Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
Хэргийн индекс | 2022/ШЦТ/602 |
Дугаар | 2022/ШЦТ/602 |
Огноо | 2022-04-21 |
Зүйл хэсэг | 17.1.2.4., |
Улсын яллагч | Э.Ариунболд |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 2022/ШЦТ/602
2022 04 21 2022/ШЦТ/602
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дариймаа,
улсын яллагч Э.Ариунболд,
хохирогч Ш.У,
шүүгдэгч Г.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан Г.А яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 220 600 044 0863 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1992 оны 05 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэг үйлдэх үедээ хувиараа цахилгаан, мужааны ажил хийдэг, ам бүл-6, эхнэр, 0-6 насны 4 хүүхдийн хамт, .тоотод бүртгэлтэй боловч . тоотод түр оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд
Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 216 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 2 сарын хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж шийдвэрлэсэн ,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 1066 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 270 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдэж байсан, бие эрүүл, ухаан санаа бүрэн, Хорчин овогт Г.А /РД: УХ92051150/,
Холбогдсон хэргийн талаар:
Г.А нь согтуугаар, 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 13 цагийн орчимд учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглан, Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 127 дугаар байрны зогсоолд байршуулсан байсан, “......” ХХК-ний өмчлөлийн “Хюьндай Верна Аксент” маркийн ..... УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч иргэн Ш.Ут 2.004.276 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанд шүүгдэгч Г.А мэдүүлэхдээ: 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Чулуун овоонд байрлах Сүнжингранд зочид буудлын зүүн талд тоосонд дарагдсан тээврийн хэрэгсэл байсныг эзэнгүй машин гэж бодоод ачилтын компани дуудаад ачуулсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин хэрэгт орооцолдохгүй. Би уг машиныг Төрмөнхөд 260.000 төгрөгөөр зарсан. Одоо Төрмөнхийн хашаанд байгаа. Уг машиныг битүүмжилсэн гэв.
Шүүх хуралдаанд хохирогч Ш.У мэдүүлэхдээ: Манай жолооны сургуулийн багш Энхтүвшингийн гэрийн гадна машин байсан байна лээ. Шүүгдэгч над руу яриад машин зарсан хүн нь манай найз гэж хэлсэн. Цагдаа нар хулгай хийсэн хүнийх нь хашаанд уг машиныг битүүмжилсэн байсан. Би цагдаагийн газар битүүмжилсэн байх гэж бодсон. Машиныг яаж тоносон эсэхийг мэдэхгүй байна. Доторх эд ангийг сольсон байж болзошгүй. Хохирлыг ямар хэлбэрээр яаж авахаа мэдэхгүй байна гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн үйл баримтын талаар
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, хүлээн авсан тухай тэмдэглэл, /хх-ийн 5 дахь тал/,
Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн тогтоол /хх-ийн 35 дахь тал/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 39-44 дэх тал/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 31-34 дэх тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Ш.Уын өгсөн:.Намайг 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр гэртээ байж байхад манай жолооны багш Энхтүвшин над руу утсаар залгаад “Тэнгэр” худалдааны төвийн эсрэг талд байсан 83-44 УБП улсын дугаатай цагаан өнгийн “Верна Аксент” маркийн авто машин алдагдаад алдсан машинаа олчихлоо гэж надад хэлсэн. Жолооны багш маань Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс дээр ирчихсэн байна гэхээр нь яваад очсон. Энхтүвшин ах, хулгай хийсэн хүмүүс болон ачилтын компанийн ажилчид нь гадаа ирчихсэн байна гээд байцаагч нь томилогдохоор нь тэр хүндээ мэдүүлэг өгөөрэй гэж хэлсэн. Надаас бол мэдүүлэг аваагүй. Тэгээд би яваад өгсөн. Миний хувьд бол тэр үедээ машин тэрэгээ очиж үзээгүй, хараагүй. 