Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/284

 

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хулан,

улсын яллагч Д.Хонгорзул,

хохирогч Б.Э,

шүүгдэгч Г.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Г-ийн С-д холбогдох эрүүгийн 2205004580689 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

**************************************************************

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Г.С нь Баянгол дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Э-од “Миний төрсөн эх хагалгаанд орох гэж байгаа юм, та тус болооч, би машинаа барьцаалъя, энэ бол миний машин банк бус дээр байдаг юм” гэж хуурч 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдөр, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан өөрийн эзэмшлийн Хаан банкны ******************дугаарын дансаар 3.500.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

Мөн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хохирогчид “төрсөн эх хагалгаанд орох гэсэн чинь мөнгө нь хүрсэнгүй” гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан бэлнээр 2.500.000 төгрөгийг авч нийт 6.000.000 төгрөгийг хохирол учруулж залилсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.С мэдүүлэхдээ: “...Энэ хүн анх “ББСБ-ын нэр дээр байгаа машин барьцаанд авч мөнгө зээлүүлнэ” гэсэн зар тавьсан байсан. Миний хувьд энэ хүнийг залилах ямар ч санаа зорилго байгаагүй. Ээж хагалгаанд орох гэж байгаа гэж хэлж байгаагүй. Тухайн машиныг манай эгч АНУ-аас ирээд түрээсэлж унаж байсан бөгөөд машиныг барьцаанд тавиад мөнгөөр нь байраа барьцаанаас чөлөөлье гэж бодсон бөгөөд зээлсэн мөнгөө буцаагаад өгье гэсэн боловч бид 2 зээлсэн мөнгөний хүү нь дээр тохироогүй юм. Миний машин гэж би хэлээгүй. Хэрэв надаас асуусан бол би хэлэх байсан...” гэв. 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Э мэдүүлэхдээ: “...Миний бие ББСБ-ын нэр дээр бүртгэлтэй тээврийн хэрэгсэл барьцаанд аваад хүмүүст мөнгө зээлдэг. Тухайн үед С нь “энэ миний машин байгаа юм ээжийн бие муу хагалгаанд ороход мөнгө хэрэгтэй, мөнгө дутаад байна” гэж хэлэхэд нь би тусалъя гэж бодоод тусалсан. Одоо энэ хүнд өгсөн 6 сая төгрөг түүний хүү болох 1 сая төгрөг нийт 7 сая төгрөг нэхэмжилж байна. Миний ажлыг алдагдуулсан тул гомдолтой байна...” гэв.  

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Хохирогч Б.Э-ын:

 “...2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр би фейсбүүк цахим хуудсан дээр “Мөнгө зээлнэ” гэсэн нэртэй хуудас руу орж “Мөнгө зээлүүлнэ” гэж зар байршуулсны дараа миний фейсбүүк хуудас руу С-д гэх эмэгтэй чат бичээд “машинаа барьцаалаад зээл авах гэсэн юм аа” гээд “очоод уулзаж болох уу” гээд над дээр манай гэрийн хаяг болох Баянгол дүүргийн ***************** гадна талын тээврийн хэрэгслийн ил зогсоол дээр ирж уулзаад надад хэлэхдээ “Манай төрсөн эх хагалгаанд орох гэж байгаа юм, та тус болооч би машинаа барьцаалъя, энэ бол миний машин банк бус дээр байдаг юм, 7 хоногийн дотор л буцаагаад олоод авчихна” гээд машинаа үзүүлж харуулаад 3.500.000 төгрөгийг Хаан банкны ************* тоот манай төрсөн эцэг болох О.Б-ын эзэмшлийн данснаас С-д гэх эмэгтэйн Хаан банкны ************ тоот дансанд *********** тээврийн хэрэгслийг барьцаалав” гэх утгатай шилжүүлсэн. Тэгээд мөнгөө аваад явсан ба хэд хоногийн дараа эргэж ирээд “манай төрсөн эх хагалгаанд орох гэсэн чинь мөнгө нь хүрсэнгүй ээ, та нэмээд 2.500.000 төгрөгийг зээлээч, би байраа чөлөөлөөд өөр газарт банк бусад тавиад мөнгөө төлнө” гэж хэлээд “угаасаа би танд машинаа барьцаанд тавьсан байгаа юм чинь” гээд хэлэхээр нь итгээд нэмээд 2.500.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Үүнээс хойш 10 гаран хоногийн дараа мөнгө зээлдүүлсэн хугацаа дууссан болохоор нь би холбогдоход “одоо байраа суллаж байна, банк бус дээр тавих гэж байна” гээд надад байрныхаа гэрчилгээ, зээлийн гэрээ зэргийгээ харуулж байсан юм. Тэгээд өдөр болгон худал яриад сүүлдээ гар утсаа авахгүй болоод чат бичихээр “би мөнгийг чинь өгөхгүй шүүх, цагдаагаараа явж шийдүүл” гээд удаа дараа хэлээд байхаар нь би цагдаагийн байгууллагад хандсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дахь тал/,

2. Гэрч Ч.Ж-ийн:

“...*********** улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь одоогоор банк бус санхүүгийн байгууллага дээр байгаа ба 2022 оны 06 дугаар сард хугацаа нь дуусаж миний нэр дээр шилжинэ. Манай хамаатны ах болох “*************” гэх нэртэй байгууллага дээр автомашин түрээслэх гэрээ хийсэн. Энэ байгууллага тээврийн хэрэгсэл түрээслэх гэрээ хийж үйлчилдэг юм, ...2021 оны 12 дугаар сарын эхээр С-д гэх ************ улсын дугаартай саарал өнгийн Тоёота харриер маркийн тээврийн хэрэгслээ түрээсэлсэн, ямар нэгэн гэрээ хэлцэл хийгээгүй. Г.С гэх эмэгтэйд 3 өдрөөр нь түрээсэлсэн ба өдрийн 130.000 төгрөгөөр түрээслэхээр болж тохиролцсон. Урьдчилгаа барьцаа 300.000 төгрөг авснаар тохироод 3 өдрийн 390.000 төгрөгийг аваад нийтдээ 690.000 төгрөг авснаар гэрээ хэлэлцээр хийгээгүй өөрийн тээврийн хэрэгслээ өгөөд явуулсан. Би “тээврийн хэрэгсэл дээрээ гэрээ хийе” гэтэл тэр эмэгтэй “яараад байна, хүүхэд уйлаад байна” гэхээр нь өгөөд явуулсан      тээврийн хэрэгслээ салгаж авсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32 дахь тал/,

3. О.Б-ын Хаан банкны 5************* дугаарын данснаас 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 3.500.000 төгрөгийг **************” гэсэн гүйлгээний утгатай шилжүүлсэн дансны хуулга /хавтаст хэргийн 60 дахь тал/,

4. Шүүгдэгч Г.С-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2021 оны 12 сард миний бие мөнгөний хэрэг гэрээд фейсбүүк цахим орчинд “зээл чөлөөлнө, мөнгө зээлнэ” гэсэн зар харж байтал тухайн зарууд дунд “банк бустай машин барьцаалж зээл олгоно” гэсэн зар харж байтал тухайн зарын дагуу чатаар холбогдоход надад 9902....той гар утасны дугаар өгсөн бөгөөд уг дугаар луу нь залгаж банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд байгаа автомашиныг барьцаанд тавьж мөнгө авч болдог талаар асуухад тухайн эрэгтэй хүн “болно” гэхээр нь явж очоод “************” хорооллын ойролцоо байх нэгэн орон сууцны гадаа очиж тухайн эрэгтэй хүнтэй уулзаад би өөрийн унаж явсан саарал өнгийн Хариер маркийн автомашины 7 хоногийн 10 хувийн хүүтэй барьцаанд тавьж мөнгө зээлэхээр болоод 3.500.000 төгрөгийг өөрийнхөө данс руу шилжүүлж авч зээлсэн. Надад мөнгө зээлсэн эрэгтэй намайг “өөрөөсөө машинаа барьцаанд тавьж мөнгө зээлсэн гэх яриа өгүүлэл гаргачих ах нь тэрийг чинь бичлэгээр баталгаажуулна” гэхээр нь би хэлснийх нь дагуу мөнгө зээлж машин барьцаалсан гэдгээ хэлээд явсан. Тэгээд тэр өдрөөс 4 хоногийн дараа надад дахиад мөнгөний хэрэг гарсан тул би машин барьцаалж мөнгө зээлсэн хүн рүү дахин холбогдож “нэмээд 2.500.000 төгрөг зээлж болох уу” гэхэд “гэрийн үүдэнд ирээд бэлнээр авчих” гэхээр нь би анх очиж мөнгө авсан газраа очиж нэмж 2.500.000 төгрөгийг бэлнээр аваад явсан, ...Би Б.Э-оос анх мөнгө зээлэхдээ тухайн машиныг бусдад түрээсэлсэн талаараа огт хэлээгүй. Би зээлсэн мөнгийг машины түрээс болон байраа барьцаанаас чөлөөлөхөд нэмэрлэсэн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 42 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “шүүгдэгч Г.С нь хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Г.С-гийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Г.С нь:

Баянгол дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Э-од “Миний төрсөн эх хагалгаанд орох гэж байгаа юм, та тус болооч, би машинаа барьцаалъя, энэ бол миний машин банк бус дээр байдаг юм” гэж хуурч 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдөр, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан өөрийн эзэмшлийн Хаан банкны ***************дугаарын дансаар 3.500.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

Мөн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хохирогчид “төрсөн эх хагалгаанд орох гэсэн чинь мөнгө нь хүрсэнгүй” гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан бэлнээр 2.500.000 төгрөгийг авч нийт 6.000.000 төгрөгийг хохирол учруулсан болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, О.Б-ын Хаан банкны ************* дугаарын данснаас 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 3.500.000 төгрөгийг ********* убя zeelew” гэсэн гүйлгээний утгатай шилжүүлсэн дансны хуулга зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхин хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Г.С “энэ хүнийг залилах ямар ч санаа зорилго байгаагүй, миний машин гэж би хэлээгүй” гэж гэм буруугийн талаар маргасан.

Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаас дүгнэхэд шүүгдэгч Г.С нь “Манай төрсөн эх хагалгаанд орох гэж байгаа юм, та тус болооч би машинаа барьцаалъя, энэ бол миний машин банк бус дээр байдаг юм, 7 хоногийн дотор л буцаагаад олоод авчихна”, “манай төрсөн эх хагалгаанд орох гэсэн чинь мөнгө нь хүрсэнгүй ээ, та нэмээд мөнгө зээлээч, би байраа чөлөөлөөд өөр газарт банк бусад тавиад мөнгөө төлнө” гэх зэргээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар хохирогчийг төөрөгдөлд оруулж залилсан болох нь хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үгүйсгэх, няцаах үндэслэл тогтоогдоогүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгч өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй. Мөн хуульд зааснаар мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй гэж заасан бөгөөд шүүгдэгчийн мэдүүлгийн эх сурвалж нь нотлох баримтгүй байх тул түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.

Мөн залилан мэхлэх гэмт хэрэг нь хуурч мэхлэх, итгэл эвдэх гэх зэрэг бусад аргаар бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө олж авах хэлбэрээр үйлдэгддэг ба, хуурах гэдэг нь үйлдлээр бодит байдлыг гуйвуулах, зохиомол байдлыг бий болгох замаар эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэхийг хэлэх ба илрэх арга нь худал хэлэх, хуурамч баримт бичиг үйлдэх гэх зэрэг бусад байдлаар илэрнэ.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Г.С нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлттэй байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Г.С-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед
нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар заасан байх бөгөөд энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Э-од 6.000.000 төгрөгийн хохирол учирсан. Хохирогч Б.Э нь шүүх хуралдаанд гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 6.000.000 төгрөг, түүний хүүд 1.000.000 төгрөг нийт 7.000.000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас 1.000.000 төгрөгийн хүү нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож, үлдэх 6.000.000 төгрөгийг шүүгдэгч Г.С-гээс гаргуулж хохирогч Б.Э-од олгохоор шийдвэрлэв.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч Г.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотоос явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргав.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч Г.С нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын 1 удаагийн бүртгэлтэй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Иймд шүүхээс шүүгдэгч Г.С-г хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад “өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотоос явахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд анхааруулж нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн ************* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сиди-г хэрэгт хавсаргах, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Г.С нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овогт Г-ийн С-дг “хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С-г 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотоос явахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд анхааруулсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч Б.Э-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас 1.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С-гээс 6.000.000 /зургаан сая/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Э-од олгосугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Г.С нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Г.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ДАЛАЙХҮҮ