| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвын Оюунчулуун |
| Хэргийн индекс | 188/2017/0126/Э |
| Дугаар | 1024 |
| Огноо | 2018-11-13 |
| Зүйл хэсэг | 10.1.2, |
| Улсын яллагч | Р.Очирсүрэн |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 1024
Т.М, Э.Ө нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Р.Очирсүрэн,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Ц, түүний өмгөөлөгч М.Х,
шүүгдэгч Т.Мгийн өмгөөлөгч Б.Э,
шүүгдэгч Э.Ө, түүний өмгөөлөгч Б.Ч,
нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг даргалж, шүүгч Г.Ганбаатар, Л.Баатар нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 780 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Э.Ө, түүний өмгөөлөгч Б.Ч, шүүгдэгч Т.Мгийн өмгөөлөгч Б.Э нарын болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Ц, түүний өмгөөлөгч М.Х нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудаар Т.М, Э.Өнарт холбогдох 1708000000230 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Б овгийн Т.М, 1997 оны 8 дугаар сарын 9-ний өдөр Төв аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ХААИС-ийн мал эмнэлэг, био технологийн сургуулийн 3 дугаар дамжааны оюутан, ам бүл 6, эцэг, эх, 3 дүүгийн хамт .................... оршин суух,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 1114 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, /РД: ......................../;
2. Б овгийн Э.Ө, 1997 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Төв аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эцэг, эх, ах, дүүгийн хамт ............... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ................../;
Э.Э.Ө, Т.М нар нь бүлэглэн, 2017 оны 11 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 01 цагийн үед, Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ц.Б-н цээжин тус газарт нь цохиж, газарт унагаад өмдний халааснаас нь “Nokia” загварын гар утас, мөн өмсөж явсан улаан өнгийн куртикийг өөртөө болон бусдад эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор авч, Ц.Б-н толгойд “зүүн зулай чамархайн хатуу хальс доорх цус харвалт, зүүн тал бөмбөлгийн аалзан бүрхүүл доорх цус харвалт, зүүн чамархай эдийн няцралт, цус хуралт, баруун зулайн хатуу хальс доорх цусан хураа, баруун чамархай, баруун зулай ар хэсгийн хуйхны цус хуралт” бүхий гэмтэл учруулан алсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газар: Э.Ө, Т.М нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 2.11 дэх заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Т.М, Э.Ө нарыг хүнийг алах гэмт хэргийг бүлэглэж, өөртөө болон бусдад эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 2.11 дэх заалтад зааснаар Т.Мг 15 жил хорих ялаар, Э.Э.Өыг 16 жил хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 2.3 дахь хэсэгт заасныг баримтлан Т.Мд уг тогтоолоор оногдуулсан 15 жил хорих ял дээр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 1114 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 3 сар хорих ялыг нэмж нэгтгэн, Т.Мгийн биечлэн эдлэх ялыг 16 жил 3 сар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Т.М, Э.Ө нарт оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад тус тус эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Т.Мгийн цагдан хоригдсон 296 хоногийг, Э.Э.Өын цагдан хоригдсон 294 хоногийг тус тус эдлэх ялын хугацаанд оруулан тооцох, Т.М, Э.Өнар бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй болохыг дурдаж, хохирогч З.Цгээс нэхэмжилсэн өмгөөлөгчийн хөлс 1.500.000 төгрөг, сэтгэл санааны хохирол 40.000.000 төгрөг, нийт 41.500.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Т.М, Э.Өнарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан улаан өнгийн куртик 1 ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Ц давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шийтгэх тогтоолд ... оршуулгын зардалд 7.991.403 төгрөг нэхэмжилснээс Т.М, Э.Өнар нь хувь тэнцүү төлсөн. Өмгөөлөгчид төлсөн 1.500.000 төгрөгийг нэхэмжилсэн боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарахгүй, мөн хохирогч нь талийгаачийн амь, сэтгэл санааны хохиролд 40.000.000 төгрөг нэхэмжилж байгаа боловч Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар эдийн бус хохирлыг үнэлэх хуулийн зохицуулалт байхгүй тул 41.500.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэжээ.
Т.М, Э.Өнарыг шүүхээс гэм буруутайд тооцоход, 5 хоногийн завсарлага авч, аргагүйн эрхэнд ялаа хөнгөрүүлэх гэж өмгөөлөгч нар нь мөнгө өгсөн. Бид хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд өмгөөлөгчгүй явсан боловч шүүгдэгч нар хийсэн хэргээ хүлээхгүй, янз бүрийн арга хэрэглэж, олон өмгөөлөгч сольж, хэргийг ээдрээтэй болгоод байхаар нь өмгөөлөгч авсан. Эдгээр хүмүүс миний хүүг алаагүй бол юу гэж өмгөөлөгч авах юм бэ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд гэрч, шинжээч, өмгөөлөгчид төлөх зардлын талаар хуульчилж өгсөн бөгөөд мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д, шүүгдэгч гэм буруутай болохыг шүүх тогтоовол түүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг холбогдох баримтыг үндэслэн гаргуулна гэсэн хуулийн заалт хүчинтэй байхад шүүх хуулийг буруу тайлбарлан үндэслэлгүйгээр зардлыг хэрэгсэхгүй болгосон.
Талийгаач маань архаг, хүнд өвчтэй эхдээ тариаг нь өөрийн орлогоосоо авч өгдөг, унаагаараа сувилалд хүргэж өгч, авдаг байсан. Одоо хүү минь байхгүй болсноос хойш тэр бүгд байхгүй болохын зэрэгцээ эхнэр, бид хоёр амьдын зовлон эдэлж, өдөр хоногийг өнгөрүүлж байна.
Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1-д “Эдийн бус гэм хорыг арилгуулахаар хохирогч шаардах эрхтэй” гэжээ. Гэтэл талийгаач ямар ч буруугүй байхад түүнийг санаатай алж, эд зүйлийг нь дээрэмдэн авсан хүмүүсийн үйлдлээс болж дөнгөж 40 нас хүрч яваа хүүг минь алснаас ард үлдсэн хүмүүст нь эдийн бус гэм хор учирчихаад байна.
Хууль тогтоогч хохирлоо нэхэмжлэх эрхтэй гээд хууль батлаад түүнийг шүүх хэрэглээд явж байгаа атлаа хохирлыг үнэлэх хуулийн зохицуулалт байхгүй гэж дүгнэсэн нь харамсалтай байна. Би хэмжээ хязгааргүй мөнгө нэхэмжлээгүй. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. Ял шийтгэлийн хувьд хөнгөн ял оногдуулсан гэж үзэж байна. ...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Цгийн өмгөөлөгч М.Х давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтаар шүүгдэгч нарын гэм буруу тогтоогдсон гэж үзэж байна. Ялын талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч өөрөө хэлсэн учраас нэмж хэлэх зүйлгүй. Ял хөнгөдлөө гэж тайлбарласан. Үүний цаад санаа нь ямар нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй, зүгээр явж байсан хүн дээр санаатай очиж, өөртөө болон бусдад эдийн ашигтай байдал бий болгох, улмаар бүлэглэн хүч хэрэглэн зодож, амь насыг нь хохироосон үйлдэл тул ял нь хөнгөдсөн байх талтай гэдэг санаагаар бичсэн байна. Иргэний нэхэмжлэл дээр талийгаачийн оршуулгын зардалтай холбогдуулж, 7.000.000 гаруй төгрөгөөс өмнө нь нэг шүүгдэгч нь тодорхой хэмжээний оршуулгын зардалд туслалцаа үзүүлсэн байсан. Сүүлд шүүх хуралдаанаас 5 хоногийн завсарлага авч байж өөрсдийн сайн дураар биш, гарах гарцгүй юм байна гэдэг үүднээс үлдсэн төлбөрийг төлсөн. Хохирол бүрэн төлөгдсөн гэж үзэхгүй байна. Яагаад гэвэл 2015 оны Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль хэрэгжиж эхлээд 2 жил болж байна. Тэгэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавих эрхтэй” гэж заасан. Гэтэл анхан шатны шүүхээс сэтгэл санааны хохирол 40.000.000 төгрөг, өмгөөлөгчийн зардал зэргийг гаргуулахгүйгээр шийдвэрлэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээхгүй, хохирогчийн талаас уучлалт гуйхгүй байсан бөгөөд хохирогч тал хууль мэдэхгүй учраас өмгөөлөгч авах хүсэлт гаргаж, би өмгөөлөгчөөр оролцсон. Мөн хохирогчийн ар гэрийнхэн хүнд амьдралтай хүмүүс байдаг. Хохирогчийн ээж нь архаг хууч өвчтэй хүн. Сэтгэл санааны хохирол эдийн бус хохиролд тооцогдох ёстой. Анхан шатны шүүхийн шүүгч үүнийг хэрэглэх боломжгүй байна гэж тайлбарлаж байгаа. Гэтэл энэ тухай хуульд заасан учраас сэтгэл санааны хохирлыг нэхэмжлэх эрхтэй. Хохирогчийн талаас маш их сэтгэл санааны хохиролтой байгаа. Энэ байдлыг ямар ч зүйлээр нотолж болохгүй. Анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэж иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон гэж үзэж байгаа учир давж заалдах шатны шүүхээс хохирогчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалж дээрх төлбөрийг гаргуулж өгнө үү. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан гомдлыг дэмжиж байна. ...” гэв.
