| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвын Оюунчулуун |
| Хэргийн индекс | 500/2018/0066/Э |
| Дугаар | 1025 |
| Огноо | 2018-11-13 |
| Зүйл хэсэг | 10.1.1, |
| Улсын яллагч | Д.Ганчимэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 1025
З.От холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, шүүгч Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Д.Ганчимэг,
шүүгдэгч З.О, түүний өмгөөлөгч А.Э,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М, түүний өмгөөлөгч Б.Б, Д.Э,
нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алтанцэцэг даргалж, шүүгч Г.Ганбаатар, Б.Дашдондов нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 712 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч З.О, түүний өмгөөлөгч А.Э нарын гаргасан давж заалдах гомдлуудаар шүүгдэгч З.От холбогдох эрүүгийн 1808005450116 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.
Пунцаг овгийн Зоригтын З.О, 1988 оны 2 дугаар сарын 1-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул, уурхайн баяжуулалт мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчний 106 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:МИ88020177/;
З.О нь 2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 66 дугаар байрны 92 тоотод түр оршин суух Д.Бгийн гэрийн гадаа иргэн Б.Мын хэвлийн тус газарт хутгалж, хүнийг санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: З.Оын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: З.Оыг хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, түүнд оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, З.Оын цагдан хоригдсон 199 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, З.Оын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг, хар өнгийн резинэн бариултай хутгыг устгаж, хар хөх өнгийн цамц 1 ширхэг, цагаан саарал өнгийн богино өмд 1 ширхэг, цэнхэр саарал өнгийн дотоож 1 ширхэг зэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мд буцаан олгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар З.Оаас 8.968.825 төгрөг гаргуулан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мд олгож, 3.541.082 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах, түүнтэй холбоотой бусад нэхэмжлэлийг баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүх хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч З.О давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие нь тус тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.
Хохирогч нь эмнэлгийн тусламж, үйлчилгээ авч хагалгаанд орж, амь нас нь аврагдсан хэдий ч өөрийн шууд буруутай үйлдэл болох хоолны дэглэм сойхгүйгээр /гам алдах/ болон мэс заслын дараах хүндрэлээс болж нас барсан болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогддог.
Шүүх хуралд гэрчээр мэдүүлэг өгсөн, Шүүх эмнэлгийн 3 шинжээч эмч болон эмчлэгч эмч Батсайханы мэдүүлэг нь зөрүүтэй, түүнийг нотлох баримтаар үнэлэхэд эргэлзээ төрүүлж байхад шүүх тухайн хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь “хоолны дэглэм зөрчсөн нь шархны оёдол задрахад нөлөөлнө, гэхдээ шууд түүнээс болж задарсан гэж дүгнэх боломжгүй” гэж мэдүүлсэн нь эргэлзээ төрүүлсэн, яллах болон цагаатгах талын 2 ижил ойлголттой байхад шүүх зөвхөн яллах талын 6 үгийг авч, ял шийтгэсэн нь хуулийн үндэслэлгүй юм.
Хохирогчид үүссэн гэмтэл нь “хүнд” зэргийн гэмтэл байсан бөгөөд эмнэлгийн тусламж авч амь нас нь аврагдсаны дараа, хоол сойх дэглэм зөрчсөнөөс болж хүндрэл үүсч нас барсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 2.5-д заасан объектив шинжийг бүрэн агуулж байхад шүүх миний эрх зүйн байдлыг илт дордуулж, хүндрүүлж ялласан нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ба хүнийг санаатай алах гэмт хэргээр хэргийг зүйлчлэхэд эргэлзээ үүсч байна.
Үнэхээр би тэр хүнийг алах байсан бол газар дээр нь алаад зугтах бүрэн боломж байсан. Би тэгээгүй, дотогшоо гүйж орж “ийм юм боллоо, яаралтай эмнэлэг, цагдаа дуудаарай” гэж дүү Б, Буянаа хоёрт хэлж дуудуулсан. Надад алах, хутгалах санаа огт байгаагүй. Бид 2 ямарч өс хонзон, ийм тийм зүйлгүй байсан.
Б эмчийн мэдүүлэгт, 2018 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр хоол сойх дэглэмийг зөрчин мах, махтай шөл идэж, ууснаас болж хэвлийгээр царцайж өвдөж эхэлсэн. Мөн 2018 оны 1 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө 00:40 цагт хагалгаанд орж хэвлийг нээхэд хэвлийн хөндийн сул “шингэн”-тэй, хэвлийн гялтангийн араар баруун талдаа нурууны шулуун булчин дагасан үрэвслийн шингэнтэй, гэдэсний хана үрэвсэн цоорч, доод венийн хөндий, венийн ханаар цус алдаж байсныг тогтоосон. Хэрвээ 8, 9 хонож байхад “венийн хана гэмтээд цус алдаж” байсан бол ингэж олон хонохгүй шүү дээ. Яагаад заавал хагалгаанд ороход цус алдав.
Гэрч Бийг талийгаач Б.Мын хамаатан садан гэж бодож байна. Шүүх хуралдаанд “бид цусан төрлийн хүн биш” гэж хэлсэн. Талийгаач амьд, сэрүүн байхдаа надад “манай хамаатан дүү маань” гэж байсан. Мөн Б гэдэг нь Бийн найз. Талийгаач Б бид 2 Сэлэнгэ аймгийн Борнуур сумынх гэж хэлж байсан. Батхүү гэх миний оюутан ангийн найз маань унтаж байсан. Намайг гэх миний ганц хүн. Ийм учраас Б, Буянаа гэх хүмүүсийн мэдүүлэгт эргэлзэж байна. Тухайн үед талийгаач бид хоёрыг ноцолдож, зодолдож байхад хэн ч байгаагүй. Бүх зүйл болсны дараа би гүйн орж бүх зүйлийг сандарч хэлж, дуудуулсан. Мөн ганц утастай нь би байсан. Би өөрийгөө хянах чадвар бүрэн байсан. Миний согтолтын зэрэг 1.77 байсан.
Миний эцэг, эх өндөр настай тэтгэврийн хүмүүс байдаг. Хоёулаа зээлтэй байж байгаад зээл нэмж аваад, дөнгөж 3.000.000 төгрөг хохиролд өгсөн. Эхнэр минь ажилгүй, охиноо хардаг.
Талийгаачийн гэр бүл бас маш хүнд байгаа. Би хохирлыг бүрэн төлж, цаашид тэдэнд тусалж, дэмжиж явахыг чин сэтгэлээсээ хүсэж байна.
Хорих ангиудад цалинтай ажил хийлгэдэг гэх юм. Тэгээд цалин нь хохирол руу нь ордог. Тэр нь даанч нээлттэй хүмүүст хамааралтай юм байна. Би анх удаа хэрэгт холбогдохдоо ийм аймшигтай зүйлд холбогдлоо. Би маш их харамсаж, гэмшиж, шаналж, ухаарч байна. Би цаашид тэр чигээрээ шоронгийн хүн болохыг хүсэхгүй. Шоронгоос гараад нийгэмд зөв амьдарч ихийг хийж бүтээхийг бас маш их хүсэж байна. Иймд хэргийн бүх ажиллагааг бүхэлд нь хянаж, хэргийг хөнгөрүүлэн өөрчилж, дэглэмийг нээлттэй болгож өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч З.Оын өмгөөлөгч А.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Хавтас хэрэгт авагдсан материалаас үзэхэд, хохирогч нь хутгалагдсанаас болж хүнд гэмтэл аван эмнэлэгт хүргэгдэж, эмнэлгийн тусламж үйлчилгээг авч, амь нас нь аврагдсан, түүнээс хойш 8-9 хоногийн дараа биеийн байдал сайжирч байхад өөрийнх нь шууд буруутай үйл ажиллагааны улмаас хоолны дэглэм 2 удаа зөрчиж, сүүлийнх нь асуудлаас болж хагалгаанд орж, даалгүй хагалгааны дараах хүндрэлээс нас барсан байдаг. Энэ нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогддог. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.
