Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 77

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Жавхлан хөтлөн

улсын яллагч А.Баясгалан

шүүгдэгч Д.Бадамсэд, түүний өмгөөлөгч Н.Бэрхсайхан

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201626021622 дугаартай, 1 хавтас хэргийг 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1990 оны 6 дугаар сарын 5-нд Завхан аймгийн Эрдэнэхайрхан суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, Бүрэн плаза ХХК-д үсчин ажилтай гэх, ам бүл 2; эхийн хамт Завхан аймгийн Улиастай сум, 5 дугаар баг, Товцог найрамдал 2 гудамж, 1 тоотод оршин хаягийн бүртгэлтэй, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 3-270 тоотод түр оршин суух, шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, ИФ90060513 дугаарын регистртэй, Барнигч овогт Дэмбэрэлийн Бадамсэд

 

Шүүгдэгч Д.Бадамсэд 2016 оны 5 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, Шөлөндөө хоолны газрын гадна хохирогч А.Амгаланбаатартай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг зодож, бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Д.Бадамсэд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2016 оны 5 дугаар сарын 22-ны орой ажлаа тараад явж байтал Баатар над руу залгаад 10 жилийн сургуулийн хоёр найзтайгаа уулзаж байна хүрээд ир гэсэн. Би гэртээ хариад байж байтал шөнийн 03 цагийн орчим дахин дахин утсаар яриад дуудаад байхаар нь яваад очиход тэдний байсан баар хааж байсан. Тэндээс гараад Амгаланбаатар, Ууганбаатар, Баатар бид дөрөв машинд суугаад явтал Амгаланбаатар чи Баатарт хөдөөнөөс ирэхэд нь хувцас авч өгнө гэсэн байна, чадахгүй юм бол ийм зүйл ярих хэрэггүй, хэл амаа мэдэж ярьж бай гэсэн утгатай зүйл надад хэлээд, намайг хэл амаар доромжилсон. Ууганбаатар, Баатар бид гурав Шөлөндөө рүү ороод, хоол идээд сууж байтал Амгаланбаатар араас ирээд, дахин хэл амаар доромжлохоор нь би хоолоо идэлгүй гараад явсан. Миний араас Ууганбаатар, Баатар, Амгаланбаатар нар гарч ирээд, Амгаланбаатарыг таксинд суулгахад Ууганбаатар, Баатар нартай гар бариад надтай гар барьсангүй гээд намайг таксинд татаж суулгасан. Намайг таксинд ороод суухад бас л хэл амаар доромжлоод байсан. Би одоо болъё гээд машинаас буухад миний хувцасны халааснаас татаад урсан. Би эргэж хараад нүүрэнд нь нэг удаа цохиход доошоо суусан. Тэгээд би Амгаланбаатараас салаад явж байгаад эргээд харахад доошоо суусан байдалтай босохгүй байхаар нь буцаж очоод таксинд суулгаад, хамт явахад чамтай явахгүй гэсэн. Тэгэхээр нь би Гэмтлийн эмнэлгийн ард буугаад Баатар, Ууганбаатар хоёр дээр очсон. Надаас Амгаланбаатар эхлээд маш их хэмжээний мөнгө нэхэмжилсэн. Тэгээд хоорондоо тохироод 1.500.000 төгрөг би өгч, хохирогчийн хохирлыг бүрэн барагдуулсан. Энэ хэрэг гарахад хохирогч Амгаланбаатарын буруутай үйлдэл байгаа ч би өөрийгөө буруугүй гэж зөвтгөхгүй. Ийм зүйл болсон харамсаж, гэмшиж байна. Гэмт хэрэгт дахин холбогдохгүй байж чадна. Хөнгөн ялаар шийтгэж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч Д.Бадамсэдийн хувийн байдалтай холбоотой түүний урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-н 38/,

иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 37/, Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны тодорхойлолт /хх-н 36/, Бүрэн плаза төвийн тодорхойлолт /хх-н 40/,

гэрч Дэмбэрэлийн Алтангийн ... манай дүү Бадамсэд Завхан аймгийн 4 дүгээр 10 жилийн сургуульд 1998-2008 онуудад сурч, бүрэн дунд боловсролын гэрчилгээ авсан. 2008 онд ИЗИС-д гаалийн ангид сурч байгаад дундаас нь төлбөр мөнгийг нь төлж чадахгүй байдалд хүрээд гарсан. 2014 онд үсчиний дамжаанд сурч үсчин болсон. Манай дүү бусадтай эвтэй, хүмүүстэй маргалдаад байдаггүй. Ээжтэйгээ амьдардаг /хх-н 11/ гэсэн мэдүүлэг,

гэрч Жанлавжавын Аюушийн ... миний хүү ажилдаа сайн, бусадтай их нийтэч, төлөв даруу зантай /хх-н 12/ гэсэн мэдүүлэг зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Бадамсэд 2016 оны 5 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, Шөлөндөө хоолны газрын гадна хохирогч А.Амгаланбаатартай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг зодож, бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн, шүүх шинжлэн судласан

