Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 128/ШШ2020/0277

 

 

      Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, шүүгч Н.Долгорсүрэн, шүүгч О.Оюунгэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны “1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

          Нэхэмжлэгч: Г.С

          Нэхэмжлэгч: С.Т

         Хариуцагч: НЗД

       Гуравдагч этгээд: БД-ийн  Ц-ийн 2 дугаар хэлтэс.

      Нэхэмжлэлийн шаардлага: “НЗД-ын 2004 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 189 дүгээр захирамжийн 8 дахь хэсгээр БД-ийн  Ц-ийн 2 дугаар хэлтэст олгосон 0.008 га газар нэхэмжлэгч нарт Нийслэлийн Засаг даргын 2003 оны 524 дүгээр захирамжаар өмчлүүлсэн 208 м.кв газартай давхцуулан олгосон нь хууль бус байсан болохыг тогтоолгох” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Э, нэхэмжлэгч Г.С-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, нэхэмжлэгч С.Т-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э, Иргэдийн төлөөлөгч Т.Д нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

      Нэхэмжлэгч Г.С анх гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ: “Г.С миний бие нийслэлийн Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 524 дүгээр захирамжаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар Баянгол дүүргийн 0 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Г******* 00 дугаар гудамж ******* тоот хаягт байрлах 208 м.кв газрыг өмчилсөн. Тухайн үед миний аав Г нь Баянгол дүүргийн 0 дүгээр хорооны Засаг даргаар ажиллаж байсан бөгөөд 0 дүгээр хороо нь замын гэрэлтүүлэг байхгүй, харанхуй, мөн цагдаагийн пост байхгүйгээс маш их хэрэг төвөг гардаг байснаас шалтгаалан миний газар дээр цагдаагийн пост түр ажиллуулахаар болсон байдаг.

        Гэтэл Баянгол дүүргийн 0 дүгээр хороо Г******* 00 дугаар гудамж ******* тоот хаяг нь нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2009 оны 48 дугаар тогтоолоор 0 дүгээр хорооноос хуваагдан Баянгол дүүргийн 00 дүгээр хороо Г******* 00 дугаар гудамж ******* тоот болж өөрчлөгдөж, тус хаягт байрлах объект нь Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтС-ийн мэдэлд байж байгаад Цагдаагийн 2 дугаар хэлтС-ийн мэдэлд шилжсэн байна. Өмчлөлийн хашаандаа амьдрах зайлшгүй шаардлагатай болж Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийг объектоо буулгаж ав гэж олон удаа шаардсан.

       Ингээд нэхэмжлэгч Г.С нь Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 00 дүгээр хороо Г******* 25-******* тоот хаягнаас Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтС-ийн агуулах объектыг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан бөгөөд 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчаас 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гаргасан хариу тайлбартаа ... Баянгол дүүргийн 00 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах цагдаагийн 2 дугаар хэсгийн байр байрлах 99 м.кв газрыг нийслэлийн Засаг даргын 2008 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 296 дугаар захирамжаар тус хэлтэст хугацаагүйгээр эзэмшүүлсэн. талаар дурдаж 2008 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн төрийн байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээг хавсарган өгсний нэхэмжлэгч Г.С нь 2018 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр хэргийн материалтай танилцсанаар мэдсэн байна.

        Ингээд Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 706 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 60.1.2-т газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж байгууллагын хооронд үүссэн маргааныг зохих шатны Засаг дарга шийдвэрлэнэ гэж заасны дагуу урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа хийлгүүлэх шаардлагатай гэж үзээд шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

         Нэхэмжлэгч талаас Нийслэлийн Засаг дарга болон нийслэлийн Газрын албаны даргад удаа дараа ... С-ийн өмчлөлийн газартай Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст 2008 оны 7 дугаар сарын 04-ний өдөр олгосон газар давхцаж байгаа талаар гомдол хүсэлт гаргаж байсан боловч шийдвэрлэхгүй удаашруулж, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс нь ... Г.С нь газар эзэмших, өмчлөх эрхийн гэрчилгээг хуурамчаар үйлдсэн. гэх өргөдөл гаргасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа тул эрүүгийн хэргийг шийдвэрлэтэл хүсэлт гомдлыг шийдвэрлэх боломжгүй гэсэн хариуг өгөөд байсан. Улмаар Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсээс Г.С-д холбогдуулан газар эзэмших, өмчлөх эрхийн гэрчилгээг хуурамчаар үйлдсэн гэх гомдолтой эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн талаар мэдэж 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдөр нийслэлийн Засаг дарга, Газрын албаны даргад дахин гомдол гаргаж 2018 оны 9 дүгээр сарын 28, 10 дугаар сарын 04-ний өдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас шүүх хяналтын байгууллагаар шийдвэрлүүл гэсэн хариуг авсан тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