Хохирогчид үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар хүнд зэргийн гэмтэл байсан бөгөөд эмнэлгийн тусламж авч амь нас нь аврагдсаны дараа хоол сойх дэглэм зөрчсөнөөс болон хүндрэлд орж нас барсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 2.5-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив шинжийг бүрэн агуулж байхад шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж, хүндрүүлж ялласан нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхэд хүргэж байгаа болно.
Мөн хүнийг санаатай алах гэмт хэргээр зүйлчлэхэд эргэлзээ үүсч байна. Өөрөөр хэлбэл, гэмт хэргийн шалтгаант холбоо, объектив, субъектив нөхцөл байдал зэрэг Эрүүгийн хуульд заасан тогтоогдвол зохих нөхцөл байдлыг бүрэн шалгаж тогтоогоогүй тул хэргийг бүхэлд нь хянан үзэж, хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү.
Шүүгдэгч З.О нь ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг. Хүүхэд нь цэцэрлэгт, эхнэр нь ажил төрөл эрхэлдэггүй. Эцэг, эх нь өндөр насны тэтгэвэрт, өөр орлогогүй, тэтгэврийн зээлтэй бөгөөд өөрөө гэмт хэрэг үйлдэж, хүний амь нас хохироосондоо маш их харамсаж, гэмшиж хохирогчийн ар гэрт туслахыг хүсэж, хохирол барагдуулахаа бүрэн илэрхийлж байгаа болно. ...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Талийгаач бид хоёр эхээс хоёулаа. Миний хувьд үнэхээр хүнд байна. Үүнээс болж ар гэрийн нөхцөл байдал хэцүү байгаа. Шүүгдэгч З.О, түүний өмгөөлөгч нар нь зохих шатны хууль хяналтын байгууллагаас шалгаж тогтоосон нотлох баримтыг үгүйсгэж, талийгаач дүүг минь өөрийнхөө амь насыг хохироосон, хоёр удаа хоолны дэглэм алдагдуулсан гэх мэтээр ор үндэслэлгүй худал зүйл ярьж, хүний амь нас хохироосон хэрэгтээ гэмших биш харин ч эсрэгээр ялаас зайлсхийх гэсэн байдлаар хандаж байгаад хохирогчийн зүгээс маш их гомдолтой байна. Талийгаач хэвлийн тус газартаа хутгалуулж, маш их хүнд гэмтэл авсан. Үүний улмаас нас барсан нь шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр удаа дараа тогтоогдсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн эмнэлэгт гаднаас ерөөсөө хоол оруулдаггүй. Тухайн эмнэлгийн дэглэм гэж байдаг. Би өөрөө талийгаачийг эмнэлэгт хэвтэж байхад сахиж байсан. Тийм учраас амь насанд нь аюултай гэдгийг мэдсээр байж хоол идүүлнэ гэж байхгүй. Батсайхан эмч анхны хагалгааны дараа ар гэрийнхэнд нь тайлбарлаж, бичиж өгч байсан нотлох баримт байгаа. Энэ нотлох баримтад өвчтөний амь насыг аврахад маш хүнд байна. Гэмтлийн зэрэг хүнд, ходоодонд маш олон эрхтэн гэмтсэн байна. 12 нугалаа гэдэс нь оёдол хийсэн ч гэсэн эргээд задрах, шархлах, идээлэх магадлал маш өндөр учир хагалгааны дараа хүндрэл үүсэх магадлалтай байна. Мөн дээрээс нь чяцархай, нарийн гэдэс цоорсон, бүдүүн гэдэсний ховдол хөндлөн хэсэгтээ нэвт цоорсон, венийн гарцаас цус алдалттай гэж хэлсэн. Мөн энэ баримтад гарч болзошгүй эрсдэл гэдэгт давтан хагалгаа гэж бичсэн. Мөн 5 хоногийн хугацаанд ерөөсөө ус уугаагүй, нэг ч хоол идээгүй, би энэ талаар өөрөө баталж хэлж байна. Талийгаачид зөвхөн ар гэрийн хүмүүсийнх нь авчирсан, судсаар хийдэг тусгай бэлдмэлийг хийж амьд явж байсан. Эмнэлгийн тусламж авч чадахгүй нөхцөл байдалд байсан бол шууд л нас барах байсан гэж үзэж байна. ...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мын өмгөөлөгч Б.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Сонгинхайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг хэргийг тал бүрээс нь бүрэн дүүрэн судалж, хууль ёсны үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан шийдвэр гаргасан гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Гэмт хэрэг гарсан байдал, үйлдсэн арга зэргийг харахад шүүгдэгч З.О нь энэ гэмт хэргийг шууд хүсэж үйлдсэн субъектив санаа зорилготой байсан. Тухайн үйлдлийг амь насанд аюултай, шууд санаатай гэж үзэж байна. Давж заалдах гомдолд эмнэлгийн асуудлыг их ярьдаг. Гэтэл энэ нь огт ор үндэсгүй зүйл юм. Тухайн эмнэлэг нь хатуу хяналттай бөгөөд эмчлэгч эмчийн хяналтад 5-6 хоног болж байсан. Хоол өгч дэглэм зөрчиж байсан зүйл огт байхгүй. Хутга, мэсээр хүний цээжин тус газарт нь хутгалж байгаа үйлдлийг хүнийг санаатай алсан гэж үзэх үндэслэлтэй. Тийм учраас хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчилж, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон шийтгэл оногдуулсан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мын өмгөөлөгч Д.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Нэмж хэлэх зүйл байхгүй. ...” гэв.
Прокурор Д.Ганчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн цагаас нь эхэлж хяналт тавьж ажилласан. Хэрэгт нотолбол зохих асуудлыг шалгаж тогтоосон. Тухайн цаг хугацаанд ялтан З.О нь айлын гэрт орж, хутга авч гарч ирээд хохирогчийг хутгалж байгаа нь шууд санаатай үйлдэл юм. Гэмт хэргийн улмаас учирсан шарх 7 см урт, 2.5 см өргөн, бүдүүн гэдэс, хөндлөн гэдэс, 12 хуруу гэдэс, доод хөндийн венийн судас тасарсан зэрэг гэмтлүүдийн улмаас хохирогч нас барсан. Харин эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг хугацаандаа авсны улмаас хохирогч тухайн үед амь аврагдсан боловч авсан гэмтлээсээ шалтгаалан нас барсан үйлдэл байгаа. Зөвхөн гэрч Батсайханы хэлсэн хоолны дэглэм алдсан талаар хэлсэн мэдүүлгээс шалтгаалж хэргийн зүйлчлэлийг өөрчлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Энэ хэрэг хүнийг санаатай алах гэмт хэргийн шинжийг бүх талаас нь хангасан, хангалттай нотлогдсон байгаа учир Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 712 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
З.От холбогдох хэргийн бүх ажиллагааг хянахад, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчилгүй байна.
Хавтас хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад, З.О нь 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 66 дугаар байрны 92 тоот, Д.Бгийн гэрт архи уун согтуурч, улмаар орцонд гарч Б.Мтой маргалдан, буцаж орж хутга авч гарч ирээд түүний хэвлийн тус газарт нь хутгалж санаатай алсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдлоо.