хохирогч Аюурзаны Амгаланбаатарын ... 2016 оны 5 дугаар сарын 22-ны орой Ууганбаатар, Баатар, Бадамсэд бид нар бааранд сууж байгаад үүрийн 4 цагийн орчим баарнаас гараад Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, Шөлөндөө хоолны газарт хоол идэхээр ороод Ууганбаатар, Баатар, Бадамсэд гурав хоол захиалж идсэн. Тэгээд бид нар юм ярьж сууж байхдаа Бадамсэд бид хоёр жаахан юмнаас болж маргалдсан. Бадамсэд би чиний хамба лам гэдгээс чинь айхгүй шүү гэх мэтчилэн үгээр идээд байсан учраас би ч гэсэн зөрүүлээд бас хэдэн үг хэлж хоорондоо маргалдаж байхад манай Ууганбаатар, Баатар нар намайг Шөлөндөө хоолны газрын урд талаас таксинд суулгаж өгөөд Бадамсэдийг дагуулаад явсан. Тэгээд такси яг хөдлөх гэж байхад Бадамсэд машины хаалгыг онгойлгоод орж ирээд суучихаад надаас дахиад хэрүүл өдөөд байсан учраас бид хоёр дахиад хэрэлдэхэд таксины жолооч бид хоёрыг буу, явахгүй гэж хэлэхээр нь бид хоёр машинаас буугаад зогсож байтал Бадамсэд гэнэт миний нүүр рүү гараараа цохихоор нь би газар унахад дээрээс нүүр рүү цохиж байгаад больчихоод чи өөрөө эхэлсэн шүү гэж хэлээд намайг таксинд суулгаж өгөхөөр нь би гэр рүүгээ харьсан. Бид нар 0.5 литрийн архинаас 2 шилийг уусан. Бадамсэд эхлээд шууд миний нүүр рүү цохиход нь би газар унасан бөгөөд намайг газар унасан байхад миний нүүр рүү гараараа цохьсон. Мөн нүүр рүү өшиглөсөн. Яг хэдэн удаа цохьсныг нь мэдэхгүй. Одоо надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй. Би Бадамсэдээс 1.500.000 төгрөг авсан /хх-н 8-10/ гэсэн,

гэрч Ёндонгийн Ууганбаатарын ... бид нар баарнаас гараад Шөлөндөө хоолны газар руу явах гэж байхад Амгаланбаатар Бадамсэдийг хогийн муу үсчин, чи надтай харьцахгүй шүү гэх мэтчилэнгээр үгээр идэхэд Бадамсэд уурлаад чи яахын гээд хэрүүл өдөөд байгаа юм бэ гэж хэлээд тэр хоёр хоорондоо маргалдаад байхаар нь би Амгаланбаатарт одоо боль гэж хэлэхэд Амгаланбаатар уурлаад яваад өгсөн. Хаашаа явсан нь мэдэгдэхгүй алга болчихоор нь Бадамсэд, Баатар бид гурав Шөлөндөө хоолны газар руу очоод хоол идэж байтал Амгаланбаатар над руу залгаад баарны гадна байна, та нар хааччихсан юм бэ гэхээр нь Шөлөндөө-д байна, хүрээд ир гэж хэлсэн. ... Бадамсэд, Амгаланбаатар нар такси бариад машинд суухаар нь Баатар бид хоёр за за энэ 2 яавал гэж дээ гэж бодоод буцаад Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Нэмэх 25 баарны ойролцоо гадаа зогсож байхад Бадамсэд араас хүрээд ирсэн ба куртик нь цус болчихсон байхаар нь би юун цус болчихсон юм бэ гэхэд Бадамсэд би Амгаланбаатарын хамар руу нь цохиод цус гаргачихсан гэж хэлсэн /хх-н 13/ гэсэн,

гэрч Зуунчулууны Баатарын ... Бадамсэд хоолонд оръё гээд ярилцаж байхад Амгаланбаатар хүнтэй уулзаад ирье гээд бид гуравт хэлсэн. Түүний дараа Амгаланбаатар Бадамсэд хоёр маргалдаад байсан. Амгаланбаатар такси руу орж суугаад Бадамсэд, Ууганбаатар бид гурвыг явах гэтэл Амгаланбаатар таксины хаалгаар Бадамсэд рүү хараагаад дуудсан. Тэгээд тэр хоёр такси руу орж суугаад маш их удахаар нь бид хоёр хаяад явсан. Би машин руугаа очих замдаа Ууганбаатартай хамт АТМ-с мөнгө аваад такси барих гээд машин байгаа газар руугаа явж байтал утас дуугараад хартал Бадамсэд залгаад та хоёр хаана байна гэхээр нь машин дээрээ ирсэн байна гэдгээ хэлсэн. Хүлээж бай, одоо очлоо гээд Бадамсэд ирсэн. Найз нь Амгаланбаатартай муудалцаад Амгаланбаатарыг унагааж байгаад өшиглөөд хаячихлаа, гайгүй байгаа санаа зовоод байна гэж хэлсэн /хх-н 17-18/ гэсэн,

шинжээч эмч Норовдоржийн Энх-Амгалангийн ... Амгаланбаатарын биед учирсан гэмтэл нь 2 ба түүнээс дээш удаагийн мохоо хатуу зүйлийн үйлчлэлээр үүсэж болно. Гараар цохиход болон хөлөөр өшиглөхөд үүсэх боломжтой /хх-н 23/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн Амгаланбаатарын биед тархи доргилт, баруун хоншоор ясны хөндийн өмнөд болон хажуу хананы хугарал, хөндийн шингэн хуралдалт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун нүдний ухархайн гадна хана, хацар яс, суурь ясны хугарал  гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн 7173 тоот дүгнэлт /хх-н 20/ болон бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Иймд Барнигч овогт Дэмбэрэлийн Бадамсэдийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар ял оногдуулах үндэслэлтэй,

прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэгт шалгагдвал зохих асуудлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.

Хохирогч Д.Амгаланбаатар шүүгдэгч Д.Бадамсэдээс 1.500.000 төгрөг авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болно. /хх-н 43-44/

Шүүхээс ял оногдуулахдаа шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл, тухайлбал Д.Бадамсэд үйлдсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугийн талаар маргахгүй байгаа, хохирлыг нөхөн төлсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус харгалзав.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч Д.Бадамсэд цагдан хоригдсон хоноггүйг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон