| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 2022/ШЦТ/503 |
| Дугаар | 2022/ШЦТ/503 |
| Огноо | 2022-04-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Ариунцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 2022/ШЦТ/503
2022 04 04 2022/ШЦТ/503
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Аг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.,
улсын яллагч М.А,
шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Бөөгүүд овогт Б.Э холбогдох эрүүгийн 220 600 000 1105 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Увс аймгийн Өлгий суманд 2000 оны 08 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, дөрвөд, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэг үйлдэх үедээ “Сүрлэг уул” ХХК-нд барилгын туслах ажилтай байсан, ам бүл-6, эх, 4 дүүгийн хамт, Увс аймгийн Өлгий сумын 3 дугаар баг, Хулст нуур гэх газарт бүртгэлтэй боловч, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Их Дарь-Эхийн 14 дүгээр гудамжны 526 тоотод түр оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, Бөөгүүд овогт Б.Э {РД: ОИ002......1}.
Холбогдсон хэргийн талаар:
Б.Э нь 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийтийн байранд хохирогч Н.Мөнх-Эрдэнийг “эмэгтэй хүнийг доромжилж болохгүй гэж хэллээ” гэх шалтгааны улмаас хэрүүл маргаан үүсгэж, түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж биед нь халдаж зүүн нүдний дээд зовхи, цээж, мөр, хүзүү, хэвлийд цус хуралт, зүүн нүдний дээд зовхинд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Э мэдүүлэхдээ: Хэргийн талаар нэмж ярих зүйлгүй. Хохирогчийн хохиролд 158.000 төгрөгийг төлсөн гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн үйл баримтын талаар:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 2 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Н. ийн өгсөн: ... Би 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 18 цагийн үед би найзтайгаа уулзахаар Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нийтийн байранд очсон. Намайг очиход манай найз Мөнхбат болон өөр 3 танихгүй хүн пиво уугаад сууж байсан. Тэгээд ороод нөгөө хэдтэй танилцаад бид нар пиво уусан. Удалгүй 1 залуу гарч яваад нэмээд 1 залууг авч ирсэн. Тэгээд уугаад байж байтал миний хажууд сууж байсан залуу “эмэгтэй хүнийг яачиж болно” гэх зэргээр доромжлоод байхаар нь би эмэгтэй хүнийг доромжилж болохгүй гэсэн чинь манай найз Мөнхбат болон Эрдэнэ гэх хоёр залуу над руу дайраад намайг зодсон. Тэгээд байж байгаад Мөнхбат надтай маргалдсан залуу болон эмэгтэйтэй цуг аваад явсан. Тэгээд би Эрдэнэ болон түүний найзтай үлдсэн. Тэгсэн чинь Эрдэнэ дахиад намайг зодсон. Миний толгой, нүүр хэсэг бөөр нуруу газар луу нийлээд цохисон. Одоо миний толгой өвдөж байна. Мөн миний хиймэл шүд унасан мөн бие өвдөж байна. Би гомдолтой байгаа тул шүүх эмнэлэгт үзүүлмээр байна...