        Иймд Нийслэлийн Засаг даргад холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2008 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 296 дугаар захирамжийн Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байна. гэжээ.

        2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Нэхэмжлэгч Г.С, С.Т нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа: Нийслэлийн Засаг даргын 2004 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 189 дүгээр захирамжийн 8 дугаарт Баянгол дүүргийн 0 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх Гэмтэл согог клиникийн нэгдсэн эмнэлгийн баруун хойд дэнж Г******* гудамжинд байршуулсан 0,008 га газрыг Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст олгосон газар нь нэхэмжлэгч Г.С, С.Т нарт Нийслэлийн Засаг даргын 2003 оны 524 дүгээр захирамжаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар Баянгол дүүргийн 0 дүгээр хорооны нутаг дэвсгэрт олгосон 208 м.кв газартай давхцаж байгаа хэсгийг хууль бус байсныг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа тодруулжээ.

         Нэхэмжлэгч С.Тгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: ...Г.Т нь 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 18 насанд хүрсэн бөгөөд нэхэмжлэгч болох Г.С-д Баянгол дүүргийн 0 дүгээр хороо Г******* 00 дугаар гудамжны ******* тоот газрыг Нийслэлийн Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 524 дүгээр захирамжаар Г.Ттэй хамтран өмчлүүлсэн юм. Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсээс 2003 оны 08 дугаар сарын 21-ний өдөр тус хэлтС-ийн үйл ажиллагаа явуулдаг газруудад газар эзэмших эрх олгохыг хүссэний дагуу Нийслэлийн Засаг даргын 2004 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Барилгын байршил тогтоож, газар эзэмшүүлэх эрх олгох тухай 189 дүгээр захирамжаар Нийслэлийн цагдаагийн газрын захиалгаар баригдах цагдаагийн хэлтсүүдийн кобаны барилгыг барих барилгын байршлыг тогтоож тус дүүргийн 0 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Г******* гудамжинд байршуулан 0,008 га газрыг олгож, Нийслэлийн засаг даргын 2008 оны 296 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгаж шийдвэрлэсэн байна.

         Энэхүү газар нь Баянгол дүүргийн 00 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах цагдаагийн хэсгийн байр байрлах 99 м.кв газрыг 2008 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 296 тоот Нийслэлийн засаг даргын захирамжаар тус хэлтэст хугацаагүйгээр эзэмшүүлсэн нь Г.С, Г.Т нарт хамтран өмчлүүлсэн 2003 оны 524 дүгээр захирамжаар олгосон 208 м.кв газартай давхцаж байгаа бөгөөд Нийслэлийн газрын кадастрын мэдээллийн санд Г.С, Г.Т нарын өмчлөлийн газрын кадастрын зургийг огт бүртгээгүйгээс давхцал үүссэн нь бидний буруутай үйл ажиллагаанаас болоогүй юм.

      Иймд нэхэмжлэлийн шаардлага болох 2004 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 189 дүгээр захирамжийн Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. гэжээ.

