Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхтуяагийн Халиунбаяр |
Хэргийн индекс | 221/2015/0000/З |
Дугаар | 221/МА2015/0124 |
Огноо | 2015-03-12 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2015 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 221/МА2015/0124
Н.С-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгч Н.С, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С, гуравдагч этгээд Б.Э, гуравдагч этгээд Ч.Г гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ч.С нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 7 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 02 дугаар шийдвэрт нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу Н.С-ийн нэхэмжлэлтэй, Говьсүмбэр аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр баг, 7 дугаар байрны 66 тоотын 3 өрөө орон сууцыг Ч.Г Б.Э, Г.Б нарт өмчлүүлж, эрхийн улсын бүртгэлийн Ү-1903000078 дугаарт бүртгэсэн бүртгэл болон тэдний нэр дээр олгосон эд хөрөнгө өмчлөх эрхийн 000219045 дугаар улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгож, Д.Чу, Н.С болон миний 5 хүүхдийн нэр дээр Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр баг, 7 дугаар байрны 66 тоот орон сууцыг өмчлөх эрхийг сэргээж өгнө үү” гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Шивээговь сумын 1-р баг 7-р байрны 66 тоот орон сууцыг анх Д.Чулуунбатын хүсэлт, аймгийн орон сууц хувьчлах товчооны тогтоолоор олгогдсон гэрчилгээ, бусад материалыг үндэслэн түүний гэр бүлийн гишүүдийн хамт 7 хүний өмчлөлд 1996 онд бүртгэсэн байна. 2002 онд М.Өын гаргасан мэдүүлэг, орон сууц худалдах худалдан авах гэрээ зэргийг үндэслэн М.Өт өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгэж, гэрчилгээ олгосон. Уг бүртгэлийг бүртгэхдээ бүртгэгч алдаа гарган огноог нь буруу бичсэн. Гэвч энэ нь бүртгэлийг хүчингүй болгох алдаа биш. Тиймээс бүртгэлийг хүчингүй болгох үндэслэлгүй.” гэжээ.
Гуравдагч этгээд М.Ө шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Уг байрыг миний аав С.М Ч-аас аваад Н.Г-т зарсан. Н.Г нь Ч.Г-д зарсан гэсэн. Бид тухайн байрыг худалдаж авах болон худалдах үедээ бүх авсан байсан холбогдох бүх материалаа Н.Ганхөлөгт өгсөн. Үл хөдлөхийн баримтууд гэрээ нь манайхаас Ч.Г-д шилжсэн мэт харагддаг. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Гуравдагч этгээд Ч.Г Б.Э, Г.Б нар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Баримтуудаас үзэхэд М.Ө-аас авсан гэж харагдаж байна. Маргаан бүхий байрыг Н.Г-өөс 2005 онд том таван ханатай хэрэглэж байсан гэрээрээ сольж авсан. 2012 онд байрандаа орсон. Улсын бүртгэлийн гэрчилгээ авахад ямар нэгэн асуудал гарч байгаагүй. Мөн Иргэний хуулиар хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.” гэжээ.