83-44 УБП улсын дугаартай автомашин нь “ Мөнгөн хөсөг” ХХК-ийн нэр дээр байдаг бөгөөд жолооны багш Энхтүвшин ах одоогоор унаж байгаа. Хэдэн оны хэдэн сард үйлдвэрлэгдсэн хэдэн оны хэдэн сард Монгол улсад орж ирснийг нь хэлж мэдэхгүй байна. Манай машин хэвийн ажиллагаатай хулгайд алдагдахаас өмнө нь 1.800.000 төгрөгөөр бүх зүйлийг нь сольсон. Миний машин хуучин байсан. Би алдагдсан машинаа 3.000.000 төгрөгөөр үнэлнэ. Би гомдолтой байна. Би худалдаж авсан гэх задаргааны хүмүүс хулгай хийсэн гэх хүмүүстэй холбоотой хулгайн эд зүйл гэдгийг нь мэдсээр байж авсан гэж бодож байгаа. Мөн хулгай хийсэн машиныг хулгай хийсэн газарт нь үлдээсэнд гайхаж байна. Машинаас ямар ямар эд зүйлс алдагдсан гэдгийг нь хэлж мэдэхгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 49-50 -р тал /,
Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Д.Төрмөнхийн өгсөн:... Надад уг машиныг хүнээс худалдаж авч байгаа юмаа л гэж ярьж байсан. Хулгайн машин гэдгийг нь мэдээгүй. Смартаар шалгаад үзсэн чинь 2017 оноос хойш оношилгоонд ороогүй бас 360.000 төгрөгийн торгуультай байсан. Тэгээд би машиныг нь шалгаад үзсэн чинь асахгүй машин байсан. Би тухай үед дотроо гэгээн цагаан өдрийн цагаар хулгайн юм ингээд ачаад аваад ирэхгүй байлгүй дээ гэж бодсон. Тэгээд машин ачиж ирсэн залууд ачлагынх нь мөнгө гээд 60.000 төгрөг, Г.Ад төмрийн сэлбэгний мөнгө гэж 200.000 төгрөг бэлнээр өгсөн. Алтангэрэлээс 200.000 төгрөгөө аваагүй байгаа ба гэхдээ уг мөнгийг Алтангэрэлээс нэхэмжлэхгүй, надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл алга байна. Надад уг машиныг өөрийнхөө машин гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 53-54 -р тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Энхтүвшингийн өгсөн:... Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 127 дугаар байрны зогсоолд байршуулсан байсан “Мөнгөн Хөсөг” ХХК-н өмчлөлийн “Хюьндай Верна Аксент” маркийн 83-44 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 09 цагийн орчим үзэхэд байсан. Тэгсэн над руу манай жолооны захирал яриад маргааш тээврийн хэрэгсэлтэйгээ ирээрэй гэсэн. Тэгээд тээврийн хэрэгслийг асаахаар 17 цагийн үед зогсоол дээр очиход байхгүй байсан. Тэгээд би 127 дугаар байрны 1 давхарт байдаг айлын хүнээс асуухад 13 цагийн үед ачлагын машин ирээд аваад явсан гэж хэлсэн. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 56-57 -р тал /,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Мөнх-Эрдэнийн өгсөн:... Би тэр машиныг хулгайн машин гэдгийг нь анх мэдээгүй. Тэр үед нөгөө машин ачуулсан залуу гэрчилгээг нь үзүүлэхээр нь би хальт улсын дугаарыг нь тулгаж үзсэн. Надад тухайн залуустай нийлж машин хулгайлж ачсан зүйл байхгүй. Тэр залуу халааснаасаа түлхүүр болон гэрчилгээ гаргаж ирсэн. Бас тэр залуу машиныг онгойлгож үзүүлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 66-67 -р тал /,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.Уянгабаатарын өгсөн:... Миний машин байгаа юм. Түрүүний уулздаг залууд засуулах гэж байгаа юм гэж л ярьж байсан. Би тухайн үед Гэгээг машин хулгайлж байгаа гэдгийг нь мэдээгүй. Тэр машиныг ачуулах гээд явж байхдаа нэг хүн рүү ахаа би очоод машинаа авах гээд явж байна гээл утсаар ярихаар нь би итгэсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 69-70 -р тал /,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Г.Аийн өгсөн:... Ачилтын компаний ажилтан намайг хулгайн машин ачуулах гэж байгаа гэдгийг мэдээгүй. Өмнө нь намайг” Верна Аксент” маркийн машинтай байсан гэдгийг мэддэг юм. Тэгээд би жолоочид нь өөрийн машин гэж хэлээд ачуулсан юм. Би хийсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байна. Дахиж ийм хэрэгт холбогдохгүй, мөн өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 90-91 дүгээр хуудас/,
2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн “Дамно” ХХК-н хөрөнгийн үнэлгээний тайланд:
Марк загвар Hyundai Verna, гэрчилгээний дугаар-ТЯ, арлын дугаар- KMNCG51FPYU0814878, Монгол улсад бүртгэгдсэн он 2008, Улсын дугаар 83-44 УБП, өнгө-цагаан, нийт гүйлт тодорхойгүй, үйлдвэрлэгдсэн он 2000,
Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2021 оны 11 дүгээр сарын зах зээлийн үнэлгээгээр нийт 2.004.276 /хоёр сая дөрвөн мянга хоёр зуун далан зургаан/ төгрөгөөр үнэлэгдэв гэх дүгнэлт /хх-ийн 78-80-р тал/,
-“Мөнгөн Хөсөг” ХХК-н хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ/хх-н 132-р тал/,
-“Хюьндай Верна Аксент” маркийн ..... улсын дугаартай тээврийн хэрэгслийн талаар Авто тээврийн үндэсний төвөөс ирүүлсэн лавлагаа /хх-н 133-135, 139-р тал/,
-Мөрдөгчийн эд хөрөнгө битүүжлэх тухай тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл / хх-н 35-44-р тал/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт:
Шүүгдэгч Г.Аийн оршин суугаа газрын ам бүлийн тодорхойлолт /хавтаст хэргийн 109 дэх тал/,
-Оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 110 дахь тал/,
- Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа хх-ийн 111 дэх тал/,
- Үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа хх-ийн 112 дахь тал/,
- Хүүхдүүдийн төрсний гэрчилгээ / хх-ийн 115-118 дахь тал/,
Цагдаагийн байгууллагын АСАП санд эрэн сурвалжлалтанд зарлагдаж байсан тухай лавлагаа / хх-ийн 119-123 дахь тал/,
-Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 96 дахь тал/,
-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 95 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийн хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Баянзүрх дүүргийн Прокурорын газрын газраас Г.Аийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг бөгөөд гэмт хэргийн улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан байхыг шаарддаг.
Г.А нь согтуугаар, 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 13 цагийн орчимд учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглан, Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 127 дугаар байрны зогсоолд байршуулсан байсан, “Мөнгөн Хөсөг” ХХК-ний өмчлөлийн “Хюьндай Верна Аксент” маркийн 83-44 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах буюу хулгайлах гэмт хэргийг үйлдсэн нь хохирогч болон гэрчүүдийн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт : хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг тусгайлан хуульчилсан байдаг. Тухайлбал:
... Учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн гэдэгт: ... бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлийг хөнгөвчлөх, түргэтгэх, биеийн хүчийг нэмэгдүүлэх, хамгалалт бэхэлгээг эвдэх, биеэр авч явж чадахгүй хөрөнгөд хүргэх, зөөж тээвэрлэхийн тулд зэвсэ, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл, , машин механизм ашиглаж үйлдсэнийг ойлгоно.
Шүүгдэгч Г. Алтангэрэл нь 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 13 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 127 дугаар байрны зогсоолд байршуулсан байсан, “Мөнгөн Хөсөг” ХХК-ний өмчлөлийн “Хюьндай Верна Аксент” маркийн 83-44 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийг хулгайлахдаа түргэтгэх зорилгоор ачилтын компанийн автомашин ашигласан болох нь гэрч Г.Мөнх-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгээр тогтоогдож байна. /хх-ийн 66-67 -р тал /,
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Г. Алтангэрэлийн гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн ирүүлсэн байх ба Г. Алтангэрэлийн бусдын хөрөнгийг хулгайлсан үйлдэл нь Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ машин механизм ашиглан үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Иймд шүүгдэгч Г.Аийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: ... энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний эрх ашиг сонирол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно гэж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ...бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж,
Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д ...бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх, /адил нэр төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөгийг засах зэргээр/ буюу учруулсан хохирлыг мөнгөөөр нөхөн төлнө гэж тус тус хуульчлан тогтоосон бөгөөд шүүгдэгч Г.А нь хохирогч Ш.Ут учирсан хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй гэж тус тус хуульчилжээ.
Шүүгдэгч Г.Аийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хулгайлсан “Мөнгөн Хөсөг” ХХК-ний өмчлөлийн “Хюьндай Верна Аксент” маркийн 83-44 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийг хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-н зах зээлийн үнэлгээгээр нийт 2.004.276 /хоёр сая дөрвөн мянга хоёр зуун далан зургаа/ төгрөгөөр үнэлсэн дүгнэлт хэрэгт авагдсан байна. /хх-ийн 78-80 -р тал/,
Шүүх хуралдаанд хохирогч Ш.У нь хулгайлагдсан автомашиныг шүүгдэгч Г. Алтангэрэлийн машин зарсан хүний хашаанд битүүмжилсэн ба машиныг яаж тоносонг мэдэхгүй тул хохирлоо мөнгөн дүнгээр авах нь дээр болов уу гэв.
Шүүх хуралдаанд прокурор хохирогчид учирсан хохирлыг мөнгөн дүнгээр олгож, шүүхийн шийтгэх тогтоол хүчинтөгөлдөр болохоор “Хюьндай Верна Аксент” маркийн 83-44 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоол хүчингүй болгож шүүгдэгч Г. Алтангэрэлд олгох санлыг гаргав.
Автомашиныг хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-н зах зээлийн үнэлгээгээр нийт 2.004.276 /хоёр сая дөрвөн мянга хоёр зуун далан зургаа/ төгрөгөөр үнэлсэн үнэлгээ буюу 2.004.276 төгрөгийг хохирогч Ш. Ууганбаярт олгож , шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц “Мөнгөн Хөсөг” ХХК-ний өмчлөлийн “Хюьндай Верна Аксент” маркийн 83-44 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоол хүчингүй болгож шүүгдэгч Г. Алтангэрэлд олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.А нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлах боломжтой байсан бөгөөд тухайн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан зэргээс үзэхэд энэ гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Г.А эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагчаас шүүгдэгч Г.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 2 /хоёр/ жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх , Г. Алтангэрэлд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, энэ өдрөөс саналыг гаргаж байна.
Шүүгдэгч Г.А хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 -т заасныг хэрэглэн оногдуулах ялын доод хэмжээнээс доогуур оногдуулж өгөхийг хүсэв.
, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт:...энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэргийг хүнд гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.
Шүүгдэгч Г.Аийн хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэг нь хүнд гэмт хэргийн ангилалд хаамарч байгаа, эрхэлсэн тодорхой ажил, тодорхой орлогогүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй зэргийг харгалзан түүнд оногдуулах хорих ялыг доош татах боломжгүй тул 2 / хоёр / жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.
Шүүгдэгч Г.А нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хорчин овогт Г.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар гэмт хэргийг түргэтгэх зорилгоор машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан Г.Аийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Г.Ад оногдуулсан 2 /хоёр / жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, Г.Аээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар Г.Аээс /РД:......2.004.276 /хоёр сая дөрвөн мянга хоёр зуун далан зургаан/ төгрөгийг хохирогч Ш.У /РД: .../ олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Р.Буяндэлгэр 2022 оны 03 дугаар сарын 18-ний өдрийн Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, 49 дүгээр гудамжны 777 тоотод хашаанд байршуулсан “......” ХХК-ийн эзэмшлийн цагаан өнгийн ...... улсын дугаартай “ Верна аксент” маркийн автомашиныг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож шүүгдэгч Г.Ад буцаан олгосугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтөгөлдөр болох ба Г.Ад урьд авсан хувийн баталгаа авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.Ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