Шүүгдэгч Э.Өдавж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хүний амь нас хохирсон харамсалтай хэрэг болсонд миний төдийгүй олон хүний хувьд гашуудалтай, хэцүү байгааг ойлгож, харамсаж байна. Гэвч аливаа зүйлд үнэн зөвийг тогтоож, шийтгэл оногдуулах ёстой. Би гэмт хэрэг үйлдсэн хүнтэй хамт явж байсан болохоос талийгаачид халдаагүй, хийгээгүй хэргийнхээ золиос болж гэм буруутайд тооцогдож, ял авсандаа туйлын харамсаж байна. Би гэмт хэрэг үйлдэхэд хамт байсан хүмүүсийн талаар үнэн зөв мэдүүлсэн. Шаамбига хочит Өсөхбаатар, Бодьхүү нар гэмт хэрэг үйлдэхэд хажууд байгаагүй ч “гэмт хэрэг үйлдэгч” нь машинд орж ирээд “Өсөхөө би тэр хүнийг гоё цохиж унагаасан, чи харсан уу. Тэр залуу үхчих шиг боллоо, дөрвүүлээ очиж үзэх үү” гэж хэлснийг тэд сонссон.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мэдүүлгээ үнэн зөвөөр өгч, холбогдох ажиллагааны явцад ямар нэг санаатай саад учруулаагүй билээ. Шүүхээс намайг цээжин тус газарт нь цохиж, газарт унагаад битүү гэмтэл учруулан алсан гэж үзсэн. Гэвч шинжээч эмч Ганболд шүүхэд мэдүүлэхдээ “цээж рүү цохих болон газар унах үед энэ үхлийн шалтгаан болох битүү гэмтлүүдийн аль нь ч үүсэхгүй” гэж хэлсэн.
Шүүгдэгч Т.М нь Эрүүгийн хариуцлагыг бусдад халдаах, өөрөө гэмт хэргээс зайлсхийх хувийн ашиг сонирхлын улмаас худал мэдүүлэг өгсөн тул бид хоёрын мэдүүлгүүд зөрүүтэй байгаа юм.
Хэрэг гарсан өдөр миний баруун гарын дунд савхан яс хугархай байсан талаар Б, Шаамбига хочит Ө, Т.М, А, Э нар бүгд мэдэж байсан. /Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн рентген зурагт гипсдүүлсэн талаар байгаа/
Мөн шүүх бүрэлдэхүүн Т.М бид хоёроос эцсийн үг сонсолгүйгээр шүүх хуралдааныг завсарлуулж, шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөх тасалгаанд орж, биднийг гэм буруутайд тооцсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.
Эцсийн үг сонсолгүй ялласанд би туйлын гомдолтой байна. Гэрч Б нь гэмт хэрэг үйлдэхэд хамт явж байсан. Тэрээр худал мэдүүлэг өгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулж байна. Б нь талийгаачийг “тэр улаан куртиктэй хүн” гэж зааж өгсөн ба гэмт хүн гэлбэлзэнэ гэгчээр шүүх хуралдаанд ирэхгүй байгаа юм.
Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 780 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Т.М, Бодьхүү, Шаамбига хочит Өсөхбаатар бид дөрвийг нүүрэлдүүлэн байцааж, хэргийн ээдрээтэй байдлыг арилгуулж байж хэргийг эцэслэн шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. ...” гэв.