   Нэхэмжлэгч Г.С-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Г.С нь Нийслэлийн Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 524 дүгээр захирамжаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар Баянгол дүүргийн 0 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Г******* 00 дугаар гудамж ******* тоот хаягт байрлах 208 м.кв газрыг өмчилж авсан байдаг. Тухайн үед Г.С-ийн аав н.Г гэх хүн Баянгол дүүргийн 0 дүгээр хорооны Засаг даргаар ажиллаж байсан. Хорооны Засаг даргаар ажиллаж байх хугацаанд замын гэрэлтүүлэг байхгүй, хэрэг маргаан их гардаг байсан тул охиныхоо газар дээр цагдаагийн постыг түр хугацаагаар ажиллуулж эхэлсэн байдаг. Баянгол дүүргийн 0 дүгээр хорооны Г******* 00 дугаар гудамж ******* тоот хаяг нь Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2009 оны 48 дугаар тогтоолоор 0 дүгээр хорооноос хуваагдан, Баянгол дүүргийн 00 дүгээр хороо Г******* 00 дугаар гудамж ******* тоот хаягтай болж өөрчлөгдөж, тус хаягт байрлах объект нь Баянгол дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтС-ийн мэдлээс Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст шилжсэн байдаг. Ингээд Г.С нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр дээрх хаягт байрлах объектыг албадан буулгахаар нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас 99 м.кв талбайтай газрыг эзэмшүүлэхээр газар эзэмших гэрчилгээ олгосон талаар нотлох баримт гаргаж өгсний дагуу шүүх Газрын тухай хуульд заасны дагуу урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хийх шаардлагатай гэж үзээд хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Ингээд нэхэмжлэгчийн зүгээс урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийлгэх хүсэлтэй нийслэлийн Засаг даргад гаргаж өгсөн байдаг. Нийслэлийн Засаг дарга хариу өгөхгүй удсан. Учир нь Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэс Г.С-д 2003 онд гэрчилгээ өгөхдөө бичиг баримт хуурамчаар үйлдсэн байж магадгүй гэж эрүүгийн хэргээр шалгуулсан. Прокурорын газраас хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгосон талаар мэдэгдсэн. Улмаар нийслэлийн Засаг даргад дахин гомдол гаргахад шүүхээр шийдвэрлүүл гэсэн хариуг өгөөд байгаа. Хавтаст хэрэгт авагдсан баримт, кадастрын зургаас харахад Г.С-д эзэмшүүлсэн 208 м.кв талбайтай газарт бодит байдал дээр объект байрлаж байгаа. Харин Цагдаагийн 2 дугаар хэлтэст эзэмшүүлсэн газрын кадастрын зургийг мэдээллийн сангаас хайж үзэхэд зөрүүтэй, өөр газар байрлаж болохуйц алдаатай мэдээлэл байдаг. Мөн Цагдаагийн 2 дугаар хэлтС-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дууссан байдаг. Иймд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

      Нэхэмжлэгч С.Тгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэсэн хуулийн шаардлага байдаг. Гэтэл Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст газар олгохдоо Г.С, С.Т нарын өмчлөлийн газартай давхцуулж шалгахгүйгээр шийдвэрлэсэн нь илт хууль бус байгаа тул гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

        Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... Баянгол дүүргийн Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 109 дүгээр захирамжаар тус дүүргийн 0 дүгээр хороо Г******* 00 тоотод амины хашааны зориулалтаар 208 м.кв газрыг иргэн Г.С-д эзэмшүүлжээ. Улмаар иргэний эзэмшиж буй газраа өмчилж авахаар хүсэлт гаргасны дагуу нийслэлийн Засаг даргын 2003 оны 524 дүгээр захирамжаар тус газрыг иргэн Г.С болон С.Т нарт хамтран өмчлүүлсэн байна.

         Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсээс 2003 оны 08 дугаар сарын 21-ний өдөр тус хэлтс-ийн үйл ажиллагаа явуулдаг газруудад газар эзэмших эрх олгохыг хүссэний дагуу нийслэлийн Засаг даргын 2004 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Барилгын байршил тогтоож, газар эзэмшүүлэх эрх олгох тухай 189 дүгээр захирамжаар нийслэлийн Цагдаагийн газрын захиалгаар баригдах цагдаагийн хэлтсүүдийн кобаны барилгыг барих барилгын байршлыг тогтоож, тус дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Гэмтэл согогийн клиникийн нэгдсэн эмнэлгийн баруун хойд дэнж, Г******* гудамжинд байршуулан 0,008 га газрыг олгож, нийслэлийн Засаг даргын 2008 оны 296 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгаж шийдвэрлэсэн байна. Нийслэлийн газрын кадастрын мэдээллийн санд иргэн Г.С-ийн өмчийн газрын кадастрын зургийг огт бүртгээгүйн улмаас дээрх давхцал үүссэн байна.

         Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлтэй боловч Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд нийслэлийн Засаг даргад иргэний газар өмчлөх эрхийг дуусгавар болгох эрх хэмжээ олгогдоогүй, мөн энэхүү нэхэмжлэлийн улмаас бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.. гэжээ.

      Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Иргэн Г.С-д дүүргээс газар эзэмшүүлэхдээ тусгайлан газар эзэмшүүлэх захирамж гаргаагүй. Маш түргэвчилсэн байдлаар явагдсан байдаг. Тухайн орчмын газрыг анх 2003 онд гэрчилгээжүүлэх ажлыг зохион байгуулсан байдаг. Түүнийг үндэслээд 2003 оны 11 сард гэрчилгээ бичээд, 12 дугаар сарын 06-ны өдөр өмчлөх эрх олгосон. Тухайн газрыг өмчлүүлсэн мэдээллийг мэдээллийн санд оруулаагүй байдаг. Тухайн үед автокад систем үйлчилж байсан. Түүнд 208 м.кв талбайгаар бүртгэгдээгүй. Дараа нь 2006 онд кадастрын мэдээллийн санг шинэчлэхэд Г.С-ийн 208 м.кв талбай бүхий газар нь кадастрын мэдээллийн санд дахин бүртгэгдээгүй. Мэдээллийн санд бүртгэгдээгүй байсан тул 2004 онд нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж 99 м.кв газрыг Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст өмчлүүлсэн байдаг. Тэгэхдээ Г******* 00 дугаар гудамж ******* тоот гэж бүртгүүлээгүй, Г******* гудамжинд байршуулан 0.008 га газрыг эзэмшүүлсэн. Уг газрыг 2008 онд 5 жилийн хугацаатай сунгасан. 2013 онд хугацаа дууссан. 2017 онд сунгуулах хүсэлт гаргасан байдаг. Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах хуулийн хугацаа нь өнгөрсөн мөн шүүхийн маргаантай байгаа тул Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтс-ийн газар эзэмших эрх нь дууссан байгаа. 2003 онд түргэвчилсэн байдлаар газар олгож байсан гэж ойлгож байгаа. Тухайн үед кадастрын мэдээллийн санд оруулаагүй, ямар ч хувийн хэрэг Баянгол дүүргийн архиваас олдохгүй байгаа. Нэхэмжлэгч тал хашаалан өөрийн эзэмшилд шилжүүлэн аваагүй, 15 жилийн дараа миний өөрийн газар гээд маргаж гарч ирсэн ийм л үйл баримт болсон байгаа” гэв.

        Гуравдагч этгээд Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: иргэн Г.С-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь тус хэлтэст цагдаагийн байр барихад Нийслэлийн Засаг даргын 2008 оны 296 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, хуучнаар 0 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 99 м.кв газрыг эзэмшүүлэхээр төрийн байгууллагын газар эзэмших эрхийн 017******* дугаартай гэрчилгээ олгосны дагуу уг газар дээр цагдаагийн 1 давхар байшин барьж уг газрыг хууль ёсны дагуу эзэмшиж үйл ажиллагаа явуулж байгаа болно. Иймд Г.С-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

         Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: Тухайн газрыг Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс нь гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр тухайн үед хорооны Засаг дарга байсан хүнтэй зөвшилцөж тэр газрыг авч, ард түмний амгалан тайван байдлыг хангах үүднээс цагдаагийн кабон байгуулсан. Хэрэв тухайн үед нэхэмжлэгч тал ийм асуудал гаргаагүй бол Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэс маргаантай асуудалд орохгүй байсан. Тухайн газар нь мэдээллийн санд бүртгэгдээгүй, бид албан ёсоор хуулийн дагуу хүсэлт гаргаж газрын гэрчилгээ авсан. Шүүхийн маргаантай гэх шалтгаанаар гэрчилгээгээ сунгуулж чадахгүй байгаа. Одоогоор үйл ажиллагаа явуулж чадахгүй төрийн байгууллага хохироод байгаа гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ;

        Нэхэмжлэгч Г.С, С.Т нар Нийслэлийн Засаг даргын 2004 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 189 дүгээр захирамжийн 8 дахь хэсгээр Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст олгосон 0.008 га газар нэхэмжлэгч нарт Нийслэлийн Засаг даргын 2003 оны 524 дүгээр захирамжаар өмчлүүлсэн 208 м.кв газартай давхцуулан олгосон нь хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

        Шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр дээрх томьёоллоор тодруулсан шаардлагын хүрээнд хэлэлцэж нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэж дүгнэн хангаж шийдвэрлэв.

