| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2022/0392/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/402 |
| Огноо | 2022-03-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Я.Амарзая |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 2022/ШЦТ/402
2022 03 17 2022/ШЦТ/402
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.А даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Д,
улсын яллагч Ч.А,
шүүгдэгч Г.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Тайж овогт Г.Х-д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 210 602 345 1745 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1994 оны 12 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхлэх , ам бүл 4, эх, 6-8 насны 2 хүүхдийн хамт, ................... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял, шийтгэл хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, Тайж овогт Г.Х-д /РД: ................../.
Холбогдсон хэргийн талаар:
Г.Х нь 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр .................. тоотод иргэн Б.Д-тай “архи уулгүй явлаа” гэх шалтгааны улмаас маргалдан биед зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, хамар ясны хугарал, зүүн нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духны баруун дээд хэсэгт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод зовхины дотор хэсэгт, хүзүүний баруун доод хэсэг, зүүн доод хэсэг, сээр нурууны баруун хэсэг, зүүн шууны гадна дунд хэсгүүдэд зулгаралт, зүүн ташааны доод хэсэгт цус хуралт бүхий гэмтэл үүсгэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанд шүүгдэгч Г.Х мэдүүлэхдээ: Миний буруу, хэргийн талаар ярих зүйлгүй гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн үйл баримтын талаар:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 3 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Б.Дын өгсөн: ...Би 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 12 өнгөрч байхад найз Зоригийн хамт ................... тоотод байх Түвшээ гэх айлд очсон. Тэр залуу манай найз Зоригийн найз нь юм билээ. Бид гурав тэднийд 0.75л “Хараа” нэртэй 1 шил архи уугаад 0.33л “Хараа” нэртэй 1 шил архийг аваад ууж амжилгүй явлаа гээд Зоригоо бид хоёрыг 16-17 цагийн үед гарсан чинь Түвшээ гэх залуу гудамжинд зодсон.Тэгээд миний нүүрэн тус газарт гараараа 2-3 удаа цохисон ба хэвтээд өгсөн чинь нүүр лүү өшиглөсөн. Миний хамраас цус гарч зүүн нүд хавдаж хөхөрсөн. Мөн “чи яасан утсаа өгдөггүй новш вэ” гээд миний баруун нүд рүү нэг удаа өшиглөөд приүс модоор ар нуруу, хөл орчимд цохисон ба хутга барьж ална гэх мэтээр айлган сүрдүүлсэн.Тэгээд миний А12 маркийн гар утсыг дарамталж байгаад аваад үлдсэн. Би гарч зугтсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 6, 8 дахь тал/,
...Намайг зодсон гээд байгаа Түвшээ гэх залууг Хишигт гэдэг юм байна лээ. Гэхдээ Түвшээ гэж дуудаад байсан.Тэр залуугийн дүү нь миний утсыг буцааж өгөөд эмчилгээний зардал мөнгийг өгсөн. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9, 10 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Г.Хийн өгсөн: ... Мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр яллагдагчаар Г.Хийн өгсөн: ...Тухайн үед би согтуу байсан учир Б.Д-ыг яг нэг бүрчлэн хаана нь цохисоныг санахгүй байна. Ямар ч байсан гараа зангидаж байгаад хэд хэдэн удаа цохиод, өшиглөсөн. Би өөрийн хийсэн гэм буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч, гэмшиж байна... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 56-57 дахь тал/,
Таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 14-16 дахь тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 6189 дугаартай:
1. Б.Д-ын биед зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, хамар ясны хугарал, зүүн нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духны баруун дээд хэсэгт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод зовхины дотор хэсэгт, хүзүүний баруун доод хэсэг, зүүн доод хэсэг, сээр нурууны баруун хэсэг, зүүн шууны гадна дунд хэсгүүдэд зулгаралт, зүүн ташааны доод хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Ц.Н гэх дүгнэлт /хавтаст хэргийн 20-21 дэх тал/,
-Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт:
Шүүгдэгч Г.Хийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 48, 70 дахь тал/,
Шүүгдэгч Г.Хийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 41 дэх тал/ зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийн хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Г.Х нь 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтан-Өлгийн 7-152 тоотод иргэн Б.Д-тай “архи уулгүй явлаа” гэх шалтгааны улмаас маргалдан биед зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, хамар ясны хугарал, зүүн нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духны баруун дээд хэсэгт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод зовхины дотор хэсэгт, хүзүүний баруун доод хэсэг, зүүн доод хэсэг, сээр нурууны баруун хэсэг, зүүн шууны гадна дунд хэсгүүдэд зулгаралт, зүүн ташааны доод хэсэгт цус хуралт бүхий гэмтэл үүсгэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нотлогдон тогтоогдож, гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Иймд шүүгдэгч Г.Хийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч Б.Д нь энэ хэргийн учир өөрт учирсан гэм хорын хохиролд баримтаар 130.000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч Г.Х нь дээрх нэхэмжлэлийн дагуу хохирогч учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан талаар мэдүүлсэн байх тул шүүгдэгч Г.Хийг баримтаар төлөх төлбөргүй гэж үзэв. /хавтаст хэргийн 42, 45 дахь тал/
Хохирогч Б.Дашням нь энэ гэмт үйлдлийн улмаас цаашид гарах гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Г.Х нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Шүүгдэгч Г.Хэд эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, 1.2-т заасан учруулсан хохирлыг нөхөн төлснийг зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Г.Х нь энэ гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн бөгөөд согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.
Улсын яллагчаас шүүгдэгч Г.Хэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуун / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган / төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж байна.
Шүүхээс тухайлан сонгон оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон шүүгдэгч Г.Х нь бага насны хүүхдүүдийн хамт зэрэг хувийн байдлыг харгалзан Г.Хэд прокурорын гарсан санлын дагуу 600 /зургаан зуун / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган / төгрөгөөр торгох ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.
Шүүгдэгч Г.Х нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Г.Хэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Тайж овогт Р.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Х-ийг 600 /зургаан зуун / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Хэд оногдуулсан 600 /зургаан зуун / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4. Хохирогч Б.Д нь энэ гэмт үйлдлийн улмаас цаашид гарах гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Г.Х нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.Хэд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.А