Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/533

 

 

 

 

 

 

 

 

 

 

  2022        04          07                                     2022/ШЦТ/533

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дариймаа,

улсын яллагч Л.Галав /томилолтоор/,

шүүгдэгч Л.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

            Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Боржигин луу овогт Лувсанбадамын Гэрэлмаад яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 220 600 000 0639 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

            Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1969 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн, 54 настай, эмэгтэй, халх, тусгай дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ам бүл-3,  31-35 насны 2 хүүгийн хамт ... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, Б луу овогт Л.Г /РД:....../,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

            Л.Г нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархадны 56 дугаар гудамж, 781 тоот гэртээ төрсөн хүү болох Л.Н.той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний цээжин тус газар нь хутгаар хатгаж, эрүүл мэндэд нь “цээжинд хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Л.Г мэдүүлэхдээ: Хэргийн талаар нэмж ярих зүйлгүй гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Хэргийн үйл баримтын талаар:

 

Гомдол мэдээлэл, хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 5 дахь тал/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-14 дэх тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Л.На.жийн өгсөн:...Би Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархадны 56 дугаар гудамжны 781 тоотод  төрсөн эх Л.Г, төрсөн ах Л.Гансүх нарын хамт амьдардаг. 2022 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Цагаан сар”-ын шинийн нэгэн болж байсан тул төрсөн эх Л.Г, төрсөн ах Л.Гансүх бид гурав 2 шил архи уусан. Нэг нь бүтэн, нэг нь тал шил архи байсан. Архи уух явцад төрсөн эх Л.Г нь мөнгө олж ирсэнгүй, баяр болж байхад ширээ нь мах байхгүй байна гэдэг зүйлийг ярьсан ба төрсөн ах Л.Гансүх мөнгө олж, гэр орны бүх зүйлийг зохицуулж байна гэсэн. Би хариуд нь мөнгө олдохгүй байна яах ёстой юм гэж хариулсан. Энэ асуудлаас болж ээж бид хоёр маргалдаж улмаар ээжийн уур нь хүрээд миний цээжин хэсэгт хутгаар дүрсэн. Ээж намайг хутгаар дүрэх үед төрсөн ах Л.Гансүх гэрт байхгүй, ариун цэврийн өрөөнд орохоор гарсан байж магадгүй. Л.Гансүх ах орж ирээд юу болсон юм гэж асуугаад түргэн тусламж дуудсан.  Би ээжийнхээ биед гар хүрч, халдсан зүйл байхгүй. Миний биеийн байдал гайгүй байна. Би өөрийнхөө буруутай үйлдлээс буюу ээжийгээ уурлуулсан тул надад гомдол санал байхгүй... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.Га.ийн өгсөн: ...Би төрсөн эх Л.Г, төрсөн дүү Л.