     Баянгол дүүргийн Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 109 дүгээр захирамжаар[1] “иргэд газраа өмчилж авахад шаардагдах бичиг баримтын бүрдлийг хангуулах зорилгоор газар эзэмших гэрчилгээ аваагүй иргэдийг гэрчилгээжүүлэх ажлыг зохион байгуулах”-ыг дүүргийн Газрын албанд даалгасан, уг захирамжийг үндэслэн 2003 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр тус дүүргийн 0 дүгээр хороо Г******* 00 дугаар гудамж ******* тоот газрыг иргэн С-д хашааны зориулалтаар эзэмшүүлж[2] гэрчилгээ олгожээ.

        Дээрх хаягт Г.С-д газар эзэмшүүлэхдээ тусгайлан захирамж гараагүй, газрын хэмжээ, байршлыг харуулсан кадастрын зураг үйлдэгдээгүй бөгөөд анх 2004 оны 03 дугаар сарын 20-ны өдөр газрын мэдээллийн санд нэгж талбарын 18638312******* дугаартайгаар 135.89 м.кв хэмжээтэйгээр бүртгэгдэн  хэмжилтийн актад[3] газрын хэмжээг 208 м.кв гэж тэмдэглэж Нийслэлийн Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 524 дүгээр захирамжаар[4] тухайн хаягт Г.С (түүний хүү С.Т хамтран өмчлөгч)-д 208 м.кв газрыг өмчлүүлжээ. 

       Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 02-04/1658 дугаар албан бичигт дурдсан тайлбараар Г.С, С.Т нарын өмчилсөн газрын кадастрын зураг дээрх нэгж талбарын 18638312******* тоот 135.89 м кв хэмжээгээр тухайн үед хэрэглэгдэж байсан Автокад программд бүртгэгдсэн гэж дурджээ.

         Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсээс 2003 онд тус хэлтС-ийн үйл ажиллагаа явуулдаг газруудад газар эзэмших эрх олгохыг хүссэний дагуу Нийслэлийн Засаг даргын 2004 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 189 дүгээр “Барилгын байршил тогтоож, газар эзэмшүүлэх эрх олгох тухай” захирамжаар[5] Нийслэлийн Цагдаагийн газрын захиалгаар баригдах Цагдаагийн хэлтсүүдийн кобаны барилгыг барих байршлыг тогтоосны дотор, захирамжийн 8 дахь заалтаар “тус дүүргийн 0 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Гэмтэл согогийн клиникийн нэгдсэн эмнэлгийн баруун хойд дэнж, Г******* гудамжинд байршуулан 0,008 га газар”-ыг эзэмшүүлж Нийслэлийн Засаг даргын 2008 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 296 дугаар захирамжаар[6] газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 5 жилээр сунгасан байна.

         Ийнхүү 2004 оны 189 дүгээр захирамжаар олгосон газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээний хугацааг сунгахдаа 2008 оны 296 дугаар захирамжийн хавсралтын 48-д 0 дүгээр хороонд байрлах “99 м.кв” гэж, мөн хавсралтын 50-д 00 дүгээр хороонд байрлах Цагдаагийн 49 дүгээр хэсгийн байрны газрын хэмжээг “574 м.кв” гэж газрын хэмжээ болон Цагдаагийн хэсгийн дугаарыг сольж бичсэн, энэ шийдвэрийг үндэслэн “Цагдаагийн 2 дугаар хэлтС-ийн 48 дугаар хэсэгт 9 дүгээр хороонд 99 м.кв газар 5 жилийн хугацаагаар эзэмшүүлэх”-ээр 2008 оны 07 дугаар сарын 04-ний өдөр төрийн байгууллагад газар эзэмшүүлэх гэрчилгээг[7] олгосон байх бөгөөд энэ талаар талууд маргаагүй байна.

       Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 02-04/1658 дугаар албан бичигт хавсарган ирүүлсэн зурган мэдээллээс[8] үзэхэд нэхэмжлэгч нарт өмчлүүлсэн нэгж талбарын 19638312******* тоот газартай Нийслэлийн Засаг даргын 2004 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 189 дүгээр захирамжаар Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст эзэмшүүлсэн нэгж талбарын 18638312******* тоот 573.7 м.кв газар (2011 онд 331.57 м кв болгосон газар) бүхэлдээ давхцалтай болох нь тогтоогджээ.

