Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/284

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хулан,

улсын яллагч Т.Баянмөнх,

хохирогч Б.Ц, түүний өмгөөлөгч Р.Пүрэвлхам,

шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О овгийн Б-ын Г холбогдох эрүүгийн ****************дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

******************************************************************

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Г нь согтуугаар 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 22 цагийн үед Баянгол дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Барилгын 7”-ын 6-р байрны 4 давхрын орцонд шалтгаангүйгээр хэрүүл, маргаан үүсгэж улмаар хохирогч Б.Ц-ийг гараараа цохиж, хөлөөрөө өшиглөх зэргээр эрх чөлөөнд нь халдан зодож түүний эрүүл мэндэд нь “зүүн нүдний доод зовхинд цус хуралт, баруун, зүүн доод зовхи, зүүн хацарт зулгаралт, баруун дээд талын 2-р араа шүд, зүүн доод талын 2-р шүд, дээд үүдэн баруун, зүүн 1-р шүд болон доод үүдэн зүүн 1-р шүдний ирмэг эмтэрч хугарсан, баруун завжны дотор салстын язрал, зүүн дээд талын 1-р их араа шүдний хүзүүвч хэсгийн хугарал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Ц мэдүүлэхдээ: “...Шүдэндээ эмчилгээ хийлгэж байгаа. Уг эмчилгээний зардлаа шүүгдэгчээс нэхэмжлэх болно. Гомдолтой байна...” гэв.  

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Хохирогч Б.Ц-ийн:

“...Болсон асуудлын талаар хэлэхэд 2021 оны 10 дугаар сарын 24-ний орой 22 цагийн үед найз охин М-тэй түүний амьдарч байгаа байр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах барилгын 7-н 6 дугаар байрны 1-р орцны 4 давхарт уулзаад зогсож байхад доороос үл таних 30 орчим насны эрэгтэй хүн согтуу, эхнэртэйгээ муудалцсан байдалтай гарч ирээд бид хоёр луу “дандаа энд зогсоно, золбин гөлөгнүүд, доошоо буу” гэж хэл амаар доромжлохоор нь “одоо буулаа” гэж хэлсэн. Тэгээд би тухайн эрэгтэй хүнтэй зөрөхдөө мөрлөчих шиг болсон бөгөөд тухайн эрэгтэй нь “чи одоо яагаад байгаа бацаан бэ” гэж хэлсэн. Тэр үед нь “Та чинь одоо яагаад байгаа юм бэ, одоо гарах гэж л байна ш дээ” гэж хэлэхэд намайг зүүн талын шанаа хэсэг рүү нэг удаа баруун гараараа цохихоор нь би түүний биенээс түлхэхэд миний цамцнаас барьж аваад толгой дагз хэсэг рүү гараараа олон тооны удаа цохисон. Энэ үед манай найз охин болон тухайн эрэгтэй хүний эхнэр нь гэх хүн “болиоч” гэж хэлээд зогсож байсан. Би зодуулж байгаад зугтаах гэхэд намайг хувцаснаас барьж аваад миний толгой руу нэг удаа мөргөөд намайг гараараа хэд хэдэн удаа цохисон. Би мухарт шахагдаад цохиулж байсан ухаан балартаад, миний санаж байгаагаар дээрээс 4-5 удаа зүүн талын нүд болон шанааны хэсэгтээ дэвсүүлсэн. Тухайн эрэгтэй хүн нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Мөн харилцааны таагүй байдлаас болоод намайг цохиж, зодсон. Намайг золбин гөлөг минь буу гэж хэлэхээр нь би буулаа гээд зөрөхдөө түүнийг мөрлөчихсөн. Энэ үед “чи яагаад байгаа бацаан бэ” гэж хэлээд намайг зодсон...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28 дахь тал/,

2. Гэрч Г.М-Х-ийн:

“.... 2021 оны 10 дугаар сарын 24-ний орой 21 цагийн үед Баянгол дүүргийн 2-р хороо барилгын 7-н 6 дугаар байрны 4 давхарт найз залуу Б.Ц-ийн хамт юм яриад зогсож байхад манай байрны 4 давхрын Б.Г ах доороос архи уучихсан, эхнэртэйгээ маргалдчихсан байдалтай гарч ирсэн. Тэгээд бид хоёр луу хараад “Хөөе та нар гар, зайл” гэж хөөгөөд манай найз залууг буланд шахаад гаргахгүй согтуурхаад байсан. Манай найз залуу Б.Г ахаас зугтаахад араас нь дагаж очоод толгой руу нь цохиод байсан. Тэгэхээр нь би айгаад сандраад доошоо хүмүүс байна уу үзэхэд хэн ч байгаагүй бөгөөд буцаад очиход Б.Г ах манай найз залууг газар унагаачихсан, дээрээс нь дэвслээд толгой руу нь цохиод байсан. Энэ үед тэр ахын эхнэр нь нөхрөө татаад хажууд нь “болиоч” гэж хэлээд байгаад байсан. Би бодохдоо тэр ах эхнэртээ гаргасан уураа манай найз залууд гаргасан гэж бодож байна. Өөрийн гар утсаараа найз залуу Б.Цийг зодуулж байхад нь холоос бичлэгийг л хийж чадсан. Би цагдаа дуудлаа гэж хэлэхэд Б.Г ах манай найз залуу Б.Ц-ийг бүүр уурлаад манай найз залууг дахин зодоод байсан. Би эхнэрт нь хандаж та нөхрийгөө аваач гэж хэлэхэд “Чи юу гээд байгаа юм гичий минь” гэж хэлсэн. Ингээд салаад Б.Г ах, эхнэртэйгээ гэр лүүгээ орсон бөгөөд манай найз залуугийн амнаас нь их хэмжээний цус гарсан, шүд нь далийчихсан, нэг талынх нь нүд хөхрөөд хавдчихсан, нүүр нь хүн харахын эцэсгүй болсон байсан. Б.Г гэх хүн нь ямар ч шалтгаангүйгээр архи уусан байхдаа, эхнэртээ муудсан уурандаа манай найз залууг зодсон гэж бодож байна. Б.Г гэгчтэй манай найз залуу Б.Ц нь муудалцаж, хэрэлдсэн асуудал байхгүй. Б.Ц чимээгүй л байж байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31 дэх тал/,

3. Гэрч Б.Э-ын:

“...Б.Г уурлаад хавсарч унгаагаад 2-3 удаа алгадаад байх шиг байсан. ...тухайн хүүхэд нь манай нөхөр Б.Г-ийг үсдэхээр нь унгаагаад хэд хэдэн удаа алгадсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34 дэх тал/,

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 10385 дугаартай шинжээчийн:

“...Б.Ц-ийн биед зүүн нүдний доод зовхинд цус хуралт, баруун, зүүн доод зовхи, зүүн хацарт зулгаралт, баруун дээд талын 2-р араа шүд, зүүн доод талын 2-р шүд, дээд үүдэн баруун, зүүн 1-р шүд болон доод үүдэн зүүн 1-р шүдний ирмэг эмтэрч хугарсан, баруун завжны дотор салстын язрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 38-39 дэх тал/,

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 150 дугаартай шинжээчийн:

“...Б.Ц-ийн биед 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 10385 дугаартай дүгнэлтэд дурдагдсан гэмтлүүдээс гадна зүүн дээд талын 1-р их араа шүдний хүзүүвч хэсгийн хугарал гэмтэл тогтоогдлоо. Зүүн дээд талын 1-р их араа шүдний хүзүүвч хэсгийн хугарал нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр гаргасан 10385 дугаартай дүгнэлтийн гэмтлийн зэрэгт өөрчлөлт орохгүй...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 43-44 дэх тал/,

6. Шүүгдэгч Б.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...тухайн залууг зодож гэмтээсэн үйлдэлдээ гэмшиж өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 54-55 дахь тал/,

7. Захиргааны зөрчлийн талаарх мэдээлэл /хавтаст хэргийн 60-66 дахь тал/,

8. Оргодол эрэн сурвалжилсан бүртгэл /хавтаст хэргийн 72-73 дахь тал/,

9. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 46 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 78-82 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “шүүгдэгч Б.Г нь хохирогч Б.Ц-ийг зодож, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг,

Хохирогчийн өмгөөлөгч “Шүүгдэгч Б.Г-ийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Хохирогчийн хувьд цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлээд иргэний журмаар жич нэхэмжлэх болно. Энэ эрхийг тогтоолд дурдаж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Г-ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Б.Г нь:

2021 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 22 цагийн үед Баянгол дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Барилгын 7”-ын 6-р байрны 4 давхрын орцонд шалтгаангүйгээр хэрүүл, маргаан үүсгэж улмаар хохирогч Б.Ц-ийг гараараа цохиж, хөлөөрөө өшиглөх зэргээр эрх чөлөөнд нь халдан зодож түүний эрүүл мэндэд нь “зүүн нүдний доод зовхинд цус хуралт, баруун, зүүн доод зовхи, зүүн хацарт зулгаралт, баруун дээд талын 2-р араа шүд, зүүн доод талын 2-р шүд, дээд үүдэн баруун, зүүн 1-р шүд болон доод үүдэн зүүн 1-р шүдний ирмэг эмтэрч хугарсан, баруун завжны дотор салстын язрал, зүүн дээд талын 1-р их араа шүдний хүзүүвч хэсгийн хугарал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүд, Б.Г-ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Б.Г нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Шүүгдэгч Б.Г нь “хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй” болохыг дурдах нь зүйтэй.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.Гийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан. 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Ц-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд уг гэмтэлтэй холбоотой эмчилгээ хийлгэсэн зардал болон бусад хохирол төлбөрт нийт 181.000 төгрөгийг баримтаар нэхэмжилсэн тул шүүгдэгч Б.Г-оос 181.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Ц-т олгох нь зүйтэй гэж үзэв.

Харин хохирогч Б.Ц нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг тогтоолд дурдаж шийдвэрлэв.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч Б.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргав.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч Б.Г нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын 1 удаагийн бүртгэлтэй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Иймд шүүхээс шүүгдэгч Б.Гийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, мөн түүний хувийн байдал зэргийг харгалзан, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.

Шүүгдэгч Б.Г-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн ******************* дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О овогт Б-ын Б.Г-ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-ийг 320 /гурван зуун хорин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-оос 181.000 /нэг зуун наян нэгэн мянган/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Ц-т олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Ц нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7. Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Б.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ДАЛАЙХҮҮ