Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/46

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Талгат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.А,

улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Ө,

шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, улсын ахлах өмгөөлөгч С.Т,

шүүгдэгч М.Б  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Ө гөөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Б ад холбогдох эрүүгийн 2213000000052 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, М.Б , 1986 оны 11 сарын 30-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, яс үндэс Казах, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Ө сумын 0 дүгээр багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар: БЮ86******.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

Шүүгдэгч М.Б  нь 2022 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 16 цагийн үед Баян-Өлгий аймгийн Толбо сумын 02 дугаар багийн нутаг дэвсгэр, Хар сайрын гүүр гэх газарт 0000 УНЧ улсын дугаартай “Nissan Advan” загварын тээврийн хэрэгслийг жолоодож  замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсгийг зөрчсөний улмаас насанд хүрээгүй хүүхэд Е.С ыг мөргөж,  эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар.

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.

1.1.Шүүгдэгч М.Б  мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна гэв.

2. Эрүүгийн 2213000000052 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

2.1. Иргэн М.Б аас гаргасан гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 1 дүгээр тал/,

2.2. Хэргийн газрын үзлэг болон 00-00 УБЧ улсын дугаартай “Nissan Advan” загварын  тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 5-10, 11-14 дүгээр тал/,

2.3. Насанд хүрээгүй хохирогч Е.С ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25 дугаар тал/,

2.4. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Г гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29 дүгээр тал/,

2.5. Гэрч Т.А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32 дугаар тал/,

2.6. Гэрч М.А ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 34-35 дугаар тал/,

2.7. Гэрч Ш.Е ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 40-41 дүгээр тал/,

2.8. Шинжээч Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны их эмч ажилтай Х.Е ын 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 159 дугаартай “насанд хүрээгүй хохирогч Е.С ын эрүүл мэндэд учирсан гэмтлийн зэргийг тогтоох тухай” дүгнэлт /хавтаст хэргийн 54-55 дугаар тал/,

2.9. Шинжээч Баян-Өлгий аймаг дахь Автотээврийн төвийн мэргэжилтэн ажилтай Б.Ж ийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 03 дугаартай техникийн шинжилгээний дүгнэлт /хавтаст хэргийн 76-77 дугаар тал/,

2.10. Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч М.А ийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн магадалгаа /хавтаст хэргийн 84-87 дугаар тал/

2.11. Яллагдагч М.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 103-104 дүгээр тал/,

2.12. Шүүгдэгч М.Б ын хувийн байдлыг тодорхойлсон нотлох баримтууд болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

3. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч М.Б ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд

3.1. Хэргийн үйл баримтын талаар.

Шүүгдэгч М.Б  нь 2022 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 16 цагийн үед Баян-Өлгий аймгийн Толбо сумын 02 дугаар багийн нутаг дэвсгэр, Хар сайрын гүүр гэх газарт 0000 УНЧ улсын дугаартай “Nissan Advan” загварын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсгийг зөрчсөний улмаас насанд хүрээгүй хүүхэд Е.С ыг мөргөж,  эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт нь:  

3.1.1. Иргэн М.Б аас гаргасан гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 1 дүгээр тал/,

3.1.2. Хэргийн газрын үзлэг болон 00-00 УБЧ улсын дугаартай “Nissan Advan” загварын  тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 5-10, 11-14 дүгээр тал/,

3.1.3. Насанд хүрээгүй хохирогч Е.С ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2022 оны 02 дугаар сарын 02-ны өдөр манай аав, ээж, дүү бүгдээрээ Толбо сум руу салхинд гарахаар очоод буцах замд манай ээжийн дүү Т.Е  портер машинаар замын нөгөө талд чулуу ачиж зогсож байхыг нь хараад түүнтэй уулзахаар болж аав машинаа замаас гаргаж тавьсан. Тэгээд бүгдээрээ замын нөгөө талд чулуу ачиж байсан ах Т.Е  дээр очиж түүнтэй уулзаад дараа нь бүгдээрээ буцахаар болсон.

Энэ үед Т.Е  ах ч гэсэн буцах гэж байсан. Тэгээд аав, ээж, би, дүү мөн бидэнтэй хамт явсан Аслан бүгдээрээ зам дээр гарч би замд явж байгаа машин харагдахгүй байхаар нь гүйж өөрсдийнхөө машин руу очихоор зам хөндлөн гарах үед аймаг талаас цагаан өнгийн суудлын тээврийн хэрэгсэл ирж намайг зүүн талын хөл орчимд мөргөх үед миний нүд харанхуй болж юм харагдахгүй болсон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25 дугаар тал/,

3.1.4. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Г гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Бид явган зам руу ирж байсан ба зам дээр гараад замын хоёр талыг хараад замын нөгөө тал руу өөрсдийнхөө машин руу явах гэж зогсож байтал манай хүү Е.С  биднээс түрүүлж зам руу алхаж яваад замын нөгөө тал руу гүйсэн. Түүнийг зам руу гарах гэж явж байх үеэр замын баруун талын эгнээгээр хойд зүг талаас ойртоод ирчихсэн машиныг хараад би Е.С ыг дуудсан боловч тэрээр цаашаа гүйгээд явсан. Би тухайн үед уг машиныг дуут дохио өгөхийг нь сонсоод машин ирчихсэн байсныг хараад хүүгээ дуудсан боловч хүү маань сонсохгүй зогсолгүй гүйгээд явсан ба уг машин ирж Е.С ыг мөргөж, урагшаа явж зогссон. Е.С  нь мөргүүлэхдээ машины копут руу гарч, машин урагш явж өнгөрөөд зогсох үед газарт унасан.

...Эмчилгээнд 103.500 төгрөг гарсан. Хотод очиход хагалгааны үнийг улсаас төлдөг тул бид төлөөгүй. Нөхөр Ш.Е , хүү Е.С  бид гурав хот руу очиж ирсэн онгоцны зардалд 2.201.600 төгрөг гарсан. Жолооч М.Б  нь бидэнд эмчилгээнд хэрэглээрэй гэж сайн дураараа 500.000 төгрөг өгсөн ба онгоцны зардал болох 2.201.600 төгрөгийг мөн өөрөө төлсөн. Бидэнд жолооч М.Б аас нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29 дүгээр тал/,

3.1.5. Гэрч Т.А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Толбо сум руу явж байх замд Хар сайр гэх газарт гүүрний цаад талд “Портер” загварын машин зогсож байсан ба замын нөгөө талд жижиг суудлын автомашин зогсож байсан бөгөөд “Портер” загварын машин зогсож байсан талаас 3 хүүхэд гүйж зам хөндлөн гарч ирсэн. М.Б  дуут дохио өгч хурдаа сааруулсан боловч уг 3 хүүхдийн 2 нь болох 2 эмэгтэй хүүхэд нь зогсож нөгөө 1 эрэгтэй хүүхэд тэр чигээрээ гүйхэд нөхөр маань түүнээс зугтаж тоормосоо дарсан боловч нөгөө хүүхэд гүйсээр ирж машинд мөргүүлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32 дугаар тал/,

3.1.6. Гэрч М.А ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...М.Б  машиныхаа хурдыг сааруулж дөхөж очоод дуут дохио өгөөд байсан ба портер машины хойд талаас юм гарч ирэх шиг болсон бөгөөд М.Б  ч тоормосоо хүчтэй дарж зогсох үед машинд юм мөргүүлсэн чимээ гарсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34-35 дугаар тал/,

3.1.7. Гэрч Ш.Е ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгэхэд би замын аймаг талаас ирж байсан дээрх машиныг хараад хүү С ыг барьж авах гэсэн боловч амжаагүй бөгөөд тэрээр тэр чигтээ гүйгээд явсан. Тэр үед дээрх ирж байсан машин хурдаа сааруулж, дуут дохио өгөөд С аас зугтаж замын эсрэг урсгал руу гарч С ыг мөргөж зогссон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40-41 дүгээр тал/,

3.1.8. Шинжээч Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны их эмч ажилтай Х.Е ын 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 159 дугаартай “1. Е.С ын биед шилбэ ясны шаант болон тахилзуур яснуудын далд бага зэрэг зөрүүтэй хугарал, баруун зүүн хацар доод зовхи хамарсан шалбарсан шархтай, баруун гарын бугуйны гадна хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь хатуу, мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна.

3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эдгэрэлт болон эмчилгээний үр дүнгээс хамаарна.

4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 54-55 дугаар тал/,

3.1.9. Шинжээч Баян-Өлгий аймаг дахь Автотээврийн төвийн мэргэжилтэн Б.Ж ийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 03 дугаартай “1. М.Б ын жолоодож замын хөдөлгөөнд оролцсон "Nissan Advan" загварын 0000 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд эвдрэл гэмтэл үүссэн байна.

2. "Nissan Advan" загварын 0000 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн урьд нүүр хагарсан байна. /Урьд нүүр нь урьд хагархай байсан ба төмөр утсаар боож тогтоосон байв/ Капот болон зүүн талын крыло урьд нь эвдэрч гэмтсэнийг замаск тавьж засварласан байв.

3. "Nissan Advan" загварын 0000 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн капот, зүүн талын крыло, нүүр нь зам тээврийн осол болохоос өмнө эвдэрсэн байв.

4. Уг тээврийн хэрэгсэл нь 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр техникийн хяналтын үзлэгт орж тэнцсэн байна /Техникийн хяналтын үзлэгийн дүгнэлтийг хавсаргав/.

5. "Nissan Advan" загварын 0000УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Цагдаагийн газрын журмын хашаанд асааж явуулж шалгахад тоормос нь жигд ажиллагаатай байв.

6. Уг тээврийн хэрэгсэл зам тээврийн осол гарахаас өмнө бүрэн бус байсан гэж үзэх үндэслэлгүй байна /хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлөх эд ангиудын хувьд/” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 76-77/,

3.1.10. Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч М.А ийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн “...М.Б  нь замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасныг зөрчсөн байна. Энэ нь зам тээврийн осол гарах гол шалтгаан болсон байна” гэх магадалгаа /хавтаст хэргийн 84-87 дугаар тал/

3.1.11. Яллагдагч М.Б ын өгсөн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн: “...Миний бие 2022 оны 02 дугаар сарын 02-ны өдөр өөрийн эзэмшлийн 0000 УНЧ улсын дугаартай “Nissan Advan” загварын тээврийн хэрэгслээр тус аймгийн Өлгий сумаас Толбо руу очихоор болоод манай ээж  , эхнэр А , ах А , түүний эхнэр М болон охин А, ахын охин Б нарын хамт явж байтал Толбо сумын нутаг дэвсгэр Хар сайр гэх газарт 16 цагийн орчимд засмал замын баруун талаас портер загварын машин зам руу гарч ирээд, буцаж ухраад урсгал сөрч зам чөлөөлж зогссон. Үүний дараа замын баруун талаас зам руу хүүхдүүдийн хамт 2 том хүн гарч ирсэн. Би тэднийг хараад хурдаа сааруулж, дуут дохио өгөөд тэдний хажуугаар өнгөрөөд явах гээд ирж байтал хүүхдүүдийн нэг нь зам хөндлөн гүйж гарсан. Би хүүхдээс зугтаж эсрэг талын урсгал руу гарсан боловч нөгөө хүүхэд гүйсээр ирж машинд мөргүүлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 103-104 дүгээр тал/ болон бичмэл бус нотлох баримтуудаар тогтоогдож байна.

4. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хэргийн үйл баримтын хүрээнд хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

5. Эрх зүйн дүгнэлт.

5.1. Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч М.Б ын үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлтийг гаргасан байх ба шүүгдэгч М.Б аас гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх тайлбарыг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч М.Б ын гэм буруугийн талаар маргаантай асуудал байхгүй хэмээн дүгнэлтээ гаргаж, гэм буруугийн талаар мэтгэлцээгүй болно.

5.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан байна.

Шүүгдэгч М.Б  нь 2022 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 16 цагийн үед Баян-Өлгий аймгийн Толбо сумын 02 дугаар багийн нутаг дэвсгэр, Хар сайрын гүүр гэх газарт 0000 УНЧ улсын дугаартай “Nissan Advan” загварын тээврийн хэрэгслийг жолоодож  замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасныг зөрчиж, насанд хүрээгүй хохирогч Е.С ыг мөргөж, зам тээврийн осол гаргасны улмаас түүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангасан байна.

5.3. Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимог хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй юм. Уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, түүний хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжид ангилдаг.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “захиргааны хэм хэмжээний акт” нь Замын хөдөлгөөний дүрэм мөн болох нь дараах байдлаар нотлогдож байна. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Монгол Улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр дагаж мөрдөх замын хөдөлгөөний нэгдсэн журмыг Замын хөдөлгөөний дүрмээр тогтооно”, 4.2 дахь хэсэгт “Замын хөдөлгөөний дүрмийг Засгийн газар батална” гэж заасан байна. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 239 дугаартай “Дүрэм шинэчлэн батлах тухай” тогтоолын хавсралтаар “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм”-ийг хуульд нийцүүлэн шинэчлэн баталсан байх тул Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм нь бүх нийтээр дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний акт буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн халдлагын зүйл болох бөгөөд шүүгдэгч М.Б  нь автотээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг чанд баримтлах үүрэгтэй.

Шүүгдэгч М.Б  нь тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэлдээ санаатай, идэвхтэй үйлдлээр хандсан байх бөгөөд харин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас насанд хүрээгүй хохирогч Е.С ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч М.Б ын Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн идэвхтэй үйлдэл, насанд хүрээгүй хохирогч Е.С ийн эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирол хоорондоо шалтгаант холбоотой байна.

5.4. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар 1 дэх хэсэгт заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэргийн обьектив, субьектив шинжийг бүрэн хангасан байна гэж дүгнэлээ.

5.5. Тухайн цаг хугацаанд шүүгдэгч М.Б  нь 0000 УНЧ улсын дугаартай “Nissan Advan” загварын тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо насанд хүрээгүй хохирогч Е.С ыг мөргөж, зам тээврийн осол гаргасны улмаас түүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь тогтоогдсон, мөн шүүгдэгч М.Б ын биенээс цусны дээж авч шинжээч томилж дүгнэлт гаргуулахад 0,4 хувийн этилийн спирт илэрсэн боловч Эрүүл мэнд, спортын сайд, Хууль зүйн сайдын 2016 оны А/138, А/131 дугаартай хамтарсан тушаалын хавсралтаар баталсан “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журам”-ын 2.5 дахь хэсэгт зааснаар спиртийн агууламж 0,5 промиль хувьд хүрээгүй тул шүүгдэгч М.Б ыг тухайн цаг хугацаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзэхгүй.  

5.6. Иймд гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч М.Б ыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв. Энэ гэмт хэрэг гарахад шүүгдэгч М.Б ын хайхрамжгүй, хариуцлагагүй байдал шууд нөлөөлсөн байна.

6. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

6.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.

6.2. Шүүгдэгч М.Б  замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсгийг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, насанд хүрээгүй Е.С ын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.

6.3. Насанд хүрээгүй хохирогч Е.С ын хууль ёсны төлөөлөгч Т.Г гаас мөрдөн шалгах ажиллагаанд “...Хэргийн улмаас хүү Е.С ын эмчилгээнд 103.500 төгрөг гарсан. Хотод очиход хагалгааны үнийг улсаас төлдөг тул бид төлөөгүй. Нөхөр Ш.Е , хүү Е.С  бид гурвын хот руу очиж ирсэн онгоцны зардалд 2.201.600 төгрөг гарсан. Жолооч М.Б  нь бидэнд эмчилгээнд хэрэглээрэй гэж сайн дураараа 500.000 төгрөг өгсөн ба онгоцны зардал болох 2.201.600 төгрөгийг мөн өөрөө төлсөн. Бидэнд жолооч М.Б аас нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол, санал байхгүй” гэж мэдүүлсэн байна.

Үүнээс үзэхэд шүүгдэгч М.Б  нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Г д гэмт хэргийн хор уршигт 2.805.100 төгрөгийг төлж өгсөн ба Шинжээч Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны их эмч ажилтай Х.Е ын 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 159 дугаартай “насанд хүрээгүй хохирогч Е.С ын эрүүл мэндэд учирсан гэмтлийн зэргийг тогтоох тухай” дүгнэлтийг үндэслэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Г  нь энэ шийтгэх тогтоолоор насанд хүрээгүй хохирогч Е.С ын эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирлыг эмчлүүлэхтэй холбоотой цаашид шүүгдэгч М.Б аас нэхэмжлэх зүйл байгаа гэж үзвэл нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар дахин нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

2.1. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б ыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж өгөх дүгнэлтийг тус тус гаргасан болно.

2.2. Шүүхээс шүүгдэгч М.Б ад эрүүгийн хариуцлага хүлээлгэх буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

2.3. Шүүхээс шүүгдэгч М.Б ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ. Мөн шүүгдэгчийн өмгөөлөгчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтэд дурдсан шүүгдэгч М.Б  нь насанд хүрээгүй хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй гэж дүгнэлээ. Учир нь, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд дурдсанаар шүүгдэгч М.Б  нь хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ аваагүй нөхцөл байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч М.Б  нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь түүний ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна. Шүүгдэгч М.Б  нь бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 04 дүгээр багт оршин суух хаягтай, хувиараа засал чимэглэлийн ажил эрхэлдэг болох нь түүний шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

2.4. Шүүхээс шүүгдэгч М.Б ыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол төлсөн байдал, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус бүрд нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт өгсний үндсэн дээр шүүгдэгч М.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б ад оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв. Шүүгдэгч М.Б  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

2.5 Энэ хэрэгт шүүгдэгч М.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй болно.

Шүүгдэгч М.Б ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М.Б ыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б ыг 650 (зургаан зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 (зургаан зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б ад оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч М.Б  нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Г д гэмт хэргийн хор уршигт 2.805.100 төгрөгийг төлж өгсөн болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Г гаас энэ шийтгэх тогтоолоор насанд хүрээгүй хохирогч Е.С ын эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирлыг эмчлүүлэхтэй холбоотой цаашид шүүгдэгч М.Б аас нэхэмжлэх зүйл байгаа гэж үзвэл нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар дахин нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

7. Энэ хэрэгт шүүгдэгч М.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч М.Б ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч М.Б ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Х.ТАЛГАТ