| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбаярын Цолмонбаатар |
| Хэргийн индекс | 184/2016/02090/И |
| Дугаар | 184/ШШ2017/01430 |
| Огноо | 2017-06-19 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 184/ШШ2017/01430
2017 оны 6 сарын 19 өдөр Дугаар184/ШШ2017/01430 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******** тоотод байрлах, “*******” ХХК /хуулийн этгээдийн регистрийн дугаар: 5538793/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, *******тоотод байрлах, “*******” ХХК /хуулийн этгээдийн регистрийн дугаар:******/-д холбогдох,
“Ажил гүйцэтгэх гэрээний хөлс, хохирол нийт 11,980,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн захирал *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* хариуцагч “*******” ХХК-ийн захирал *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баянжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн захирал ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бид анх 2015 оны 10 дугаар сард 3 давхар обьектод халаалт хийлгэхээр тохиролцсон. Ажлын хөлсийг 2,000,000 төгрөг байхаар тохиролцож, материалын үнэд 6,500,000 төгрөгийг зарлагдсан. Ажил эхлэх өдөр буюу 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр мобайлаар 700,000 төгрөг, бэлнээр 300,000 төгрөг, нийт 1,000,000 төгрөгийн урьдчилгааг хариуцагчид өгсөн.
Ажил эхлээд хэд хоноход ажил хэвийн явагдаж байсан. Гэрээгээр барилгын урд жигүүр, дээд талын 2 давхрын өрөөнд бүгдэнд нь паар тавихаар тохиролцсон. Худгийн өрөөнд паар тавиагүй байсан. Паар тавих шаардлага тавихад ажлын хөлсийг 2,500,000 төгрөг болго гэж хэлсэн. Тэгэхээр нь би хүлээн зөвшөөрөөгүй. Үүнээс болоод бид 2 муудсан. Муудснаас болоод ажил хийж байсан хүмүүс пилта зэргийг хагалж энэ тэндгүй цоолж эхэлсэн. 2-3 хоногийн дотор ажлыг хийж гүйцэтгэж дууссан.
Худгийн өрөөнд нэг паар холбож өгсөн. Тэр халаалт доголдоод ажиллаагүй. Тогоо чинь болохгүй байна манайх шинээр тавиад өгье гэж хэлээд надад тогтоо хийж өгөхөөр тохиролцсон. Халаалтын тогтоог 2,400,000 төгрөгөөр хийж өгье гэж хэлээд 300,000 төгрөгийн урьдчилгаа авна гэхээр нь өгсөн. Ингээд хийсэн тогоогоо авчирч өгсний дараа залгаж үзэхэд халж өгөхгүй байсан. Халахгүй байгааг нь хэлэхэд танайх галлаж чадахгүй байна гээд 2015 оны 10 дугаар сарын 25-ны өдөр зуухаа салгаад аваад явсан. Би Хятад улс руу 2.500.000 төгрөгөөр зуух захиалж авчруулаад хариуцагчид санал тавьсан. Уг зуухыг тавиад өг гэхэд үгүй гэж хэлсэн. Би хүн гуйж зуухаа холбуулсан. Зуух өөр хүнээр тавиулах үед шугам хоолой нь хөлдсөн байсан. Шугам эхнээсээ хөлдөж хагараад ажил хийх нөхцөл бололцоо бүрдээгүй. Ингээд байшингаа цоожлоод хавар ирэхэд хамаг шугам хоолой жорлонгийн суултуур хүртэл хагарчихсан байсан.
Би “*******” ХХК-ийн захирал *******д 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр мобайлаар 700,000 төгрөг, мөн өдөр бэлнээр 300,000 төгрөг, 2015 оны 12 дугаарс сарын 04-ний өдөр мобайлаар 195,000 төгрөг, мөн өдөр бэлнээр 200,000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сард бэлнээр 300,000 төгрөг, нийт 1,700,000 төгрөгийг ажлын хөлс гэж өгсөн.
Надад материал авах зардлыг 6,500,000 төгрөг тооцож, би уг мөнгөөр сантехникийн материал авч угсруулсан боловч бүгд хөлдөж хагаран дахин ашиглах боломжгүй болсон.
Мөн байшин халаалтгүй болж дэлгүүр, халуун усны газар, үсчин, дулаан зогсоол ажиллахгүй болсны улмаас 7 сарын хугацаанд ажиллаагүйн улмаас учирсан хохирол олох байсан орлогыг 1 сард 500,000 төгрөгөөр тооцож 3,500,000 төгрөгөөр хохироод байна. Мөн 2015 оны 10 дугаар сараас 2015 оны 12 дугаар сар сар хүртэл хугацааны цахилгааны төлбөр 280,000 төгрөгийг хариуцагчаас шаардана. Халаалтын төхөөрөмж тавина гэж байх хугацаанд нь цахилгаанаар байрыг халаалсан зардал юм.
Иймд хариуцагч “*******” ХХК-иас урьдчилгаа төлбөрт төлсөн 1,700,000 төгрөг, барилгын материалын зардал 6,500,000 төгрөг, олох байсан орлого 3,500,000 төгрөг, цахилгааны төлбөр 280,000 төгрөг, нийт 11,980,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.
Хариуцагч “*******” ХХК-ийн захирал ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч нь 2015 оны 10 дугаар сарын эхээр надтай яриад халаалт тавиулъя гэж ярьсан. Халаалт тавиулах байшингийн хуучин тал нь халаалттай байсан. Тэрийг нь задлаад шинээр халаалт тавиулахаар болсон.
Би материалын зардлын төсөв хийгээд нийт материалын зардал нь 6,500,00 төгрөг болно. Ажлын хөлс нь 2,000,000 төгрөг болно гэж хэлэхэд өөрөө зөвшөөрсөн. Усанд ордог өрөөнүүдэд халаалт тавихгүй бол болохгүй шүү гэж хэлэхэд зүгээр зүгээр гэж хэлсэн. Ингээд 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ажлаа эхэлсэн. Угсралтын ажил 2-3 өдөр хийгдсэн. Дуусах арай болоогүй байхад худгийн өрөөнд паар тавихгүй бол болохгүй байна гэж хэлэхээр нь паар тавьж өгсөн. Тэрэнд ажлын хөлс нэхээгүй. Таван өрөөнд нэмж паар тавиулъя гэхээр нь 1 өрөөг 80,000 төгрөгөөр бодоод 400,000 төгрөгийг нэмж өгөхийг шаардахад үгүй гэж хэлсэн.
Би тэгээд эхэлсэн ажлаа дуусгая гэж хэлээд ажлаа дуусгасан. Пилта хагалсан гэдэг нь ганц хоёр пилта хагалсан. Хэрүүл гарахаас өмнө өөрсдийнх нь 2 жижиг зуухыг суурилуулахад халахгүй байсан. Тэгэхээр нь тогоог солих хэрэгтэй гэж хэлэхэд манайхаас авахаар санал тавьсан. Тогооны үнийг 1,800,000 төгрөгөөр тохиролцсон. 10 хоногийн дараа угсраад өгсөн. Зуух сайхан халлаа гэж хэлж байсан. Тэгээд бид нар хүлээлцээд явсан.
Би мөнгөө нэхэхэд мөнгийг өгөхгүй байсан. Нэхэмжлэгчид яндангаа солихыг санал болгоход яндангаа солиогүй. Мод хийхээр таталтаа голохгүй сайн асаад нүүрс хийхээр таталтаа голоод зуух яндангаа голоод асахгүй байсан. Нэхэмжлэгчид яндангаа соль гэж хэлсэн. Тооцоогоо хийхгүй, тэгээд тогоо өгөхгүй байсан. Мөнгө нэхэхэд өгөлгүй сар гаран болсон. Мөнгөө өгөхгүй байсан учир 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр зуухаа салгаж авсан. Ингэхэд Янжинхорлоогийн нөхөр нь байсан. Системийн усыг асгаад бүхэлд нь хүлээлгэж өгөөд явсан. Сүүлд өөрсдөө зуух аваад 12 сарын сүүлээр надруу залгаад суурилуулаад өгөөч гэхээр нь би үгүй гэж хэлсэн. 6,500,000 төгрөгийн бараа материалын үнэд 400 ширхэг ражатор гэсэн бичигтэй байгаа ч 120 шинэ ражотар суурилуулсан. Тал нь хуучин, тал нь шинэ байсан. Турбо дан шинэ байсан. Цахилгааны төлбөр гэдэг нь 10 дугаар сард бид юм хийж байсан болохоор тогны мөнгө гарна. Өвөл дэлгүүр дотроосоо галлаад ажилласан байдаг. Дээд давхар ашиглалтад ороогүй байсан. Граш дотор нь нүүрс хураасан байсан болохоор тэр өвөлдөө ажиллах боломжгүй байсан.
Надад ажлын хөлс гэж урьдчилгаа болгон 1,700,000 төгрөгийг өгсөн. Энэ мөнгө бол миний хийсэн ажлын мөнгө. Хэл ам хийгээд байгаа энэ урьдчилгаа мөнгийг буцаагаад өгье гэж бодож байна. Уг нь миний буруу гэж байхгүй. Миний буруугаас болж пар нь хагарч хөлдөөгүй учир бусад нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье” гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч “Булган Цагаан нуур” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний дагуу төлсөн урьчилгаа төлбөр 1,700,000 төгрөг, сантехникийн материалын зардал 6,500,000 төгрөг, олох байсан орлого 3,500,000 төгрөг, цахилгааны төлбөр 280,000 төгрөг, нийт 11,980,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Зохигчид болох “*******” ХХК-ийг төлөөлж захирал ******* нь Сонгинохайхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 11 дүгээр гудамжны 01 тоотод байрлах 3 давхар барилгад халаалт тавиулахаар хариуцагч “Булган Цагаан нуур” ХХК-ийг төлөөлж *******тэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан бөгөөд гэрээнд зааснаар ажлын хөлсийг 2,000,000 төгрөг байхаар харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан “Ажил гүйцэтгэх гэрээ, орлогын баримт” болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Гэрээнд заасны дагуу хариуцагч “*******” ХХК нь барилгад халаалтын системийг суурилуулсан бөгөөд нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч “Булган Цагаан нуур” ХХК-иар халаалтын зуухыг хийлгэхээр нэмэлтээр харилцан тохиролцсоны дагуу халаалтын зуухыг хийж угсарсан боловч “Булган Цагаан нуур” ХХК нь халаалтын зуухыг буцаан салгаж авсан, нэхэмжлэгч “*******” ХХК нь ажлын хөлсний урьчилгаа төлбөрт “Булган Цагаан нуур” ХХК-д 1,700,000 төгрөг төлсөн болох нь зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдсон ба дээрх үйл баримтын талаар талууд маргаагүй байна.
Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн захирал ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... сантехникийн угсралт хийлгэсэн боловч халахгүй байсны улмаас пар, шугам хоолой хөлдөж хагаран дахин ашиглах боломжгүй болсон. Хийлгэсэн зуух нь халахгүй байна гэж хэлэхэд буцаагаад аваад явсан. Ашиглах боломжгүй болсон сантехникийн материалыг “Булган Цагаан нуур” ХХК-ийн гаргасан төсвөөр 6,500,000 төгрөгөөр авсан. Халаалтгүй болсны улмаас дэлгүүр, халуун усны газар, үсчин, дулаан зогсоол ажиллаагүй тул 7 сарын хугацаанд олох байсан орлого 3,500,000 төгрөгөөр хохирсон, халаалтгүй байсан 2015 оны 10 дугаар сараас 2015 оны 12 дугаар сар сар хүртэл хугацааны цахилгааны төлбөр 280,000 төгрөг болсон ...” гэж тайлбарлажээ.
Хариуцагч “Булган Цагаан нуур” ХХК нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг татгалзаж буй үндэслэлээ “... гэрээнд заасны дагуу ажлыг 2-3 хоногт хийж гүйцэтгэсэн. Халаалтын зуух хийлгэх хүсэлтийн дагуу зуухыг хийж угсарч өгөн мод шатаахад сайн халж байсан боловч нүүрс шатаахад яндангийн соролт муу байсан. Яндангаа солих хэрэгтэйг өөрт нь хэлсэн. Ажлын хөлсөө бүрэн төлж барагдуулахгүй байсан учир зуухыг хэлээд системийн усыг асгаж салгаж авсан. Манай буруугаас болж халаалтын систем нь хөлдөөгүй тул нэхэмжлэлийг нь бүхэлд зөвшөөрөхгүй. Хэдийгээр буруугүй боловч нэхэмжлээд бөгөөд урьдчилгаа төлбөр 1,700,000 төгрөгийг буцаагаад өгөхөд татгалзаад байх зүйлгүй ...” гэж тайлбарлажээ.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан бөгөөд мөн хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-д “Ажил гүйцэтгэгч гэрээний нөхцөлийг зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил хүлээн авснаас хойш зургаан сарын дотор, хэвийн байдлаар хүлээн авах үед илрүүлэх боломжгүй дутагдлын тухай гомдлын шаардлагыг ажил хүлээн авснаас хойш нэг жилийн дотор гаргана ...”, 352 дугаар зүйлийн 352.1-д “Ажил гүйцэтгэх гэрээгээр талууд хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүйгээс учирсан хохирлыг нөхөн төлүүлэхэд энэ хуульд заасан нийтлэг журам үйлчилнэ” гэж тус тус заасан.
Хуульд зааснаар ажил гүйцэтгэгч “Булган Цагаан нуур” ХХК нь гэрээний нөхцөлийг зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байвал захиалагч болох “*******” ХХК нь гомдлын шаардлага гаргах эрхтэй бөгөөд ажил гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас учирсан хохирлоо нэхэмжлэх эрхтэй байна.
Хариуцагч “*******” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй буюу гүйцэтгэсэн ажил болох сантехникийн холболт, угсралтын ажил нь доголдолтой байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар хангалттай нотлогдохгүй байна.
Ажил гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажил болох сантехникийн холболт, угсралт нь чанар, стандартын шаардлага хангаагүй, ажил гүйцэтгэгчийн буруугаас болж 6,500,000 төгрөгийн үнэ бүхий сантехникийн шугам хоолой хөлдсөн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдоогүй ба энэ талаархи баримтыг нэхэмжлэгч
“*******” ХХК нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж заасны дагуу хэрэгт нотлох баримтаар ирүүлээгүй байна.
Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлд дурдсан нэхэмжлэлийн шаардлагууд нь гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүйгээс учирсан хохирлын шаардлагад хамаарах бөгөөд хохирол учирах болсон шалтгаант холбоо буюу хариуцагч “*******” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэм буруутай улмаас нэхэмжлэлд заасан хохирол учирсан болох нь тогтоогдохгүй байна.
Иймд дээр дурдсан үндэслээр нэхэмжлэгч “*******” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байгаа боловч хариуцагч “*******” ХХК нь нэхэмжлэгч “*******” ХХК-д ажлын хөлсний урьдчилгаа төлбөрт төлсөн 1,700,000 төгрөгийг буцаан өгөхөд татгалзах зүйлгүй гэж тайлбарлаж байх тул хариуцагчаас 1,700,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас гаргасан хүсэлтийн дагуу маргааны зүйлийн талаар хүсэлтэд дурдсан асуудлаар шинжээч томилсон бөгөөд хариуцагч нь энэхүү хүсэлтээсээ татгалзсан болохыг дурдаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч “*******” ХХК-аас 1,700,00 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 10,280,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч “*******” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 198,630 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч “*******” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 42,150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНБААТАР