Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/38

 

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,

Улсын яллагч О.Батнасан,

Шүүгдэгч Ц.Г,

Нарийн бичгийн дарга А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Ц-ийн Г холбогдох 2228000000046 тоот эрүүгийн хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт: Б овгийн Ц-ийн Г, ..................

Шүүгдэгч Ц.Г нь согтуугаар 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 2 дугаар баг .................... тоотод Цагдаагийн алба хаагч А.Н-г албан үүргээ биелүүлэхтэй холбогдуулан толгойн тус газарт духаараа мөргөж хүч хэрэглэн эсэргүүцсэн, цагдаагийн алба хаагч А.Н-г ажил албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулж хүч хэрэглэн эсэргүүцэх явцдаа хамрын таславчийн мурийлт, хугарал гэмтэл бүхий эрүүл мэндэд  хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Ц.Г-г яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв учир мэдүүлэг өгөхгүй гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Н мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 17 цаг 20 минутад жижүүрийн шуурхай албаны утас болох 7053102 дугаарын утсанд 2 хүн зодолдоод байна гэсэн дуудлага мэдээллийн дагуу .................... тоотод жолооч ахлах ахлагч Бийн хамт очих уг хашаанд нэг байшин байсан. Байшингийн хажууд 2 эрэгтэй 1 эмэгтэй хүн зогсож байсан. Намайг хараад нэг залуу нь байшин руугаа ороод явчихаар нь би араас нь гэрт нь ороод цагдаагийн газар руу хамт явъя гэж хэлэхэд та нар намайг авч явдаг хэн бэ чам шиг бацаан намайг авч явдаггүй юм гэж хэлэхээр нь би цагдаагийн газар очоод жижүүрийн мөрдөгчтэй уулзах хэрэгтэй байна гэж хэлсэн. Нөгөө залуу хувцсаа өмсөөд миний урд гараад байшингаа гарсан. Байшингаас гараад машин руу алхаж байхдаа гэнэт гадаа зогсоод над руу харж байгаад та нар яагаад намайг авч явах гээд байгаа юм би гэртээ амаръя пиздаануудаа гэхээр нь би цагдаагийн газар очоод асуудлаа шийд гэсэн чинь миний өөдөөс духаараа нэг удаа мөргөсөн. Би нөгөө залууг цагдаа руу явна гэж хэлээд шууд машиндаа суулгасан, бас тэр залуутай маргалдсан гэх нөгөө залууг нь бас хамт цагдаа дээр авч ирсэн. Тэр хоёр залууг эрүүлжүүлсэн. Дараа нь миний хамар толинд харахад мурийгаад хавдсан байхаар нь жижүүрийн мөрдөгчдөө болсон зүйлийг хэлээд Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн хамар хоолойн эмчид очиж үзүүлэхэд миний хамарны яс нь хугарсан байна гэж хэлсэн... Надад эмчилгээний төлбөр болох 1.500.000 төгрөг өгсөн. Би эмчилгээгээ хийлгэсэн. Одоо надад санал хүсэлт гомдол байхгүй.” /хавтаст хэргийн 10, 13 дахь тал/

Гэрч Б.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “Би 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр томилгоот жижүүрийн үүрэг гүйцэтгэсэн. Тухайн үед жижүүрийн тусгай дугаар болох 7053102 дугаарын утсанд .................... тоотод 2 хүн маргалдаад байна гэж мэдээлэл ирсний дагуу дэд ахлагч Н-гийн хамт дуудлагад очиход иргэн Г-д дэд ахлагч Н хууль ёсны шаардлага тавих явцад шаардлага биелүүлэлгүй Н-гийн хамар руу толгойгоороо мөргөж эсэргүүцэл үзүүлсэн. Тухайн үед хажууд Г-гийн эхнэр болон хамт архи уусан гэх найз нь байсан. Н бид хоёр Г-г хууль ёсны шаардлага биелүүлээгүй гээд цагдаагийн газар авч ирж эрүүлжүүлсэн. Г архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуу байсан.” /хавтаст хэргийн 15 дахь тал/

Гэрч У.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “Би 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 15 цагт ажил буюу .................... тоотод ирсэн чинь манай нөхөр Г найзтайгаа хамт хашаан дотор архи уучихсан бололтой байсан. Машин дотор Г-гийн найз Т нь байсан чинь Г гэрээс гарч ирээд чи машинаас буу яв гэж хэлсэн чинь Т буухгүй хоорондоо маргалдаад байх шиг байхаар нь би цагдаад дуудлага өгсөн. Цагдаа ирсэн чинь Г гэртээ ороод үүдээ цоожилчихсон. Тэгсэн чинь нэг цагдаа нь манай гэрийн цонхоор ороод гэрээс Г-г аваад гараад ирсэн. Хашаанд байсан Т-г хамт аваад хажуунаас нь эрээн хувцастай цагдаа гарч ирээд машин руугаа тэр 4 алхаж ороод хөдөлсөн. Би ажил дээрээ үлдсэн. Орой нь цагдаагаас залгаад намайг цагдаа дээр ир гэхээр нь цагдаа дээр очсон. Тэгсэн чинь манайд ирсэн цагдаа залуу танай нөхрийг аваад явж байхад миний хамрыг мөргөсөн гэж хэлсэн. /хавтаст хэргийн 21 дэх тал/