         Түүнчлэн Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст олгосон  Нийслэлийн Засаг даргын 2004 оны 189 дүгээр захирамж хугацаатай гарч, 2008 оны 296 дугаар захирамжаар гуравдагч этгээдийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 5 жилээ сунгасан байх бөгөөд түүнээс хойш газар эзэмшигч газар эзэмших эрхийн гэрчилгээгээ сунгуулах хүсэлт гаргаагүй Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д заасны дагуу газар эзэмших эрх дуусгавар болсон байна.

         Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 01-04/2893 дугаар албан бичгээр[9] маргаан бүхий газар дээр 2008 оны 296 дугаар захирамжаас хойш Нийслэл болон Дүүргийн засаг даргаас хугацаа сунгасан захирамж гараагүй, мөн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дууссан гэж тайлбар ирүүлжээ.

         Дээрх маргаан бүхий үйл баримтуудад дүгнэлт хийхэд Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст олгосон  Нийслэлийн Засаг даргын 2004 оны 189 дүгээр захирамж Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай болон Газрын тухай хуулиудын холбогдох заалтуудтай нийцээгүй нэхэмжлэгчийн газар өмчлөх эрхийг хөндсөн шийдвэр болжээ.

       Учир нь Нийслэлийн Засаг дарга Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана.” гэсэн бүрэн эрхийн дагуу нэхэмжлэгчид 208 м.кв газрыг өмчлүүлсэн байхад үүний дараа 2004 онд газрын байршил, давхцлыг нягталж, шалгалгүйгээр төрийн байгууллагад  газрыг давхцуулан олгосон нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь буС-дын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна.” гэсэнтэй нийцээгүй байна.

       Түүнчлэн Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “Газар эзэмших эрх дараахь тохиолдолд дуусгавар болно:”, 39.1.1-д “газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй;” гэж заасны дагуу 2013 онд дуусгавар болсон хугацаа сунгуулах талаар хүсэлт гаргаагүй байна.

       Харин нэхэмжлэгч нарт эрх бүхий Засаг даргын шийдвэрээр 208 м.кв газрыг өмчлүүлсэн байхад өмчлөх эрх нь улсын бүртгэлд бүртгүүлээгүй буюу газар өмчлөх эрх үүсээгүй, тухайн газраа бодитоор ашиглаагүй гэх үндэслэлээр төрийн байгууллагад маргаан бүхий байршилд давхцуулан газар олгосныг зөвтгөх боломжгүй.

         Өөрөөр хэлбэл иргэнд өмчлүүлсэн газарт Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д заасныг зөрчин давхцуулан газар эзэмшүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2004 оны 189 дүгээр захирамжийн 8 дахь хэсэг хууль бус байсан.           

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.3, 106.3.12-д заасныг үндэслэн ТОГТООХ нь:

         1.Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 39 дүгээр зүйлийн 39.1, 39.1.1, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.С, С.Т тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст 0.008 га газар эзэмшүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2004 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 189 дүгээр захирамжийн 8 дахь хэсэг хууль бус байсан болохыг тогтоосугай.

        2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг  төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагч НЗД-аас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

          3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.           

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        А.НАСАНДЭЛГЭР

                                             ШҮҮГЧ                    Н.ДОЛГОРСҮРЭН                                                                    

                                            ШҮҮГЧ                        О.ОЮУНГЭРЭЛ

 


[1] 1 дүгээр хавтаст хэргийн 174 дүгээр хуудас

[2] 1 дүээр хавтаст хэргийн 50 дугаар хуудас

[3] 1 дүгээр хавтаст хэргийн 51 дүгээр хуудас

[4] 1 дүгээр хавтаст хэргийн 104,111 дүгээр хуудас

[5] 1 дүгээр хавтаст хэргийн 102 дугаар хуудас

[6] 1 дүгээр хавтаст хэргийн 99,101 дүгээр хуудас

[7] 1 дүгээр хавтаст хэргийн 144 дүгээр хуудас

[8] 2 дугаар хавтаст хэргийн 11-15 дугаар хуудас

[9] 2 дугаар хавтаст хэргийн 55 дугаар хуудас