Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/45

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Талгат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.А,

улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Д,

шүүгдэгч Х.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Д гаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.А д холбогдох эрүүгийн 2213000000073 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Х.А,1993 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Баян-Өлгий аймгийн Баяннуур суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, яс үндэс Казах, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг эхийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Б сумын 0 дугаар багт оршин суух хаягтай, урьд нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 157 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 252 цаг албадан ажил хийлгэх ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, РД:БЮ93******.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

Шүүгдэгч Х.А  нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2022 оны 03 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 05 дугаар багийн нутаг дэвсгэрт үл ялих зүйлээр шалтаглан иргэн Б.С ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар.

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.

1.1. Шүүгдэгч Х.А  мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Хохирлыг бүрэн төлж барагдуулсан болно гэв.

2. Эрүүгийн 2213000000073 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

2.1. Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 3-9 дүгээр хуудас/,

2.2. Хохирогч Б.С ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20, 24 дүгээр тал/

2.3. Гэрч Ж.С ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28 дугаар тал/,

2.4. Гэрч М.М ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32 дугаар тал/,

2.5. Гэрч Т.С ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 35-36 дугаар тал/,

2.6. Шинжээч Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны их эмч ажилтай К.Х ын 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 260 дугаартай гэмтлийн зэрэг тогтоосон тухай дүгнэлт /хавтаст хэргийн 50-51 дүгээр тал/,

2.7. Яллагдагч Х.А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 70-71 дүгээр тал/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

3. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Х.А ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд

3.1. Хэргийн үйл баримтын талаар.

Шүүгдэгч Х.А  нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2022 оны 03 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 05 дугаар багийн нутаг дэвсгэрт үл ялих зүйлээр шалтаглан иргэн Б.С ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

3.1.1. Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 3-9 дүгээр хуудас/,

3.1.2. Хохирогч Б.С ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 03 дугаар сарын 10-ны орой 17 цагийн үед Баяннуур сумын 4 дүгээр баг “Буруу эрэг'’ гэх газраас сумын төвөөс бензин болон хоол хүнсний эд зүйл авах зорилготой сумын төвд ирсэн юм. Тэгээд дэлгүүрээс хоол хүнсний зүйлсээ авчхаад бильярдын газар орж сууж байгаад 19 цагийн үед гарсан бөгөөд “Хараа” гэх 0,5 литрийн архинаас 3-4 шилийг Баяннуур сумын иргэд болох А гийн Берикбол, С ын Н, Х ын А бид дөрөв хувааж уусан юм. Тэгээд би Баяннуур сумын 04 дүгээр багт оршин суух Д ын М ы гэрт очиход Д.М  байхгүй байсан бөгөөд би уг хүнийг хайж “Киели Жүйрик” ХХК-ний халаалтын байранд очиход Х.А  нь уг галын байрны гадаа байсан юм.

 Тэгээд Х.А  бид хоёр дотор ороход Д.М, Т.С, Х.С  гэх хүмүүс байсан юм. Гаднаас Х.А  бид хоёр уг байранд орсон бөгөөд Х.А  нь гар утсаа гарган ирж уг хүмүүсийн бичлэгийг хийж байсан юм. Би тэр үед Х.А д хандаж “яагаад бичлэг хийж байгаа юм бэ” гэхэд “эд нар намайг ажлаас хөөсөн” гэсэн ба “чамд ямар хамаатай юм бэ” гэсэн юм. Би тухайн үед Х.А д хандаж яагаад ажлаа хийж байгаа хүмүүст ирж бичлэг хийж байгаа юм бэ гэсэн бөгөөд тухайн үед Х.А  нь намайг хоёр гараараа боож авсан ба бид хоёр галын өрөөнөөс гадаа гармагц намайг баруун гараараа миний зүүн талын нүд рүү нэг удаа цохисон бөгөөд би тухайн үед газарт унахад миний нүүр хэсэгт хөлөөрөө 2-3 удаа өшиглөсөн бөгөөд галын өрөөний дотор байсан Д.М , Т.С , Х.С  нар гарч ирж намайг салгаж авсан. Тухайн үед миний хамраас цус гарч, толгой эргэж байсан бөгөөд тэрнээс цааш юу болсон талаар сайн санахгүй байна.

...Х.А  надад гар хүрч зодсоноос болоод миний толгойд хөнгөн зэргийн гэмтэл учирсан.

...Тухайн үед эмнэлэгт хамт явж намайг үзүүлсэн. Хэрэг болсон цагаас хойш миний эмнэлэгт үзүүлсэн эм тариа авсан болон бусад зардал болох 700.000 төгрөгийг Х.А  надад төлж өгсөн. ...Одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20, 24 дүгээр тал/

3.1.3. Гэрч Ж.С ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн өдөр буюу 2022 оны 03 дугаар сарын 11-ний шөнө би галын байрандаа ажил дээрээ сууж байсан юм. Тухайн газарт хамт ажилладаг М.М , Т.С  нар байсан. Тухайн шөнө буюу 2022 оны 03 дугаар сарын 11-ний шөнө 01:00 цагийн үед гаднаас нэг хүн ирээд хаалга тогшсон ба бид нар хаалга онгойлгохгүй сууж байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа чимээгүй байсан учир гадна байгаа мотоциклд маань ямар нэгэн юм хийх байх гэж бодоод хаалга онгойлгох үед гаднаас Б.С , Х.А , С.Н  нар орж ирсэн юм. Тэгээд халаалтын байранд орж ирээд Б.С  болон Х.А  нар хоорондоо маргалдаж байсан бөгөөд би уг хоёр залууг гадаа гараад асуудлаа шийдээрэй хэмээн хэлээд гадаа гаргасан юм. Би тухайн үед гадаа гарч бие засаад зогсож байтал Б.С ыг Х.А  нь газар хэвтүүлээд толгой тус газар нь гараараа цохиж байсан бөгөөд би очиж Х.А ийг түлхэж холдуулаад халаалтын байранд байсан М.М , Т.С  нарыг дуудсан бөгөөд Т.С  нь Б.С ын гэрийнхнийг дуудаж эмнэлэгт хүргэсэн юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28 дугаар тал/,

3.1.4. Гэрч М.М ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Удалгүй Ж.С  нь гаднаас Х.А  “хүн зодлоо, хурдан гараад ирээрэй” хэмээн дуудсан ба биднийг гадаа гарахад Б.С ын толгой, хамраас нь цус гарсан, баруун талын нүд, дээд уруул нь хавдсан байдалтай хэвтэж байсан. Тухайн үед Х.А  нь “би хүн зодчихлоо” хэмээн газарт сууж байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32 дугаар тал/,

3.1.5. Шинжээч Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албан их эмч ажилтай, К.Х ын 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 260 дугаартай “1. Иргэн Б.С ын биед зүүн нүдний доод зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай, хамрын нуруунд зүүн талд шархтай, хавдартай, мурийлттай, зүүн хацарт хөх ягаан туяатай цус хуралттай, дээд уруулд хэгзэрсэн шархтай, духны хэсэгт шархтай гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн. Иргэн Б.С ын дээрх гэмтэл нь 1-10 хоногт нэг хугацаанд үүссэн, шинэ гэмтлүүд болно.

3. Ерөнхий хөдөлмөрлөх чадвар алдалтад нөлөөлөхгүй болно.

4. Иргэн Б.С ын дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр сарниулах тул, шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 50-51 дүгээр тал/,

3.1.6. Яллагдагч Х.А ий мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд өгсөн: “...Б.С ын нүд болон нүүрэн тус газар нь хэд хэдэн удаа цохисон нь үнэн. Би Б.С ын нүүрэн тус газар нь баруун гараараа 2-3 удаа цохисон. Б.С ын зүүн талын нүд болон уруул нь хавдсан байсан. Би тухайн үед болсон асуудлыг санаж байна. Өөрийгөө удирдан жолоодох чадвартай байсан. Би Б.С ыг цохиж зодсон үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би Б.С ыг аймгийн төвд эмнэлэгт үзүүлж авч явсан. Мөн хохирлын 700.000 төгрөгийг төлж өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний хэргийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 70-71 дүгээр тал, шүүх хуралдааны тэмдэглэлд/ зэрэг нотлох баримтууд болно.

4. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хэргийн үйл баримтын хүрээнд хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

5. Эрх зүйн дүгнэлт.

5.1. Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Х.А ий үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Х.А  гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугийн талаар маргаантай асуудал байхгүй хэмээн тайлбараа гаргаж, гэм буруугийн талаар мэтгэлцээгүй болно.

5.2. Шүүгдэгч Х.А  нь хохирогч Б.С ын эрүүл мэндэд “Зүүн нүдний доод зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай, хамрын нуруунд зүүн талд шархтай, хавдартай, мурийлттай, зүүн хацарт хөх ягаан туяатай цус хуралттай, дээд уруулд хэгзэрсэн шархтай, духны хэсэгт шарх” бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан иргэний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг нь зөрчсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл буюу гэмт хэрэгт хамаарах бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Иймд улсын яллагчийн гэм буруугийн талаар гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Х.А ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

6. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

6.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.

6.2. Шүүгдэгч Х.А ий гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.С ын эрүүл мэндэд учирсан хохирол нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1 дэх заалтад заасан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах нь мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд хохирогч Б.С аас мөрдөн шалгах ажиллагаанд “миний эмнэлэгт үзүүлсэн эм тариа авсан болон бусад зардал болох 700.000 төгрөгийг Х.А  надад төлж өгсөн. Одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгч Х.А ийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

2.1. Шүүхээс шүүгдэгч Х.А д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

2.2. Шүүгдэгч Х.А д холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулан хэргийг прокурорт шилжүүлсний дараа шүүгдэгч Х.А  нь хохирогч Б.С ад учирсан гэмт хэргийн хор уршгийг төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж өгөх талаар хүсэлтээ бичгээр гаргасан байна.

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн саналд яллагдагч Х.А д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхдээ Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 05 дугаар багийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох санал гаргасныг яллагдагч Х.А  нь хүлээн зөвшөөрч гарын үсгээ зуржээ /хавтаст хэргийн 109-110 дугаар тал/.

2.3. Прокуророос хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хяналтаа хуульд заасан журмаар хэрэгжүүлсэн бөгөөд шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянаад шүүгдэгч Х.А д холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

2.4. Шүүгдэгч Х.А  нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч Х.А  урьд нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 157 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 252 цагийн албадан ажил хийлгэх ял шийтгүүлж байсан болох нь цагдаагийн байгууллагын ял шийтгэлийг шалгасан хуудас болон шүүхийн шийтгэх тогтоолоор нотлогдож байна.

2.4. Иймд шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Х.А д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж шийдвэрлэв.

Шүүгдэгч Х.А д оногдуулсан 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхдээ Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 05 дугаар багийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож, зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлэх ажиллагаанд хяналт тавьж, биелэлтийг хангуулахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

2.5. Энэ хэрэгт шүүгдэгч Х.А  нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдав.

Шүүгдэгч Х.А д урьд нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон:

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х.А ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А ийг 1 (нэг) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А д оногдуулсан 1 (нэг) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхдээ Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 05 дугаар багийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож, ялын биелэлтийг хангуулж, хяналт тавьж ажиллахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А  нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт шүүгдэгч Х.А  нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Х.А д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг,  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Х.А д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Х.ТАЛГАТ