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Мөнхбатын өгсөн:... Би 2022 оны 02 дугаар сарын 14-ны орой өөрийн түрээслэн амьдардаг Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байрны 2 давхарын 307 тоот өрөөнд байхад миний зүс таних буюу цэргийн алба хааж байхад манай доод үеийн он жав байсан, сүүлийн 1 жил орчим байнга уулзаж нөхөрлөж байгаа Мөнх-Эрдэнэ нь надруу залгаад Нисэхэд байдаг манай он жав дээр очиж уулзья гэж хэлэхээр нь би ямар ч байсан манай гэрт хүрээд ир гэж хэлсэн. Ингээд би өөрийн хажуу өөрөө буюу 310 тоот өрөөнд байдаг Эрдэнээ гэх залуугийн өрөөнд байж байхад манай найзууд болох П.Мөнхбат, Алтанхуяг болон манай найз охин Энэрэл ирээд удаагүй байхад араас нь Мөнх-Эрдэнэ ирсэн. Тэгээд би Мөнх-Эрдэнэтэй хамт Нисэх явахаа болиод 310 тоот өрөөнд Эрдэнэ, Мөнхбат, Мөнх-Эрдэнэ, Алтанхуяг, миний найз охин Энэрэл бид зургаа юм ярьж суунгаа ойролцоогоор 2,5 литрийн 4 том пиво хуваагаад ууж байхад Мөнх-Эрдэнэ нь тэнд байсан манай найз болох П.Мөнхбаттай анх танилцаад хоорондоо юм ярьж байхдаа эрэгтэй, эмэгтэй хүний талаар яриад маргалдаад, бие биетэйгээ барилцаж авах гээд байхаар нь би Мөнх-Эрдэнийг согтсон байна унт гэж хэлээд газар ор засаж өгсөн чинь Мөнх-Эрдэнэ миний урдаас унтахгүй гэж орилоод өөдөөс дайраад, мөн тэнд байсан бүх хүмүүстэй хэрүүл маргаан хийгээд байсан ба удалгүй би орон дээр ганцаараа сууж байхад гэнэт Мөнх-Эрдэнийн дээр Эрдэнээ гарчихсан түүний нүцгэн байхад нь хүзүү хэсэг дээр нь гараараа дарчихсан байхад нь хажуу талд байсан Аптанхуяг буюу Аагий нь Эрдэнээг татаад болиулж байсан ба энэ үед би Мөнх-Эрдэнийг согтчихоод, асгараад унт гэхээр унтахгүй байна гэж уур хүрээд түрүүлж очоод унт гэж хэлээд зүүн талын шанаа хэсэгт нь 2 удаа алгадсаны дараа, дахин хэвлий хэсэгт нь буюу аймхаа хэсэг рүү нь 1 удаа өөрийн баруун гараад цохисон үед өрөөнд түр гарсан байсан найз охин Энэрэл болон найз П.Мөнхбат нар орж ирээд гэрлүүгээ явлаа гэж хэлсэн тул би гаргаж өгөхөөр гараад удалгүй, гаргаж буцаад Эрдэнээгийн өрөөнд ороход Мөнх-Эрдэнэ нь өөрийн гар утсаа Эрдэнээ болон Аптанхуягаас нэхэж байгаад сүүлдээ шууд гэрлүүгээ явлаа гээд гараад явсан тул би өрөөнд Мөнх-Эрдэнийг гар утсыг хайхад орон дээр гар утас нь байсан тул араас нь гараад зам дээр утсыг нь өгөөд, уучлалт гуйгаад зогсож байхад Мөнх-Эрдэнэ гэрлүүгээ яваад би өөрийн өрөөндөө байхад удалгүй өөрийн ээж, аав, дүүг дуудаад ээж нь надад та нар миний хүүхдийг нийлж зодсон байна, хиймэл шүд нь алга болсон байна, цагдаа дуудна гэхэд тэнд байсан Аптанхуяг цагдаа би дуудна, цагдаа бид нарыг яах ч үгүй, та нарын буруу болох байх шүү гээд миний ойлгохгүй байгаа зүйлийг ярьж байгаад цагдаа дуудсан. Миний биед хэн нэгэн халдаагүй. Харин би өөрийн найз Мөнх-Эрдэнийн баруун талын шанаа хэсэгт 2 удаа алгаж, хэвлий хэсэг буюу аймхай хэсэгт 1 удаа цохисон. Би өөр хэн нэгний биед халдсан зүйл байхгүй. Тухайн хэрүүл маргаан болохоос өмнө Н.Мөнх-Эрдэнийн биед ямар нэгэн ил харагдах гэмтэл шарх байхгүй зүгээр байсан байх, би сайн анзаараагүй. Миний мэдэхийн Н.Мөнх-Эрдэнийг Эрдэнээ нэг харсан чинь газар унагаачихсан дээр нь гараад хоолойг боосон байдалтай байхад нь татаад Алтанхуяг салгасан ба би түүнээс өмнө нь хоорондоо зодолдсон эсэх талаар хараагүй ба харин сүүлд аав ээжтэйгээ ирсэний дараа миний хүүхдийг Эрдэнээ та хоёр зодсон байна гэж хэлж байсан. Би тухайн үед Эрдэнээг цохиж байхыг хараагүй тул сайн мэдэхгүй байна. Мөн би өөрийн найз охин Энэрэл болон П.Мөнхбатыг гаргаж өгөөд буцаад ороод ирэхэд Мөнх-Эрдэнэ гарахад гайгүй байсан мөртлөө орж ирэхэд Эрдэнээтэй хэрэлдчихсэн Эрдэнээ Мөнх-Эрдэнэ рүү дайраад Алтанхуяг нь дунд нь зогсчихсон Эрдэнээг болиулж байсан ба намайг орж ирсэн чинь Алтанхуяг нь Эрдэнээг боль гээд нүүрэн тус газар нь нэг удаа цохисон чинь Эрдэнээ болчихсон ба энэ үед Мөнх-Эрдэнэ гарч явсан. Миний санаж байгаар тэр өдөр Н.Мөнх-Эрдэнэ нь бид нартай уулзахаар ирэхдээ өөрийн хиймэл шүдээ авчихсан, өөрийнх үүдэн шүд байхгүй, онгорхой харагдаж байсан боловч хэрүүл маргаан хийсэний дараа Н.Мөнх-Эрдэнэ миний шүд байхгүй байна гэж хэлээд байсан. Мөн би сүүлд нь Б.Ээс чи Мөнх-Эрдэнийн цохисон юм уу гэж асуухад нь би 2 удаа л цохисон шүү дээ гэж хэлсэн бөгөөд би өөрөө хараагүй тул үнэн худлыг нь мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8-11 дэх тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.Хүслэнгийн өгсөн:... Би 2022 оны 02 сарын 14-ний орой 21 цагийн үед Эрдэнэ гэх найзтайгаа Сансарын “Наран” гэх клубт сууж байгаад найз Эрдэнийн гэрт очсон. Гэтэл Эрдэнийн гэрт хажуу өрөөнд амьдардаг Мөнхбат /Мөнхөө гэж дууддаг/ гэх залуу 2 эрэгтэй, 1 эмэгтэй найзтайгаа пиво уугаад сууж байсан. Эрдэнэ бид хоёр тэднийг очоод пиво ууя гэж бодоод 2 сав пивотой явж байсан. Тэгээд Эрдэнийн гэрт Мөнхөө болон түүний 3 найзтай танилцаж, хамт пиво ууж суусан. Тэгтэл Б.Мөнхбатын найз Мөнхбат /Мөөгий гэж дууддаг/ гэх залуу түүний найз Мөнх-Эрдэнэ хоёр хоорондоо муудалцаж эхэлсэн ба Б.Мөнхбат нь тэр хоёрыг чимээгүй болгох гэж босож иртэл Мөнх-Эрдэнэ Мөнхөө гэх дууддаг Мөнхбат гэсэн нэртэй залууг цохих гэсэн чинь хажууд нь сууж байсан Б.Мөнхбат нь тэр хоёрыг болиулаад Мөнх-Эрдэнийг хоёр удаа нүүрэн тус алгадсан. Гэтэл Б.Мөнхбатын найз охин Энэрэл өөрийн найз залуу болох Б.Мөнхбатыг болиулсан чинь Мөнх-Эрдэнэ нилээн согтсон байсан учир Б.Мөнхбат болон мөн тэнд байсан Мөнхбат нэртэй залуу руу орилоод чинь дараа нь байрны эзэн нь ирээд “та нар орилж, шуугиад байна. Чимээгүй бол” гэж хэлсэний дараа удалгуй манай найз Эрдэнэ Мөнх-Эрдэнэ орилоод байсан тул цохих гээд түүнтэй маргалдаад заамдаж авахаар нь би Эрдэнэ татаж аваад орон дээр дээрээс нь дараад болиулсан. Тэгээд хэсэг маргалдаж байгаад Б.Мөнхбат найз охин Энэрэл болон найз Мөөгийгөө гэж дууддаг Мөнхбатыг аваад өөрсдийнхөө өрөөнд орсон дараа Мөнх-Эрдэнэ намайг нийлж зодсон ах маань цагдаа би ахыгаа дуудна гээд байхаар нь би утсаа өгөөд залгуулсан чинь ах нь утсаа аваагүй ба үүний дараа Мөнх-Эрдэнэ орилоод чимээгүй болохгүй байхаар нь би дуугай унт эсвэл яв гэж хэлсэн чинь Мөнх-Эрдэнэ намайг хөөлөө гээд гараад явсаны дараа Эрдэнэ бид хоёр хаалгаа түгжээд унтаж байтал 20 орчим минутын болоод Мөнх- Эрдэнэ аав, ээж, дүү, дүүгийнх нь нөхөртэй тавуулаа ирээд Мөнх-Эрдэнийн ээж “цагдаа дуудсан. Гараад ир” гэж хэлсэн. Тэгээд Эрдэнэ бид хоёр гараад очиход Мөнх-Эрдэнэ “миний шүдийг цохиод унагаачихлаа” гэж хэлсэн худлаа хэлээд байсан ба учир нь би анх өрөөнд байхад Мөнх-Эрдэнэд пиво хийж өгөхөд Мөнх-Эрдэнийн үүдэн нэг шүд нь байхгүй байсныг харсан тул худлаа хэлж байна гээд би өөрөө цагдаа дуудхаар 102 дугаарт дуудлага өгсөний дараа Мөнх-Эрдэнийн ээж нь “би цагдаа дуудаагүй та нарыг айлгах гэсэн юм, яах гэж цагдаа дуудаж байгаа юм” гэж хэлсэн. Харин Мөнх-Эрдэний аав нь Эрдэнэ рүү уурлаж байсан ба би юу гэж уурлаж байсныг би сонсоогүй. Учир нь би Мөнх-Эрдэнийн ээжтэй ярилцаад зогсож байсан. Миний биед хэн нэгэн халдаагүй. Би хэн нэгний биед халдсан юм байхгүй. Тухайн үед хэрүүл маргаан гарахаас өмнө Мөнх-Эрдэнийн шүд нь уначихсан байсан ба хэрүүл маргаан эхэлсэний дараа миний харсанаар Мөнх-Эрдэнийн нүүрэн тус газарт Б.Мөнхбат удаа дараа гараараа алгадсанг харсан, би өөр хэн нэгэн Мөнх- Эрдэнэд халдаж байхыг хараагүй. Тухайн өрөөнд хэн нэгний биед халдсан зүйл байхгүй, Мөнх-Эрдэнэ, Мөнхбат болон Эрдэнээ хэрүүл маргаан хийсэн болохоос өөр хэн нэгний биед халдсан зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-18 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Энэрэлийн:... Би 2022 оны 02 дугаар сарын 14-ний орой 18 цагийн үед өөрийн найз залуу болох Н.Мөнхбатын гэрт өөрийн найз болох П.Мөнхбатын хамт 18 цагийн үед очсон ба энэ үед Б.Мөнхбат нь өөрийн хажуу өрөөний хүн болох миний зүс таних Эрдэнэ гэх залуугийн өрөөнд байсан ба ороод удалгүй юм ярьж сууж байгаад бид нар хоорондоо яриалцаад пиво уухаар болсон ба миний санаж байгаагаар 1 том пиво ууж байхад манай найз залуу болох Б.Мөнхбатын он жав болох Мөнх-Эрдэнэ гэсэн нэртэй залуу ирсэн ба бид нартай цуг пиво ууж эхэлсэн ба үүнээс хойш мөн удалгүй Эрдэнийн найз болох Аагий гэж дууддаг Алтанхуяг гэх залуу орж ирээд мөн адил хамт суугаад юм ярингаа пиво ууж эхэлсэн ба миний санаж байгаагаар нилээн орой болсон байхад миний нийтийн байрны өрөө буюу Эрдэнийн өрөөнөөс найз П.Мөнхбатын хамт нойл орохоор гараад удалгүй буцаад орж ирэхэд Б.Мөнхбат нь өөрийн найз болох Мөнх-Эрдэнийн цээжин тус газарт цохиж байсан ба би хараад тэр хоёрыг больцгоо гэж хэлсэн чинь маргалдахаа больсон ба энэ үед цаана нь Эрдэнэ болон Алтанхуяг нар нь хараад сууж байсан. Тэгээд ороод удалгүй би болон П.Мөнхбат нь гэрлүүгээ явахаар болоод манай найз залуу болох Б.Мөнхбат нь бид хоёрыг гаргаж өгсөн. Миний мэдэх зүйл гэвэл намайг угаалгын өрөө ороод буцаж орж ирэхэд Б.Мөнхбат нь Мөнх-Эрдэнийн цээжин тус газарт баруун гараараа 2 удаа цохиж харагдсан ба үүнээс хойш намайг гараад явах хүртэл хэрүүл маргаан зодоон болоогүй бөгөөд би анх намайг угаалгын өрөө орох хооронд юу болсон талаар хараагүй учир мэдэхгүй байна. Миний мэдэхээр хоёр өөр ямар нэгэн хэрүүл маргаан болж, хэн нэгнийхээ биед халдсан зүйл байхгүй. Миний биед хэн нэгэн халдаагүй. Би хэн нэгний биед халдаагүй. Тухайн хэрүүл маргаан болохоос өмнө Н.Мөнх-Эрдэнийн биед ямар нэгэн ил харагдах гэмтэл шарх байгаагүй. Харин би түүнийг танихгүй бөгөөд тэр үед анх танилцаж байхад үүдэн 1 ширхэг шүд нь байхгүй, онгорхой байсанг санаж байна...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Б.Эрдэнийн өгсөн:... Би 2022 оны 02 дугаар сарын 14-ний орой өөрийн түрээслэн амьдардаг Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байрны 2 давхарын 310 тоот өрөөнд байхад манай хажуу өрөөний залуу болох Б.Мөнхбат орж ирээд удалгүй миний зүс таних Мөнх-Эрдэнэ, болон өмнө харж байгаагүй нэг эрэгтэй мөн Б.Мөнхбатын найз охин Энэрэл орж ирсэн ба удалгүй манай найз болох Х.Алтанхуяг надтай уулзахаар манай гэрт ирсэн. Ингээд бид хоорондоо танилцаад юм ярьж суунгаа пиво ууж эхлээд нилээн удаад шөнө бүгд тарах дөхсөн байхад миний нэрийг нь мэдэх Мөнх-Эрдэнэ гэх залуу нилээн согтсон байсан тул мөн тэнд байсан П.Мөнхбаттай эмэгтэй хүний талаар ярьж байгаад, сүүлдээ хоорондоо хэрэлдээд байсан тул хажууд хөрш найз болох Б.Мөнхбат ор засаж өгөөд унт гэсэн чинь унтахгүй, гарч ороод, угаалгын өрөө ороод байсан тул унт гэж хэлээд Б.Мөнхбат нь Н.Мөнх-Эрдэнийн цээжин тус газарт нь хоёр удаа цохисоны дараа би салгах гэж очоод цээж нүцгэн байсан Мөнх-Эрдэнийг заамдаж аваад түүнтэй ноцолдож эхэлсэн ба үүнээс хойш нэг мэдэхэд хажууд байсан найз Х.Алтанхуяг нь намайг татаж Мөнх-Эрдэнээс салгаж авч байсан ба би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан тул болсон зүйлийн талаар сайн санахгүй байна. Тэгээд нэг мэдэхэд П.Мөнхбат, Энэрэл нар явчихсан. Мөнх-Эрдэнэ нь манай өрөөнд гэр лүүгээ явна гэж хэлээд хувцсаа өмсөөд гараад явсан ба удалгүй Мөнх-Эрдэнэ нь ээж, ах дүүгийн хамт манай нийтийн байрны гадаа ирээд бид нарыг дуудсан ба би болон найз Алтанхуяг, Б.Мөнхбат бид гурав гараад уулзахад нь Мөнх-Эрдэнийн ээж нь манай хүүхдийг зодсон байна гэж Б.Мөнхбат бид хоёрт хандан хэлсэн ба энэ үед хажууд байсан Х.Алтанхуяг нь цагдаа дуудсан. Ингээд үүний дараа буюу маргааш нь би Х.Алтанхуягаас болсон зүйлийн талаар тодруулаад асуухад Х.Алтанхуяг нь надад би Мөнх-Эрдэнийн нүүрэн тус газар нь 2 удаа цохисон гэж хэлсэн ба би архи уучихсан байсан, мөн Мөнх-Эрдэнэ нь манай өрөөнд архи уучихаад унтахгүй, агсараад бид нарын тав тухыг алдуулаад байсан тул би тухайн үедээ дургүй байсан тул Б.Мөнхбат Мөнх-Эрдэнэ нарыг салгахаар очихдоо Мөнх-Эрдэнийг хоолой хэсгээр нь заамдаж газар ноцолдож байсан ба энэ үед цохисон байж магадгүй гэж бодож байна. Миний биед хэн нэгэн халдаагүй. Би Н.Мөнх-Эрдэнийн биед халдсан байж магадгүй, би өөрөө сайн санахгүй байна, намайг түүний нүүрэн тус газарт хоёр удаа цохисон гэж найз Х.Алтанхуяг надад хэлсэн тул би түүнд итгэж байсан. Харин би өөрөө анх Н.Мөнх-Эрдэнийг цээж нүцгэн байхад но хоолой хэсгээс нь гараараа багалзуурдаж аваад түүнтэй ноцолдож байснаа санаж байна. Би өөр хэн нэгний биед халдаагүй...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43-45 дахь тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 3046 дугаартай:
1.Н.М биед зүүн нүдний дээд зовхи, цээж, мөр, хүзүү, хэвлийд цус хуралт, зүүн нүдний дээд зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлдлээр үүсгэгдсэн байх боломжтой.
2. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой.
3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. Шинжээч эмч Б.Бх гэх дүгнэлт /хавтаст хэргийн 30-31 дэх тал/,
-Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт:
Шүүгдэгч Б.Э иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 49 дэх тал/,
-Оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 51 дэх тал/,
-Нийгмийн Даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 52 дахь тал/,
-Үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа /хавтаст хэргийн 53 дахь тал/,
-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 48 дахь тал/ зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Б.Эр- 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийтийн байранд хохирогч Н. нийг “эмэгтэй хүнийг доромжилж болохгүй гэж хэллээ” гэх шалтгааны улмаас хэрүүл маргаан үүсгэж, түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж биед нь халдаж зүүн нүдний дээд зовхи, цээж, мөр, хүзүү, хэвлийд цус хуралт, зүүн нүдний дээд зовхинд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй гэж заасан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар 5 нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр хуульчилжээ.
Шүүгдэгч Б.Эрдэнийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар болон түүнээс үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан, хохирогч нь гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн зэрэг хуульд заасан шаардлагыг хангасан байх тул Б.Эд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан: ...шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Б.Э нь 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийтийн байранд хохирогч Н.Мөнх-Эрдэнийг “эмэгтэй хүнийг доромжилж болохгүй гэж хэллээ” гэх шалтгааны улмаас хэрүүл маргаан үүсгэж, түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж биед нь халдаж зүүн нүдний дээд зовхи, цээж, мөр, хүзүү, хэвлийд цус хуралт, зүүн нүдний дээд зовхинд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 3046 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон , Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Иймд шүүгдэгч Б.Эрдэнийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Зодох гэдэг нь хүний бие махбодид халдсан байхыг ойлгох бөгөөд хүний бие махбодид халдах үйлдэл нь алгадах, цохих, түлхэх, өшиглөх зэрэг хэлбэртэй байж болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э нь гэм буруугийн санаатай хэлбэрээр бусдын эрүүл мэнд хөнгөн хохирол учруулсан байна.
Хохирогч Н. Мөнх-Эрдэнийн эрүүл мэндэд учирсан хохирол нь Б. Эрдэнийн гэм буруугийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ...бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж,
Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д ...бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж тус тус хуульчилжээ.
Хохирогч Н.Мөнх-Эрдэнэ нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд нь учирсан хохиролд баримтаар 158.000 төгрөгийг нэхэмжилсэнийг шүүгдэгч Б.Э нь бүрэн төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. /хавтаст хэргийн 61, 65 дахь тал/
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Б.Э нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Шүүгдэгч Б.Эд эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, 1.2-т заасан хохирогчид учирсан хохирлоо төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт:.. согтуурсан мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж хуульчилжээ.
Шүүгдэгч Б.Э нь энэ гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн бөгөөд согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй байна
Улсын яллагчаас шүүгдэгч Б.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин/ төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж байна.
Шүүгдэгч Б.Э нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учирсан хохирлыг төлсөн зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Э нь бусдад баримтаар төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Шүүгдэгч Б.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Бөөгүүд овогт Б.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Э-д 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Эд оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Э нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.А