Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/98

 

                                        

 

 

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  С.Аззаяа

Улсын яллагч З.Алтансолонго,

Хохирогч Д.*******

Хохирогчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг

Иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал

Шүүгдэгч Э.*******, түүний өмгөөлөгч Н.Очирбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонгоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******ы *******ид холбогдох эрүүгийн 2136001500029 дугаартай, хэргийг 2022 оны 03 дугаар сарын 02-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

                            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1989 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 33 настай, эрэгтэй боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт амьдардаг, Ховд аймгийн ******* сумын ******* багийн 09-15 тоотод оршин суух, ******* овогт *******ы *******, ПИ ******* регистрийн дугаартай.

                                     Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.******* нь 2021 оны 8 дугаар сарын 26-ны өглөө Ховд аймгийн ******* сумын Тахилт багийн нутаг дэвсгэр 7 дугаар сургуулийн хажуу талын 4 замын уулзвар дээр тодорхой улсын дугааргүй БНХАУ-д үйлдвэрлэгдсэн мотоцикль жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас Б.*******ийн жолоодож явсан *******- улсын дугаартай “Ниссан санни” маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гарган зорчигч Д.*******гийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

                     Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3–т  зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.

-хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-10 дугаар хуудас/

-Зам тээврийн ослын акт, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, /хх-ийн 14-15 дугаар хуудас/

-Мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл /х-ийн 86-89 дүгээр хуудас/

Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 158-159 дүгээр хуудас/

Баримтад үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 161-165 дугаар хуудас/

Зам тээврийн осолд гаргасан мөрдөгчийн магадлагаа /хх- ийн 166-168 дугаар хуудас/

  • Хохирогч Д.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Э.*******ийн мотоциклийн хойд талаар нь суугаад миний урд талд буюу Э.******* бид хоёрын дундуур суугаад гурвуулаа Э.*******ийн мотоцикльтой 7 дугаар сургуулийн дээд талын засмал замаар хойш яваад 4 замын уулзвар дээр ирээд тухайн уулзвар луу нэвтэрсэн.  Тэгтэл хажуунаас гэнэт машин мөргөх шиг болсон. Тэр хооронд юу болсныг санахгүй байна. Нэг мэдэхэд би 4 замын уулзвар дээр замын голд босож чадахгүй сууж байсан ба тухайн мөргөсөн машины жолооч намайг өргөөд машиндаа суулгаад , Э.******* бид гурвыг шууд эмнэлэг дээр авч ирсэн. ...би ер нь ажилдаа өглөө эрт 06:00 цагаас, 06:30 үед явдаг юм.  Би өглөө 06:30 цагийн үед ажил руугаа явсан гэж бодоход 06:50 цагийн үед юм уу 07:00 цагийн үед тухайн зам тээврийн осол болсон байх гэж бодож байна. ...би ямар гэрлэн дохиогоор уулзвар луу орсныг анзаараагүй. Э.*******, бид гурвын хэн нь ч хамгаалалтын малгай өмсөөгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 31х/

 

- Гэрч Б.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 8 дугаар сарын 26-ны өглөө 06:50 цагт дүүгийнхээ гэрт очих гээд өөрийнхөө *******- улсын дугаартай “Ниссан Санни” маркийн машинтай гэрээсээ гарсан. ...би 7 дугаар сургуулийн 4 замын уулзвар луу дөхөж явахад улаан гэрэл асаалттай байхаар хурдаа хасаад уулзвар луу дөхөж явтал уулзвар дээр ногоон гэрэл асахаар нь шууд уулзвараар нэвт гарах гэтэл миний баруун гар талаас гэнэт гурвалчихсан мотоцикльтой хүн гараад ирэхээр нь сандраад тормозоо гишгэсэн ба тухайн мотоциклийн хажуу талаас мөргөсөн. ...Би уг 4 замын уулзвар луу хүрэхэд ойролцоогоор 200 метр зайтай байсан байх уулзвар дээр улаан гэрэл асаалттай байхаар нь хурдаа хасаад ойролцоогоор 30-******* км цагийн хурдтай уулзвар луу дөхөж очсон. Би уулзвар луу орохоос 20-30 метр зайтай байхад уулзвар дээр ногоон гэрэл асахаар нь бага зэрэг хурдаа нэмээд уулзвараар нэвт гарах зорилготой явж байхад баруун гар талаас мотоцикль гарч ирээд миний машины урд талаар ороод ирэхээр  тормоз гишгээд зогсох үйлдэл хийсэн. Тэгтэл мотоциклийн хажуу талаас мөргөөд мотоцикль бага зэрэг урагшлаад цааш хажуу тал руугаа унасан...” гэх мэдүүлэг /хх-21х /