Нацагдорж нарын хамт Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо Шархадны 56 дугаар гудамж 781 тоотод амьдардаг. Өнөөдөр буюу 2022 оны 02 дугаар сарын 02-ны өдөр ээж, дүү бид 3 гэртээ байж байгаад 13 цагийн үед дүү Нацагдорж дэлгүүр яваад 1 шил 0,5 литрийн Монгол нэртэй архи авч ирээд, уг архийг бид гурав хувааж уучихаад байж байтал 14 цагийн үед манай ээжийн төрсөн дүү болох Болороо эгч, түүний нөхөр Цагаанаа ах, Үзмээ эгч, түүний нөхөр Баатраа ах нар манай гэрт ирж бид нар юм ярьж сууцгааж байгаад, манайд ирсэн хүмүүс 15 цагийн үед явцгаасан. Тэгтэл манай дүү Нацагдорж дахин дэлгүүр гараад 0,75 литрийн Монгол стандарт” нэртэй архи авч ирэхээр нь бид 3 сууж уусан ба тухайн архинаас би 3 удаа уучихаад гэрийн хойморт байх орон дээр хэвтэж байгаад унтсан. Намайг унтаж байтал ээж гэнэт орилох шиг болохоор нь би сэртэл дүү Нацагдорж гэрийн зүүн талын хөргөгчний хажууд сандал дээр суучихсан, хувцсаа дээш сөхтөл цээжний зүүн хэсгээс нь цус их хэмжээгээр гараад, зүсэгдсэн юм шиг ором гарчихсан байсан. Тэгэхээр нь би “Ээж дүүг хутгалчихлаа" гэж ойлгоод гарч гүйгээд ээжийн найз Цэцэгмаагийн гэрт очоод утсаар нь 17 цагийн үед 103-т “хүн хутгалуулчихлаа” гэж дуудлага өгчихөөд түргэний машин иртэл Цэцэгмаа эгчийн гэрт байж байгаад түргэний машин ирэхээр нь дагуулж яваад гэртээ очтол манай дүү Нацагдорж хөргөгчний урд хажуу тийшээ хэвтчихсэн, ээж хажууд нь шоконд орж, сандарсан байдалтай, үг ч дугарч чадахгүй зогсож байсан. Дүү Нацагдоржийг 103-ын эмч үзээд “Зүрх рүү орчихсон байж магадгүй юм шиг байна, шууд эмнэлэг авч явъя” гээд авч яваад, би дүүг түргэний машинтай дагаж яваад, ээж гэртээ цагдаа нартай үлдсэн. Архи ууж байх үед бол манай ээж Гэрэлмаа дүү Нацагдоржийг “Чи Цагаан сар болж байхад ажил төрөл хийж мөнгө төгрөг олж, тавгын идээ, бэлэг сэлт бэлдсэнгүй, ахынхаа хамаг цалингаар нь Цагаан сар хийлээ, архи ууж, өр тавихаас өөр юм хийхгүй, чи шинийн тавны өдрөөс хойш бид хоёртой хамт амьдрахгүй шүү, хашаа аваад өгсөн 500.000 төгрөгийг чинь чамд буцааж өгнө, чи тэр мөнгөөрөө байр түрээслээд амьдраарай” гэх зэргээр загнасан ба Нацагдорж тухайн үед нь өөдөөс нь буруугаа хүлээхгүйгээр “Би танай гэрт амьдраагүй, ахынхаа гэрт байна” гэх зэргээр хэрэлдээд байсан. Тэгэхээр нь би орон дээр хэвтэж байгаад унтсан. Тухайн үед би нилээн согтсон байсан. Манай ээж Гэрэлмаа нь архийг хааяа л нэг уудаг, уух үедээ тохируулаад хэрэглэдэг, өөрийгөө авч явах чадваргүй болтолоо согтож байсан удаа байхгүй байх, архи уусан байх үедээ агсан согтуу тавьдаг зан байхгүй, хэвийн байдаг. Өнөөдөр бол ээж Гэрэлмаа, дүү Нацагдорж бид гурав 1 шил 0.75 литрийн архи, 1 шил 0.5 литрийн архи уусан. Манай ээж зан байдлын хувьд бол түргэн ууртай, хүний шарыг их малтдаг, хүний дургүй хүргэсэн үг их хэлдэг, намайг хүртэл гомдоож байсан удаа зөндөө л байгаа, гэхдээ би нэг их юм боддоггүй юм. Манай дүү Нацагдорж бол архийг ер нь уучихаад байдаг, 7 хоногтоо 1 удаа бол найдвартай ууна. Архи уусан үедээ зан байдлын хувьд бол гайгүй, инээд алдаад л гүйгээд байдаг, хүнтэй хэрэлдэж муудалцаад байдаггүй, мөрөөрөө л байж байдаг, агсан согтуу тавих зан байхгүй, ээжтэй л хааяа нэг хэрэлдээд байдаг, ээж согтуу орж ирэхээр нь үгээр идээд, янз бүрээр нь хэлээд, тэгээд хоорондоо хэрэлдээд байдаг. Зан байдлын хувьд бол даруу дөлгөөн зантай, найрсаг, хүнтэй арга эвээ олоод харьцчихдаг, хар ажилд сайн. Би дүү Нацагдоржтой ямар нэгэн байдлаар хэрэлдэж муудалцаагүй. Би дүү Нацагдоржид үг хэлэхээр ер нь миний үгийг хүлээж авдаг, миний өөдөөс хэрэлдэж муудалцаад байдаггүй, бид хоёрын хооронд бол ямар нэгэн асуудал байхгүй. Манай ээж болсон асуудлын талаар надад ерөөсөө хэлээгүй, бид хоёр тэр талаар ярилцах цаг ч гараагүй. Манай гэрт 1 ширхэг шар өнгийн бариултай заазуур, 1 ширхэг шар өнгийн бариултай том хутга, 1 ширхэг хар өнгийн бариултай жижиг хутга байдаг. Хэрэг болох үед тухайн хутганууд хөргөгчин дээр хутга хийдэг саванд байсан байх, бид нар ууж байхад ширээн дээр ямар нэгэн хутга бол байгаагүй. Ээж Гэрэлмаа архи ууж байх үедээ ямар нэгэн байдлаар хутга хэрэглээгүй. Манай ээж Гэрэлмаа, дүү Нацагдорж нар хоорондоо өр авлага өс хонзонгийн асуудал байхгүй. Манай дүү Нацагдорж нь архи их уудаг, ажил хийж олсон мөнгөө тусдаа амьдардаг эхнэртээ өгчихдөг, нэг бол архи уучихдаг. Ээж тэр тал дээр уурлаад дүүд ер нь дургүй байдаг. Ээж дүүг гэртээ ямар нэгэн санхүүгийн туслалцаа үзүүлдэггүй, тус нэмэр болдоггүйд нь бас дургүй байгаад байдаг. Ээж Гэрэлмаа, дүү Нацагдорж нарын хоорондын харилцаа нь муу биш, гайгүй байдаг, гэхдээ ээжийг уурлаад үг хэлэхээр нь дүү Нацагдорж өөдөөс нь хэрэлдээд, уурлаад байдаг. Манай дүү Нацагдорж, ээж Гэрэлмаа нар нь хоорондоо урд өмнө нь ямар нэгэн байдлаар хоорондоо зодолдож цохилцох асуудал болж байгаагүй. Яахав хоорондоо хэрэлдэж муудалцах асуудал болдог байсан ч зодоон нүдээн дээрээ тулж байгаагүй. Өнөөдөр бол ээж яалтачгүй дүү рүү маш ихээр уурласан, тэвчээр нь барагдсан юм байлгүй дээ, би ингэтлээ уурлана гэж бодоогүй, ээж дүү хоёрыг хэрэлдэж байгаад больчих байх гэж бодоод нэг их юм бодолгүй хэвтэж байгаад унтаад өгсөн...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31-33 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Л.Ггийн өгсөн:... Би 2022 оны 02 дугаар сарын 02-ны өдөр буюу “Шинийн нэгэн”-ний өглөө том хүү Гансүх, бага хүү Нацагдорж нарын хамт 12 цагаас эхлэн 2 хүүтэйгээ архи хувааж уусан. Архи ууж байх явцдаа би бага хүү Нацагдоржид хандаж чи ажил хийхгүй дандаа архи ууж гэрийнхээ эд зүйлийг хулгайлдаг гээд ууралтал миний урдаас янхан, гичий минь танай гэрийг шатаана гээд хэлэхээр нь би ширээн дээр байсан хутгыг аваад айлгах гээд далайтал чаддаг юм бол намайг алчих гэхээр нь би хутгаараа Нацагдоржийн цээжинд 1 удаа хатгаж гэмтэл учруулсан. Тэгтэл цээж хэсэгнээс нь цус гараад түргэн тусламж дуудсан. Тухайн үед Нацагдорж бид хоёр согтуу байсан. Манай хүү Гансүх ажилтай гээд орон дээр унтах гээд хэвтэж байсан... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43 дахь тал/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын  09-ний өдрийн 2586 дугаартай:

1.Л.На.ржийн биед цээжинд хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Т.Сэлэнгэ гэх дүгнэлт /хавтаст хэргийн 36-37 дахь тал/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт:

 

Шүүгдэгч Л.Ггийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 45 дахь тал/,

-иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 46 дахь тал/,

-эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 44 дэх тал/ зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.

 

                             Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

            Баянзүрх дүүргийн Прокурорын газрын газраас Л.Ггийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй гэж заасан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт:...энэ хуулийн тусгай ангид  хорих ялын дээд  хэмжээг  таван  жил, түүнээс  доош  хугацаагаар оногдуулахаар  тогтоосон , эсхүл хорих  ял оногдуулахаар  заагаагүй  гэмт хэргийг  хөнгөн гэмт хэрэг гэж тус тус хуульчилсан байна.

Иймд шүүгдэгч Л.Ггийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Л.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар болон түүнээс үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан, гэмт хэргийн улмаас хохирогч Л.Нацагдорж нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэдгээ илэрхийлсэн зэрэг хуульд заасан шаардлагыг хангасан байх тул Л.Гд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Л.Г нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархадны 56 дугаар гудамж, 781 тоот гэртээ төрсөн хүү болох Л.Нацагдоржтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний цээжин тус газар нь хутгаар хатгаж, эрүүл мэндэд нь “цээжинд хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон нь хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Шүүгдэгч Л.Ггийн  гэм буруугийн  үйлдэл  нь хүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол санаатай  учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт  зааснаар шүүгдэгч Л.Г нь гэм буруугийн санаатай хэлбэрээр бусдын эрүүл мэнд хөнгөн хохирол учруулсан байна.

 

  Хохирогч Л.Нацагдоржийн эрүүл мэндэд учирсан хохирол нь  Л.Ггийн гэм буруугийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

 

2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр баталсан Монгол улсын Гэр Бүлийн Хүчирхийлэлтэй Тэмцэх тухай Хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т: “...тусдаа амьдарч байгаа төрүүлсэн, үрчлэн авсан хүүхэд, төрсөн, үрчлэн авсан эцэг, эх, ах, эгч, дүү...” гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд хамаарна гэж хуульчилжээ.

 

  Шүүгдэгч Л.Ггийн үйлдсэн гэмт хэргийн хохирогч  Л.Н.ж  нь  түүний  төрсөн   хүү болох нь  тэдгээрийн мэдүүлэгүүдээр  тогтоогджээ.

 

 Шүүгдэгч  Л.Гг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж,  хүний  эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

        Иймд шүүгдэгч Л.Ггийн гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  зүйлчлэн  яллах дүгнэлт  үйлдэн ирүүлсэн    нь хуульзүйн үндэслэлтэй  ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан  гэр бүлийн хүчирхийлэл  үйлдэж   хүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол  учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  2.5  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: ... энэ хуулийн тусгай ангид заасан  гэмт хэргийн улмаас  хүний амь нас,  эрүүл мэнд,  эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон  үндэсний эрх  ашиг сонирол, аюулгүй байдалд  шууд учирсан үр дагаврыг  гэмт хэргийн  хохиролд тооцно гэж,

        Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ...бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж,

 

      Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д ...бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж тус тус хуульчилжээ.

 

Хохирогч Л.На.ж нь гомдолгүй гэдгээ илэрхийлсэн байна. /хавтаст хэргийн 88 дахь тал/

 

Хохирогч Л.Н.ж нь хавтаст хэрэгт гэм хорын хохирлын талаархи нотлох баримт ирүүлээгүй тул шүүгдэгч Л.Гг баримтаар бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хохирогч Л.Нацагдорж нь энэ гэмт үйлдлийн улмаас гарсан гэм хорын хохирлоо холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан ...  гэм буруугийн зарчмын дагуу шүүгдэгч Л.Г нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт: ... Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино  гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

 

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Шүүгдэгч Л.Гд эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт:..  согтуурсан мансуурсан үедээ  гэмт хэрэг үйлдсэн  бол  эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй  гэж хуульчилжээ.

 Шүүгдэгч Л.Г нь энэ гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн бөгөөд согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй байна

 

Улсын яллагчаас шүүгдэгч Л.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 500 /таван зуун мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж байна.

 

Шүүгдэгч Л.Г нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

 

       Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Л.Г нь бусдад  баримтаар төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Шүүгдэгч Л.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1,  38.1   дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:                             

 

1. овогт Лн Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан  гэр бүлийн хүчирхийлэл  үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т  зааснаар Луын Гд 500 /таван зуун мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Л.Гд оногдуулсан 500 /таван зуун мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Л.Г нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ч.АЛТАНЦЭЦЭГ