Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 1465

 

Д.Энхтуулын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч М.Наранцэцэг, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 104/ШШ2017/00176 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.Энхтуулын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Налайх дүүргийн Засаг дарга, “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв” НӨҮГазарт холбогдох

 

“Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв” НӨҮГазрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 01 дугаар тушаал, Налайх дүүргийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Б/03 дугаар тушаал хууль зөрчсөн болохыг тогтоолгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 3 208 029 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг,

 

Хариуцагч Налайх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батзаяа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Онон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 онд Налайх дүүргийн Засаг даргын захирамжаар Д.Энхтуулыг Налайх дүүргийн “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв”-ийн захирлаар томилсон. Д.Энхтуул Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний дагуу үйл ажиллагаагаа явуулж, сайн буюу 85-88 оноогоор үнэлэгдэж байсан. Гэтэл Налайх дүүргийн Засаг дарга Д.Энхтуулд ямар ч мэдэгдэл өгөлгүйгээр 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Б/03 дугаар захирамжаар ажил, албан тушаалаас чөлөөлж, ажлыг нь хүлээлцүүлсэн. Мөн “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв” НӨҮГ-ын даргын 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 01 дүгээр тушаалаар Б.Батжаргалыг Налайх дүүргийн “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв”-ийн захирлаар томилсон нь хуульд нийцэхгүй байна. Налайх дүүргийн “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв”-ийн захирал Д.Энхтуул Налайх дүүргийн Засаг даргатай үр дүнгийн гэрээ байгуулсан ба түүний өмнө ажлаа тайлагнадаг. “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв” НӨҮГ-ын дарга Налайх дүүргийн “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв”-ийн захирлыг томилох эрхгүй тул түүний шийдвэрийг хууль бус гэж үзэж байна. Хэрэв “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв” НӨҮГ-ын дарга Д.Энхтуулыг ажлаас чөлөөлөх эрхтэй этгээд юм бол түүнийг чөлөөлсөн тушаал гаргаагүй. Мөн Налайх дүүргийн Засаг дарга Д.Энхтуулыг ажлаас чөлөөлөх ёсгүй. Налайх дүүргийн Засаг дарга 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Б/03 дугаар захирамжаар Д.Энхтуулыг ажлаас чөлөөлөхдөө “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв” НӨҮГ-ын даргын 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 01 дүгээр тушаалыг үндэслэл болгосон. Иймээс “Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв” НӨҮГ-ын даргын 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 01 дугаар тушаал, Налайх дүүргийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Б/03 дугаар тушаал хууль зөрчсөн болохыг тогтоолгож, Д.Энхтуулыг Налайх дүүргийн “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв”-ийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 3 208 029 төгрөг гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг зохих этгээдэд даалгаж өгнө үү. Д.Энхтуулын гаргасан гэх алдаа зөрчил нь энэ хэрэгт хамааралгүй, түүнийг энэ үндэслэлээр ажлаас чөлөөлөөгүй болохыг анхаарна уу гэжээ.

 

Хариуцагч Налайх дүүргийн Засаг дарга шүүхэд гаргасан тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Энхтуул нь Налайх дүүргийн Засаг даргын 2013 оны захирамжаар Налайх дүүргийн “Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төв”-ийн захирлаар томилогдон ажиллах болсон. Тэрээр энэ хугацаанд ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэж, 2016 оны үр дүнгийн гэрээгээ үнэлүүлээгүй. Иймд Налайх дүүргийн Засаг дарга Д.Энхтуултай байгуулсан үр дүнгийн гэрээг сунгаагүй. Мөн Д.Энхтуул байгууллагын хөрөнгийг хууль бусаар зарцуулж, ээлжийн амралттай байх хугацаандаа цалин бодуулан авч, илүүдэл зардал гарган өөрийн төрөл садангийн дансаар мөнгө шилжүүлэн авч ашиглан завшиж байсан нь аудитын шалгалтаар тогтоогдсон тул ажлаас чөлөөлөх үндэслэл болсон. Мөн Нийслэлийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/931 дугаар захирамжаар “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв” НӨҮГ-ын дүрмийг өөрчлөн баталсан ба дүүргүүдийн “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв”-ийн захирлыг томилж, чөлөөлөх эрхийг “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв” НӨҮГ-ын даргад олгосон. Иймд Налайх дүүргийн Засаг дарга Д.Энхтуулыг чөлөөлж, Б.Батжаргалыг томилуулах саналаа дээд байгууллагад нь албан бичгээр хүргүүлсэн. Мөн “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв” НӨҮГ-ын дарга Налайх дүүргийн “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв”-ийн захирлаар Б.Батжаргалыг томилсон тушаал гаргасан байсан учир Налайх дүүргийн Засаг дарга эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг биелүүлж, үр дүнгийн гэрээгээр ажиллаж байсан Д.Энхтуулыг “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв”-ийн захирлын ажил, албан тушаалаас чөлөөлсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв” НӨҮГ шүүхэд гаргасан тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбартаа: Нийслэлийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/931 дугаар захирамжаар “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв” НӨҮГ-ын дүрмийг өөрчлөн баталсан. Уг дүрэмд зааснаар дүүргүүдийн “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв”-ийн захирал нартай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллах ба томилох, чөлөөлөх эрхийг дээд байгууллага болох “Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв” НӨҮГ-ын даргад олгосон. Иймд “Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв” НӨҮГ-ын дарга хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй Д.Энхтуулыг ажлаас чөлөөлөх шийдвэр гаргаагүй. Харин Налайх дүүргийн Засаг даргаас ирүүлсэн саналыг харгалзан 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 01 дугаар тушаалаар Б.Батжаргалыг Налайх дүүргийн “Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв”-ийн захирлаар томилсон. Мөн 2016 онд Налайх дүүргийн Засаг дарга Д.Энхтуултай үр дүнгийн гэрээ байгуулан ажилласан тул түүнийг Налайх дүүргийн Засаг дарга ажлаас чөлөөлөх эрхтэй. Д.Энхтуул Налайх дүүргийн “Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв”-ийн захирлаар ажиллаж байхдаа үр дүнгийн гэрээгээ хангалттай биелүүлж байгаагүй, Засаг даргаар дүгнүүлж байгаагүй. Мөн байгууллагын хөрөнгийг хууль бусаар зарцуулж зөрчил гаргаж байсан нь аудитын дүгнэлтээр тогтоогдсон. Иймд түүнийг ажлаас чөлөөлсөн шийдвэр нь үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Хөгдүүд овогт Доржрэнцэнгийн Энхтуулыг Налайх дүүргийн “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв”-ийн захирлын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5-д заасныг баримтлан “Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв” НӨҮГ-аас ажилгүй байсан бүх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 2 265 980 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Энхтуулд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 942 049 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Энхтуулын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл төлсөн тухай нөхөн бичилт хийхийг “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв” НӨҮГ-т даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Д.Энхтуул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар  “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв” НӨҮГазраас улсын тэмдэгтийн хураамж 51 206 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Налайх дүүргийн Засаг даргын тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх хурал даргалагчаас “нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ” гэж хэлээд шүүх хуралдааныг хаасан ба ямар үндэслэлээр нэхэмжлэлийг хангасан талаараа тайлбарлаагүй, мөн “шүүхийн шийдвэрийг 7 хоногийн дараа ирж гардаж аваарай” гэсэн боловч өнөөдрийг хүртэл гардуулж өгөөгүйгээс шийдвэрт юу юуг тусган хэрхэн үнэлсэн талаар одоогоор мэдэх боломжгүй байна. Гэвч туслах нь “шүүхийн шийдвэрийг сонсгосноос хойш хугацаа тоолно” гэж тайлбарласан тул хугацаанд нь гомдол гаргахаас өөр аргагүй байдалд орсон учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг үл зөвшөөрөн дараах байдлаар гомдлын үндэслэлээ гаргаж байна.

Д.Энхтуулыг Налайх дүүргийн Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн даргаар ажиллаж байхад нь Нийслэлийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн “Дүүргүүдийн жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвийн захирлуудыг томилох тухай” 01 тоот тушаал гарч Налайх дүүргийн жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн даргаар Б.Батжаргалыг томилсон. Учир нь Нийслэлийн Засаг даргын ажлын албанд харьяалагдаж байсан алба нь 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр “Нийслэлийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв” НӨҮГ болон өөрчлөн байгуулагдаж өмнө нь дүүргийн харьяанд байсан бүх салбар нэгжээ өөртөө татан авсан учраас Нийслэлийн Засаг даргын а/931 дүгээр захирамжийн дагуу дүрэмдээ өөрчлөлт оруулсан ба дүүргүүдийн салбар нэгжийн даргыг нь томилж, чөлөөлөх эрхтэй болсон. Бүтэц өөрчлөгдсөнийг мэдсээр байсан атлаа Д.Энхтуул нь 2016 оны үр дүнгийн тайлангаа гаргаагүй, дүүргийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээгээ 2015 онд дүгнүүлэн В үнэлгээ авсан гэх баримт гаргаж өгсөн боловч 2016 онд байгуулсан гэрээгээ хагас болон бүтэн жилээр нь дүгнүүлээгүй байсан нь хариуцагчаас гаргасан тайлбараар нотлогдоно. Түүнтэй байгуулсан үр дүнгийн гэрээний хугацаа 2016 oны 12 дугаар сарын 31-ний өдөр дууссан бөгөөд үргэлжлүүлэн сунгаагүй, сунгах боломжийг бүрдүүлэх тайлангаа ч тавиагүй байсан юм.