Шүүгдэгч Э.Э.Өын өмгөөлөгч Д.Ч давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Прокурорын үйлдсэн яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсгийн яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга гэдэгт "Яллагдагч Э.Өнь ... цээжин тус газарт цохиж, газарт унаган ... битүү гэмтэл учруулан алсан, яллагдагч Т.М нь ... цээжин тус газарт цохиж, газарт унаган толгой, нүүрэн тус газар нь цохиж зодон,... битүү гэмтэл учруулан алсан гэмт хэргийг тус тус үйлдсэн... " гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтуудад зааснаар нотолбол зохих байдлыг тогтоосон гэж үзэн холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн. Гэвч шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцохдоо “Э.Э.Өын үйлдэл нь Ц.Б-н амь нас хохирсонтой шууд шалтгаант холбоотой" гэж ялласан нь шинжээчийн мэдүүлгээр үгүйсгэгдэж байна.
Шинжээч эмч Ц.Ганболд нь шүүх хуралдаанд: "... цээжин тус газарт цохих болон газарт унах хүчний үйлчлэлийн аль алинаар нь талийгаачид учирсан дээрх гэмтлүүд үүсэхгүй. Зөвхөн толгойд шууд чиглэсэн цохилтын улмаас тэдгээр гэмтлүүд үүсч амь нас хохирсон" гэж мэдүүлсэн. Энэ нь шүүх хуралдааны тэмдэглэл болон дуу-дүрсний бичлэгээс тодорхой харагдана. Үүнийг шүүх бүрэлдэхүүн болон улсын яллагч анхаарч үзэлгүйгээр хэт яллах талыг баримтлан хэргийг шийдвэрлэсэн.
Шүүгдэгч Э.Өнь шүүх хуралдаанд өөрийн холбогдсон хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлэг нь шүүгдэгч Т.Мгийн мэдүүлэгтэй зөрүүтэй, мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар мэдүүлэхдээ хэргийн өмнөх болон дараах байдлыг яагаад өөрөөр мэдүүлсэн талаараа шүүх хуралдаануудад мэдүүлсэн. Шүүгдэгч Э.Өнь талийгаачийн амь нас хохирсон үйл баримтын /талийгаачийг хэрхэн дагаж явсан, хэн талийгаачийг цохисон, талийгаач ямар байдалтай байсан зэрэг/ талаар, мөн 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр өөрийн баруун гараа гэмтээсэн /хэрэг болсон гэх өдөр гар нь хавдартай, юм барьж чадахгүй байсан, үүнийг Т.М мэдэж байгаа/ зэргээ эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед тогтвортой мэдүүлж байсан. Харин Т.Мгийн мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд өгсөн мэдүүлгүүдийг зөрүүтэй гэж ойлгож болно. Гэвч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч нарын мэдүүлгийг өөр бусад байдлаар нотолж тогтоохгүй бол тэдний мэдүүлгийг үнэлэх боломжгүй байдаг боловч энэхүү хэргийн хувьд Э.Э.Өын мэдүүлгийг бусад байдлаар шалган тогтоох боломжтой. Үүний тулд гэрчээр Өсөхбаатар, Анхбаяр, Эрдэнэбат нарыг асуух ажиллагааг хийснээр энэ нь хэрэгжих бүрэн боломжтой юм.
Шүүх хуралдаанд оролцсон гэрч Э.Шинэбаяр нь гэмт хэргийг шууд гэрчлэх хүн биш боловч дамжмал байдлаар хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдүүлсээр байтал анхан шатны шүүхээс түүний мэдүүлгийг үнэлэх боломжгүй гэсэн талаараа хууль зүйн дүгнэлт огт хийгээгүй байна. Гэрч Э.Шт хууль сануулан, үнэн зөв мэдүүлэг өгөх талаар нь баталгаа гаргуулан мэдүүлэг авахад тэрээр Шаабига хочтой Ө гэдэг хүүхэд хэлэхдээ: Т.М нь машинд орж ирээд "Ө чи намайг харсан уу. Би тэр хүнийг гоё цохиж унагаасан. Тэр залуу үхчих шиг болсон, очиж үзэх үү" гэх мэтчилэн ярьж байсан, мөн Э.Өын гар нь хавдсан байсан учир пиво барьж чадахгүй байсан гэдгийг Шаабига өөрөө надад хэлсэн юм хэмээн шүүх хуралдаанд мэдүүлсэн. Хэрэгт чухал ач холбогдолтой энэхүү мэдүүлгийг анхаарч үзэлгүй, дүгнэлт хийлгүй орхигдуулсан нь харамсалтай байна. Бүх насаар хорьж болох хүнд гэмт хэргийг шүүн хэлэлцэж буй шүүх нь зүй ёсоор бол хэргийн бодит байдлыг хангалттай нотолж тогтоосон, хэрэгт ач холбогдол бүхий хянан шийдвэрлэх ажиллагаа бүрэн хийгдсэн эсэхийг эргэлзээгүйгээр тогтоосны дараа шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох учиртай.
Дээрх нөхцөл байдлуудыг дүгнэвэл, анхан шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, мөн талийгаачийн үхлийн шалтгаан нь шүүгдэгч Э.Э.Өтай шалтгаант холбоотой эсэх, шинжээч болон гэрчийн мэдүүлэг зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлуудыг эргэлзээгүйгээр нотолж, тогтоохгүйгээр хүнийг алах гэмт хэрэгт Э.Э.Өыг гэм буруутайд тооцож, ял оногдуулсан гэж үзэхээр байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилт нь "гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, ..." бөгөөд мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна" хэмээн хуульчилжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг тогтоогоогүй бөгөөд хэрэгт чухал ач холбогдол бүхий нөхцөл байдлуудыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул Э.Э.Ө, Т.М нарт холбогдох хэргийг прокурорт буцааж, Шаабига хочтой Ө болон бусад хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авах, мэдүүлгийн зөрүүтэй байдлуудыг нүүрэлдүүлэн мэдүүлэг авах замаар арилгах зэрэг арга хэмжээ авсны дараагаар Э.Э.Ө, Т.М нарт холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэвэл хэн алиных нь эргэлзээ, хэргийн бодит байдал эргэлзээгүйгээр тайлагдана гэж үзэж байна.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн тухайд:
Анхан шатны шүүх нь шийтгэх тогтоолынхоо тодорхойлох хэсэгт: "... шүүгдэгч Э.Өнь гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзсэн..." хэмээгээд түүнд 16 жил, Т.Мд 15 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан. Энэ нь ял шийтгэлийг ялгамжтай оногдуулах зарчмаар бол харин ч эсрэгээрээ байх байсан гэж үзэж байна. Түүнээс гадна "гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа байдлыг эрүүгийн хариуцлага оногдуулахдаа харгалзан үзэж, ял шийтгэлийг хүндрүүлдэг" гэх зүйлийг аль ч хуулиас олж харахгүй.
Мөн анхан шатны шүүх нь Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд тус тус заасан Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг огт дүгнэлгүйгээр шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Шүүхээс Э.Э.Өыг гэм буруутайд тооцож ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтуудад заасан нөхцөл байдлуудыг харгалзан үзээгүй. Харин Э.Э.Өын хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд огт байхгүй.
Мөн маш ноцтой гэж хэлж болох зөрчил бол шүүгдэгч нараас эцсийн үг сонсолгүйгээр шүүх хуралдааныг завсарлуулж, шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөх тасалгаанд орж, тэднийг гэм буруутайд тооцсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.25 дугаар зүйлийг зөрчсөн ноцтой зөрчил юм. Энэ нь шүүх хуралдааны тэмдэглэл болон дуу-дүрсний бичлэгээс тодорхой харагдана. Шүүх засаглал бүхий ямар ч оронд өөрсдийгөө өмгөөлж, өөрийн гэм буруугаа шүүлгэж буй этгээдийн шүүхэд хандаж хэлэх үгийг нь цагаар хязгаарлалгүйгээр шүүгдэгч нараас сонсдог байтал сонсолгүй, зөрчил гаргажээ.
Өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцахад Т.М, Э.Өнарын шүүхэд хандаж хэлэх үгийг сонсоогүй атлаа шүүх хуралдааны тэмдэглэлд сонссон мэтээр "хэлэх зүйлгүй" хэмээн бичсэн байна. Тухайн зөрчил нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9-д заасан "анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл, дуу-дүрсний бичлэг зөрүүтэй бол" гэх ноцтой зөрчил билээ.
Энэ мэт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж гаргасан шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтуудад заасан "шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн" гэх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, тухайн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Т.Мгийн өмгөөлөгч Б.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Учир нь дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг анхан шатны шүүх заагаагүй байна. Тухайлбал, хэргийн нөхцөл байдлын талаар шүүгдэгч нар бие биенээ гэрчилдэг боловч Э.Өын мэдүүлгүүд нь асар их зөрүүтэй тул Т.Мгийн мэдүүлгийг зөвд үзэж зүйлчлэлийг өөрчлөх боломжтой байсан.
Анхан шатны шүүхээс гэм буруугийн талаар хийсэн дүгнэлтдээ үндэслэсэн гэрч, шинжээч нарын мэдүүлэг нь Т.Мг хүний амь хохироосныг шууд нотолдоггүй бөгөөд зөвхөн Э.Э.Өын мэдүүлэг л түүний оролцоог шууд гэрчилдэг. Гэтэл Э.Өнь энэ талаараа удаа дараа харилцан зөрүүтэй мэдүүлсээр байхад буюу хэргийн талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал бүрэн хангалттай тогтоогдоогүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй боллоо гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна.
Түүнчлэн 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд "2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцохгүй болсон үйлдэл, эс үйлдэхүйд 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө үйлчилж байсан Эрүүгийн хуулиар ял шийтгүүлсэн этгээдийг эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ял, эрүүгийн хариуцлагын бусад арга хэмжээнээс чөлөөлнө" гэж заасан байхад Т.Мгийн өмнө үйлдсэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2-д заасан гэмт хэргийн шинжтэй "давтан үйлдлээр, урьдчилан тохиролцож, бүлэглэж" байх ба 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээрх шинж нь хасагдсан, хорих ялын доод хэмжээ багассан байх тул 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн тухайн хуулийг буцаан хэрэглэж хорих ялыг дүйцүүлэн хасах үндэслэлтэй байна. Иймд Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэхэд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 4 сар хорих ялыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчлэн хорих ялыг математик статистикийн аргачлалаар дүйцүүлэн тооцоход 1 жил 3 сар хорих ял болж байх ба энэ тогтоолоор оногдуулсан хорих ял дээр нэмж нэгтгэн Т.Мгийн эдлэх ялын хугацааг тогтоох нь зүйтэй байна." гэж дүгнээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.5, 2.11-д заасаар Т.Мг 15 жил хорих ялаар шийтгэж, уг ял дээр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 1114 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 3 сар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 16 жил 3 сар хорих ялаар тогтоон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу Т.Мд холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн холбогдох хэсэг болгон өөрчлөн, ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.
Прокурор Р.Очирсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Э.Э.Ө, Т.М нар мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр болон яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө тухайн хэрэг гарах үед Т.М, Э.Ө хоёр хоёулаа явсан гэдгийг мөрдөн байцаалтын шатанд тодорхой мэдүүлдэг. Шаабига гэдэг хүнийг анхан шатны шүүх хуралдаан дээр шүүгдэгч Э.Ө анх ярьсан. Энэ талаар шүүх хуралдаан дээр Шаабига гэж ямар хүн байдаг вэ, жинхэнэ нэр нь хэн гэдэг, гэр нь хаана байдаг вэ, яаж найз нөхөд болсон бэ гэх зэргээр тодруулж асуухад Э.Өэнэ талаар хариулт хэлж чадаагүй. Мөн Э.Ө мөрдөн байцаалтын шатанд тогтвортой мэдүүлэг өгч байгаад анхан шатны шүүх хуралдаанд мэдүүлгээсээ буцсан. Энэ нь Э.Э.Өын хувьд хэргийн талаар заавал үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэг байхгүй гэх өөрийнхөө эрхийг эдэлж байна гэж прокурорын зүгээс үзэж байгаа. Т.М бол мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд хэрэг гарах үед Э.Өбид хоёр хоёулаа цуг явсан. Энэ хэрэгт Шаабига болон Будсүрэн нар оролцоогүй гэж тогтвортой мэдүүлдэг. Б-г гэрчээр асуухад хэрэг болох үед Т.М, Э.Ө нартай цуг яваагүй. Харин орой гэрт нь хүргэж өгсөн бөгөөд тухайн шөнийн 24 цагийн үед гэрийнх нь тэр хавиас очиж авсан гэдэг мэдүүлгийг удаа дараа өгсөн. Тэгэхээр Э.Э.Өын ярьж байгаа, хэрэг гарах үед Шаабига гэх хүн байсан гэдэг талаар өөрийнх нь мэдүүлгээс өөр бусад байдлаар тогтоогдоогүй. Мөн шүүгдэгч Э.Э.Өын өмгөөлөгч Чинзориг гомдолдоо “прокурорын яллах дүгнэлтээр талийгаачийн цээжин тус газар цохисон гэж яллах дүгнэлтэд бичсэн байсан” гэж дурдаж байна. Тухайн яллах дүгнэлт болон шүүхийн гаргасан нотлох баримтуудаар талийгаачийг Э.Э.Ө, Т.М нар бүлэглэж, зодож цохин тархи толгойд нь битүү гэмтэл учруулан амь насыг нь бүлэглэн хохироож, талийгаачийн биед байсан гар утас болон куртикийг нь авсан болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдсон. Т.М талийгаачийн куртикийг сургуулийнхаа танил дүүд өгсөн байсан нь эд мөрийн баримтаар авагдсан. Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар Э.Э.Ө, Т.М нарын гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдсон учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна. Т.М гэмт хэрэг үйлдэх үед өмнөх 2 жилийн хугацааны тэнссэн хугацаа нь дуусаагүй байсан. Үүнийг анхан шатны шүүх дүгнэхдээ Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтыг тус тус баримтлан Т.Мд оногдуулсан өмнөх шийтгэх тогтоолоос үлдсэн 1 жил 3 сарын ялыг сүүлд оногдуулсан 15 жилийн хорих ялд нэмж нэгтгэсэн. Тэгэхээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн хугацаанаас үлдсэн ялыг нэмж, нэгтгэх” хууль зүйн үндэслэлийг заасан байгаа учир анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж байна, хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр шүүгдэгч Т.М, Э.Ө нарт холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд гомдолд дурьдсан зарим нөхцөл байдлуудын хүрээнд анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх хуралдааны тэмдэглэл нь хуралдааны үйл явцыг бэхжүүлсэн дүрс бичлэгтэй зөрүүтэй байна. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч нараар эцсийн үг хэлүүлэлгүйгээр шүүх хуралдааныг завсарлаж, тэдний хуулиар олгогдсон эрхийг эдлүүлээгүй атлаа шүүх хуралдааны тэмдэглэлд сонссон мэтээр бичсэн зөрчил гаргажээ.
Энэ зөрчил нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх зааснаар “анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл, дуу-дүрсний бичлэг зөрүүтэй” бол.. гэж зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчилд тооцогдоно.
Шүүгдэгч эцсийн үг хэлэхийн ач холбогдол нь тухайн хуралдаан дээр уг асуудлыг дахин шинээр авч хэлэлцэх нөхцөл байдал үүсгэх ач холбогдолтой.
Түүнчлэн, Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн” байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Шүүхээс хууль буцаан хэрэглэх, ял дүйцүүлэх талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ ойлгомжгүй, тодорхой бус дүгнэлт хийсэн, шийтгэх тогтоолынхоо тогтоох хэсэгт ял дүйцүүлэх асуудлыг хуулийн дагуу шийдвэрлээгүй, аль зүйл, хэсгээр оногдуулсан ялыг нэмж нэгтгэсэн нь ойлгомжгүй болжээ.
Өөрөөр хэлбэл, Т.Мд энэ тогтоолоор оногдуулсан хорих ял дээр, 1 жил 3 сарын хорих ялыг нэмж нэгтгэхдээ Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 1114 дугаартай шийтгэх тогтоолоор гэж бичсэнийг 2002 оны Эрүүгийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулсан мэт харагдаж байх бөгөөд зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, хууль буцаан хэрэглэсэн гэж үзэх боломжгүй байна.
Түүнчлэн, яллах дүгнэлтэд Э.Э.Ө, Т.М нарын тухайн гэмт хэрэгт бүлэглэн оролцсон байдлыг тодорхой тусгаагүй, үйл баримтыг тогтоохдоо үйлдэл оролцоог нь нарийвчлан дүгнээгүй байна. Хэдийгээр ийм нөхцөл байдал тогтоогдож байгаа боловч шүүх хуралдааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан асуудлуудыг тодруулах замаар хэргийг шийдвэрлэх боломжтой.
Хэрэв дээрх журмаар хэргийг шийдвэрлэх явцад шүүгдэгч нарын оролцооны талаар анхан шатны шүүхээс хийж байгаа дүгнэлт нь яллах дүгнэлтийн хүрээ хязгаараас давсан нөхцөл байдал үүсвэл хуульд заасан асуудлын хүрээнд анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх эсэхийг өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 780 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Т.М, Э.Ө нарт холбогдох хэргийг дээрх үндэслэлийн хүрээнд дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 780 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Т.М, Э.Өнарт холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл Т.М, Э.Өнарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧИД С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Д.ОЮУНЧУЛУУН