Захиргааны хэргийн анхан шатны 7 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 02 дугаар шийдвэрээр: Эд хөрөнгө, өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 оны/ 17 дугаар зүйлийн 17.1, 18 дугаар зүйлийн 18,1, Иргэний хуулийн /1994 оны/ 222 дугаар зүйлүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Н.С-ийн "Ч.Г Б.Э, Г.Б нарт олгосон Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 000219045 дугаартай гэрчилгээ болон Ү-1903000078 дугаарт бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй болгож, Д.Ч, Н.С болон миний 5 хүүхдийн нэр дээр Шивээговь сумын 1-р багийн 7-р байрны 66 тоот орон сууцыг өмчлөх эрхийг сэргээх" тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: “Нэхэмжлэгч Н.С миний бие ... урд нь энэ асуудлаар Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахад манай нэхэмжлэлийн шаардлагыг хангасан шийдвэр гарсан боловч хариуцагч тал 3 дахь этгээдийн эрх хөндөгдөж байна гэж давж заалдснаар давж заалдах шатны шүүх хэргийг Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны 7-р шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж уг хэрэг хэлэлцэгдсэн боловч хэргийг Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 17-р зүйлийн 17.1, 18-р зүйлийн 18.1, Иргэний хуулийн /1997 оны/ 222-р зүйлүүдэд заасныг баримтлан үндэслэлгүй шийдвэр гаргасан байна. Гэтэл уг асуудал хэнд ч ойлгомжтой байгаа. Учир нь:
Манайх тэр үед орон сууц эзэмшиж байсан иргэдийн нэгэн адилаар сууж
байсан Шивээговь сумын 1-р багийн 7-р байрны 66 тоот орон сууцыг өмчилж
авахаар 1999.02.28-нд орон сууц хувьчлах товчоонд өргөдөл болон холбогдох
материалаа өгөөд байтал Үл хөдлөх хөрөнгийн хэлтсийн бүртгэгч Ц.С
нь байраа өмч хувьчилж авахад манайд мэдүүлэг бөглөж баталгаажуулалт
хийдэг юм гэж хэлсний дагуу манайх мэдүүлэг бөглөж өгөөд тун удалгүй
аймгийн төвд шилжиж ирээд Цагдаагийн газарт жолоочоор ажиллаж байгаад
2002 онд Улсын бүртгэгч Ц.С-с "манай хувьчилж авах байр яаж
шийдэгдсэн талаар асуухад танай байрыг хувьчлахгүй болсон" гэж хэлсний
дагуу тэр байрны асуудлыг орхисон. Гэтэл 2013 онд талийгаачийн өөрийн нь
ажиллаж байсан Мэргэжлийн хяналтын газраас өндөр настандаа эзэмшиж
байсан байрыг хувьчлах шийдвэр гарч түүнийг аймгийн иргэдийн Хурал
татгалзсан асуудлыг шийдвэрлүүлэхээр Захиргааны хэргийн шүүх дээр маргаан
хэлэлцэгдэж байхад манайд Шивээговь сумын 1-р багийн 7-р байрны 66 тоот
орон сууцыг хувьчилсан баримт гарч ирснээр бид анх мэдэж Цагдаа болон
шүүхэд хандах болсон юм.
Гэтэл энэхүү байрыг Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн бүртгэгч Ц.Сөмч хувьчлалын товчооноос манай нэр дээр хувьчлал явагдсан байрны цэнхэр дэвтрийг яаж аваад биднээр 1999.06.25 өдөр мэдүүлэг бөглүүлж дараа нь уг байрыг Чулуунбатаас Манжирын Өлзийбаатарт, М.Өаас Ч.Гомбо нарын нэр дээр бүртгэл хийж гэрчилгээг хуурамчаар олгосон байдаг. Энэ бүгдийг хууль бус хуурамч баримт үйлдэн хийж бидний эрх ашгийг хохироож байгааг сэргээж өгөөч гэж аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийг хариуцагчаар татуулах нэхэмжлэл гаргасан. Энэ бүгд хавтаст хэрэгт тодорхой байгаа. Тухайлбал.Улсын бүртгэгч Ц.Снь:
1. Уг байрыг 2002.08.03-ны өдөр М.Ө, Д.Ч нар худалдах худалдан авах гэрээ хийсэн гэсэн атлаа Өлзийбаатарын нэр Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ 2002.07.29 өдөр бүртгэж бичилт хийгдсэн. Шинжээчийн дүгнэлтээр энэ 2 хүний гарын үсэг хоёулаа биш гэсэн дүгнэлт гарсан.
2. М.Өаас Ч.Г Б.Эын нэр дээр 2005.11.04-нд
"Бэлэглэлийн гэрээ"-гээр шилжилт хийж гэрчилгээ олгосон байдаг. Мөн
Өлзийбаатарын гарын үсэг нь хуурамч нь тогтоогдсон.
Гэтэл Өлзийбаатар нь Ганхөлөг гэдэг хүнд зарсан Ганхөлөг нь Гомбо гэдэг хүнд зарсан байдаг боловч энэ хөдөлгөөн Үл хөдлөх хөрөнгийн газарт бүртгэлгүй бөгөөд Харин 2013.09.10-нд уг гэрчилгээнд өөрийн хүү Бямбадоржийг хамтран өмчлөгчөөр нэмж оруулж 000219045 дугаартай гэрчилгээ олгосон байдаг.