Гэрч Ц.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “Тухайн өдөр Г гэж хүн үлээхээс татгалзаж цагдаагийн алба хаагчийн бие эрх чөлөөнд халдсан гэх зөрчлөөр эрүүлжүүлэхэд орсон. Г-гийн биед эрүүл мэндийн үзлэг хийж хүлээж авахад биеийн баруун талын бөөр хэсэгт 3*4 см хэмжээтэй улайлт үүссэн байсан, бас цээжид 1-2 см хэмжээтэй улайлт үүссэн байсан, хамар нь улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байсан.” /хавтаст хэргийн 25 дахь тал/

Гэрч Б.Т мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр намайг гэртээ байхад өглөө 10 цагийн үед Г гаднаас машинтайгаа ирэхээр нь би хамт гэрээс гарч бид хоёр дэлгүүр ороод 2 шил Экс нэртэй 0,75 литрийн архи аваад ажлын газар болон .................... тоотод очиж авсан архиа уусан. Өдөр 14 цагийн үед Г-гийн эхнэр Б гаднаас орж ирээд бид хоёрыг архи уусан байна гээд цагдаад дуудлага өгсөн. Тухайн үед бид хоёр согтуу хоорондоо маргалдаж байсан. Гэхдээ цагдаа ирэх үед бид хоёр маргалдахаа больсон байсан. Тэрнээс хойш юу болсныг санахгүй байна, орой гэртээ унтаж байгаад сэрсэн.” /хавтаст хэргийн 27 дахь тал/

Шүүгдэгч Ц.Г мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “Би гэрчийн мэдүүлэгт бүгдийг ярьсан, нэмж ярих зүйл байхгүй. А.Н-д учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан. Эмчилгээний төлбөрт нийт 1.500.000 төгрөг орно гэсний дагуу би эмчилгээний төлбөрт нийт 1.500.000 төгрөг шилжүүлсэн. Баримтаа хэргийн материалд хавсаргахаар өгсөн байгаа.” /хавтаст хэргийн 39 дэх тал/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 124 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...А.Н-гийн биед хамрын таславчийн мурийлт, хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. А.Н-гийн биед учирсан гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвал алдалтанд нөлөөлөхгүй. А.Н-гийн биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” /хавтаст хэргийн 30-31 дэх тал/,       

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 04 дэх тал/          

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 58 дахь тал/             

Иргэний үнэмлэхийн хуулбар /хавтаст хэргийн 40 дэх тал/ 

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар багийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 273 дугаартай тодорхойлолт /хавтаст хэргийн 41 дэх тал/           

Хохирол төлбөр барагдуулсан баримт /хавтаст хэргийн 44-45 дахь тал/

Бакалаврын дипломын хуулбар /хавтаст хэргийн 46-47 дахь тал/

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 110 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 59-62 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Өмнөговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Г-г согтуугаар 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 2 дугаар баг .................... тоотод Цагдаагийн алба хаагч А.Н-г албан үүргээ биелүүлэхтэй  холбогдуулан толгойн тус газарт  духаараа мөргөж хүч хэрэглэн эсэргүүцсэн, цагдаагийн алба хаагч А.Н-г ажил, албан үүргээ биелүүлэхтэй  холбогдуулж, хүч хэрэглэн эсэргүүцэх явцдаа хамрын таславчийн мурийлт, хугарал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж  яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангид нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл:

Шүүгдэгч Ц.Г нь согтуугаар 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр .................... тоотод найз болох Б.Т-тай маргалдаж улмаар эхнэр У.Б цагдаагийн байгууллагад  дуудлага, мэдээлэл өгсний дагуу  шуурхай жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагч хохирогч А.Н албан үүргээ биелүүлж “...цагдаагийн газар руу хамт явъя, жижүүрийн мөрдөгчтэй уулзах хэрэгтэй байна...” гэсэн шаардлагыг эсэргүүцэн  бие эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хоёр гэмт хэргийн шинжийг хангасан санаатай үйлдэл бөгөөд мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх хүндрүүлэх нөхцөл байдалд хамаарахгүй гэж дүгнэж хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн.           

Шүүгдэгч Ц.Г нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан хэд хэдэн гэмт хэргийг буюу хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан эсэргүүцсэн, мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулсан хэд хэдэн гэмт хэргийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байх тул хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь:     

Цагдаагийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт “Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилсан сэргийлэх, таслан зогсоох,зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэх байх зорилгоор хүн, хуулийн этгээдэд тодорхой үйлдлээс татгалзах, эсхүл үйлдэл хийх шаардлага тавьж болно”, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.6 дахь хэсэгт “Цагдаагийн алба хаагчийн шаардлагыг тухайн хүн, хуулийн этгээд биелүүлэх үүрэгтэй гэж заасан.           

“Хууль сахиулагч” гэж цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг ойлгох ба хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Н нь Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын жижүүрийн мэдээлэл хүлээн авагч цагдаа, хууль сахиулагч болох нь гэрч Б.Б-ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дахь тал/, хохирогч, иргэний нэхэмжлэгчийн биеийн байцаалт зэргээр тогтоогдож байна.   

“Хүч хэрэглэх” гэж бие махбодын хүчирхийлэл хийхэд чиглэгдсэн аливаа идэвхтэй үйлдлийг хэлэх бөгөөд шүүгдэгч Ц.Г нь албан үүргээ биелүүлэхээр очсон Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын жижүүрийн мэдээлэл хүлээн авагч цагдаа А.Н-гийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн хүч хэрэглэсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.                                                                          

Шүүгдэгч Ц.Г нь Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын жижүүрийн мэдээлэл хүлээн авагч цагдаа А.Н-гийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн хүч хэрэглэж байхдаа хамар руу нь мөргөж эрүүл мэндэд хамрын таславчийн мурийлт, хугарал бүхий хөнгөн хохирол учирсан нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 124 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хавтаст хэргийн 30-31 дэх тал/ нотлогджээ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ц.Г-гийн гэмт үйлдэл, хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Н-гийн биед учирсан хохирол, хор уршиг шууд шалтгаант холбоотой гэж үзэх үндэслэлтэй байна.

Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэсэн.

Иймд шүүгдэгч Ц.Г-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг,

Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Н нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ “Надад эмчилгээний төлбөр болох 1.500.000 төгрөг өгсөн. Би эмчилгээгээ хийлгэсэн. Одоо надад санал хүсэлт гомдол байхгүй.” /хавтаст хэргийн 10, 13 дахь тал/ , мөн хохирол төлбөр төлсөн баримт /хавтаст хэргийн 44-45 дахь тал/ зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч Ц.Г-г бусдад төлөх хохирол, төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Ц.Г нь хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Н-д 1.500.000 төгрөгийн хохирол төлбөрийг төлж барагдуулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож шийдвэрлэв.   

Харин шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Хавтаст хэрэгт авагдсан ...... зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Г нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан, нийгэмд эзлэх байр сууриа олсон, дээд боловсролтой гэх хувийн байдал тодорхойлогдсон байна.

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Ц.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял,  мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох шийтгэлийг тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ц.Г-д оногдуулсан торгох ялын хөнгөн ялыг хүндэд нь багтааж нийт 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг,

Шүүгдэгч Ц.Г нь өөрийгөө өмгөөлж гэм буруугаа хүлээн гэмшиж байна гэх тайлбарыг тус тус гаргасан.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.

Шүүх шүүгдэгч Ц.Г-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа зэрэг хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг төлж барагдуулсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно.” гэж заасны дагуу шүүгдэгч Ц.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялд, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 3200 /гурван мянга хоёр зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.200.000 /гурван сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тогтоож шийдвэрлэв.   

Улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын дээрх дүгнэлт нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заалтад нийцэхгүй байгааг дурдах зүйтэй.    

Шүүгдэгч Ц.Г 3200 /гурван мянга хоёр зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.200.000 /гурван сая хоёр зуун мянга/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр төлж барагдуулахаар тогтоов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэж шийдвэрлэв.

Шүүгдэгч Ц.Г цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.   

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Шүүгдэгч Ц.Г өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан өөрийгөө өмгөөлөх эрх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...шүүх нь шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана.” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангаж ажилласан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б овгийн Ц-ийн Г-гийн үйлдлийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсүгэй.   

2. Шүүгдэгч Б овгийн Ц-ийн Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

3. Шүүгдэгч Ц.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 3200 /гурван мянга хоёр зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.200.000 /гурван сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

5. Шүүгдэгч Ц.Г 3200 /гурван мянга хоёр зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.200.000 /гурван сая хоёр зуун мянга/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр төлж барагдуулахаар тогтоосугай.  

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

7. Шүүгдэгч Ц.Г хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Н-д 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн хохирол төлбөрийг төлсөн болохыг дурдсугай. 

8. Шүүгдэгч Ц.Г цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.   

9. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч Ц.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг мэдэгдсүгэй.

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Э.ОЮУН-ЭРДЭНЭ