  • Гэрч С.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...Би 2018 оны зун 7 дугаар сарын 20-ны өдрөөс эхлээд 8 дугаар сарын 20-ны  өдөр хүртэл хугацаанд Ховд аймгийн ******* сумын багийн нутагт байрлах 10 дугаар цэцэрлэгийн 4 замын уулзвар дээр гэрлэн дохио суурилуулах ажлыг гүйцэтгэсэн. Тухайн гэрлэн дохио нь өдрийн цагт дүрмийн дагуу улаан, ногоон, шар гэрэл солигдож, шөнийн 00:00 цагаас өглөөний 06:00 цаг хүртэл улирал хамаарахгүйгээр шар гэрэл анивчих байдлаар тохируулсан. Тэр тохиргоо нь одоо хүртэл хэвийн ямар нэгэн эвдрэл гажиг байхгүй ажиллаж байгаа....” гэсэн мэдүүлэг /хх-93х/
  • Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 510 дугаартай шинжээчийн... Д.*******гийн биед зүүн талын шаант болон тахилзуур ясны гандан хэсгийн зөрсөн далд хугарал,баруун тохой, баруун гуя, шилбийг хамарсан цус хуралтууд, зөөлөн эдийн няцрал, дух хамрын уг, баруун тохой, баруун өвдөгт тус бүр зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.Д.*******гийн биед учирсан дээрх гэмэтл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна... гэх дүгнэлт  /хх-ийн 41х/
  • Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 504 дугаартай шүүгдэгч Э.*******ийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг тогтоосон шинжээчийн дүгнэлт /хх-ийн 41х/
  • Жолооч Э.******* нь ослын үед согтууруулах ундаа хэрэглэсэн байсан эсэхийг тогтоосон Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 124 дугаартай химийн шинжилгээ хийсэн тухай “Э.*******ийн биенээс авсан гэх цусанд этилийн спирт илрээгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-55-56х/
  • Жолооч Б.******* нь ослын үед согтууруулах ундаа хэрэглэсэн байсан эсэхийг тогтоосон Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 125 дугаартай химийн шинжилгээ хийсэн тухай “Б.*******ийн биенээс авсан гэх цусанд этилийн спирт илрээгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх- 62х/

Жолооч Б.*******ийн В, С ангилалын үнэмлэхтэй гэх жолоодох эрхийн талаарх цагдаагийн газрын сангийн лавлагаа /хх-16х/,

 Шүүгдэгч Э.******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй гэх лавлагаа /хх- 151х/ зэрэг  нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүгдэгч Э.******* нь Ховд аймгийн ******* сумын  Тахилт багийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-ийн в/ мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх, 23.9-ийн а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл, 8.9-ийн  б/ шар гэрэл дохио нь гэрэл дохио солигдох гэж байгааг анхааруулах бөгөөд энэ дүрмийн 8.19-т зааснаас бусад тохиолдолд замын тухайн хэсэг рүү (энэ дүрмийн 8.18-д заасан зогсох газар руу) нэвтрэн орохыг хориглоно, 8.20-д Энэ дүрмийн 8.18-д заасан газрыг зөвшөөрсөн дохиогоор нэвтрэн орсон жолооч дохио өөрчлөгдвөл аюулгүй байдлыг хангаж, явж байгаа чигтээ хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ. Харин уулзвар дээр жолоочийн явах чигийн өмнө «Зогс-шугам» (1.11 тэмдэглэл буюу 5.32 тэмдэг) бүхий гэрлэн дохио байвал түүнийг удирдлага болгоно. 23.9-ийн а/ тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон зорчигч тээвэрлэхгүй байх заалтуудыг тус тус зөрчсөн байна.

Тухайлбал: мөрдөн шалгах ажиллагааны туршилтаар улаан гэрэл ногоон гэрэл рүү 22.03 сек асаж 3 удаа анивчиж ногоон гэрэл асах ба ногоон гэрэл 22.06 сек асаж шууд шар гэрэл асах ба шар гэрэл 02.04 сек асаад шууд улаан гэрэл рүү шилжиж байв” хэргийн 86-р талд тэмдэглэсэн байна. Шүүгдэгч Э.******* нь мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...намайг 4 замын уулзварт ирээд яг уулзвар луу нэвтрэхэд шар гэрэл анивчиж байсан ба замын 2 талд машин харагдахгүй байсан”, “...шар гэрэл асчихсан байхаар нь уулзвар нэвтрээд чигээрээ гарах гэтэл нэг машин мөргөсөн“ гэх /хх-34,108х/ мэдүүлгээр шүүгдэгч Э.******* нь шар гэрэл анивчиж байхад уулзвар гарсан ба шар гэрлийн дараа улаан гэрэл асах буюу хөдөлгөөн зогсох үед уулзвар нэвтэрсэн нь тогтоогдсон гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Э.******* нь тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа анхаарал болгоомжгүй байдлаар хандаж, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч хайхрамжгүй хандаж хөдөлгөөнд аюул саад тулгарах үед тээврийн хэрэгслийн хурдыг хасах, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ  аваагүй байдал нь гэмт хэргийн шалтгаан нөхцөл болсон байна. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3-д заасан болгоомжгүй гэмт хэрэгт тооцогдоно.