Түүнчлэн ажиллаж байх хугацаандаа буюу 2015, 2016 онуудад санхүүгийн зөрчил удаа дараа гаргаж байсан баримтууд байдаг ба зөрчлөө арилгаагүй талаарх баримтыг шүүхэд гаргасан. Дүүргийн Засаг дарга эдгээр шалтгаанаар ажлаас нь чөлөөлж болох байсан ч өөрийнх нь нэр хүндийг бодоод захирамжиндаа тусгаагүй талаараа шүүх хурал дээр тайлбарласан. Тэрээр ажилдаа хариуцлагагүй хандсанаас огт ажиллаагүй Д.Замбага гэх ажилтныг 2015 оны 2, 6 cap, 2016 оны 3, 4, 6, 8 саруудад ажилласан мэтээр 2 790 699 төгрөгийн цалин бодсон ба түүнийг өөрийн нярав С.Юмжирдуламын Хаан банкны дансанд шилжүүлсэн, ажилчиддаа оффисын хувцас авах нэрээр 520 000 төгрөг зарлагадсан атлаа ажилчиддаа өгөөгүй, мөн зарим ажилтанд цалин ээлжийн амралтыг нь давхардуулан бодож олгосон, ажилчдын нийгмийн даатгалын шимтгэлийг нь дутуу тооцсон, нягтлан бодогч Н.Эгэлцэцэгийн төрсөн эгч Н.Заяажаргалын Төрийн банк дахь дансанд нь 2015-2016 онуудад веб сайтын эрх, бохир соруулсаны төлбөр, материалын үнэ, үйлчилгээний төлбөр гэх зэргээр 2 52 375 төгрөг шилжүүлсэн зэрэг олон зөрчлийн баримтууд баталгаажаад байгаа. Ийнхүү нэг албан тушаалд 2 хүн ажиллах боломжгүйгээс гадна Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвөөс өмнөх дарга Д.Энхтуулыг “Дүүргийн Засаг даргын захирамжаар анх ажилд томилсон тул дүүргээс чөлөөлөх ёстой” гэсэн чиглэл өгсөн учраас Захирамж гарган ажлаас чөлөөлсөн. Д.Энхтуулыг анх хөдөлмөрийн гэрээгээр 2013 онд захирлын ажилд авахдаа 541 633 төгрөгөөр цалинжуулж байсан ба дараа нь чөлөөлөн дахин 2014 оны 6 дугаар сараас ажиллуулахдаа Төрийн үйлчилгээний албан тушаалын 618 491 төгрөгөөр цалинжуулах захирамж гарсаныг шүүхэд гаргаж өгсөн байхад цалингийн тодорхойлолтоо сард 994 038 төгрөг байсан гэж баримт гаргаж өгсөн байна. Цалин урамшууллыг нь нэмсэн талаарх удирдлагын захирамж, шийдвэр байхгүй байхад цалингийн хүснэгтдээ үндсэн цалин 711 230 төрөг, унаа 42 000 төгрөг, хоол 63 000 төгрөг, ур чадвар 177 808 төгрөг, нийт 994 038 төгрөгийн цалин авч байсан мэтээр баримт гаргажээ. Төсөвт байгууллагуудын удирдлагын урамшуулал нь хагас бүтэн жилээр үнэлэгдэн нэмэгддэг атал нягтлан бодогч С.Нямсүрэн нь “бүтэн жилийн турш байнга урамшуулал авдаг мэтээр” хуурамч тодорхойлолтыг гаргаж өгсөн байгааг шүүх анхаарч үзээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч Д.Энхтуул нь хариуцагч Налайх дүүргийн Засаг даргад холбогдуулан “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв” НӨҮГазрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 01 дугаар тушаал, Налайх дүүргийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Б/03 дугаар тушаал хууль зөрчсөн болохыг тогтоолгож, Налайх дүүргийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 3 208 029 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв” НӨҮГ-ыг оролцуулсан байна.

