Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/86

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх  хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж

Нарийн бичгийн дарга                             М.Баярмэнд

Улсын яллагч                                             Б.*******

Шүүгдэгч                                                      Ч.*******

Шүүгдэгчийн өмгөөлөгч                         Б.*******

Гэрч                                                               Ж.*******

Д.*******

Г.*******

Ч.*******

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.*******од холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.         

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1975 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Завхан аймгийн суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хөдөө аж ахуйн механик, нийтийн удирдлага мэргэжилтэй, ам бүл 2, эхийн хамтаар Завхан аймаг сум ******* оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, овогт *******, Регистрийн дугаар:

Шүүгдэгч Ч.******* нь Завхан аймгийн сумын Засаг даргаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тус аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэгдсэн иргэн Д.*******ын сум хөгжүүлэх сангаас авсан зээлийн 2332800 төгрөгийн үлдэгдэл төлбөрийг төлүүлэхээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байсныг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 01/334 дугаартай албан бичиг хүргүүлж уг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгуулан иргэн Д.*******од давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогджээ.

Түүний холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байна.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд 

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

                            Нэг. Хэргийн үйл баримт, гэм буруутай тооцсон талаар талаар:

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1800 дугаартай шүүгчийн захирамжаар Д.******* Завхан аймгийн сумын Засаг даргын тамгын газарт 2332800 төгрөг төлөхөөр эвлэрснийг баталж шийдвэрлэсэн.

Уг захирамжийг гүйцэтгүүлэхээр гүйцэтгэх хуудсыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн ба Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дээрх гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байсан нь Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  газрын 2019 оны шийдвэр гүйцэтгэлийн 19120277 дугаартай хувийн хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр болон бусад нотлох баримтаар  тогтоогдож байна.

Тухайн үед ******* нь Завхан аймгийн сумын Засаг даргаар ажиллаж байсан нь Аймгийн засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/22 дугаартай захирамжаар тогтоогдсон.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Завхан аймгийн сумын Засаг дарга Ч.*******  “Шүүхийн шийдвэрээр Д.******* нь тус сумын сум хөгжүүлэх санд төлөх 2332800 /хоёр сая гурван зуун гучин хоёр мянга найман зуун/ төгрөгийг төлсөн тул шүүхийн шийдвэрийг хааж өгнө үү” гэсэн агуулга бүхий албан бичгийг 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр тус аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн ба албан бичгийг үндэслэн Д.*******од холбогдох төлбөр гаргуулах Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгосон нь Завхан аймгийн сумын Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1/334 дугаартай албан бичиг, Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 12/339 дугаартай Д.*******од холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тогтоол зэрэг хэрэгт цугларсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн  бусад нотлох баримтуудаар тогтоогджээ.

Гэвч бодит байдал дээр иргэн Д.*******  дээрх шүүгчийн захирамжийг биелүүлээгүй байхад тус сумын Засаг дарга Ч.******* төлбөр төлөгдсөн тухай албан бичгийг бичиж өгсөн нь

Завхан аймгийн сумын сум хөгжүүлэх сангаас  авсан зээлээ төлж дуусаагүй байхад засаг даргаар төлсөн мэтээр албан бичиг үйлдүүлж  шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсон талаар мэдүүлсэн гэрч Д.*******ын “...явган хүний зам хийх зориулалттайгаар 5 сая төгрөгийн зээлийг  төсөл бичээд авсан ...2019 оны 12 дугаар сарын үед аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас шийдвэр гүйцэтгэгч ******* гэж хүн манай суманд хүрч ирээд “та зээлээ төл” гээд надаас шаардсан. Би тэр хүнд амьдралын нөхцөл байдал, мөнгө төгрөгний боломж байхгүй. ...үнэнээ хэлж ойлгуулсан. ...Би *******  шийдвэр гүйцэтгэгчид зээл төлөх хугацааг 1 жилээр сунгаад өгөөч ээ, 2020 оны 06 дугаар сар гэхэд бол яаж ийж байгаад төлчихнө гэж хэлсэн. Тэгсэн чинь ******* “Та юу ч гэсэн Засаг даргатайгаа уулзаадах, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд төлбөр төлөгч тал төлбөр авагч талтайгаа харилцан тохирох юм бол, тантай холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгож болно гэхээр нь би Засаг дарга *******ын өрөөнд ороод түүнд үнэн учраа хэлсэн чинь “Таны нөхцөл байдал, хүндрэлтэй  байгаа асуудлыг чинь ойлгож байна та дараа жил гэхэд төлөөрэй” гэж хэлсэн юм. Тэгээд би сум хөгжүүлэх сан хариуцсан мэргэжилтэн *******д “Зээлийн үлдэгдэл төлбөр болох 2.300.000 төгрөгийг 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдөр гэхэд төлж барагдуулна” гээд өөрийн гараар хүсэлтээ бичиж өгсөн...” гэсэн мэдүүлгээр,

Д.*******ыг 5 сая төгрөгийг сум хөгжүүлэх сангаас авсан талаар мэдүүлсэн гэрч Ж.*******гийн “...Манай сумын Баянхайрхан багийн иргэн   Д.******* нь 2013 онд сум хөгжүүлэх сангаас  зээлийн төсөл бичээд 5 сая төгрөгийн зээл авсан байсан. ...би зээл төлүүлэхээр *******од албан мэдэгдэл удаа дараа хүргүүлсэн боловч зээлээ төлөхгүй байсан. ...Иргэний хэргийн шүүхэд ******* ах дээр нэхэмжлэл бичээд өгчихсөн байсан ба материал нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар руу шилжигдсэн байсан юм. Гэтэл 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр шийдвэр гүйцэтгэгч ******* нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаа хийхээр манай суманд ирээд зээл авсан ******* ахтай уулзаад, дараа нь Засаг дарга *******той уулзаж байсан. ******* ах шийдвэр гүйцэтгэгчээс болон Засаг даргад зээлээ төлж дуусгах боломжгүй байгаагаа хэлээд тодорхой хугацаа өгөөч ээ гэсэн байдлаар хандсан байсан. Шийдвэр гүйцэтгэгч ******* нь Засаг дарга *******од энэ ******* гэж хүн одоогийн байдлаар төлбөр, мөнгө төлөх ямар ч боломжгүй нөхцөл байдал үүсээд байна, сум орон нутгаас чинь энэ хүний амьдрал, нөхцөл байдлыг харгалзан үзээд төлбөр төлөх хугацааг нь хойшлуулах боломж байна уу гээд хэлж танилцуулсан байсан. Тэгээд Засаг дарга ******* тухайн албан бичгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн байх. Засаг дарга ******* надад хэлэхдээ өөр ямар ч арга алга даа ******* зээлээ төлөх ямар ч боломжгүй байгаа юм байна, тэр байдлыг нь харгалзан үзээд зээл төлөх тодорхой хугацаа олгоод өөрөөр нь баталгаа бичүүлээд аваарай гэснийх нь дагуу би ******* ахаар зээлийн үлдэгдэл болох 2.300.000 төгрөгийг төлж барагдуулах хугацааг өөрөөр нь бичүүлж авсан...” гэсэн мэдүүлгээр,

Энэ талаар мэдүүлсэн гэрч Г.*******гийн “...сумдын Сум хөгжүүлэх сангийн 2019 оны зарцуулалт, үр дүнд хийгдсэн нийцлийн аудитаар хэд хэдэн сумдад гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй асуудал илэрсэн. Аудитын явцад сум хөгжүүлэх сан хариуцсан мэргэжилтнүүдтэй уулзаж ярилцахад шийдвэр гаргаад байгаа албан тушаалтнууд нь зээлээ хаалгуулж байгаа иргэдтэй шууд харилцаа үүсгэсэн явдал. Уг нь бол тухайн иргэн нь зээлийн үлдэгдлээ үнэхээр төлж барагдуулах боломжгүй байсан бол сан хариуцсан мэргэжилтэндээ хүсэлтээ тавиад, сум хөгжүүлэх сан хариуцсан мэргэжилтэн нь Засаг даргадаа уламжлах ёстой байтал сум хөгжүүлэх сан хариуцсан мэргэжилтэнг Засаг дарга нь нэг шат алгасаж шийдвэр гаргасан байсан. Сангаас зээл авсан тухайн иргэнээс төлбөр барагдуулах зорилгоор сум хөгжүүлэх сан хариуцсан мэргэжилтэн нь хүү, алданги тооцоод иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж өгдөг. ...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт албан бичиг хүргүүлж, улмаар зээл авсан иргэдээс төлбөр гаргуулах зорилгоор хийгдэж байсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хаалгуулсан үйлдлийг аудитын байгууллагаас албан тушаалын гэмт хэрэг гэж үзсэн. ...Сум хөгжүүлэх санг хариуцаж байгаа хүн нь Засаг дарга өөрөө, зээл авсан иргэдийн зээлээ төлүүлэхгүй байгаа нь хууль болон гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа буруутай үйлдэл дээр дэмжлэг өгөөд байгаа нь өөрөө, өөрийнхөө ажлыг үгүйсгэж байгаа, цаашлаад сумын хөгжил, дэвшилтэд сөргөөр нөлөөлж байгаа ноцтой үйлдэл гаргасан гэж үзэж байна...” гэсэн мэдүүлгээр,

2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 01/334 дугаартай албан бичгийн дагуу  шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон талаар мэдүүлсэн гэрч Ч.*******ын “...ын *******оос төлбөр гаргуулах талаар анх тухайн сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн албан бичгийг манай шийдвэр гүйцэтгэх байгууллагад ирүүлсэн. ...шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр үүсгээд ..төлбөр төлөгч тал буюу Д.*******од төлбөрийг сайн дураараа биелүүлэх мэдэгдэх хуудсыг гардуулж өгсөн. ...Д.*******од сайн дураараа төлбөрийг 2019 оны 09 сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулах талаар мэдэгдсэн. ...төлбөр төлөгч ******* нь тогтоосон хугацаанд сайн дураараа төлбөрөө төлөөгүй болохоор  2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлээд албадлагын арга хэмжээг эхлүүлсэн. ...би *******оос төлбөр гаргуулах зорилгоор 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр сум руу явж *******ын гэрээс ямар нэгэн хураах эд хөрөнгө байгаа эсэхийг шалгахад хашаан дотроо 5 ханатай гэртэй, тухайн иргэн нь өөрөө хамарны мэс засалд орох гэж байгаа гээд өвчтэй гэртээ хэвтэж байсан. ...тухайн сумд ажиллагаа хийх гээд нэгэнт ирсэн болохоор төлбөр авагч тал дээр *******ыг дагуулан очоод Засаг дарга Ч.*******той уулзаад “Энэ *******оос төлбөр гаргуулах юу ч алга, хэрэв танай сум орон нутгаас төлбөрөө хурдан хугацаанд гаргуулж аваад сангаа хохиролгүй болгуулъя гэж байвал 5 ханатай гэрийг нь хурааж аваад танай сумд төлбөр тооцож шилжүүлье” гэсэн чинь Засаг дарга ******* нь “тэгж яах юм бэ, манай сум орон нутгийн иргэн, тэгээд ч гэрийг нь хураагаад авчихвал хэдэн хүүхдүүд нь гудамжинд хөлдөж үхнэ, сум орон нутгийг хариуцаж байгаа миний хувьд ийм үйлдэл хиймээргүй байна, одоо ямар арга хэмжээ байна” гэхээр нь миний зүгээс “Би төлбөр төлүүлэх зорилгоор ажлаа хийж яваа хүн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд төлбөр авагч тал төлбөр төлөгч талтайгаа харилцан тохирсон эвлэрсэн бол ажиллагааг дуусгавар болгодог байгаа. Төлбөр авагч тал та нар өөрсдийн чинь мэдэх асуудал, хэрвээ төлбөрөө заавал гаргуулж авна гэх юм бол бид ажиллагаагаа үргэлжлүүлээд явна” гэхэд одоо тэгээд хэрэггүй, энэ хүний гэр, орныг нь хурааж аваад яах вэ, бид хүсэлтээ өгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хаалгуулъя гээд сумын Засаг дарга Ч.*******оос шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хаалгуулах талаар хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн бөгөөд тэрхүү албан бичгийг үндэслээд 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр нээсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр дуусгавар болгож хаасан ...иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох талаар хүсэлт гаргасан бол шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох хуулийн заалттай юм. Төлбөр төлөгч Д.******* нь төлбөр авагч буюу сумын Засаг даргатай харилцан тохирсон бөгөөд Засаг дарга Ч.*******оос манай шийдвэр гүйцэтгэх газарт албан бичиг ирүүлснээр тухайн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгож хаасан. Би хуульд заасан үндэслэлийн дагуу л тухайн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгож хаасан...” гэсэн мэдүүлгээр болон  хэрэгт цугларсан хуульд заасан журмын дагуу цуглуулсан бэхжүүлж авсан нотлох баримтуудаар нотлогдож  байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Хохирогч болон гэрчүүд мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан бөгөөд тэдний мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтууд шүүгдэгчийн үйлдэл, хэргийн үйл баримтыг нотолж байгаа, энэ хэрэгт хамааралтай, хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул дээрх нотлох баримтуудыг шийдвэрийн үндэслэл болголоо.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.

Дээрх хугацаанд Завхан аймгийн сумын Засаг даргаар  Ч.******* ажиллаж байсан бөгөөд түүний эрхэлж байсан албан тушаал нь Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 11 дүгээр зүйлд заасан “төрийн улс төрийн албан тушаалтанд хамаарч байна.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “Нийтийн албан тушаалтан гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг” гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна.” гэж, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “Төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан” гэж тус тус заасан ба төрийн улс төрийн албан тушаалтан нь авлигын гэмт хэргийн субьект болно.

Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлд “төрийн албан хаагч албан тушаалынхаа бүрэн эрхийн дагуу асуудал боловсруулж шийдвэрлэхдээ хууль бусаар аль нэг хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, албан тушаалынхаа байдлыг ашиглан эд хөрөнгө олж авах, давуу байдал эдлэх, хууль бусаар ашиг хонжоо олох, бусдад давуу байдал олгох зорилготой бусад үйлдэл хийх зэргээр ашиг сонирхлын зөрчилтэй үйл ажиллагаа явуулахыг хориглосон байна.

Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхол гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг”, мөн хуулийн 3.1.4-т “давуу байдал” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалтны эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг” хэлнэ гэж тус тус тодорхойлжээ.

Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй хохирол хор уршиг арилсан эсэхээс үл хамааран нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй  байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэл хийснээр гэмт хэргийн үйлдэл төгсөх ба Ч.******* нь Засаг даргаар ажиллаж байхдаа нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг алдагдуулж Д.******* шүүгчийн захирамжийг биелүүлээгүй байхад биелүүлсэн гэж албан бичиг үйлдэж өгснөөр  холбогдох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон нь Д.*******од давуу байдал бий болгосон гэж үзнэ. Ийнхүү шүүгдэгч Ч.******* хуулиар олгосон албаны бүрэн эрх мэдлийг урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон байна.

Албан тушаалын гэмт хэрэг нь хуулиар хамгаалсан нийгмийн ашиг сонирхлыг зөрчиж тодорхой материаллаг хохирол учруулахаас гадна төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллын үнэлэмжийг сулруулах зэрэг бусад хор уршиг учруулдаг онцлогтой.

Хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад дүгнэлд хийхэд Завхан аймгийн  сумын Засаг даргаар ажиллаж байх үедээ Иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэгдсэн иргэн Д.*******ын сум хөгжүүлэх сангаас авсан зээлийн 2332800 төгрөгийн үлдэгдэл төлбөрийг төлүүлэхээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байсныг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 01/334 дугаартай албан бичиг хүргүүлж уг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгуулан иргэн Д.*******од давуу байдал бий болгон эрх мэдлээ хэтрүүлсэн нь эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн субьектив болон обьектив шинжтэй.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.******* гэм бурууг хэлэлцэх шүүх хуралдаанд гаргасан “...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль бус явагдсан  төлснөөр албан бичиг хийж өгөхийг шаардсан. ...Шүүгдэгч Ч.******* нь Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн субьект биш албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэх байдал тогтоогдоогүй... хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг  шүүх хүлээн авах үндэслэлгүй. 

Шүүгдэгч Ч.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу иргэн Д.*******ын сум хөгжүүлэх сангаас авсан зээлийн 2332800 төгрөгийн үлдэгдэл төлбөрийг төлүүлэхээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байсныг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 01/334 дугаартай албан бичиг хүргүүлж уг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгуулан иргэн Д.*******од давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Д.******* нь зээлийн үлдэгдэл 2332800 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан  дансны хуулгаар тогтоогдсон  бөгөөд  шүүгдэгчийг  бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

                       Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Ч.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  буюу “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон” гэмт үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон учир түүнд Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Ч.*******од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна...” гэж заасан. Шүүгдэгч Ч.*******ын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан түүний нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ч.*******од оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолохыг, Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүрэг биелүүлээгүй эсхүл гэмт хэрэг санаатай үйлдвэл тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг түүнд анхааруулах нь зүйтэй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 189 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.*******од тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан хугацаанд хяналт тавьж ажиллахыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Завхан аймгийн сумын Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 01/334 дугаартай   албан бичгийг ******* дугаартай эрүүгийн хэрэгт хадгалах нь зүйтэй. /3 дугаар хавтаст хэргийн 154 дүгээр талд/

Энэ хэрэгт шүүгдэгч Ч.******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзээд

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.8, 36.8 дугаар зүйлийн  4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт *******ыг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.*******ын нийтийн албанд томилогдох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Ч.*******од тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.

4. Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ч.*******од оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолохыг, Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүрэг биелүүлээгүй эсхүл гэмт хэрэг санаатай үйлдвэл тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тус тус анхааруулсугай.

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 189 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.*******од тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан хугацаанд хяналт тавьж ажиллахыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Завхан аймгийн сумын Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 01/334 дугаартай   албан бичгийг ******* дугаартай эрүүгийн хэрэгт хадгалсугай.

7. Шүүгдэгч Ч.*******од өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шүүгдэгч Ч.******* нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн эд хөрөнгөнөөс битүүмжлээгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧН.ДЭЛГЭРМАА