Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 45

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Баттөмөр хөтлөн

улсын яллагч М.Нямжав

шүүгдэгч Б.Түвшинбаяр, түүний өмгөөлөгч Ш.Бадмаараг

хохирогч Э.Алтанчимэг

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201626021540 дугаартай, 1 хавтас хэргийг 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1979 оны 10 дугаар сарын 11-нд Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ДНДХ ХХК-д худалдааны менежер ажилтай, ам бүл 4; эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 106 дугаар гудамж, 08 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, ЧЕ79101179 дугаарын регистртэй, Түмэн овогт Батбаярын Түвшинбаяр

 

Шүүгдэгч Б.Түвшинбаяр 2016 оны 5 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 69 дүгээр байрны 89 тоотод эхнэр Э.Алтанчимэгийг хардалтын улмаас зодож, түүний бие махбодид зүүн шуу ясны далд хугарал, баруун бугалга, зүүн гуя, цээжинд цус хуралт бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Б.Түвшинбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Мөрдөн байцаалтын явцад үнэн зөв мэдүүлсэн учир дахин мэдүүлэхгүй. Би эхнэрийгээ зодох болсон шалтгаан нь уурандаа, бас хардсан юм. Үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Дахин ийм байдал гаргахгүй. Тухайн үед би эхнэрийн гар хугарсан гэдгийг мэдээгүй. Маргааш нь цагдаагаас дуудахад л мэдсэн. Эхнэрээсээ уучлалт гуйж байна гэв.

 

Хохирогч Э.Алтанчимэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2016 оны 5 дугаар сарын 18-ны орой энэ асуудал болсон. Манай нөхөр ажлаасаа ирээд гэртээ байж байтал миний фэйсбүүк хаягаар Эрхүүд сурдаг хүүхдээс мессеж ирсэн. Мессежний утга нь танд таньж мэдэх хүн байна уу, Монголоос юм авчруулах гэсэн юм гэсэн байсан. Гэтэл манай нөхөр хардаад, ямар учиртай юм бэ гээд би тайлбарлаж хэлтэл ойлгохгүй уурлаад намайг зодсон.

Миний гарын шуу яс хугарсан гэдгийг би тухайн үедээ мэдээгүй, маргааш нь мэдсэн. Би нөхрийгөө хашраах санаатай цагдаад өргөдөл өгсөн. Одоо надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй. Миний нөхрийг аль болох хөнгөн ялаар шийтгэж өгнө үү. Бид нар эвлэрсэн, хамтдаа амьдарч байгаа гэв.

 

Шүүгдэгч Б.Түвшинбаярын хувийн байдалтай холбоотой түүний урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-н 32/,

иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 31/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-н 9/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-н 33/, ДНДХ ХХК-ий тодорхойлолт /хх-н 34/, төрсний гэрчилгээний хуулбарууд /хх-н 35-36/, гадаад паспортын хуулбар /хх-н 10/,

гэрч Энхтайваны Алтанчимэгийн ... Түвшинбаяр бол миний төрсөн ах Алтангэрэлийн багынх нь найз байгаа юм. Тэгээд би Түвшинбаяртай 1997 оноос үерхэж эхэлсэн. 1999-2000 онд Түвшинбаяр цэргийн албанд явж ирээд бид хоёр гэр бүл болсон. 2003 онд анхны хүүхэд маань, 2009 онд бага хүүхэд маань тус тус төрсөн. Бид хоёр гэр бүлээ 2000 онд батлуулсан /хх-н 12/ гэсэн мэдүүлэг,

