Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/487

 

 

 

 

 

 

 

 

 

 

 2022        04          01                                     2022/ШЦТ/487

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.А даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мг,

улсын яллагч Э.А,

шүүгдэгч П.Т, түүний өмгөөлөгч М.М /ҮД:/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Егөсөг овогт П.Т-д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 210 602 762 2186  дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, Дархан-Уул аймагт 1996 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, программ хангамжийн инженер мэргэжилтэй, хэрэг үйлдэх үедээ “.................” банк бус санхүүгийн байгууллагад системийн мэргэжилтэн ажилтай байсан, ам бүл ганцаараа ............. тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн Егөсөг овогт П.Т /РД: ................./,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

П.Т нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 88/б/ байрны 111 тоотод 2021 оны 08 дугаар сарын 08-наас 08 дугаар сарын 09-нд шилжих шөнийн 03 цаг 30 минутын орчимд хохирогч Э.Б-тэй “гар утасны бичлэг устгах” шалтгаанаар харилцан ноцолдох, газарт унагаах, дээрээс нь дарж унах, өшиглөх зэргээр биед нь халдаж, зодсоны улмаас эрүүл мэндэд нь зүүн 5 дугаар хавирганы хугарал, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, буйл, цээжинд цус хуралт, хүзүүнд зулгаралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч П.Т мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажилагаанд   өгсөн мэдүүлэг үнэн тул нэмж ярих зүйлгүй гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Хэргийн үйл баримтын талаар:

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 3 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Бийн өгсөн: ...2021 оны 08 дугаар сарын 09-ний шөнийн 01 цаг 50 минутын үед Баянзүрх дүүрэг 14 дүгээр хороо Цагаан хуаран хотхоны 88 дугаар байрны 111 тоот гэртээ яваад ороод манай эхнэр Б.Тэмүүлэн нь зүс үл таних эрэгтэй хүнтэй хамт унтаж байсан. Тэгэхээр нь би өөрийнхөө гар утсыг гаргаж ирээд өө та нар чинь юу болж байгаа юм бэ гэж хэлээд бичлэг хийж эхлэхэд манай эхнэр жижиг өрөө рүү нөгөө залуу нь шууд гараад явсан. Би энэ талаар нь өөрийн ээж болон хадам ээж нар луу залгаж яриад байж байтал манай гэрийн гадаа баахан хүмүүс дугаралдаад байсан. Тэгэхээр нь би цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаар луу залгаж дуудлага өгсөн. Тэгэхэд манай эхнэр гэрийн хаалга нээж өгөхөд манай эхнэртэй хамт унтаж байсан залуу гурван найзын хамт орж ирээд шууд намайг зодож эхэлсэн. Тэр залуу наад пиздагийнхаа нүүр лүү битгий цохиороо дараа нь лай болно гэж хэлээд миний уушиг хэсэг рүү өшиглөөд байсан тэр хойгуур манай эхнэр Б.Тэмүүлэн миний LG-6 маркийн хар өнгийн гар утсыг аваад тэр хүмүүстэй хамт гараад явсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад өргөдлөөр хандаж байна...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9-10 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Баатарсүрэнгийн дахин өгсөн:...Би 2021 оны 08 дугаар сарын 09-ний шөнө цагийг нь санахгүй байна 01 цаг өнгөрсөн байсан. Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 88б байрны 111 тоот өөрийн гэртээ орж ирэхэд Төрмөнх, Тэмүүлэн хоёр том өрөөнд бэлгийн харьцаанд орж байсан.Тухайн үед Төрмөнх, Тэмүүлэн хоёр архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Тэгээд би өөрийн биеэр LG-6 маркийн гар утсан дээрээ 3-4 минутын бичлэг хийж баримтжуулж авсан. Төрмөнх зөрөөд гараад явсан. Багцаагаар 20-30 минутын дараа Төрмөнх өөрийн гурван найзын хамтаар манайд орж ирсэн. Би хэн нь цохисон гэдгийг мэдэхгүй байна. Дөрвүүлээ дайраад нүүр нүдгүй цохисон. Би нүүрээ дараад газар  унахад  дээрээс дэвсээд байсан. Яг доошоо харсан байсан учраас яг хэн нь хаашаа хэдэн удаа цохисон гэдгийг нь мэдэхгүй байна. Дөрвүүлээ миний гар хөлнөөс барьж байгаад халаасанд байсан гар утсыг булааж аваад гараад яваад өгсөн. Удалгүй манай ээж ирсэн бөгөөд цагдаад дуудлага өгсөн. Удалгүй цагдаа нар ирээд болсон зүйлийг аваад явцгаасан. Би тэр 3 залуугийн зүс царай, өмсөж явсан хувцсыг нь харж чадаагүй. Харин Төрмөнхийг бол таньж байгаа. Харин бусад залуучуудыг хараад бол танихгүй. Тэмүүлэн бид хоёрт гэр бүлийн баталгаа байхгүй. Тухайн үед баруун талын хавирга хавьцаа жаахан эвгүй болчихсон амьсгаа авахаар өвдөөд байсан. Маргааш нь шүүхийн шинжилгээний газар очиход 5 дугаар хавирга хугарсан байна гэсэн. Мөн миний дух хавдчихсан, хүзүү урд талын хэсгээрээ улайчихсан, уруул язарчихсан байсан. Төрмөнх миний нүүр лүү цохисон. Дараа нь миний хоолойг боож байгаад наад утсаа гаргаад ир утсыг чинь авъя гээд миний гарыг ар талд гаргаж байгаад найз нартайгаа нийлж миний халаасанд байсан утсыг авсан. Би Тэмүүлэнг хаана байсан гэдгийг санахгүй байна. Би шүдний аппарадтай байсан учраас нүүрээ хамгаалаад доошоо хараад хэвтчихсэн байсан. Тэд нарыг танихгүй учраас  хэн нь хаашаа хэдэн удаа цохисоныг мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 114-115 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Дөлгөөний өгсөн: ... Би 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдөр найз Т.б гэх хүнтэй муудалцсан асуудлаар дуудагдан ирсэн. Би 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдөр би Мөнхсүх Энх-Учрал нарын хамт найз Төрмөнхийн гэрт байж байхад шөнийн 02 цагийн орчим манай найз Төрмөнх Мөнхсүх рүү залгаад асуудал гараад байнаа та гурав  манай гэрийн хажуу талын байранд хүрээд ир гээд дуудсан. Бид гурав гэрээс нь гараад Төрмөнх дээр очиход Тэмүүлэнтэй хамт байж байсан чинь хуучин нөхөр нь орж ирээд бид хоёрын бичлэгийг хийчихлээ. Дөрвүүлээ ороод тэр бичлэгийг устгах хэрэгтэй байна гэсэн. Тэгээд бид дөрөв Тэмүүлэнгийн гэр лүү орох гээд хаалга дээр нь очиход хаалгаа тайлахгүй, Тэмүүлэн хуучин нөхөртэйгээ хэрэлдээд байсан. Нилээд удаан бид нар хаалгыг нь тогшсон. 10-15 минутын дараа Тэмүүлэн хаалгаа нээж өгсөн. Тэгээд бид дөрөв гэр лүү нь ороод Төрмөнх тэр Баатарсүрэн гээд залуугаас бичлэгийг нь устгах зорилгоор гар утсыг нь авахыг оролдсон. Мөнхсүх, Энхучрал бид гурав үүдэнд нь зогсож байсан. Төрмөнх Баатарсүрэнтэй утсыг нь авч бичлэгийг нь устгах гээд гарнаас нь зууралдсан. Тэр үед Баатарсүрэн газар унасан. Манай найз Төрмөнх Баатарсүрэнг цохиогүй. Бид гурав ч гэсэн тэр залууд гар хүрээгүй. Тэгээд Төрмөнх гар утсыг нь булааж аваад Тэмүүлэнд өгч байгаа харагдсан. Гар утсыг нь булаацалдах үед Баатарсүрэн газар унасан. Тэгэхдээ л бэртэж гэмтсэн байх гэж бодож байна. Манай найзууд Баатарсүрэнд огт ойртоогүй ...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дэх тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Тэмүүлэнгийн өгсөн: ... Би 2021 оны 08 дугаар сарын  09-ний өдөр би өөрийн гэр болох Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо 88/б/-111 тоотод найз Төрмөнхтэй бэлгийн харьцаанд орж байсан. Ойролцоогоор 00 цагийн орчим байсан байх. Тэгээд байж байтал гаднаас хуучин хамтран амьдарч байсан Баатарсүрэн хаалга түлхүүрээр онгойлгоод ороод ирсэн. Бид хоёр 2021 оны 06 дугаар сараас хойш хамт амьдрахаа больсон. Баатарсүрэн бид хоёр нэг хүүхэдтэй. Баатарсүрэн гэрт орж ирсэн даруйдаа гар утсаараа Төрмөнх бид хоёрын бичлэгийг хийгээд эхэлсэн. Тэр хийсэн бичлэг манай ээж рүү фэйсбүүкээр явуулчихсан юм. Баатарсүрэн өөрийнхөө ээж бол манай ээж рүү утсаар залгаад намайг янз бүрээр хэлээд яриад байсан. Тэгээд би цагдаа руу залгаад дуудлага өгсөн. Тэр үед Төрмөнх гараад явчихсан юм. Манай байр 2 өрөө байр байгаа. Би Баатарсүрэнг орж ирсэний дараа нөгөө өрөөндөө ороод хаалгаа түгжээд сууж байсан. Төрмөнх гараад явсаны дараа нээх удалгүй хаалга тогшоод байсан. Би цагдаа ирж байгаа юм байх гэж бодоод хаалга тайлж өгөхөд Төрмөнх гурван найзын хамт ороод ирсэн. Би Төрмөнхийн тэр гурван найзын нэгийг нь танина. Нөгөө хоёрыг нь бол танихгүй. Тэд нар ороод ирэхээр нь би том өрөөндөө орчихсон.Төрмөнх Баатарсүрэнтэй маргалдаад ноцолдоод байсан. Төрмөнхийн гурван найз хажуугаас нь хараад зогсож байсан. Би юу болсоныг бол сайн хараагүй. Тэгээд нээх удалгүй Төрмөнх надад Баатарсүрэнгийн гар утсыг өгөөд бичлэгийг нь устгачих гэсэн. Би тэд нартай хамт гадаа гараад бичлэгийг нь устгасан. Тэгээд Төрмөнх найзуудтайгаа явчихсан. Намайг гарах гэж байхад Баатарсүрэн нүүр нь цус болчихсон доошоо харчихсан газар сууж байсан. Баатарсүрэн гэрт орж ирэхдээ согтуу байсан ба нүүр нь цус болоогүй байсан. Би гадаа гарч ирээд гар утас дээрх бичлэгийг нь устгачихаад буцаад гэрлүүгээ орсон юм. Тэгэхэд Баатарсүрэн гараад явчихсан гэрт байхгүй байсан. Тэгээд гэртээ хоночихоод Дархан-Уул аймаг руу хүүхэд рүүгээ явчихсан. Тэрнээс хойш Баатарсүрэнтэй би уулзаагүй. Төрмөнх бид хоёр “Сэнгүр” нэртэй 2 литрийн хэмжээтэй пиво уусан байсан.Төрмөнхийн найзууд эрүүл байсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Мөнхсүхийн өгсөн: ... 2021 оны 08 дугаар 09-ний өдөр найз Чингүүн Солонгос улсаас ирсэн гээд Дархан-Уул аймгаас би хоёр  найз болох Энх-учрал, Дөлгөөн нарын хамт хотод ирсэн. Чингүүнтэй уулзчихаад Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо 86/б/-78 тоотод найз Төрмөнхийн гэрт нь хонохоор бид гурав очсон. Тэгээд тэндээ бид гурав унтаж байхад 02 цагийн орчим байх Төрмөнх миний утас руу залгаад над руу нэг хүн агсраад байна. Би гэрийн хажуу талын хотхонд байна гэсэн. Бид гурав гэрээс нь гараад Төрмөнх дээр очиход Төрмөнх хэлэхдээ Тэмүүлэнтэй хамт байж байсан чинь хуучин нөхөр нь  гаднаас түлхүүрдэж орж ирээд бид хоёрын бэлгийн харьцаанд орж байгаа бичлэгийг хийчихлээ. Дөрвүүлээ ороод тэр бичлэгийг устгах хэрэгтэй байна. Тэр залууг цохиж зодож болохгүй, утсан дээрх зураг бичлэгийг л устгах хэрэгтэй байна гэсэн. Тэгээд бид дөрөв Тэмүүлэнгийн гэр лүү орох гээд хаалга дээр нь очиход дотор эрэгтэй хүн орилоод байсан. Хаалгаа огт тайлахгүй. Төрмөнх Тэмүүлэнг хаалгаа тайл гэж орилсон. Хэсэг хугацааны дараа Тэмүүлэн хаалгаа нээж өгсөн. Тэгээд Төрмөнх бид гурваас түрүүлээд орсон. Миний харсанаар тэр Баатарсүрэн гээд залуу гар утсаа гартаа барьсан байгаа харагдсан. Тэгээд Төрмөнх тэр залуугийн гар утсыг булаацалдаад ноцолдсон. Ноцолдох үед тэр Баатарсүрэн гээд залуу газар унасан. Төрмөнх тэр залуугийн дээрээс нь дараад уначихсан. Тэр хоёрыг ноцолдож байх үед Дөлгөөн, Энх-учрал бид гурав тэр хоёрыг хараад үүдэнд зогсож байсан. Тэмүүлэн нөгөө өрөөнд байсан. Тэр хоёрыг харах боломжгүй байсан байх гэж бодож байна. Тэгээд Төрмөнх гар утсыг нь аваад Тэмүүлэнд өгөөд бид нар гараад явсан. Тэр хоёр хоорондоо чи гар утсан дээрээ хийсэн бичлэгээ устга, яагаад бичлэг хийж байгаа юм гэх мэтээр маргалдаж ноцолдсон л асуудал болсон. Тэгээд ноцолдож байх үедээ Баатарсүрэн газар унаад Төрмөнх дээрээс нь унасан. Манай найзууд Баатарсүрэнд огт ойртоогүй. Баатарсүрэнг цохиж зодсон асуудал байхгүй....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар П.Тийн өгсөн: ...Би 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдөр найз Тэмүүлэнтэй Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд байрлах гэрт нь Тэмүүлэн бид хоёр  шөнийн 00 цагийн үед бэлгийн харьцаанд ороод байж байсан. Тэгээд бид хоёр  байж байхад гаднаас Баатарсүрэн гэх залуу ороод ирсэн. Баатарсүрэн урд нь Тэмүүлэнтэй хамт амьдарч байсан. Тэр хоёр дундаасаа нэг хүүхэдтэй. Гэхдээ одоо салсан гэсэн. Баатарсүрэн нь гаднаас орж ирээд бид хоёрын зургийг гар утсаараа аваад, бичлэг хийгээд эхэлсэн. Би зураг дараад бичлэг хийгээд эхлэх үед хувцсаа өмсөөд тэдний гэрээс шууд гараад явчихсан. Би Тэмүүлэнгийн гэр лүү гурван найзыгаа дагуулаад эргээд орсон. Тэгээд Баатарсүрэнтэй би бичлэгнээс болоод маргалдаж ноцолдсон. Ноцолдох үедээ Баатарсүрэнгийн дээрээс нь дараад уначихсан юм. Тэгээд тэр залууг гэмтээчихсэн. Тэрнээс биш би тэр залууг санаатай гэмтээгээгүй. Тэр Баатарсүрэн гаднаас ирэхдээ нилээд согтуу байсан. Би гурван найзын хамт гар утсаар хийгдсэн бичлэгийг устгах зорилготой байсан. Яагаад гэвэл тэр Баатарсүрэнгийн гар утас дээр миний нүцгэн эмэгтэй хүнтэй бэлгийн харьцаанд орж байсан зураг, бичлэг байсан юм. Би хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна. Би дахин үйлдэл гаргахгүй...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39 дэх тал/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 7261 дугаартай:

1.Баатарсүрэнгийн биед зүүн 5-р хавирганы хугарал, духанд цус хуралт зөөлөн няцрал, буйл, цээжинд цус хуралт, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна.

4. Дээр гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Шинжээч эмч О.Нансалмаа гэх дүгнэлт /хавтаст хэргийн 26-27 дахь тал/,

2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн БЗ1-22-374 дугаартай Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд: Самсунг LG-6 маркийн хар өнгийн 2019 онд Теди худалдааны төвөөс авч байсан, хуучин хэрэглэж байсан гэх гар утас нь байхгүй тул тодорхойгүй нөхцөлөөр тооцов. Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 120.000 төгрөгөөр үнэлэгдэв. Дамно ХХК-ийн үнэлгээчин Ц.Түвшинцэнгэл, туслах үнэлгээчин С.Гантуул, Э.Баярмаа гэх үнэлгээ /хавтаст хэргийн 117-118 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч эмч О.Нансалмаагийн өгсөн: ...Э.Баатарсүрэнгийн биед учирсан 5 дугаар хавирганы хугарал гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтэл нь нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Антомын бүтцэт өөрчлөлт ороогүй...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 124-125 дахь тал/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт:

 

Шүүгдэгч П.Тийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 48, 43 дахь тал/,

Шүүгдэгч П.Тийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 41 дэх тал/,

Шүүгдэгч П.Тийн талаар  “Ашид Капитал” ББСБ-иас ирүүлсэн  тодорхойлолт /хавтаст хэргийн 42 дахь тал/,

Шүүгдэгч П.Тийн гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 45 дахь тал/,

Шүүгдэгч П.Тийн үл хөдлөх хөрөнгийн жагсаалтын лавлагаа /хавтаст хэргийн 46 дахь тал/,

Шүүгдэгч П.Тийн хуулийн этгээдийн бүртгэлгүй тухай лавлагаа /хавтаст хэргийн 47 дахь тал/,

Шүүгдэгч П.Тийн оршин суугаа хаягийн хорооны тодорхойлолт /хавтаст хэргийн 48 дахь тал/ зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийн хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч П.Т нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 88/б/ байрны 111 тоотод 2021 оны 08 дугаар сарын 08-наас 08 дугаар сарын 09-нд шилжих шөнийн 03 цаг 30 минутын орчимд хохирогч Э.Баатарсүрэнтэй “гар утасны бичлэг устгах” шалтгаанаар харилцан ноцолдох, газарт унагаах, дээрээс нь дарж унах, өшиглөх зэргээр биед нь халдаж, зодсоны улмаас эрүүл мэндэд нь зүүн 5 дугаар хавирганы хугарал, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, буйл, цээжинд цус хуралт, хүзүүнд зулгаралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан  гэмт хэргийг үйлдсэн нь  хохирогч болон гэрчүүдийн мэдүүлэгүүд, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 7261 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан  бичгийн  нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

          Хохирогч Э.Баатарсүрэнгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  нь  П.Тийн  гэм буруугийн  үйлдэлтэй  шалтгаант  холбоотой байна.

 

  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт  зааснаар шүүгдэгч П.Т нь гэм буруугийн санаатай хэлбэрээр бусдын эрүүл мэнд хөнгөн хохирол учруулсан байна.

 

         Иймд шүүгдэгч П.Тийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна .

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: ... энэ хуулийн тусгай ангид заасан  гэмт хэргийн улмаас  хүний амь нас,  эрүүл мэнд,  эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон  үндэсний эрх  ашиг сонирхол, аюулгүй байдалд  шууд учирсан үр дагаврыг  гэмт хэргийн  хохиролд тооцно гэж,

           Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ...бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж,

 

 Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д ...бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж,

 

        Иргэний  хуулийн 505 дугаар зүйлийн 505.2-д ... гэм хор учруулах үед хохирогч  цалин хөлс орлогогүй байсан  бол  тэрээр хөдөлмөрийн хөлсний  доод хэмжээнээс  багагүй  хэмжээний нөхөн төлбөр  шаардах эрхтэй гэж,

         Иргэний  хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д... бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан  этгээд  уг гэм хорыг арилгахдаа  гэм хор учруулахаас өмнө байсан  байдалд нь сэргээх, / адил нэр төрөл, чанарын  эд хөрөнгө өгөх,  гэмтсэн  эд хөрөгийг засах зэргээр / буюу  учруулсан хохирлыг  мөнгөөр нөхөн төлнө.  гэж тус тус хуульчилжээ.

          2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн БЗ1-22-374 дугаартай Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд : хохирогч Э.Баатарсүрэнгийн  “Самсунг LG-6 маркийн   гар утасны хохирлыг   зах зээлийн үнэлгээгээр нийт 120.000 төгрөгөөр үнэлсэн  байх тул уг үнэлсэн үнэлгээгээр тооцож  хохирогчид  олгох, мөн  хохирогч   эрүүл мэндээ рентгенд харуулахад 150.000 төгрөгийг зарцуулсан талаар    мэдүүлж байх ба төлбөр төлсөн талаархи  баримтаа ирүүлээгүй боловч шүүгдэгч П.Т төлөхийг зөвшөөрч байх тул хохирлыг гаргуулж  шийдвэрлэв. /хавтаст хэргийн 116-118 дахь тал/

     Хохирогч Э.Баатарсүрэн нь энэ гэмт үйлдлийн улмаас цаашид гарах гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн  1 дэх  хэсгийн 1. 1-д : ... хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч , гэрч, хөндлөнгийн гэрч, шинжээч, мэргэжилтэн,  орчуулагч, хэлмэрч, өмгөөлөгчид төлөх зардлыг  хэрэг хянан шийдвэрлэх  ажиллагааны зардалд тооцохоор,

Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн  1 дэх  хэсэгт:... шүүгдэгч  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг  шүүх тогтоовол  түүнээс  хэрэг хянан шийдвэрлэх  ажиллагааны зардлыг холбогдох баримтыг  үндэслэн гаргуулна  гэж тус тус  хуульчилжээ.

  Хохирогч  Э. Баатарсүрэнгийн  эд хөрөнгөнд буюу  гар утсанд  хөрөнгийн үнэлгээний “Дамно”  ХХК-ийн үнэлгээчид үнэлгээ хийсэн зардалд 18.000 төгрөг  нэхэмжилж  нэхэмжлэхээ  ирүүлснийг  “Дамно”  ХХК-д  П.Төөс гаргуулах  үндэслэлтэй  байна.   /хавтаст хэргийн 116-118 дахь тал/,

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар   ... гэм буруугийн зарчм ын дагуу шүүгдэгч П. Төрмөнх   нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй  байна.

        Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт:...   Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино  гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

 Мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт : ... Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж заасан ш ударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Шүүгдэгч П.Төд эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 Шүүгдэгч П.Төд эрүүгийн эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

        Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

           Шүүх хуралдаанд  улсын яллагчаас шүүгдэгч П.Төд  650 /зургаан зуун тавин / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000  /зургаан  зуун тавин мянган/ төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлага  хүлээлгэх  саналыг гаргаж байна.

           Шүүх хуралдаанд шүүгдэгчийн  өмгөөлөгч П.Т нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ  дүгнэлт хийж гэм буруугаа хүлээн  зөвшөөрч, хохирогчид учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа,  ажил хөдөлмөр эрхэлдэг зэрэг хувийн байдлуудыг харгалзан хуульд заасан хөнгөн ял  оногдуулах саналыг  гаргаж байна.

          Шүүхээс тухайлан сонгон оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон шүүгдэгч П.Т нь  тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ дүгнэлт хийж гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид учирсан  хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа,  ажил хөдөлмөр эрхэлдэг зэрэг хувийн байдлуудыг  нь харгалзан түүнд прокурорын гарсан саналын дагуу П.Төд   650  /зургаан зуун тавин / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000  /зургаан  зуун тавин мянган/ төгрөгөөр  торгох ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.

 

Шүүгдэгч П.Т нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч П.Төд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1,  38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Егөсөг овогт П.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.Т-г 650 /зургаан зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000  /зургаан  зуун тавин мянган/ төгрөгөөр  торгох ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар П.Төд оногдуулсан 650 /зургаан зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000  /зургаан  зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

            4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,  505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус  зааснаар  Пүрэвжавын Төрмөнхөөс /РД:...../270 .000 / хоёр зуун  далан  мянган/ төгрөгийг  гаргуулж хохирогч  Энхб.ын Ба. /РД:...7/, 18.000 /арван найман мянган/  төгрөгийг  Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо,  Элчингийн гудамж-9, Скай Плаза  төв хөрөнгийн үнэлгээний “Дамно”ХХК-д  /утас:318785/ тус тус олгосугай.

 

5. Хохирогч Э.Бэн нь энэ гэмт үйлдлийн улмаас цаашид гарах гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, П.Т нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол П.Төд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ч.А