Ингэж өөрчлөлт хийгдэхэд бүртгэлийн болоод гэрчилгээний дугаар өөрчлөгдөөгүй. Ийм тодорхой байхад шүүх өөрийн шийдвэрийн үндэслэх нь хэсэгтээ "дээр тогтоогдон буй үндэслэлүүдээс дүгнэн үзэхэд Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1-р багийн 7-р байрны 66 тоот орон сууцны үл хөдлөх өд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийг хариуцагч Улсын бүртгэлийн байгууллага нь Д.Чулуунбатаас М.Өт, М.Өаас Ч.Г Б.Э нарын өмчлөх эрхэд шилжүүлэн бүртгэх явцаа бүртгэлийн үйл ажиллагаандаа мөрддөг холбогдох хууль болон журмыг зөрчиж байсан нь тогтоогдож байгаа хэдий ч тухайн үйл ажиллагааны улмаас буюу нэхэмжлэгчийн өөрчлөн гаргасан нэхэмжлэлийн шаардлага дахь улсын бүртгэлийн улмаас нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байдал тогтоогдохгүй байна" гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ гэдэг нь юу гэсэн үг вэ. Шүүх өөрөө гэм буруутайг нь тогтоосон мөртлөө манай нэр дээр өмч хувьчлах
шийдвэр гарсан байрыг улсын бүртгэлийн бүртгэгч Ц.Сарантуяагийн хахууль авч
хууль зөрчин хуурамч баримт бичиг үйлдсэн буруутай үйлдлээс болж одоо
хүртэл хохироод дахих байр хувьчлан авах эрхээ алдаад орох оронгүй явж байхад нэхэмжлэгчийн сонирхол зөрчигдсөн байдал тогтоогдохгүй байна гэсэн.
Үүнд гомдолтой байна. Холбогдох хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн гомдолдоо дурьдсан үндэслэлээс гадна Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3 дахь хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзэхэд хуульд заасан журмыг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны болж чадаагүй байна.
Иргэн Н.С нь Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр баг, 7 дугаар байрны 66 тоот 3 өрөө орон сууцыг Говьсүмбэр аймгийн Орон сууц хувьчлах товчооноос 1999 онд миний нөхөр болох Д.Чулуунбаатарын нэр дээр хувьчлан, уг байрыг манай нөхөр болох Д.Чулуунбаатар, Н.С, бидний хүүхдүүд болох Ч.Ураннаст, Ч.Уранзаяа, Ч.Уранбилэг, Ч.Уранбаатар, Ч.Урангоо нарын нэр дээр эд хөрөнгө өмчлөх эрхийн 0068050 дугаар улсын бүртгэлийн гэрчилгээ олгосныг мэдээгүй, маргаж буй орон сууцыг манай нөхөр Д.Чулуунбаатар нь Манжирын Өлзийбаатарт худалдаагүй гэж маргаж, анх шатны шүүхэд “Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн 0006741 дүгээр гэрчилгээг олгосон бүртгэлийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн “Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр баг, 7 дугаар байрны 66 тоотын 3 өрөө орон сууцыг Ч.Г Б.Э, Г.Б нарт өмчлүүлж, эрхийн улсын бүртгэлийн Ү-1903000078дугаарт бүртгэсэн бүртгэл болон тэдний нэр дээр олгосон эд хөрөнгө өмчлөх эрхийн000219045 дугаар улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгож, Д.Чулуунбат, Н.С болон миний 5 хүүхдийн нэр дээр Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр баг, 7 дугаар байрны 66 тоот орон сууцыг өмчлөх эрхийг сэргээж өгнө үү” гэж өөрчилсөн шаардлагатай хэргийг анхан шүүх хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэгч хуульд заасан хугацааг хэтрүүлж нэхэмжлэл гаргах эрхээ алдсан эсэхэд дүгнэлт өгөөгүй нь буруу байна.