гэрч Бат-Эрдэний Энх-Оюуны ... Түвшинбаяр манай байгууллагын борлуулалтын менежер. 2 жилийн өмнөөс зүс мэддэг болж, 1 жилийн өмнөөс сайн таних болсон. Түвшинбаяртай би ажил хэргийн харьцаа холбоотой ба ямар нэгэн хайр сэтгэл, бэлгийн харьцаа холбоо байхгүй. Алтанчимэг нь Түвшинбаярын эхнэр нь байгаа юм. Намайг Энхүүлээ гэж дууддаг. Түвшинбаяр бол ажилдаа сайн. Зан чанарын хувьд цочмог ууртай ч хүний үг сайн авдаг. Ажлын гүйцэтгэл сайнтай. Мөн их аймхай, өөрөө бие даан шийдвэр гаргах чадвар муу гэж боддог /хх-н 13/ гэсэн мэдүүлэг,

гэрч Энхтайваны Отгонзаяагийн ... Алтанчимэг миний төрсөн эгч, Түвшинбаяр миний хүргэн ах буюу Алтанчимэг эгчийн маань нөхөр нь юм. Түвшинбаяр их хартай. Архи уудаггүй байсан, харин сүүлийн үед уугаад байгаа сурагтай. Энэ гэр бүлийн хувьд нүдэнд харагдах байдлаараа тус тусынхаа ажлыг хийгээд болж байгаа л харагддаг. Дутагдах зүйлгүй байдаг гэж л боддог /хх-н 14/ гэсэн мэдүүлэг,

гэрч Догсомын Наранцэцэгийн ... би дөрвөн хүүхэдтэй, Түвшинбаяр миний том хүү байгаа юм. 1979 оны 11 дүгээр сард Улаанбаатар хотод төрсөн. Гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй. Сургуулиасаа гараад талхны цехэд талх барих ажил хийж байсан. Дараа нь цэргийн алба хааж ирээд хамгаалалтын албанд ажиллаж байх үедээ эхнэр хүүхэдтэй болсон. Одоо Алтанчимэгтэй гэр бүл болон амьдарч байгаа ба хоёр хүүхэдтэй. Архи уудаггүй, тамхи татдаггүй. Хамт олондоо нэр хүнд сайтай, хүнд тусархаг. Харин огцом ууртай ба уурлахаараа дүү нараа загнаж байгаа харагддаг. Төрөлхийн зүрхний хийтэй. Түүнээсээ болоод огцом уурладаг байх. Алтанчимэг, Түвшинбаяр хоёр хоёулаа хурц ширүүн ааштай. Алтанчимэг нэг удаа над руу яриад тусдаа амьдарч байгаа гэж хэлсэн. Тэгээд би Түвшинбаярыг зэмлэж байсан удаатай. Ахуй амьдралын хувьд хэнээс ч дутахгүй амьдралтай /хх-н 16/ гэсэн мэдүүлэг зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Түвшинбаяр 2016 оны 5 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 69 дүгээр байрны 89 тоотод эхнэр Э.Алтанчимэгийг хардалтын улмаас зодож, түүний бие махбодид зүүн шуу ясны далд хугарал, баруун бугалга, зүүн гуя, цээжинд цус хуралт бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлгүүд, хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн, шүүх шинжлэн судласан

хохирогч Энхтайваны Алтанчимэгийн ... бид нэг гэр бүл учраас сайндаж муудах зүйл олон л байдаг. Тэгээд энэ маргаан даамжирсаар байгаад Түвшинбаяр хамт ажилладаг Энхүүлээ гэх эмэгтэйтэй явалдаж байгааг би мэдсэн. 2015-2016 оны хооронд бид нар тусдаа амьдарч байгаад сая буюу 2016 оны 2 дугаар сарын сүүлээр эвлэрсэн. Түвшинбаяр надаас тусдаа байх хугацаандаа хаана, хэнтэй амьдарч байсныг нь би мэдэхгүй. Энхүүлээ нь нөхөр, хүүхэдтэй юм байна лээ. 2015 оны 6 дугаар сард баяр болох гээд би нөхөр Түвшинбаяр дээр очоод хүүхдүүд чинь хоолны мөнгөгүй болсон байна гэхэд мөнгө байхгүй гэсэн байж яг хүүхдийн баярын өдөр нөгөө эмэгтэйгээ хоолонд оруулаад явж байсан байгаа юм. Энэ бүхнээс болон тусдаа амьдарсан. Гэхдээ Түвшинбаяр тусдаа амьдарч байх хугацаандаа хүүхдүүдтэйгээ уулзаж анхаарал халамж тавьдаг байсан. Тэр талаар Энхүүлээд нь хэлэхээр намайг хэлэх хэлэхгүй үгээр доромжилдог байсан. Тусдаа амьдрах болсон цагаас хойш би хоёр хүүхдийнхээ хамтаар амьдардаг болсон. Намайг ажилтай байхад манай үеэл дүү Дэмүүл манай хүүхдүүдийг харж өгдөг юм.

Түвшинбаяр 2016 оны Цагаан сараар гэртээ ирээд намайг уучлаарай, буруугаа ойлгож ухаарлаа гээд байхаар нь би хүүхдүүдээ бодоод уучилсан.

2016 оны 5 дугаар сарын 18-ны өдөр би нөхөр Түвшибаяр болон хоёр хүүхдийн хамтаар гэртээ байж байтал фейбүүкээр манай сургуулийн Мөнхзолбоо гэдэг хүүхэд сайн уу аниа, таны дугаар болохгүй байна, би Улаанбаатар хотоос юм авчруулах гэсэн юм, таньд таних хүн байна уу гэсэн утгатай юм бичсэн. Гэтэл Түвшинбаяр харчихаад энэ бас юун залуу юм бэ гээд хардаад эхэлсэн. Би учрыг нь хэлтэл Түвшинбаяр уурлаад хэрүүл хийгээд байсан. Тэгээд муудалцаад миний гар, цээж, мөр хэсэг рүү гараараа хэд хэдэн удаа цохисон. Би уйлаад битгий боль, би ажилатй хүн ш дээ гэхэд Түвшинбаяр уурлаж байгаад гараад явсан. Миний санаа зовоод араас нь гарахад байхгүй болохоор нь буцаад ортол гэрт унтаж байсан. Өглөө нь Түвшинбаярыг ажлынх нь хүмүүс дуудаад Түвшинбаяр ажилдаа явсан. Тэгээд би гомдсондоо гараад цагдаагийн байгууллагад хандсан. Түвшинбаярт зодуулсаны улмаас миний зүүн мөр, цээж, бас баруун гарын шуу хэсгээр хөхөрсөн. Мөн зүүн гуя хөхөрч гар маань цуурсан байсан. Би өмнө нь ямар нэгэн байдлаар энэ гарынхаа ясыг гэмтээж байсан удаагүй. Манай гэрийнхэн ч мэднэ. Түвшинбаяр дээрх гэмтлийг гараараа цохиж учруулсан. Түвшинбаяр зодсоныхоо дараа уучлалт гуйсан ба надад дахин тэгэхгүй гэсэн ам өчгөө өгсөн. Бид тусдаа байсан учраас намайг хардсан гэж тайлбарлаж байсан. Түвшинбаяртай тусдаа байх үедээ хэн нэгэнтэй үерхэж байгаагүй. Тэр хугацаанд ч нөхөртэйгээ бэлгийн харьцаатай байсан. Харин сүүлд Мөөгий гэх хүнтэй мессеж бичиж эхэлж байхад Түвшинбаяр мэдчихсэн. Тэгээд би учраа хэлээд тэр хүнтэй уулзаагүй, одоо хоёулаа эвлэрсэн юм чинь дахин мессеж бичихгүй гэж хэлсэн. Гэтэл Түвшинбаяр итгээгүй. Түвшинбаяр угаасаа хартай хүн байгаа юм. Намайг ажил хэргийн харьцаа, холбоотой хүмүүстэй ч хардах тал бий. Одоо миний биеийн байдал хэвийн байгаа. Зүүн гар маань цуурсан байсныг гипсдсэн. Эмчилгээнд гарсан бүх зардлыг Түвшинбаяр төлж байсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Би нөхрөө хашраах гэж цагдаагийн байгууллагад хандсан. Би ийм хэмжээний гэмтэл авсан гэдгээ мэдсэнгүй. Бид багагүй хугацаанд хамт амьдарсан. Хоёр хүүхэдтэй гэх зэрэг шалтгаан байгаа учраас Түвшинбаярын хэргийг хөнгөн шийдвэрлэж өгөхийг хүсч байна /хх-н 12/ гэсэн,

гэрч Бат-Эрдэний Энх-Оюуны ... би Түвшинбаяртай болзож уулзаж байгаагүй. Ажил хэргийн холбоотойгоор хамт дэлгүүрүүдээр байнга явдаг. Алтанчимэг хоёр хүүхдээ манай ажил дээр дагуулж ирж байсан. Тэгэхэд би анх удаа Алтанчимэгийг харсан. Алтанчимэг Түвшинбаярын цалинг надад өгчих гээд байсан ба би өгөх боломжгүй гэхэд Түвшинбаяр гэр орондоо ирэхгүй байна гээд гэр бүлийнхээ хэрүүл маргааны талаар яриад байсан. Би цалинг нь өгөх боломжгүй гэхэд над руу чи яахаараа энэ хүнийг өмгөөлдөг юм гээд дайрсан. Тэгэхэд нь би өөрийгөө гэр бүлтэй хүн гэдгээ хэлсэн. Ер нь бол Алтанчимэг Түвшинбаярыг цохиж, зодох, маажих зэрэг үйлдэл гаргаж байнга харддаг. Би Түвшинбаяр болон Түвшинбаярын хүүхдүүдтэй хоолонд орж байсан удаа байхгүй. Нэг өдөр ажлынхаа шугамаар явж байгаад цайндаа орж байхад Алтанчимэг хоёр хүүхдээ дагуулаад орж ирсэн. Юм бодоогүй байтал Алтанчимэг ирээд үгийн зөрүүгүй ирээд миний толгой руу цохиж аваад олон хүмүүсийн дэргэд янхан энэ тэр гэж есөн шидээр хэлсэн. Түүнээс ямар нэгэн байдлаар зорьж хоол идэж, дэлгүүр хэссэн зүйлгүй. Түвшинбаяр нэг удаа хүүхдүүддээ хувцас авч өгөх гэсэн юм зөвлөөд өгөөч гээд нэг удаа дэлгүүр хамт явж байсан удаа байгаа. Мөн Март боллоо, эхнэртээ юу авч өгөх вэ гээд асууж байсан. Түвшинбаярын эхнэр бол өөрийн санаа бодлыг хүнд шууд тулгадаг. Түвшинбаяртай ам нээсэн хүн болгонтой хардаж, хэрүүл хийдэг ёс зүйгүй, бүдүүлэг, хувиа хичээсэн хүн шиг санагдсан. Манай ажил дээр олон удаа ирж хэрүүл хийж байсан /хх-н 13/ гэсэн,

гэрч Энхтайваны Отгонзаяагийн ... манай эгчийн өөрийнх нь ярьснаар бол хамт сурдаг нэг дүүгээс нь мессеж ирснээс болж маргалдаж зодсон гэж байсан. Эгч Алтанчимэг урьд өмнө нь ямар нэгэн байдлаар гэмтэж бэртэж, хөл гараа хугалж байсан удаагүй. Тэр явдал болсны маргааш өглөө нь эгч маань над руу утсаар ярьсан. Би очоод хартал нүүрний зүүн шанаа хавдсан, баруун гарын мөр хэсгийн булчин, зүүн гуя хөхөрсөн, хавдалттай, зүүн гар нь мөн хавдартай байсан. Тэгээд би хамт цагдаагийн байгууллага дээр ирсэн. Бас Гэмтлийн эмнэлэг явсан. Гэмтэл дээр очиж зураг авахуулахад яс хугарсан байна гээд гипсдүүлсэн /хх-н 14/ гэсэн,

гэрч Доржнямын Нямхүүгийн ... би Алтанчимэгийг 2014 оноос таних болсон. Алтанчимэг нь ОХУ-ын Эрхүү хотын Зам харилцааны сургуульд эчнээгээр суралдцаг. Би мөн тэр сургуульд суралцаж байгаа юм. Тэгээд л нэг сургууль гэдгээрээ танил болж танилын төдий харьцаатай. Ямар нэгэн дотно харьцаа холбоо байхгүй. Ажил хэргийн баг зэргийн холбоотой гэхэд ч бас болно. Түвшинбаяр гэдэг хүнийг бол танихгүй харж ч байгаагүй. Өдрийг нь санахгүй байна, 3 дугаар сарын сүүлээр байх 22 цагийн орчим бага хүү маань өвдөөд түргэн тусламжаар эмнэлэг рүү явсан. Тэгээд мөнгөний хэрэг гарсан ба мөнгө асуух гээд утасны дугааруудаа харж байтал Алтанчимэгийн дугаар байхаар нь залгаад болсон явдлаа хэлээд мөнгө асуутал байхгүй гэсэн. Маргааш нь тэр Алтанчимэгийн дугаараас чи миний эхнэрээс шөнө мөнгө гуйдаг хэн бэ гэдэг мессеж ирсэн. Тэгээд би Алтанчимэг рүү залгаад юу болоод байгаа юм бэ гэж асуутал харин тантай хардаад ийм юм боллоо гэсэн. Дараа нь 9901-тэй дугаараас залгаад би Алтанчимэгийн нөхөр нь байна, чи манай эхнэр рүү ярьдаг хэн бэ, яах гээд байгаа юм бэ, ална хядна гээд байхаар нь манай хүүхэд өвдөөд уур уцаартай байсан учраас чи хэн бэ, уулзаад учраа олоё, яасан олон юм ярьдаг юм бэ гэтэл утсаа тасалсан. Тэр цагаас хойш дахин энэ талаар бодоогүй өнөөдрийг хүрч байна. Алтанчимэгтэй дотно харьцаанд ороогүй. Бид танилын хүрээнд л байдаг. Эрхүү хотод очихоороо дотуур байранд ордог бөгөөд тэр байр давхар давхраараа эрэгтэй, эмэгтэй гэж ялгардаг.

Мөнхзолбоо гэж хүнийг би танина. Манай хамаатны жаахан хүүхэд байгаа юм. Энэ жил 4 дүгээр дамжаанд сурч байгаа, хамаагүй жаахан хүүхэд. Мөнхзолбоо Алтанчимэг нар танилын харьцаатай байх, сайн мэдэхгүй байна. Алтанчимэг нь ОХУ-ын вагонд үйлчлэгч хийдэг. Тэгээд оюутнууд үйлчлэгч нарыг нь гуйдаг шүү дээ. Арай ч тийм харьцаа байхгүй байх. Мөнхзолбоогийн эхнэр нь саяхан төрсөн байх ёстой. Ямар нэгэн дотно харьцаа байхгүй гэж бодож байна /хх-н 15/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн Алтанчимэгийн биед зүүн шуу ясны далд хугарал, баруун бугалга, зүүн гуя, цээжинд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн 7015 тоот дүгнэлт /хх-н 18/,

хохирогч Э.Алтанчимэгийн Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд үйлчлүүлсэн баримт /хх-н 19, 21/ болон бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Иймд Түмэн овогт Батбаярын Түвшинбаярыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар ял оногдуулах үндэслэлтэй,

прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэгт шалгагдвал зохих асуудлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Түвшинбаярт ял оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал, тухайлбал үйлдсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугийн талаар маргахгүй байгаа, хохирогч Э.Алтанчимэг гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус харгалзав.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч Б.Түвшинбаяр цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон