| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2022/0566/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/584 |
| Огноо | 2022-04-18 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Н.Ганчимэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 2022/ШЦТ/584
2022 04 18 2022/ШЦТ/584
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дариймаа,
улсын яллагч Н.Ганчимэг,
шүүгдэгч М.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б овогт М.М-д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 220 600 000 0787 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 2000 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн, 22 настай, эмэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэг үйлдэх үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ам бүл-3, 2 хүүхдийн хамт ... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, Б овогт М.М /РД: ....../,
Холбогдсон хэргийн талаар:
М.М нь 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 20:00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, нийтийн байрны 1-24 тоотоос “ВВ” ХХК-ийн борлуулалтын орлого болох 730.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанд шүүгдэгч М.М мэдүүлэхдээ: Би 02 дугаар сарын 08-ны өдрийн 20 цагт Сүхээ ах дээр очсон. Бид хоёр хамтдаа Сүхээ ахын тухайн өдрийн орлогыг нь тоолсон. Би 2021 оны 07 дугаар сард Баянаа гэх хүнээс 1.000.000 төгрөгийг зээлсэн байсан бөгөөд түүнээс 600.000 гаруй төгрөгийг өгөөгүй байсан. Тухайн хүн намайг мөнгөө өгөхгүй бол цагдаад өгнө гэж хэлсэн тул Сүхээ ахын орлогын мөнгөнөөс авсан гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн үйл баримтын талаар:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, хүлээн авсан тухай тэмдэглэл, /хх-ийн 11 дэх тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Сын өгсөн:...Би “ВВ” ХХК-д түгээгч ажилтай. 2022 оны 2 дугаар сарын 08-ны өдөр ...Мөнхмаа гэх эмэгтэй залгаад утсаа ломбардаас авах гэсэн юм, мөнгө байна уу гэхээр нь би Мөнхмаагийн “ХААН” банкны дансанд 30,000 төгрөг шилжүүлсэн. Удалгүй над руу залгаад “би танайд очоод хонож болох уу, гэрийнхэнтэйгээ муудалцсан байгаа” гэхээр нь “би хонож болно” гэж хэлсэн. Би ажпаа тараад 12-ын буудлаас Мөнхмааг аваад бид хоёр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, нийтийн байрны 1-24 тоотод 20:00 цагийн орчимд очсон. Бид хоёр хоол хийж идээд хөзөр тоглосон. Дараа нь миний бараа борлуулсан компанийн мөнгийг тоолоод би мөнгөө зарсан бараатайгаа тулгаад тэмдэглэлийн дэвтэр дээр бичсэн. Мөнгөө цүнхэнд хийгээд буйдангийн хажууд тавьсан. Мөнхмаа намайг дэлгүүр яваад ариун цэврийн хэрэглэл, пиво аваад ир гэхээр нь би гараад дэлгүүр ороод буцаад гэр рүүгээ явж байсан чинь Мөнхмаа над руу залгаад би явахаар болчихлоо, хүүхдийн бие муудаад байна, та намайг унаанд суулгаад өгөөч” гэсэн. за за гэж хэлээд гэр рүү ороод дэлгүүрээс авсан юмаа тавиад буцаж гараад Мөнхмааг таксинд суулгаж өгөөд буцаад гэртээ ирээд мөнгөө тоолсон 730,000 төгрөг алга болсон байсан. Мөнхмаа бид хоёрын хооронд өр зээл байхгүй, би Мөнхмааг мөнгө ав гэж хэлээгүй. Бид хоёроос өөр хүн байгаагүй. Надад бараа зарсан борлуулалтын 4,960,750 төгрөг байсан. Би Мөнхмаатай тоолоод цүнхэнд хийсэн. Компанийн мөнгө байсан.... Мөнхмаатай урьд 100 айл дээр цуг ажил хийдэг байх үед танилцсан, 2 жил болж байна, энэ хугацаанд хааяа утсаар ярьдаг байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 -р тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Гантөмөрийн өгсөн:...Би “ВВ” ХХК-д нягтлангийн ажил хийдэг. Миний ажил түгээгч жолооч нартай тооцоо хийх ёстой байдаг. Сүхбат гэдэг хүн нь манай компанид түгээлтийн жолоочийн албан тушаалд ажилладаг. Байгууллагын няраваас бараа хүлээж аваад аж ахуйн нэгж, байгууллагуудад захиалгын дагуу барааг нь тарааж мөнгийг нь аваад надтай ирж тооцоо хийдэг юм. Түгээлтийн жолооч нар өглөөнөөс орой хүртэл бараа тараадаг учраас өдөр тараасан барааныхаа тооцоог маргааш өглөө нь надтай тооцоо хийх ёстой байдаг юм. 2022 оны 2 дугаар сарын 09-ний өдөр Сүхбат надтай тооцоо хийсэн. Тэр өдөр Сүхбат нийт 4.096.750 төгрөгийн бараа тараасан. Надад 4.096.750 төгрөгийг тушаах ёстой байснаас 3.366.750 төгрөгийг тушаасан. 730.000 төгрөг дутсан. Энэ мөнгөө яасан бэ гэхэд өчигдөр орой буюу 2022 оны 2 дугаар сарын 08-ны өдөр гэрээсээ алдсан, мөнгө авсан хүнээ цагдаад өгсөн байгаа гэж хэлсэн. Сүхбат нь сүүлийн нэг жилийн хугацаанд ажиллаж байна. Ажиллах хугацаандаа ямар нэгэн мөнгө дутаах, завших зэрэг асуудал гаргаж байгаагүй, архи дарс уудаггүй сайн ажилтан байгаа юм... гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 -р тал /,
“ВВ” ХХК-ийн 2022 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн бэлэн мөнгөний гүйлгээний тайлан /хх-ийн 16 -р тал /,
-Б.Сын борлуулалтын орлогыг тооцсон тэмдэглэл /хх-ийн 18-р тал /,
-88877759 дугаарын утаснаас М.Мгийн илгээсэн зурвас /хх-ийн 17-р тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар М.Мгийн өгсөн:...2022 оны 2 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ягаан өнгийн нийтийн байранд 20:00 цагийн орчимд Сүхбатын гэрт очсон. Бид хоёр юм яриад хөзөр тоглоод /н борлуулалтын мөнгийг цэгцлээд тоолоод хар цүнхэнд хийгээд орны урьд тавьсан. 4.500.000 орчим төгрөг байсан. Хэсэг хугацаа өнгөрсний дараа Бат пиво аваад ирээ гэж хэлээд гэрээс гарсан. Тэр үед би хар цүнхтэй мөнгөнөөс сугалж аваад гэрээс нь гараад явсан. Би сүүлд авсан мөнгөө тоолоход 730,000 төгрөг байсан. Мөнгийг нь авч гараад би Сүхбатын 80541215 дугаарын утсанд өөрийн ......дугаараас “уучлаарай ах аа, дүү нь мөнгөнөөс чинь авсан шүү, маргааш буцааж өгнө” гэж мессеж бичсэн. ...миний мөнгө өгөх ёстой Оюунаа гэх эмэгтэй надаас мөнгөө нэхээд байсан болохоор Сүхбатын мөнгөнөөс хэлэлгүй авсан. ...би Сүхбатын мөнгөнөөс зөвшөөрөлгүй нууцаар авсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 6-7 –р тал/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт:
Шүүгдэгч М.Мгийн оршин суугаа газрын ам бүлийн тодорхойлолт //хавтаст хэргийн 38 дахь тал/,
-Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 39 дэх тал/,
-Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 40 дэх тал/,
- Үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа /хавтаст хэргийн 41 дэх тал/,
- Үл хөдлөх хөрөнгийн жагсаалт /хавтаст хэргийн 42 дахь тал/,
- Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 43 дахь тал/,
Шүүгдэгч М.Мгийн охин Амар-Үжина 2021оны 04 дүгээр сарын 16-нд төрсөн, охин Мөнхмаагийн Чамин-Эрдэнэ 2019оны 07 дугаарсарын 31-нд төрсөн талаар хүүхдийн төрсни гэрчилгээ / хх-н 49-50-ртал/
-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 44 дэх тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийн хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Баянзүрх дүүргийн Прокурорын газрын газраас М.Мгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг бөгөөд гэмт хэргийн улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан байхыг шаарддаг.
М.М нь 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 20:00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, нийтийн байрны 1-24 тоотоос “ВВ” ХХК-ийн борлуулалтын орлого болох 730.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах буюу хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Иймд шүүгдэгч М.Мгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: ... энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний эрх ашиг сонирол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ...бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж,
Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д ...бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх, /адил нэр төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөгийг засах зэргээр/ буюу учруулсан хохирлыг мөнгөөөр нөхөн төлнө гэж тус тус хуульчлан тогтоосон бөгөөд шүүгдэгч М.М нь хохирогч Б.Сад учирсан хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй юм.
Хохирогч Б.С нь энэ хэргийн учир өөрт учирсан гэм хорын хохиролд баримтаар 730.000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч М.М нь дээрх нэхэмжлэлийн дагуу хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан баримт хавтаст хэрэгт авагдаагүй байх тул шүүгдэгч М.Мгаас баримтаар нэхэмжилсэн 730.000 төгрөгийн хохирлыг гаргуулж хохирогч Б.Сад олгуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч М.М нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлах боломжтой байсан бөгөөд тухайн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан зэргээс үзэхэд энэ гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч М.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагчаас шүүгдэгч М.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 /долоон / сарын хугацаагаар хорих ял оногдуулж, бага насны 2 хүүхэдтэй , нэг хүүхэд нь байнгын асаргаа шаардлагатай болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулахад татгалзахгүй гэх саналыг гаргаж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт:... шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүн, жирэмсэн эмэгтэй,, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх,ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хшртэл хугацаагаар хойшлуулж болно. Энэ хугацаанд ялтанд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хяналт тавина гэж,
Мөн хуулийн 2 дахь хэсэгт: ... ялтан хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэх шүүгчийн захирамж гаргана гэж,
Мөн хуулийн 3 дахь хэсэгт: ... шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд уг этгээд санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх түүнд энэ хуулийн 6.9, дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулна гэж тус тус хуульчилжээ.
Шүүхээс М.Мгийн гэмт хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэгтний хувийн байдал буюу бага насны 2 хүүхэдтэй, өрх толгойлсон эх, эрхэлсэн тодорхой ажил, тодорхой орлогогүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа, 2021 оны 04 дүгээр сарын 16-нд төрсөн, охин Амар-Үжина байнгын асрамж , асаргаа шаардлагатай зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Мд 7 /долоон/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.
Шүүгдэгч М.М нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч М.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Б овогт М.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Мг 7 /долоон / сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар М.Мд оногдуулсан 7 /долоон / сарын хугацаагаар хорих ял хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Мд 7 /долоон /сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулж, энэ хугацаанд хяналт тавихыг Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 2. 3 дахь хэсэгт зааснаар М.М нь хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэх, мөн шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх түүнд энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулахыг тус тус сануулсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар ...тоотод оршин суух М.Мгаас /РД:...../ 730.000 /долоон зуун гучин мянган/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.С-д /РД:...../ олгосугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, М.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол М.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