Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/580

 

 

 

 

 

 

 

 

 

 

  2022        04          18                                     2022/ШЦТ/580

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Д.Хонгорзул,

улсын яллагч М.Эрдэнэзаяа,

шүүгдэгч С.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

            Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Ж овогт С.Ц яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 220 600 442 1221 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

            Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1983 оны 07 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ ., ам бүл-4,  эхнэр, 2 хүүхдийн хамт . 01 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, Г овогт С.Ц /РД:Ч............/,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

            С.Ц нь 2021 оны 12 дугаар сарын 25-ны шөнө 03 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Төгөл хус хотхоны 13-2 тоот гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч С.Н “ажлын газрын хүн рүү утсаар ярьж уурласан” гэх шалтгаанаар маргалдан, улмаар гараар алгадах, цохих үйлдлээр биед нь зүүн хацар, шанаа, доод эрүүний цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч С.Ц мэдүүлэхдээ: Хэргийн талаар нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Хэргийн үйл баримтын талаар:

 

Гомдол мэдээлэл, хүлээн авсан тухай тэмдэглэл, дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 4-5 дахь тал/,

Аюулын зэргийн үнэлгээ /хх-ийн 7 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Н-ын өгсөн:... Би Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо “Төгөл хус” хотхоны 13-02 тоотод  нөхөр С.Ц, 2 хүүхдийн хамтаар оршин суудаг. 2021 оны 12 дугаар сарын 25-ны шөнө 00 цаг болж байхад би нөхрийнхөө 99424761 дугаар луу залгаад “Чи хэзээ ирэх юм бэ?, хаана хэнтэй байгаа юм бэ?” гэж асуусан. Тэгсэн нөхөр би хаана байгаагаа мэдэхгүй байна чамд хэнтэй байх нь хамаагүй гэж хэлээд ажлынхаа эмэгтэй хүнд гар утсаа өгсөн. Тэр эмэгтэйгээс нь би “та нар хаана байгаа юм бэ? хэзээ баяр чинь дуусах юм бэ” гэж асуухад нөгөө эмэгтэй би мэдэхгүй байна, энд нэг газар яваад байна” гэж хэлээд усаа салгасан. Би нөхрийнхөө утас руу 00:30-01 цаг хүртэл олон удаа залгахад нөгөө эмэгтэй утас аваад “бид нар хаана байгаагаа мэдэхгүй байна” гээд байсан. би хамгийн сүүлд нөгөө эмэгтэй хүнтэй ярьж хэлэхдээ “та нар хаана байгаагаа яагаад мэддэггүй юм наад хүн чинь согтуу бол эртхэн хэлээч дээ” гээд орилчихсон. Манай нөхөр шөнийн 2 цагийн орчимд намайг унтаж байхад гаднаас орж ирээд надад хэлэхдээ “чи манай ажлын хүүхэн рүү орилдог хэн бэ” гэж хэлээд миний зүүн хацар руу гараараа 2 удаа шанаадсан. Тухайн үед хүүхдүүд унтаж байхаар нь би чимээгүй өнгөрөөгөөд амарсан. Маргааш өглөө нь би царайгаа толинд харсан чинь С.Цын цохисон газар хөхөрч хавдсан байсан... гэх мэдүүлэг /хх-ийн13-14 дэх тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр С.Цын өгсөн:...Өглөө босоход Наранцацралт намайг цохисон гэж хэлж байсан. Би юу болсон талаараа санахгүй байгаа юм. Тухайн орой үйл ажиллагаанд орж байхад байн байн залгаад хэзээ харих талаар асуугаад байсан. Маргааш өглөө нь манай хүн ярихдаа ажлын хүн чинь утсыг чинь авахаар нь би орилсон. Тэгээд чи орой ирээд ориллоо гээд намайг алгадсан гэж хэлж байсан. Тэрнээс биш би юу болсон талаар санахгүй байна. Би цохиж зодсон гэдгээ санахгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 16 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар С.Цын өгсөн:...Өмнөх мэдүүлэгт өгсөн одоо болсон зүйлийг санахгүй байгаа тул ярих шаардлага байхгүй. Би зүгээр байгаа хүн рүү очоод шанаадаад байдаггүй, тогтоол дээр унтаж байхад нь шанаадсан гэсэн байсан. Гар хөлөө угаагаад хувцас хунараа эвхээд унтсан өөр зүйл болоогүй. С.Наранцацралд эмчилгээний зардал ойр зуурын төлбөр мөнгийг хамт амьдардаг болохоор өгч байсан... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39 дэх тал/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын  30-ний өдрийн 917 дугаартай:

 1. С.Н-ын биед зүүн хацар, шанаа, доод эрүү, баруун бугаланд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх зүүн хацар, шанаа, доод эрүүний цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Дээрх зүүн хацар, шанаа, доод эрүүний цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой. Харин баруун бугалгын цус хуралт гэмтэл нь үзүүлсэн өдрөөс 5-7 хоногийн өмнө учирсан байх боломжтой.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. Шинжээч эмч Б.Баяртогтох гэх дүгнэлт /хх-ийн 17-18 дахь тал/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт:

 

Шүүгдэгч С.Цын иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 22 дахь тал/,

-Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 23 дахь тал/,

-Нийгмийн даатгалын шимтгэлийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 24 дэх тал/,

-Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 27 дахь тал/,

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 30 дахь тал/ зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:                      

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

            Баянзүрх дүүргийн Прокурорын газрын газраас С.Цын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй гэж заасан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр,

Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт:...энэ хуулийн тусгай ангид  хорих ялын дээд  хэмжээг  таван  жил, түүнээс  доош  хугацаагаар оногдуулахаар  тогтоосон , эсхүл хорих  ял оногдуулахаар  заагаагүй  гэмт хэргийг  хөнгөн гэмт хэрэг гэж тус тус хуульчилсан байна.

Иймд шүүгдэгч С.Цын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Ц нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар болон түүнээс үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан, гэмт хэргийн улмаас хохирогч С.Наранцацралт нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэдгээ илэрхийлсэн зэрэг хуульд заасан шаардлагыг хангасан байх тул С.Цт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

С.Ц нь 2021 оны 12 дугаар сарын 25-ны шөнө 03 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Төгөл хус хотхоны 13-2 тоот гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч С.Наранцацралттай “ажлын газрын хүн рүү утсаар ярьж уурласан” гэх шалтгаанаар маргалдан, улмаар гараар алгадах, цохих үйлдлээр биед нь зүүн хацар, шанаа, доод эрүүний цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон нь хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Шүүгдэгч С.Цын гэм буруугийн  үйлдэл  нь хүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол санаатай  учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт  зааснаар шүүгдэгч С.Ц нь гэм буруугийн санаатай хэлбэрээр бусдын эрүүл мэнд хөнгөн хохирол учруулсан байна.

 

  Хохирогч С.Наранцацралтын эрүүл мэндэд учирсан хохирол нь  С.Цын гэм буруугийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

 

2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр баталсан Монгол улсын Гэр Бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дүгээр зүйлд: ...эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтанд байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд,

 

3.1.2.тусдаа амьдарч байгаа төрүүлсэн, үрчлэн авсан хүүхэд, төрсөн, үрчлэн авсан эцэг, эх, ах, эгч, дүү,

3.2.Энэ хуулийн зохицуулалтад гэрлэлтээ цуцлуулсан эхнэр, нөхөр, хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан, дундаасаа хүүхэдтэй этгээд нэгэн адил хамаарна гэж тус тус хуульчилжээ.

  Шүүгдэгч С.Цын үйлдсэн гэмт хэргийн хохирогч  С.Н-т  нь  түүний  хамтран амьдрагч болох нь  тэдгээрийн мэдүүлэгүүдээр  тогтоогджээ.

 

 Шүүгдэгч  С.Цыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний  эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

        Иймд шүүгдэгч С.Цын гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  зүйлчлэн  яллах дүгнэлт  үйлдэн ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй  ба хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл  үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  2.5  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: ... энэ хуулийн тусгай ангид заасан  гэмт хэргийн улмаас  хүний амь нас,  эрүүл мэнд,  эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон  үндэсний эрх  ашиг сонирол, аюулгүй байдалд  шууд учирсан үр дагаврыг  гэмт хэргийн  хохиролд тооцно гэж,

        Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ...бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж,

 

      Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д ...бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж тус тус хуульчилжээ.

 

Хохирогч С.Н нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээр бичгээр илэрхийлсэн байна. /хавтаст хэргийн 42 дахь тал/

 

Хохирогч С.Н-т нь хавтаст хэрэгт гэм хорын хохирлын талаархи нотлох баримт ирүүлээгүй тул шүүгдэгч С.Ц баримтаар бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хохирогч С.Н-т нь энэ гэмт үйлдлийн улмаас гарсан гэм хорын хохирлоо холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан ...  гэм буруугийн зарчмын дагуу шүүгдэгч С.Ц нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт: ... Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино  гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

 

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Шүүгдэгч С.Цт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт:..  согтуурсан мансуурсан үедээ  гэмт хэрэг үйлдсэн  бол  эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй  гэж хуульчилжээ.

 Шүүгдэгч С.Ц нь энэ гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн бөгөөд согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй байна.

 

Улсын яллагчаас шүүгдэгч С.Цт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 450 /дөрвөн зуун тавин мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулах,

  

Мөн  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Цт оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчинтөгөлдөр болмогц 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг тус тус  гаргаж байна.

 

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийн 15 дугаар зүйлийн  15.2-т: ...  хүсэлт гомдлыг  хэрэг хянан шийдвэрлэх ажиллаганы аль үед  гаргаж болно гэж,  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийн 15 .4 дүгээр зүйлийн  1 дэх  хэсэгт : хуульд заасан журмын дагуу  гаргасан хүсэлт нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  ажиллагааны явцад  оролцогч, бусад оролцогч, хуулийн этгээдийн эрх , хууль ёсны ашиг сонирхолыг  хамгаалахад ач холбогдолтой бол бүрэн  эсхүл  хэсэгчлэн хангах, эсхүл хангахаас татгалзах тухай шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргана гэж,

Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-т шийтгүүлсэн этгээд хууль, эсхүл торгох шийтгэл оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор, хэрэв хуульд зааснаар торгуулийг хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосон бол тогтоосон хугацаанд торгуулийг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй гэж тус тус хуульчилжээ.

 

 Шүүхийн шатанд  улсын яллагчаас  С. Цэ-т оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчинтөгөлдөр болмогц 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг  хүлээн авах  үндэсгүй байна.

 

 Шүүгдэгч С.Ц нь  ажил хөдөлмөр  эрхлэдэг, цалин  орлоготой байх   тул  шүүхээс  оногдуулсан торгуулийн ялыг хэсэгчлэн төлүүлэхээр  хугацааг тогтоох шаардлагагүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч С.Ц нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

 

       Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.Ц нь бусдад  баримтаар төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

 

Шүүгдэгч С.Цт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1,  38.1   дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Ж овогт С.Ц Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан  гэр бүлийн хүчирхийлэл  үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т  зааснаар С.Ц-г 450 /дөрвөн зуун тавин мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3 . Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар С.Цт оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

4. Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-т зааснаар шийтгүүлсэн этгээд хууль, эсхүл торгох шийтгэл оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор, хэрэв хуульд зааснаар торгуулийг хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосон бол тогтоосон хугацаанд торгуулийг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй болохыг С.Цт мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийн 15.4 дүгээр зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар С.Цт  оногдуулсан  торгуулийн ялыг хэсэгчлэн төлүүлэх талаар гаргасан улсын яллагчийн саналыг хангахаас татгалзсугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, С.Ц нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

          7. Хохирогч С.Наранцацралт нь энэ гэмт үйлдлийн улмаас гарсан гэм хорын хохирлоо холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол С.Цт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ч.АЛТАНЦЭЦЭГ