З.О нь хохирогч Б.Мтой маргалдаж, түүнийг хэвлийн тус газар нь хутгалсан үйлдлээ хүлээн мэдүүлсэн /1хх-108-109/ бөгөөд түүний мэдүүлэг нь гэрч Б.Б /1хх-25-26/, Г.Б /1хх-30-31/, Э.Г /1хх-37-38/ нарын мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 350, 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 388 дугаартай дүгнэлтүүд болон хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-3-14/, өвчний түүх /1хх-161-187/ зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Шүүх хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм бурууд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, З.Оыг хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Мөн З.От холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, 10 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.
Шүүгдэгч З.О, түүний өмгөөлөгч А.Э нар нь “... талийгаач нь хоол сойх дэглэм зөрчсөнөөс болж, хүндрэлд орж нас барсан ба энэ гэмт хэрэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийг 2 дахь хэсгийн 2.4, 2.5-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулж байхад шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж, хүндрүүлж ялласан тул зүйлчлэлийг өөрчилж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдол гаргажээ.
Хавтас хэрэгт авагдсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 350 дугаартай дүгнэлтэд “... Талийгаач нь ир үзүүртэй зүйлийн гэмтлийн улмаас хөндлөн гэдэс, 12 хуруу гэдэс, нарийн гэдэс, доод хөндийн вен гэмтэн хэвлийн хагалгаа хийгдсэнээс ходоодонд стрессийн шархлаа үүсэн цус алдан, мөн хэвлийн хөндийн гялтангийн идээт үрэвсэл үргэлжлэн нас баржээ. ...” /1хх-62-65/ гэх, 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 388 дугаартай дүгнэлтэд “... Хагалгааны дараа талийгаач Б.Мын 12 хуруу гэдсэнд тавигдсан оёдол задарснаас хэвлийн гялтангийн идээт үрэвсэл үүссэн байх ба 12 хуруу гэдсэнд нойр булчирхай, цөсний цорго нээгддэг тул оёдол тавигдах, гэдэсний хана цоорох магадлал их байдаг. Талийгаач нь хэвлийн хөндийд болон ходоод гэдэсний замд цус алдсан, хэвлийн гялтангийн идээт үрэвсэл үүсч хүндэрсэн байсан тул мэс засал хийсэн ч амь нас аврах боломж багатай байсан. ...” /2хх-30-33/ гэснээс үзэхэд амь хохирогч Б.М нь шүүгдэгч З.Оын шууд санаатай хутгалсан үйлдлийн улмаас амь насандаа аюултай хүнд гэмтэл авч, нас барсан болох нь тогтоогдож байна.
Мөн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт эмчлэгч эмч, гэрч Ш.Б-ны “... Хоол идсэнээс болж задарлаа гэдэг асуудал бол субъектив ойлголт. Олон шүүрлүүд ялгарч байгаа. Түүнээс үүсэлтэйгээр 12 нугалаа гэдсэн дээр тавигдсан оёо хоол идсэн байсан ч, хоол сойсон байсан ч гэсэн тавигдах магадлалтай. ...” гэх, шинжээч эмч М.Энхбаярын “... хутга орсон цагаас үрэвсэл үүснэ. Хэвлийн гялтанд үрэвсэл үүсэх хугацаа 30 минут хангалттай. ... шууд хоолноос болж оёдол задарсан гэж үзэх хэцүү. ... оёо задрах хэмжээний хоолны агууламж байгаагүй. ...” гэх мэдүүлгүүдээр давхар нотлогдож байх бөгөөд хохирогч Б.М нь хоолны дэглэм алдсанаас хүндрэлд орж, шархны оёо нь задарч нас барсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Харин хохирогчийн үхлийн шалтгаан нь шүүгдэгч З.Оын үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой нь тогтоогдсон тул давж заалдах гомдлыг хүлээж авах хууль зүйн үндэслэлгүй юм.
Иймд шүүгдэгч З.О, түүний өмгөөлөгч А.Э нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 712 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 712 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч З.О, түүний өмгөөлөгч А.Э нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧИД О.ЧУЛУУНЦЭЦЭГ
Д.ОЮУНЧУЛУУН