Иймд шүүгдэгч Э.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 1-т заасан Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

               Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 510 дугаартай дүгнэлтээр хохирогч Д.*******гийн эрүүл мэндэд хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан нь тогтоогдсон бөгөөд хохирогч Д.******* 1500761 төгрөгний хохиролын баримт гаргаж өгсөн ба шүүгдэгч Э.*******ийн зүгээс хохирол төлбөр төлөхөө илэрхийлсэн болно.

 

Иргэний нэхэмжлэгч Б.*******ийн тээврийн хэрэгсэлд 370000 төгрөгийн хохирол учирсан нь Эд хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ний тайлангаар тогтоогдсон бөгөөд иргэний нэхэмжлэгч түүний өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, санал номдолгүй гэсэн болно.

 

           Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Э.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь Цагдаагийн газрын мэдээллийн санд бүртгэгдээгүй тухай Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон.

Ховд аймгийн ******* сумын ******* багийн Засаг даргын тодорхойлолт Оршин суугаа хаягийн болон иргэний үнэмлэхийн лавлагаа болон бусад бичгийн баримтууд хэрэгт авагдсан байна./хх-113-124х/

Шүүгдэгч Э.*******ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас: Шүүгдэгч Э.*******ид Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүгдэгч Э.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах,шүүгдэгч энэ хэргийн учир цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь хохирлын 1500761 төгрөгийг төлөхөө илэрхийлснийг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх гэх  санал, дүгнэлт

Хохирогчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг шүүхийн хэлэлцүүлэгт:хохирогчид 1500761 төгрөгний хохирлын зардал гарсныг баримтаа өгсөн байгаа.Шүүгдэгч Э.******* хохирлоо төлөхөө илэрхийлж байгаа тул төлөх хугацааг нь тодорхой зааж өгвөл зүгээр байна.Эрүүгийн хариуцлагын хувьд саналгүй байна гэх тайлбар,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Очирбат шүүх хуралдаанд: Шүүгдэгч Э.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлөхөө илэрхийлсэн байгаа. Тийм учир 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү. Мөн хохирлын мөнгийг 12 сарын хугацаанд төлөхөө илэрхийлж байгааг харгалзан үзнэ үү гэх санал,

Иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргалаас шүүхийн хэлэлцүүлэгт: шүүгдэгчийн өмгөөлөгчийн зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналыг зөвшөөрч байна гэх санал гаргасан болно.

Шүүхээс: Шүүгдэгч Э.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, улсын яллагчийн ялын санал  болон хувийн байдлуудыг харгалзан  түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар “гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг 6 сарын хугацаанд төлүүлэх ” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1,3-т зааснаар шүүгдэгч Э.*******ийг Ховд аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр  гарч явахыг хориглож, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн нэг хоногийн ялыг хорих ялын нэг хоногоор солихыг,   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Э.*******ид тайлбарлаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгчээс 1500761 төгрөг гаргуулж хохирогч Д.*******д олгохоор шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Э.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн зүйлгүйг тус тус  дурдаж,  шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1, 36.2, 36.6-36.8 дугаар зүйл 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******ы *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт *******ы *******ийг 03 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1,3-д зааснаар шүүгдэгч Э.*******ийг Ховд аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр гарч явахыг хориглож, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Э.*******ид мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч Э.*******оос хохирлын 1500761/ нэг сая таван зуун мянга долоон зуун жаран нэгэн/ төгрөг гаргуулж хохирогч Д.*******д олгосугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Э.*******ид гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг 06/зургаа/ сарын хугацаанд төлөх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

6.Шүүгдэгч Э.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн ял оногдуулахыг шүүгдэгч Э.*******ид тайлбарласугай.

8.Шүүгдэгч Э.*******ид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял болон үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй,хаалттай хорих ангийн Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах  шийдвэр гүйцэтгэгчид даалгасугай.

9.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Э.*******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч ,  хохирогч  гомдол,  улсын яллагч дээд шатны прокурор  эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй  ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             Б.ГАНТӨГС

Top of Form