2000 оноос Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр баг, 7 дугаар байрны 66 тоот 3 өрөө орон сууц нь бусдын эзэмшил, өмчлөлд шилжсэн болохыг нэхэмжлэгч Н.С мэдсэн болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан, түүний “2001 онд Говьсүмбэр аймаг шилжихдээ төрсөн эгч Н.Сугарсүрэндээ уг орон сууцыг өгч, оронд нь “Бирюса” маркын хөргөгчийг 80000 төгрөгөөр тооцон авч, тухайн үед сольсон” гэсэн тайлбар, гэрч Н.Сугарсүрэнгийн “2001 онд тус байранд манай дүү Н.С-ийнх амьдарч байгаад Говьсүмбэр аймаг шилжих үед “Бирюса” маркын хөргөгчөө өгөөд тэр байрыг нь авсан” гэсэн мэдүүлэг, мөн нэхэмжлэгч Н.С-ийн төрсөн эгч Н.Сугарсүрэн нь 2003 онд Говьсүмбэр аймаг шилжих үедээ маргаан бүхий байрыг М.Өын аав С.Мт 200000 төгрөг, нэг төлгөн хониор худалдсан болохыг тухайн үед нэхэмжлэгч Н.Сд мэдэгдсэн зэрэг байдлууд нь гэрч Н.Сугарсүрэнгийн мэдүүлэг, нэхэмжлэгч Н.С-ийн тайлбараар нотлогдож байна.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Иргэн хуулийн этгээд дараах тохиолдолд энэ хуулийн 6.1-д заасан хугацаанд захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй”, 6 дугаар зүйлийн 6.1-д “хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээд захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль бус акт нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор… гомдлоо гаргана” гэж заажээ.
Гэтэл Н.С хуульд заасан дээрх хугацааг хэтрүүлж улсын бүртгэлийн байгууллагын 2002 оноос үүссэн бусдын өмчлөлд шилжүүлэн бүртгэсэн орон сууцныбүртгэл болон гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр гаргажээ.
Үүнээс үзэхэд шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-д заасны дагуу нэхэмжлэл гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаасхэтрүүлсэн, эсвэл Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр баг, 7 дугаар байрны 66 тоотын 3 өрөө орон сууцыг нэхэмжлэгчийн гэр бүлд хувьчилсан эсэхийг мэдээгүй гэсэн үндэслэл тогтоогдохгүй, түүнчлэн нэхэмжлэгчийн төрсөн эгч Н.Сугарсүрэн нь 2003 онд маргаан бүхий байрыг М.Өын аав Манжирт шилжүүлснийг нэхэмжлэгч мэдсэн атлаа түүнээс хойш маргаан бүхий орон сууцыг эзэмших, өмчлөх талаар гомдол гаргаагүй тул хүндэтгэн үзэх шалтгаанаа нотолж, уг хугацааг сэргээлгэх тухай хүсэлтийг гарган шийдвэрлүүлээгүй тохиолдолд Н.С-ийн нэхэмжлэлийг мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.8-д зааснаар хүлээн авахаас татгалзах байжээ.
Иймд давж заалдах шатны шүүх тухайн алдааг залруулан хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн эсэхэд дүгнэлт өгөх бололцоогүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзажшийдвэрлэв.
Хэрэв хүндэтгэн үзэх шалтгаанаар нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэж байгаа бол Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт зааснаар хугацаа сэргээлгэх тухай хүсэлтээ тухайн шүүхэд гарган шийдвэрлүүлэх эрхН.Сд нээлттэйг дурьдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн анхан шатны 7 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 02 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Н.С-ийн нэхэмжлэлтэй, Говьсүмбэр аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.8-д зааснаарН.С-ийн “Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр баг, 7 дугаар байрны 66 тоотын 3 өрөө орон сууцыг Ч.Г Б.Э, Г.Б нарт өмчлүүлж, эрхийн улсын бүртгэлийн Ү-1903000078 дугаарт бүртгэсэн бүртгэл болон тэдний нэр дээр олгосон эд хөрөнгө өмчлөх эрхийн 000219045 дугаар улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгож,Д.Чулуунбат, Н.С болон миний 5 хүүхдийн нэр дээр Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр баг, 7 дугаар байрны 66 тоот орон сууцыг өмчлөх эрхийг сэргээж өгнө үү” гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР