Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 184/ШШ2017/01476

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны  6 сарын 22 өдөр     Дугаар184/ШШ2017/01476              Улаанбаатар хот

 

 

 

                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                         

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ***** тоотод оршин суух, *** овогт ******* ******* /регистрийн дугаар: *****/-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, ***** тоот хаягт оршин суух, **** овогт ******* ******* /регистрийн дугаар: ****/-д холбогдох, 

 

“Худалдах, худалдан авах гэрээний хохиролд 910,879,785 төгрөг гаргуулах тухай”  нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

       Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, *******, хариуцагч Д.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, гэрч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ нар оролцов.

                                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би өөрийн өмчлөлийн *******тоот өмчлөх эрх бүхий газраа худалдахаар олон хүнд санал тараасан бөгөөд Б.******* нь 1,900,000 ам.доллараар худалдан авах санал гаргасныг хүлээн авч бусад бусад худалдан авах санал гаргаж буй этгээдүүдээс татгалзсан. Ингээд иргэн Д.*******өд худалдахаар тохирч 2013 оны 10 дугаар сарын 10-нд худалдах худалдан авах гэрээ хийн нотариатаар гэрчлүүлсэн. Д.******* нь урьдчилгаа төлбөрт 470,000,000 төгрөг буюу 1 ам.долларыг 1670 төгрөгөөр тооцож 281,737 ам долларыг газрын үнийн урьдчилгаанд төлсөн бөгөөд үлдэгдэл төлбөрийг 15 хоногийн дотор буюу 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлөх ёстой байсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй.

Д.******* нь үлдэгдэл төлбөр болох 1,618,263 ам долларыг төлөөгүйгээс Найрамдал зусланд баригдах амины орон сууцны хотхон байгуулах төсөл хөрөнгө мөнгөгүй учраас хэрэгжих боломжгүй болж, захиалагчдаас авсан мөнгөө торгууль алдангийн хамт буцаан төлөх, банк, банк бус санхүүгийн байгууллага, хувь хүнээс зээлсэн мөнгөний хүү, хугацаа хэтэрсэний хүү, банкны нэмэгдүүлсэн хүү төлөх зэрэг санхүүгийн алдагдалд орон, бизнесийн хувьд хүнд байдалд орсон.

Худалдах худалдан авах гэрээг хийх явцад Д.*******ийн найз Солонгос хөрөнгө оруулагч орж ирж хамтрах тул энэхүү хувийн өмчлөлийн газруудыг заавал компанийн нэр дээр нэгтгэн эзэмших эрх бүхий газар болгох хэрэгтэй гэсэн шаардлага тавин өөрийн найз *******, С. нарыг энэ ажлыг гүйцэтгүүлэхээр “Ажил гүйцэтгэх гэрээ”-г С.*******тай байгуулан газар өмчлөлийн гэрчилгээнүүдийг авч яван “” ХХК-ийн нэр рүү шилжүүлэн эзэмшил газар болгосон.

Б.*******тэй байгуулсан худалдах худалдан авах гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.6, 6.2 дахь хэсэгт худалдан авагч тал гэрээнд заасан үлдэгдэл төлбөрийг хийж чадахгүй тохиолдолд цаг хугацаа, бизнесийн үйл ажиллагаа саатуулсаны өр төлбөрт нийт гэрээний үнийн дүнгийн 25 хувиар торгууль төлөх ба худалдагч талд үүргийн гүйцэтгэлийг хожимдуулсан хоног тутам 0.1 хувиар бодож алдангийг төлнө гэж заасан.

Худалдан авагч тал нь гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тул гэрээнд заасны дагуу торгуулийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэрээний нийт дүн 1,900,000 ам.доллар боловч уг төлбөрөөс урьдчилгаа төлсөн 281,737 ам.долларыг хасаж, үлдэх 1,618,263 ам.долларын 25 хувь буюу  404,565  ам.доллароор торгуулийг тооцож 1 ам.долларыг 1,989 төгрөгөөр тооцож нийт 804,679,785 төгрөгийн торгууль нэхэмжилж байна.

Мөн Сонгинохайрхан дүүргийн Баянголын аманд барьж байсан 33 хаус бүхий амины орон сууцны хорооллын төслийн ажлын санхүүжилтийг иргэн Д.*******өөс 2013 оны 10 дугаар сарын 25-нд шилжүүлэх байсан мөнгөөр санхүүжүүлэхээр төлөвлөж байсан боловч Д.*******ийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс амины орон сууцны хорооллын төслийн ажил бүхэлдээ зогсож Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 102/ШШ2015/02825 дугаар шийдвэрийн дагуу захиалагч Д.гийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр 15 хувийн алдангид 45,000,000 төгрөг төлсөн ба "Амияа" ББСБ-аас ЗГ13/10/03 тоот зээлийн гэрээний дагуу зээлсэн 120,000,000 төгрөгийн хүүнд 2014 оны 5 дугаар сараас 2015 оны 09 дүгээр сар хүртэл төлсөн 61,200,000 төгрөг төлсөн.

Талуудын хооронд байгуулсан худалдах худалдан авах гэрээний 5 дугаар зүйлийн 5.1-д “Энэхүү гэрээнд талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно. Энэхүү гэрээнд үүргийн бүрэн гүйцэтгэх хүртэл хүчин төгөлдөр байна” гэж заасан байна. Уг заалтын дагуу хэлбэрийн хувьд хуульд нийцүүлсэн байдлаар хийсэн. Агуулгын хувьд талуудын хооронд хууль зөрчсөн зүйл байхгүй. С.******* өмчлөлийн газраа эзэмшлийн болгож, зориулалтыг нь өөрчилж, энэ хүмүүстэй худалдахын тулд шилжүүлсэн байдаг. Газрыг Солонгос хүмүүсийн нэр дээр дурдагддаг, гадаадын иргэдэд худалдаагүй. Монгол улсын иргэн Б.*******тэй энэхүү гэрээг нотариатаар баталгаажуулан хийсэн байдаг. Нэхэмжлэлийн  үндэслэлээ тайлбарлавал, худалдах худалдан авах гэрээний 6 дугаар зүйлийн 6.1 дэхь заалтыг үндэслэж торгууль 944,775,000 төгрөг нэхэмжилж байснаа нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан. Уг үндэслэл нь худалдах худалдан авах гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-д үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар 2 нөхцөлийг оруулсан байдаг. Түүний 1 дэх үндэслэл нь “үүрэг гүйцэтгэгч буюу худалдан авагч гэрээнд заасны дагуу төлбөрийг хийж чадахгүй байгаа тохиолдол цаг хугацаа, бизнесийн ажиллагааг саатуулсны үр төлбөрт нийт гэрээний үнийн дүнгийн 25 хувиар торгууль төлнө” гэж заасан. 2 дахь нь “худалдагч тал үүргийн гүйцэтгэлийн хожимдуулсан хоног тутам 0.3 хувийн алданги төлөхөөр” тохиролцсон.

Нэхэмжлэгч талаас нэхэмжилж байгаа  үнийн дүн өндөр үнэтэй дүн байж болно. Гэвч гэрээний үнийн дүн өндөр шүү гэдгийг анхаар үзэхийг хүсэж байна. Энэ гэрээний нийт дүн 1,900,000 ам.долларын хэлцэл байгаа. Тиймээс үүнээс үүсэж байгаа үүргийн гүйцэтгэлийн хангах арга нь их өндөр хараагдана. Тухайлбал, гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-д заасан 0.1 хувийн алдангиар бодож нэхэмжлэл гаргасан бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн буюу 470,000,000 төгрөгийг ам.долларт шилжүүлээд 1.618.563 ам.доллар болж байгаа. Үүнийг үүргээ гүйцэтгээгүй хоног тутамд үржүүлбэл 1670 ам.доллар буюу гэрээ байгуулснаас хойш нийт 670 хоног үүрэг гүйцэтгэх ёстой байсан. 1 тэрбум 811 сая 10 мянган төгрөг болж байгаа.

Гэтэл уг үнийн дүн нэхэмжлээгүй. 944,775,000 төгрөгөө 1,900,000 ам.доллараас бодсон байсан. Үүнийг өмгөөллийн үйлчилгээ авахаас өмнө нэхэмжлэгч бодсон нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж хуульд нийцүүлэн 1.618.563  ам.доллараас бодож 804,679,785 төгрөгийг нэхэмжилж байгаа. Энэ нэхэмжилж байгаа шаардлага нь алданги биш торгууль юм.

Хууль зүйн үндэслэлийн тухайд С.******* худалдагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч тал. Тэгэхээр үүрэг гүйцэтгүүлэгчийн эрх ашиг зөрчсөн. Нэхэмжлэгч С.******* нь маш олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, хариуцагч талдаа байгуулсан гэрээний мөнгөн дүн, олсон ашгаар Найрамдал зуслангийн газарт хувийн орон сууцны хотхон барьж, захиалгаа авч, ажил нь маш эрчимтэй эхэлж байсныг Б.******* гэдэг хүн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс болж тасалдуулсан. Ийм учраас Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.6-д хууль болон гэрээгээр анз төлөх гэсэн үндэслэлийг баримталж, мөн худалдах худалдан авах гэрээний 6.1б заалт, Иргэний хуулийн 232 дугаар зүйлд заасныг үндэслээд эхний шаардлага гаргаж байгаа.

Бид Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1-д зааснаар анзыг хэрэглэж байгаа. Мөн 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсэгт анзын нэг төрөл торгууль байдаг. Үүнийг үндэслэж 25 хувийн торгуулийг нэхэмжилж байгаа.

Хоёр дахь нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын тухайд Б. гэдэг хүн нь 2015 оны 4 дүгээр сарын 31-ний өдөр дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 102/ШШ2015/02825 дугаар шийдвэрийн дагуу 45,000,000 төгрөгийг алдангийг төлсөн. Энэ хүн Найрамдал зусланд байр захиалсан, захиалагч хүн. Тухайн үед энэ хүнд байраа барьж чадаагүйгээс болж алдангийг төлсөн. Уг 45,000,000 төгрөгийг алдангийг энэ нэхэмжлэл гаргаснаас өмнө гарсан учраас хохиролд тооцож, зөвхөн энэ шийдвэрийг оруулж ирж Б.******* гэдэг хүнээс нэхэмжилж байгаа.

Энэ нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь хохирол нэхэмжилж байгаа. Хоёр дахь шаардлагын дагуу Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” гэж заасны дагуу шаардаж байгаа. Мөн Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.4, 222.7, 227 дугаар зүйлийн 227.3, 227.4-д заасны дагуу тус тус нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн, багасгасан бүх шаардлагыг нэхэмжилж байгаа.

Гурав дахь шаардлагын хувьд “” ХХК-иас 2014 онд 5 дугаар сараас 2015 оны 9 дүгээр сар хүртэл 120,000,000 төгрөгт 61,200,000 төгрөгийн хүү төлсөн байдаг. С.******* энэ талаар байгуулсан гэрээг нотлох баримтаар өгсөн байгаа. Уг байгууллагыг яагаад сонгосон бэ гэхээр гэрээний үүргээ биелүүлээгүйгээс алдагдалд орсон хугацаанд “” ХХК-иас авсан. Тийм учраас уг авсан зээлийнхээ хохирлыг төлүүлэхээр 61,200,000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Ингээд нийт  910,879,785 төгрөгийг дээр дурдсан үндэслэлээр Б.******* төлөх үүрэгтэй. Алдагдлын тухайд бол Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-д зааснаар тооцож байгаа” гэв.

 

Хариуцагч Д.******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.*******  анх С.Алтатуяагийн хүсэлтээр уулзсан уулзалтад С.******* миний өмчлөлийн газрын бичиг баримтууд барьцаанд байгаа. Иймээс уг бичиг баримтыг чөлөөлөхөд 470,000,000 төгрөгийг хэрэгтэй байгаа тул бололцоо байвал надад зээлж өгнө үү гэсэн. Б.******* би танд ийм хэмжээний мөнгө зээлж болно. Уг мөнгийг яаж баталгаажуулах вэ гэхээр нь маргааш нотариат ороод гэрээгээр баталгаажуулья гэж  хэлсэн. Ингээд 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Гранд Плаза дээр байрлах нотариатын газарт гэрээ байгуулсан. Гэрээ байгуулахдаа нэхэмжлэгч С.*******, түүний нөхөр Б., *******, Б.*******, бидний таньдаг Б. бид гэрээ хийсэн. Тухайн үед ганцхан худалдах худалдан авах гэрээ байгуулаагүй, хамтын ажиллагааны гэрээ, ажил гүйцэтгэх гэрээ нийт 3 гэрээ байгуулсан. Түүний худалдах, худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр бус учраас хүлээн зөвшөөрөхгүй байна.

Яагаад гэвэл тухайн үед С.******* худалдах, худалдан авах гэрээний загварыг өөрөө бэлдээд ирсэн. Уг гэрээг хариуцагч Б.*******т үзүүлсэн. Б.******* худалдан авагч биш учраас яагаад худалдах, худалдан авах гэрээг хийх ёстой вэ, би энэ гэрээг хийхгүй гэж хэлсэн. Үүнийг сонсоод нотариатч энэ хүн худалдан авагч биш учраас болохгүй, хоёрдугаарт таны худалдах байрны бичиг баримт нь барьцаанд байгаа юм байна, уг баримтын эх хувь нь байхгүй байгаа тул худалдах, худалдан авах гэрээ байгуулж болохгүй. Харин та нар гэрээ хийх гэж байгаа бол хамтын ажиллагааны гэрээг хийж болно.

Энэхүү гэрээг хийхдээ уг газрыг эзэмшил болгоод компанийн нэр дээр шилжүүлээд, нэгэнт шаардагдах мөнгийг өгөх ёстой юм байна гэж зөвлөгөө өгсөн. Хамтын ажиллагааны гэрээг байгуулсны дараа худалдах, худалдан авах гэрээг хийе, хэд хоногийн дараа газраа өгөхөд энэ гэрээ хүчингүй болно гэж тулган шаардсанаар уг гэрээнд гарын үсэг зурсан. Уг гэрээний 9 дүгээр зүйлийн 9.2-т тодорхой зааж өгсөн. Хамтын ажиллагааны гэрээний дагуу цаашид явахаар тохиролцсон. Уг хамтын ажиллагааны гэрээний дагуу нэгдүгээрт, барьцаанд байгаа өмчлөлийн гэрчилгээг суллаж авах байсан. Түүнийхээ дараа С.******* өмчлөлөөс татгалзаж, компани нэр дээр  эзэмших эрхийн гэрчилгээ болгуулахаар хүсэлтдээ Баянгол дүүргийн эд хөрөнгийн бүртгэлийн газар, Нийслэлийн өмчийн газарт гаргасан тухай баримт нь хэрэгт авагдсан байгаа.

Нэхэмжлэгч С.******* газрын эзэмшлийн талаар ажиллагааг та хийж өгнө үү гэж гуйсан. Тиймээс ажил гүйцэтгэх гэрээний дагуу бичиг баримттай холбоотой бүх процессын ажиллагааг гэрээнд заасан хугацаанд хийж өгсөн. Тухайн үед нотариатч  хамтын ажиллагааны гэрээ байгуулаад, уг гэрээний дагуу  2 гишүүнтэй компани байгуулах хэрэгтэй. Дараа нь Солонгос иргэнд өгөхдөө гишүүдээсээ татгалзаад шилжүүлэх боломжтой гэсэн зөвлөгөөг өгсөн. Бичиг баримтууд компаний нэр дээр орон сууц барих зөвшөөрөлтэй, кадастрын зураг, газрын албатай гэсэн гэрээ зэрэг бүх материалуудыг гарсан өдөр нэхэмжлэгч талд хүлээлгэж өгсөн. Дараа нь Солонгосчуудтай та нарын шаардлага биелэгдсэн одоо гэрээ байгуулъя гэхэд Солонгосчууд татгалзсан.

Яасан бэ гэхээр Гандангийн ойр орчим газарт 6 давхраас дээш барилга барьж болохгүй гэсэн давхрын хязгаарлалт өгсөн байна. Уг мэдээллийг нууцалсан. Түүнийг 2 жил Ерөнхий төлөвлөгөөний газарт урьд  хөөцөлдөж, зарах гэж үзсэн ч зарагдаагүй юм байна. Тиймээс түүнийг нууцалсан учраас Солонгосчууд түүнд 15 давхрын барилга барихыг төлөвлөсөн боловч уг шаардлагаа хангахгүй болсон учраас хэлцэлээс татгалзсан.  Ингээд нэхэмжлэгч талд тодорхой хэмжээний дагуу ажил үүргийг хийж, санхүүгийн шаардлагатай үед нь туслаад гэрээний дагуу явсан боловч өнөөдөр үндэслэлгүй худлаа тайлбар гарган буруутгаад байгааг нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Түүний дараагаар бид уг газрыг яаж борлуулах, яаж мөнгө төгрөг авах талаар ярилцааны үндсэн дээр би 4 дүгээр сард зүүн  дөрвөн замд байрлах  “”  ХХК-д очиж гуйхад, 6 давхар объектын зураг төслөөр барина, иймээс 1,500,000 ам.доллар  өгье.  Хэрвээ үүнийг зөвшөөрч байвал уг байрыг авъя гэсэн санал тавьсан.  Уг саналыг нэхэмжлэгч С.*******, Б. нарт хэлэхэд зөвшөөрч байгаагаа хэлсэн.  Ингээд бид 3 “” ХХК-д очиход нөгөө талаас  төлбөрийн нөхцөлийг график гаргаад төлье. Эхний ээлжинд 250.000 ам.доллар, түүнээс хойш сар сард нь 250.000 ам.доллараар хуваагаад төлье гэсэн санал тавьсан. Түүнийг нэхэмжлэгч тал бид дор хаяж 1.000.000 ам.доллар, чадахгүй бол 500.000 ам.доллар авна гэж хэлээд зөвшөөрөөгүй. Гэтэл Солонгос компани бид өөрсдийн санхүүгийн боломжоор тооцож үзээд саналаа хэлсэн, 250.000 ам.доллараас их өгч чадахгүй гэсэн. Ингээд энэ асуудал бүтээгүй.

 Нэхэмжлэгчийн хэлсэн  2 албан  бичиг ирсэн. Нэг нь 52,000,000  төгрөгийн дүрмийн сантай  компани хувьцааг бид 2 тэрбумаар авна гэсэн санал өгсөн. Уг саналыг зөвшөөрөөгүй. Нэхэмжлэгч талаас тавьж байсан саналууд нь хүнд санал байсан. Яагаад гэвэл нэг ч удаа мөнгө нэхээгүй, хэл ам  гараагүй. Санхүүгийн хүнд нөхцөл  байдлыг ойлгоод энэ асуудлыг шийдье гэж бодсон. Нэхэмжлэгч талаас 2 удаа шүүхэд өгсөн. Нэг удаад нь эвлэрлийн гэрээ байгуулъя гэж бид энэ газраас санхүүгийн байгууллагад зарах гэж байна. Тэгэхээр “” ХХК нэг  гишүүнтэй болох тухай санал тавьсан. Иймээс “” ХХК-ийн гишүүнчлэлээсээ татгалзаж өгнө үү гэсэн саналыг тавьсан. Уг саналыг зөвшөөрөөд 7 хоногийн дараа мөнгө өгөхөөр эвлэрлийн  гэрээ байгуулсан. Гэтэл 7 хоногийн дараа мөнгөө өгч чадаагүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Дээрх  худалдах худалдан авах гэрээ, өмчлөлийн гэрчилгээнүүд нь хүчингүй гэж үзэж байна. Худалдах худалдан авах гэрээний үүргийг гүйцэтгэж хамтран ажиллах гэрээг хийсэн.

Түүний дагуу гэрчилгээг компани нэр дээр шилжүүлэхийн тулд ажил гүйцэтгэх гэрээг хийсэн. Уг гэрээг компанийг төлөөлж С.******* байгуулсан. Гэхдээ нэхэмжлэгч энэхүү гэрээг байгуулах үндэслэл байхгүй байсан. Уг гэрээнд ажлын хөлс 90,000, 000 төгрөгийг өгөхөөр гэж заасан боловч одоо хүртэл өгөөгүй. Гэрээний 6.2-т зааснаар худалдан авагч нар худалдагчид 3 сарын дотор төлбөрийн урьдчилгааг  шилжүүлнэ гэж заасан.

Түүнийг урьд нь хүлээн зөвшөөрөөд урьдчилгаа 600.000.000 төгрөг өгөхөөр тохирсон. Энэ асуудал нь Д.*******т ямар ч хамаарахгүй. Мандах бүртгэл дээд сургуульд газраа худалдсан гэж хэлсэн. Иймээс хариуцагч талын зүгээс нэхэмжлэлийн шаардлага бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр   шинжлэн судлаад

                                                                                                                                ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч Д.*******т холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний торгууль 944,775,000 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа гэрээний торгууль 804,679,785 төгрөг, Д.д төлсөн алданги 45,000,000 төгрөг, "Амияа ББСБ” ХХК-д төлсөн зээлийн хүү 61,200,000 төгрөг, нийт 910,879,785 төгрөг гаргуулах тухай болгон өөрчилсөн байна.

 

Нэхэмжлэгч С.******* нь өөрийн /****** тоот хаягт байрлах өмчлөх эрх бүхий газрууд, 63 м.кв талбай бүхий хувийн сууц болон 6 автомашин граашийг 1,900,000 ам.доллароор худалдахаар хариуцагч Д.*******тэй 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд гэрээнд зааснаар худалдан авагч болох Д.******* нь урьдчилгаа төлбөрт 470,000,000 төгрөг буюу 281,437 ам.долларыг худалдан авагчид гэрээ байгуулах үед, үлдэгдэл төлбөр 1,618,563 ам.долларыг 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулахаар, худалдагч С.******* нь гэрээний төлбөрийг 100 хувь төлсөн тохиолдолд гэрээний зүйл болох эрх, үл хөдлөх хөрөнгийг худалдан авагч Д.*******ийн өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн “Худалдах, худалдан авах гэрээ”, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэргээр нотлогдож байна.

 

Гэрээнд заасны дагуу худалдан авагч буюу хариуагч Д.******* нь гэрээний урьдчилгаа төлбөр болох 470,000,000 төгрөгийг худалдагч С.*******д 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдөр шилжүүлэн өгсөн ба худалдан авагч Д.******* нь гэрээний үлдэгдэл төлбөр болох 1,618,563 ам.долларыг төлөөгүй болох нь хэрэгт авагдсан мөн өдрийн Худалдаа хөгжлийн банкны дотоод шилжүүгийн маяг, Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтууд болон зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

Мөн зохигчдын хооронд байгуулсан 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн “Худалдах, худалдан гэрээ”-ний 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийн В-д худалдан авагч тал болох хариуцагч Д.******* нь гэрээнд заасан үлдэгдэл төлбөрийг төлж чадахгүй тохиолдолд цаг хугацаа, бизнесийн үйл ажиллагаа сатуулсаны төлбөрт гэрээний үнийн дүнгийн 25 хувиар худалдагч тал болох нэхэмжлэгч С.*******д торгууль төлөх үүрэг хүлээхээр заажээ.

Нэхэмжлэгч С.******* нь гэрээний торгууль 804,679,785 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “… Д.******* нь гэрээний үлдэгдэл төлбөрийг төлөөгүй тул гэрээний 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийн В-д зааснаар үлдэгдэл төлбөр 1,618,263 ам.долларын 25 хувь буюу  404,565  ам.доллароор торгуулийг тооцож, 1 ам.долларыг 1,989 төгрөгөөр тооцож нийт 804,679,785 төгрөгийн торгууль нэхэмжилж байна …” гэж тайлбарлажээ.

Харин хариуцагч Д.******* нь нэхэмжлэлийн дээрх шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “… С.******* өөрийн өмчлөлийн газраа барьцаанаас чөлөөлөхөд 470,000,000 төгрөг хэрэгтэй гэсний дагуу 470,000,000 төгрөгийг зээлдүүлсэн. Газрыг худалдан аваагүй. Зээлээ баталгаажуулах үүднээс худалдах худалдан авах гэрээ болон хамтын ажиллагааны гэрээ, ажил гүйцэтгэх гэрээг хамтад нь байгуулсан. Худалдах, худалдан авах гэрээний 9 дүгээр зүйлийн 9.2-т хамтын ажиллагааны гэрээний дагуу цаашид явахаар тохиролцсон. Худалдах, худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр бус гэрээ ...” гэж тайлбарлан маргажээ.

 

Зохигчдын хооронд байгуулсан 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн “Худалдах, худалдан авах гэрээ”-ний 9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Худалдах, худалдан авах ажиллагаатай холбоотой хамтран ажиллах зарчим, үйл ажиллагааг нэмэлтээр тусад нь байгуулах “Хамтран ажиллах гэрээ”-ээр зохицуулна” гэж заасан бөгөөд энэхүү заалтын дагуу нэхэмжлэгч С.*******, хариуцагч Д.******* нарын хооронд 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдөр “Хамтран ажиллах гэрээ” байгуулагдсан ба уг гэрээгээр *****хаягт байрлах өмчлөх эрх бүхий газрууд дээр барилга барих зорилгоор 2 гишүүн бүхий “” ХХК-ийг байгуулах, газар өмчлөх эрхийг тус компанид шилжүүлж хамтран ажиллахаар тохиролцсон болох нь хэрэгт авагдсан энэхүү гэрээгээр тогтоогдож байна.

 

Хариуцагч Д.******* нь 470,000,000 төгрөгийг газар худалдан авах зорилгоор бус, зээлдүүлэх зорилгоор С.*******д олгосон гэж тайлбарлаж байгаа боловч түүний энэхүү тайлбар хэрэгт авагдсан баримтууд болон зохигчдын шүүх тайлбар, гэрчийн мэдүүлгүүдээр тогтоогдохгүй байна. Мөн зохигчдын хооронд байгуулсан 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн “Худалдах, худалдан гэрээ” нь Иргэний хуульд заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй ба тухайн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар хариуцагч талаас шаардлага гаргаагүй байна.

 

 Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-д “Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ”, 232.4-т “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй”, 232.5-д “Үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь төлөхөөр хууль болон гэрээнд урьдчилан тодорхой хэмжээгээр заасан, эсхүл гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тодорхой хувиар тогтоосон анзыг торгууль гэнэ” гэж тус тус заасан.

 

Хууль болоод гэрээнд зааснаар худалдан авагч тал болох хариуцагч Д.******* нь гэрээгээр хүлээсэн үүрэг болох гэрээний үлдэгдэл төлбөрийг заасан хугацаанд төлж барагдуулаагүй тул нэхэмжлэгч С.******* нь гэрээнд заасан торгуулийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

 

Нэхэмжлэгч С.******* нь торгуулийг тооцохдоо гүйцэтгээгүй үүрэг болох үлдэгдэл төлбөр 1,618,263 ам.доллароос гэрээнд заасны дагуу 25 хувь буюу  404,565  ам.доллароор торгуулийг тооцож, 1 ам.долларыг нэхэмжлэл гаргах өдрийн албан ханш 1990.56 төгрөгөөс доогуур ханшаар 1,989 төгрөгөөр тооцож нийт 804,679,785 төгрөг шаарджээ.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д “Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно” гэж заасан бөгөөд зохигчдын хооронд байгуулсан гэрээнд торгуулийн хэмжээг өндөр дүнгээр тогтоосон, гэрээгээр тохиролцоогүй боловч газар өмчлөх эрх худалдан авагчийн өмчлөлд шилжээгүй, өмчлөлийн газраа одоо өөр бусдад худалдсан гэх нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэн гэрээгээр тохирсон 25 хувийн торгууль буюу 804,679,785 төгрөгийг 50 хувиар бууруулж 402,339,892 төгрөг болгон багасгах нь зүйтэй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Д.Оюунтөгөөс торгуулийн төлбөрт 402,339,892 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.*******д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч С.******* нь шүүхийн шийдвэрийн дагуу Б.д төлсөн алданги 45,000,000 төгрөг болон “” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний дагуу төлсөн хүү гэх 61,200,000 төгрөгийг тус тус Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” гэж заасны дагуу Д.******* гэрээнд заасан үлдэгдэл төлбөрөө төлөөгүйн улмаас учирсан хохирол гэж тайлбарлаж нэхэмжлэл гаргасан боловч тухайн шаардлагад дурдсан төлбөрүүд нь хариуцагч Д.*******ийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол гэж үзэх үндэслэлгүй байх тул эдгээр нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                                                                                                ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 232 дугаар зүйлийн 232.5, 232.8-д заасныг тус тус баримтлан хариуцагч Д.*******өөс 402,339,892 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.*******д олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг болох 542,435,108 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаарзүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч С.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,881,825 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.*******өөс улсын тэмдэгтийн хураамжид 2,169,649 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.*******д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

           

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                        Б.ЦОЛМОНБААТАР