 

Хариуцагч Налайх дүүргийн Засаг дарга “нэхэмжлэгч нь үр дүнгийн гэрээгээ дүгнүүлээгүй, мөн төсвийн мөнгийг хууль бусаар зарцуулсан нь тогтоогдсон, “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв” НӨҮГ-ын даргын 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 01 тоот тушаалаар Налайх дүүргийн “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв”-ийн даргаар Б.Батжаргалыг томилсон” гэж, хариуцагч “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв” НӨҮГ нь “манай байгууллага Д.Энхтуултай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаагүй, ажлаас чөлөөлөх шийдвэр гаргаагүй” гэж тус тус маргажээ.

 

Хариуцагч Налайх дүүргийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Б/03 тоот захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3, 40.2.5, Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/931 дүгээр захирамжийг тус тус үндэслэл болгож Д.Энхтуулыг Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлсөн байна.

 /хэргийн 48 дугаар тал/

 

Нэхэмжлэгч Д.Энхтуулыг хариуцагч Налайх дүүргийн Засаг дарга нь тус дүүргийн “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв”-ийн захирал буюу Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5, 11.6-д заасан төрийн үйлчилгээний албан хаагчаар томилсон болон талуудын хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн талаар зохигчид маргаагүй.

 

Харин Нийслэлийн Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 699 дүгээр захирамжаар баталсан “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв” НӨҮГазрын дүрмийг Нийслэлийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/931 дугаар захирамжаар шинэчлэн баталж, уг дүрмийн 2.5.9-д “дүүргүүдийн Засаг даргатай зөвшилцсөний үндсэн дээр тухайн дүүргийн “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв”-ийн захирлыг томилох, чөлөөлөх” гэж, 2.5.10-д “дүүргүүдийн “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв”-ийн дүрэм, ажлын төлөвлөгөөг батлах” гэсэн чиг үүргийг хэрэгжүүлэгч нь хариуцагч “Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв” НӨҮГазрын дарга байхад хариуцагч Налайх дүүргийн Засаг дарга нэхэмжлэгчийн ажил албан тушаалд Б.Батжаргалыг томилсон “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв” НӨҮГ-ын даргын 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 01 тоот тушаалыг үндэслэсэн нь хууль бус гэж анхан шатны шүүх дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв байна. Нэхэмжлэгчийг анх тус ажил, албан тушаалд дүүргийн Засаг дарга томилсон нь түүнийг ажлаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм. /хэргийн 77-82 дугаар тал/

 

Түүнчлэн нэхэмжлэгчийг ажил, албан тушаалаас нь чөлөөлөөгүй байхад түүний оронд “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв” НӨҮГ-ын даргын 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 01 тоот тушаалаар өөр этгээдийг томилсон нь үндэслэлгүй бөгөөд уг тушаалыг хууль бус болохыг тогтоолгох нь бие даасан шаардлага гэж анхан шатны шүүх үзэлгүй, ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагын үндэслэл гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй байна. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт “Ажлаас буруу халагдсан ажилтныг шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүний эрхэлж байсан ажил, албан тушаалд шинээр орсон ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалж, бололцооны дагуу өөр ажил олж өгнө.” гэж зохицуулжээ.

 

Нэхэмжлэгч Д.Энхтуул нь үр дүнгийн гэрээгээр хүлээсэн ажил үүрэгтээ хариуцлагагүй хандсан гэж хариуцагч тайлбарлаж байгаа боловч энэ үндэслэлээр түүнийг ажил албан тушаалаас чөлөөлөх тухай Налайх дүүргийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Б/03 дугаар тушаал гаргаагүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мандахсайханы гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна. Уг тушаалыг гарснаас хойшхи хугацаанд буюу 2017 оны 3, 5 дугаар саруудад гарсан Нийслэлийн Аудитын газрын дүгнэлт, албан бичиг, Налайх дүүргийн Аудитын албаны дүгнэлт, улсын байцагчийн акт зэрэг нь талуудын маргааны үйл баримтад хамааралгүй гэсэн шүүхийн дүгнэлт зөв байна.

 

Иймээс нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин, хөлстэй тэнцэх олговрт 2 265 980 төгрөгийг хариуцагч “Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв” НӨҮГазраас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгуулахыг хүссэн хариуцагч Налайх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мандахсайханы давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 104/ШШ2017/00176 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мандахсайханы гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч Налайх дүүргийн Засаг дарга гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Н.БАТЗОРИГ

 

                                            ШҮҮГЧИД                              М.НАРАНЦЭЦЭГ

 

                                                          С.ЭНХТӨР