Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 1464

 

Ц.Энхтуяагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч М.Наранцэцэг, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 183/ШШ2017/00911 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ц.Энхтуяагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д.Саранцэцэгт холбогдох

 

Гэм хорын хохиролд 609 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Энхтуяа,

Хариуцагч Д.Саранцэцэг,

Хариуцагчийн өмгөөлөгч М.Пүрэвлхам,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Онон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай дээд давхарт амьдардаг Д.Саранцэцэгт ус алдахаа зогсоохыг өөрийн биеэр болон СӨХ-оор дамжуулан шаарддаг боловч тэдний ус хэрэглэх бүрт манайх руу ус алдсаар 3 жил болж байна. Сүүлд 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 23-ны өдрийг хүртэл 7 хоногийн турш тэд 00 өрөөний бочкины усыг нээлттэй орхисноос манай руу өдөр шөнөгүй ус алдаж зарим өрөөний шохой цемент урсан чийгийн хэмжээ хэтэрч обой будаг ховхорсон. Хохирлоо “Лэндс” ХХК-иар үнэлүүлэхэд 529 000 төгрөг болсон, үнэлгээ хийлгэхэд 80 000 төгрөгийн хөлс төлсөн тул Д.Саранцэцэгээс 609 000 төгрөгийг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүрэг, 12 дугаар хороо, 52 дугаар байр, 25 тоот орон сууцыг миний бие эзэмшдэггүй, амьдардаггүй, Г.Сайнжаргал нь эзэмшиж амьдардаг. Иймд намайг хариуцагчаар оролцуулахгүй шийдвэрлэж өгнө үү. Миний бие 2011 онд Г.Сайнжаргалтай гэрлэлтээ цуцлуулсан. Г.Сайнжаргал нь хорт хавдар гэсэн оноштой эмчилгээ хийлгэхээр Солонгос улс руу явсан. Ц.Энхтуяад өвчтэй зовлонтой байна, энэ байр маш олон жил болсон, хуучирч муудсан сантехникээс болсон байх, 25 тоотоос ус алдаагүй гэж ойлгуулж ярьж тайлбарласан болно гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч /РД:КА67041506/ Олхонууд овогтой Доржшониугийн Саранцэцэгээс ус алдсаны улмаас учирсан гэм хорын хохиролд 609 000 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Буриад овогтой Цэрэндашийн Энхтуяад /РД:ЧМ72101604/ олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18 920 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 18 920 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. Анхан шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчиж хэргийн талаар бодит дүгнэлтийг өгөөгүй байна. Хэзээ, ямар байдлаар ус алдаж байсан нь тодорхойгүй, үндэслэлгүй худал мэдүүлж байгаа гэж үзэхээр байна. 7 хоног ус алдсан талаар шүүхэд ямар ч баримт ирээгүй байх бөгөөд хөрөнгө үнэлгээ, төслийн “Лэндс” ХХК-ийн хохирол үнэлсэн тайлангаар ус чийгийн хэмжээ хэтэрсэнийг тогтоох үндэслэлгүй юм. Ус алдсан талаарх эрх бүхий байгууллагын буюу ОСНААУГ “Хэрэглэгчдэд үйлчлэх төв”-ийн инженерийн орон сууцанд гарсан эвдрэл гэмтлийн шалтгааныг тодорхойлох акт хэрэгт огт авагдаагүй байгаа нь тухайн байранд тухайн цаг хугацаанд ус алдсан эсэхийг нотлоогүй гэж үзэхээр байна.

Надад шүүх хуралдааны товыг мэдэгдэх үед миний биеийн байдал маш муу хэвтэрт байсан бөгөөд шийдвэрт бичсэн шиг шүүх хуралдаанаас 3 хоногийн өмнө биш, яг тухайн шүүх хуралдаан болох өдрөө хэлсэн тул очих боломжгүй талаараа мэдэгдсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэр шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Ц.Энхтуяа нь хариуцагч Д.Саранцэцэгт холбогдуулан ус алдсаны улмаас учирсан гэм хорын хохиролд 609 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, орон сууцыг эзэмшдэггүй, амьдардаггүй, байр олон жил болж хуучирч муудсан сантехникээс болсон, 25 тоотоос ус алдаагүй гэж маргажээ.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн хууль бус санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр нэхэмжлэгчид гэм хор учирсан эсэх үйл баримт тодорхой бус байхад шүүх хариуцагчийг гэм буруугүй болохоо нотлоогүй гэж дүгнэж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ. Өөрөөр хэлбэл, хэзээ хаанаас буюу ямар шалтгааны улмаас нэхэмжлэгчийн орон сууцны хана таазнаас ус гоожиж гэм хор учирсан нь бүрэн тогтоогдоогүй тохиолдолд түүнд хэн буруутай эсэхэд дүгнэлт өгөх боломжгүй юм.

 

“Лэндс” ХХК-ийн үнэлгээний тайлан, “Био” Сууц өмчлөгчдийн холбооны албан бичгүүд нь нэхэмжлэгчийн эд хөрөнгөд учирсан гэм хорыг арилгах, хохирлын хэмжээ, Хан-Уул дүүрэг, 12 дугаар хороо, 52 дугаар байр, 25 тоот орон сууцны сантехникийн шугам сүлжээ далд байгаагаас засвар хийх боломжгүйг тодорхойлсон агуулгатай байгаа болохоос ус хэзээ хаанаас алдсан шалтгааныг нотлох баримт болохгүй юм.

 

Нөгөө талаар хариуцагч Д.Саранцэцэг нь Хан-Уул дүүрэг, 12 дугаар хороо, 52 дугаар байр, 25 тоот орон сууцанд өрхийн бүртгэлтэй байх боловч тус хаягт амьдардаггүй гэх тус хорооны Засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 985 тоот албан бичиг хэрэгт авагдсан байхад шүүх түүнийг уг орон сууцны өмчлөх, эзэмших эрх бүхий этгээд эсэхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэх үндсэн дээр тодруулаагүй нь мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон эсэхэд давж заалдах шатны шүүхээс залруулж дүгнэлт хийх боломжгүй байх тул хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг баримтлан ТОГТООХ НЬ

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 183/ШШ2017/00911 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.Саранцэцэгээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18 920 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Н.БАТЗОРИГ

 

            ШҮҮГЧИД                               М.НАРАНЦЭЦЭГ     

 

                                                                                    С.ЭНХТӨР