Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/607

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                     

 

 

 

 

 

 

 

   2022        04          25                                     2022/ШЦТ/607

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.А даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.М,

улсын яллагч Н.Ө,

           шүүгдэгч Э.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Шовогт Э.М холбогдох эрүүгийн 220 600 883 0885 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн хянан хэлэлцээд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1996 оны 06 дугаар сарын  08-ны өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой,  мэргэжилгүй,  хэрэг үйлдэх үедээ .......... ХХК-нд мужаан ажилтай байсан, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт, .....тоотод оршин суух хаягтай боловч одоо ................................нд түр оршин  суух , улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, Ш овогт Э-ын М [РД: 555555555]

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Э.М нь 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 09-нд шилжих шөнө 05 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 2/Б/ хэсэг, Баатархайрханы гудамжны 1723 тоот хашааны гадна хохирогч Н.От-той үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар баруун гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж зүүн талын хоншоор ясны хөндийн урд болон арын хананы хугарал, гайморын хөндийн цусан хураа, баруун нүдний ухархайн доод ханын хугарал, баруун нүдний алимны салстад цус хуралт, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт бүхий гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Э.М мэдүүлэхдээ: Хэргийн талаар нэмж ярих зүйлгүй гэв.  

 

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Хэргийн үйл баримтын талаар:

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, /хавтаст хэргийн 3 дахь тал/,

           

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.О-ын өгсөн:...2022 оны 02 дугаар сарын 08-ны шөнө 5 цагийн үед галаа түлэх гээд хашаандаа модоо хагалаад байж байтал хашааны гадаа нэг хүн дуулаад явж байхаар нь хартал зүс таних дүү байхаар нь гэртээ хариач  юу хийж гудамжинд явж байгаа юм гэсэн чинь одоо гэртээ харьлаа ганц юм уучихмаар байна. Мөнгө байна уу гэхээр нь надад мөнгө алга гээд юм яриад байж байтал баруун талын нүд рүү гараараа 2 удаа цохисон. Тэгэхээр нь жоохон хүүхэдтэй маргалдаад яахав гэж бодоод хашаа руугаа ороход араас дагаад орж ирэхээр нь чамтай зууралдаад яахав гээд цагдаа дуудах гээд ахын гэр лүү ороод цагдаа дуудсан чинь өшиглөчихөөд гараад гүйгээд явсан. Миний баруун талын нүд улайж хөхөрч хавдсан, баруун нүдний хөмсөгний дээд талд улайж зулгарсан байсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 4-5 дахь тал/,

 

хохирогч Н.О-ын өгсөн:... Би 2022 оны 02 сарын 08-ны өдөр манай найз Ганхуягийн хүүхдийн үсний найр болоод намайг дуудсан. Би эхнэр Энхгэрэлийн хамт Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо тоотыг нь мэдэхгүй байна. Манай гэрийн хажуухан талд байдаг юм. Тэдний гэрт очоод архи уусан. Тэгээд М 2 найзын хамт 1 шил 0.75 гр архи аваад ирсэн. Тэрийг нь тэнд байсан хүмүүс хувааж уугаад Ганхуягийн эхнэр Оюунсайхан намайг  М-ийг 2 найзынх хамт гаргаад өгөөч гэхээр нь би тэр гурвыг гэрээс гаргаж өгөөд явуулсан. Би удалүй эхнэр хүүхдээ дагуулаад гэртээ хариад гэрийн хаалгаа онгойлгох гэтэл түлхүүр байдаггүй тэгээд манай эхнэр хашааны гадаа түлхүүрээ хайгаад би мод хагалаад байж байсан. 04:00 үед манай хашааны гадаа Мөнх-Эрдэнэ согтуу буцаад ирсэн. Тэгэхээр дүү согтуу байна харьж унт гэж хэлсэн чинь явахгүй намайг явуулахгүй зууралдаад байхлаар нь би М-ийг хавираад газар унагаасан чинь Мөнх-Эрдэнэ босож ирээд миний нүд рүү цохьсон. Тэгэхээр нь би хувцаснаас нь чирээд манай хашаан дотор байдаг ах Одбаярын гэр лүү дагуулаад орсон чинь гэрлүү орохны завдалгүй зугтаагаад яваад өгсөн. М бид хоёрыг маргалдаж намайг цохиулах үед бид хоёроос өөр хүн байгаагүй...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10-11 дэх тал/,

                                                                                               

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.О-н өгсөн:...Би 2022 оны 02 дугаар сарын 08-ны шөнө ...............................тоотод өөрийн гэртээ эхнэрийн хамт унтаж байсан. Өглөө санахгүй байна 05:00 цагийн үед байх гэрийн хаалга онгойлгоод О агаа намайг цохичихлоо цагдаа дуудаад өгөөч гээд танихгүй эрэгтэй хүн дагуулаад ороод ирсэн. ...нөгөө дагуулж ирсэн хүн нь зугтаагаад яваад өгсөн...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дэх тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Э өгсөн:...Бид хоёр тэр айлаас 04 цагийн орчим гарч яваад гэрийнхээ гадаа ирээд гэрээ онгойлгох гэтэл би түлхүүрээ алга болгосон байсан. О мод хагалаад үлдсэн. Би хайгаад ирсэн замаараа түлхүүрээ хайгаад явж байгаад хашааны булангаас гэрийнхээ түлхүүрээ газраас олоод явж байсан чинь үсний найран дээр айлд цуг байсан залуу ирсэн. Тэр үед Отгонбаяр хашаанаас гарч ирж таараад тэр залуутай юм ярьж байгаад намайг гэр лүүгээ явж бай. Би гэр лүү нь төхүүлж өгье гээд тэр хоёр явсан. Тэгээд 30 орчим минутын дараа О, ах Од-ын хамт гэрт орж ирсэн. О-ын баруун нүд нь хавдсан улайсан байсан. Би О-г хүнд цохиулах үед хажууд нь байгаагүй...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Э.М-ийн өгсөн:...Би 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр найз Батбаатар, Өлзийхутаг нарын хамт Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байдаг тоотыг нь сайн мэдэхгүй байна. Найз Оюунсайханы гэрч очсон.Тэнд Оюунсайхан, түүний нөхөр Хуягаа, Отгонбаяр эхнэрийн хамт архи ууцгааж байсан. Бид гурав очоод гэрч 0.75 граммын архи уусан, архиа ууж дуусаад Өлзийхутаг, Батбаатар нарын хамт гарч яваад Батбаатарын гэрт очоод Өлзийхутаг, Батбаатар хоёр тэнд унтах гээд үлдсэн. Би гэр лүүгээ харих гээд буцаад 04:00 цагийн үед явж байгаад Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт тоотыг нь сайн мэдэхгүй байна. Отгонбаярын ахын гэрийн хажуухан талд гудамжны үзүүрт эмэгтэй хүн орилоод байхаар нь очоод гэрэл тусгаад харсан чинь Отгонбаярын эхнэр Гэрэлээ гэх эмэгтэй уйлаад сууж байсан. Яагаад уйлаад байгаа юм бэ эгчээ зүгээр биздээ гэж хэлчихээд цаашаа яваад өгсөн.Хашааны үүд дугарсан хойноос хүн нэг ирээд миний цамцнаас татсан. Эргээд харсан Отгонбаяр чи сая тэнд гэрэл тусгаад байсан уу гэсэн. Би эхнэр, хүүхэд чинь уйлаад байна шүү дээ гэж хэлсэн чинь чамд ямар хамаатай юм гэсэн. Тэгэхээр нь би цаашаа явах гэтэл араас зууралдсан. Тэгээд бид хоёр хоорондоо ноцолдож байгаад Отгонбаярын мөрөн дээрээс нь гараараа татаж нүүр лүү нь хөлөөрөө 1 удаа өшиглөсөн чинь нүдэнд нь оносон. Тэгэхдээ тухайн үед би нүд рүү нь өшиглөе гэж бодоогүй. Отгонбаяр намайг тухайн үед өшиглөсөн гэж мэдээгүй, гараараа цохисон гэж бодоод байх шиг байна лээ. Тухайн үед Отгонбаяр бид хоёроос өөр хүн байгаагүй.Би өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг минь хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 53-54 дэх тал/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2777дугаартай:

1. Н.О-н бид зүүн талын хоншоор ясны хөндийн урд болон арын хананы хугарал, гайморын хөндийн цусан хураа, хамар ясны хугарал, баруун нүдний ухархайн доод ханын хугарал, баруун нүдний алимны салстад цус хуралт, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

З. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Шинжээч эмч Т.Ч гэх дүгнэлт /хх-ийн 29-30 дахь тал/,

 

-Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт:

 

Шүүгдэгч Э.М-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 57 дахь тал/,

-Оршин суугаа газрын тодорхойлолт  /хавтаст хэргийн 58 дахь тал/,

-Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 59 дэх тал/,

-Хоёр хүүхдийн төрсний гэрчилгээ /хавтаст хэргийн 60-61 дэх тал/,

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 62 дахь тал/ зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Э.М-инй 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 09-нд шилжих шөнө 05 цагийн орчимд .... тоот хашааны гадна хохирогч Н.О-той үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар баруун гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж зүүн талын хоншоор ясны хөндийн урд болон арын хананы хугарал, гайморын хөндийн цусан хураа, баруун нүдний ухархайн доод ханын хугарал, баруун нүдний алимны салстад цус хуралт, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт бүхий гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй гэж заасан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт: Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр хуульчилжээ.

 

 Шүүгдэгч Э.М-нийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар болон түүнээс үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан, хохирогч нь гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн зэрэг хуульд заасан шаардлагыг хангасан байх тул Э.Мд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан:  ...шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно  гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч Э.М нь 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 09-нд шилжих шөнө 05 цагийн орчимд .............тоот хашааны гадна хохирогч Н.О-той үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар баруун гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж зүүн талын хоншоор ясны хөндийн урд болон арын хананы хугарал, гайморын хөндийн цусан хураа, баруун нүдний ухархайн доод ханын хугарал, баруун нүдний алимны салстад цус хуралт, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт бүхий гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт нь хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2777 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг  хэрэгт авагдсан  бичгийн  нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, Эрүүгийн хуулийн тусгай 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Иймд шүүгдэгч Э.М-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Зодох гэдэг нь хүний бие махбодид халдсан байхыг ойлгох бөгөөд хүний бие махбодид халдах үйлдэл нь алгадах, цохих, түлхэх, өшиглөх зэрэг хэлбэртэй байж болно.

 

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт  зааснаар шүүгдэгч Э.М нь хохирогчийг  зодож,  гэм буруугийн санаатай хэлбэрээр бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байна.

 

              Хохирогч Н.О-ын эрүүл мэндэд учирсан хохирол нь Э.Мөнх- Эрдэнийн гэм буруугийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  2.5  дугаар зүйлийн 1 дэх   хэсэгт: ... энэ хуулийн тусгай ангид заасан  гэмт хэргийн улмаас  хүний амь нас,  эрүүл мэнд,  эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон  үндэсний эрх  ашиг сонирол, аюулгүй байдалд  шууд учирсан үр дагаврыг  гэмт хэргийн  хохиролд тооцно,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ...бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж,

 

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д ...бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж тус тус хуульчилжээ.

                                  

Хохирогч Н.О нь гомдол саналгүй гэдгээ бичгээр илэрхийлсэн байна. /хавтаст хэргийн 66 дахь тал/

 

Хохирогч Н.О нь баримтаар 2.102.000 төгрөгийг нэхэмжилсэнийг шүүгдэгч Э.М нь дансаар 1.500.000 төгрөгийн хохирол барагдуулсан талаарх баримтаа шүүх хуралдаанд гаргаж өгсөн. Иймд шүүгдэгч Э.Мэс 602.000 төгрөгийг гаргуулж хохирогч Н.О-т олгохоор шийдвэрлэв.

 

Хохирогч Н.О-ын  эрүүл  мэндэд хүндэвтэр хохирол учирсан . энэ гэмтлийн улмаас  цаашид гарах,  гэм хорын хохирлоо холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Э.М нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино  гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

 

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Шүүгдэгч Э.Мд эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт:..  согтуурсан мансуурсан үедээ  гэмт хэрэг үйлдсэн  бол  эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй  гэж хуульчилжээ.

 Шүүгдэгч Э.М нь энэ гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн бөгөөд согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй байна

 

Улсын яллагчаас шүүгдэгч Э.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин/ төгрөгөөр торгох ял оногдуулж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц  4 /дөрвөн/ сарын хугацаанд хэсэгчлэн  төлүүлэхээр тогтоох  саналыг гаргаж байна.

 

Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-т шийтгүүлсэн этгээд хууль, эсхүл торгох шийтгэл оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор, хэрэв хуульд зааснаар торгуулийг хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосон бол тогтоосон хугацаанд торгуулийг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй гэж хуульчилжээ.

 Шүүгдэгч Э.М нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид  баримтаар хохирлоо төлсөн зэргийг харгалзан прокурорын санлын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

             Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

 

Шүүгдэгч Э.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1  дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                          ТОГТООХ нь:

 

1. Ш овогт Эын М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай  учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.М-ийг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Мд оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчинтөгөлдөр  болмогц 4 /дөрвөн/ сарын  хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Э.Мд оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

5. Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-т зааснаар шийтгүүлсэн этгээд хууль, эсхүл торгох шийтгэл оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор, хэрэв хуульд зааснаар торгуулийг хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосон бол тогтоосон хугацаанд торгуулийг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй болохыг Э.Мд мэдэгдсүгэй.

 

            6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,  505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус  зааснаар  М.Э-с /РД:............3 /602.000 / зургаан зуун хоёр мянган/ төгрөгийг  гаргуулж хохирогч  Н.О-д /РД:..................../ олгосугай.

 

             7. Хохирогч Н.О  эрүүл мэндэд хүндэвтэр  хохирол учирсан, уг гэмтлээс үүдэн гарах хор уршгийг харгалзан үзэж цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Э.М нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Э.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ч.А