүгдэгчийн хуулийн зохих мэдлэггүй байдал нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

6. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.

Шүүгдэгч Б.Г ы үйлдсэн гэмт хэргийн улмаас амьтны аймагт 292.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 2 дахь заалтад зааснаар амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтоохоор хуульчилсан байна.

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 23 дугаартай, “Үнэлгээ, төлбөр, хураамжийн хэмжээг шинэчлэн батлах тухай” тогтоолын 1 дүгээр хавсралтын 3-ын 115-д Зэрлэг гургуулын (Phasianus colchicus) үнэлгээг 73.000 төгрөгөөр тогтоосон байна.  

Экологи эдийн засгийн үнэлгээгээр уг 73.000 төгрөгийн хохирлыг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр төлүүлдэг /агнагдсан гэх 4 тооны зэрлэг гургуул х 73.000=292.000 төгрөг, 292.000 төгрөг х 2=584.000 төгрөг/ хуулийн зохицуулалтаас үзэхэд амьтны аймагт учирсан хохирол энэ хэргийн хувьд 584.000 төгрөгөөр тооцогдох бөгөөд шүүгдэгч Б.Г  гэмт хэргийн хохирол болох 584.000 төгрөгийг 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Байгаль орчин, уур амьсгалын сангийн 100900013040 дугаартай төрийн сангийн дансанд шилжүүлсэн тул шүүгдэгч Б.Г ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

2.1. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б.Г д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлтийг,

Шүүгдэгчээс миний эрүүл мэндийн байдлыг харгалзаж үзэж, хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж өгөх хүсэлтээ гаргасан болно.  

2.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Б.Г ы үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасныг удирдлага болгов.

2.3. Шүүгдэгч Б.Г д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэлээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Б.Г  нь ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, өндөр насны тэтгэвэрт гарсан бөгөөд одоо “Практикал даатгал” ХХК-ны Баян-Өлгий аймаг дахь салбарт менежер ажилтай байна. Шүүгдэгч Б.Г  нь урьд нь Баян-Өлгий аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 заалтад зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шүүхийн шийтгэх тогтоолоор нотлогдож байна.

2.4. Шүүгдэгч Б.Г  нь хууль бусаар ан агнах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирлыг төлсөн байдал, хувийн байдал зэрэгт тус тус нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт өгч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 жил 6 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

2.5. Шүүгдэгч Б.Г  цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтад зааснаар хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн агнагдсан гэх 4 тооны зэрлэг гургуулыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газартай хамтран устгахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгаж, шүүгдэгч Б.Г ы өмчлөлийн хар өнгийн Toyota hilux загварын 00-00 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 04 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хэвээр нь үлдээх нь зүйтэй.

2.6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна.”, 2 дахь хэсэгт ““Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно.”, 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ.” гэж тус тус заасан байна.

Хуулийн дээрх зохицуулалтыг журамлан шүүгдэгч Б.Г ы гэмт хэрэг үйлдэхэд ашигласан хэрэгсэл болох гол төмрийн 6926, замагны 58660 дугаартай ТОЗ-8 загварын галт зэвсгийг 1 ширхэг 5.6 мм-ийн сумны хамт улсын төсөвт шилжүүлэхээр Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт хүргүүлж, мөн шүүгдэгч Б.Г ы гэмт хэрэг үйлдэхэд ашигласан хар өнгийн Toyota hilux загварын 00-00 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэв.

2.7. Шүүгдэгч Б.Г д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэв.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Г ыг ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, тээвэрлэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар ан агнах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г ыг 5.400 (таван мянга дөрвөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 (таван сая дөрвөн зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 жил 6 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт шүүгдэгч Б.Г  цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 1.4 дэх заалтад зааснаар хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн агнагдсан гэх 4 тооны зэрэг гургуулыг шийтгэх тогтол хүчин төгөлдөр болмогц Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газартай хамтран устгахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгаж, шүүгдэгч Б.Г ы өмчлөлийн хар өнгийн Toyota hilux загварын 00-00 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 04 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хэвээр нь үлдээсүгэй.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Г ы гэмт хэрэг үйлдэхэд ашигласан хэрэгсэл болох гол төмрийн 6926, замагны 58660 дугаартай ТОЗ-8 загварын галт зэвсгийг (гэрчилгээний хамт) 1 ширхэг 5.6 мм-ийн сумны хамт улсын төсөвт шилжүүлэхээр Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт хүргүүлж, мөн шүүгдэгч Б.Г ы гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл болох хар өнгийн Toyota hilux загварын 00-00 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг (гэрчилгээний хамт) улсын төсөвт шилжүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Б.Г д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд Б.Г д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Х.ТАЛГАТ