Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 1466

 

Б.Баттулгын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч М.Наранцэцэг, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2017/01054 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Баттулгын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох

 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 7155 дугаар захирамжаар Б.Баттулгаас 40 500 000 төгрөгийг гаргуулж Г.Наранбаатарт олгож шийдвэрлэсний дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа. Үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2204044505 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, 14 дүгээр хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 119 дүгээр байрны 18 тоот 33.94 м.кв хоёр өрөө орон сууцыг хураан авсан байдаг. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 3/38014 тоот мэдэгдлийг шуудангаар хүлээн авсан бөгөөд уг мэдэгдэлд орон сууцыг хөрөнгийн үнэлгээчин 53 574 700 төгрөгөөр үнэлсэн болохыг, мөн энэхүү үнэлгээний 70 хувиар тооцон 37 502 290 төгрөгөөр дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон анхны албадан дуудлага худалдаанд оруулахыг заасан байна. Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо буюу дүүргийн Засаг даргын Тамгын газрын ойролцоох байршилтай, хотын “В” зэрэглэлийн бүсэд хамаардаг. Мөн өнгөрсөн зун супер засвар хийсэн ба харьцангуй шинэ байр юм. Энэ зэрэглэлийн орон сууцны үнэлгээ доод тал нь 1 м.кв нь 1 700 000 төгрөгийн үнэлгээтэй байгааг үл хөдлөх эд хөрөнгийн зуучлалын компанийн судалгаа, веб сайт, сонингуудаас харж болно. Иймд Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасныг үндэслэн Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 14 дүгээр хороолол, Энхтайвны өргөн чөлөө, 119 дүгээр байрны 18 тоот 33.94 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг үнэлсэн үнэлгээг эс зөвшөөрөн, хүчингүй болгуулах нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн үнэлгээг хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлсэн. Тухайн үнэлгээг хөндлөнгийн шинжээч зах зээлийн судалгаатай харьцуулан судалгаа хийж үнэлгээ гаргасан. Үнийн санал ирүүлээгүй учраас шинжээч томилсон. Тус орон сууц нь н.Батсайхан, н.Дэлгэрмаа гэх хоёр өмчлөгчтэй. Үнэлгээний талаар нэхэмжлэгчид 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 03/3810 тоот мэдэгдлээр мэдэгдсэн. Дуудлага худалдаанд оруулах үнэлгээ болон анхны албадан дуудлага худалдаа хэзээ, хаана болох талаар хоёр удаа мэдэгдсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасныг баримтлан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох, Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 14 дүгээр хороолол, Энхтайваны өргөн чөлөө 119 дүгээр байрны 18 тоот хаягт байршилтай 33.94 м.кв хоёр өрөө орон сууцыг 53 574 700 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт “...хэрэв тохиролцохгүй бол дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд шинжээчийн саналыг үндэслэн тогтооно” гэж заасан. Үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцох талаар хуульд нэг ч үг, өгүүлбэр байхгүй байхад анхан шатны шүүх Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Иймд хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.

 

Нэхэмжлэгч Б.Баттулга хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч байгууллага эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

 

Хэрэгт цугларсан нотлох баримт, зохигчдын тайлбараас үзвэл, нэхэмжлэгч Б.Баттулгаас 40 680 225 төгрөг гаргуулж, Г.Наранбаатарт олгож шийдвэрлэсэн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 7155 дугаар захирамж хэрэгт авагдаагүй боловч, уг хүчин төгөлдөр захирамжийн дагуу хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 14 дүгээр хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 119 дүгээр байр, 18 тоот, 33.94 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 188/10 тоот тогтоолоор битүүмжилж, мөн оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 188/27 тоот тогтоолоор хураан авах ажиллагаа явуулсан талаар талууд маргаагүй байна.

/хэргийн 17, 23-26 дугаар тал/

 

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь төлбөр төлөгч Д.Баттулга, өмчлөгч М.Дэлгэрмаа, Б.Батсайхан нарт Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үүрэг гүйцэтгэгч болон өмчлөгчөөс дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн үнийн санал авахаар 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 3/30126, мөн оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 3/31979, 3/31980 тоот мэдэгдлийг шуудангаар хүргүүлсэн үйл баримтын талаар нэхэмжлэгч маргаагүй бөгөөд энэ нь “Монгол шуудан” ТӨХК-ийн тасалбараар тогтоогдсон гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь зөв болжээ. /хэргийн 27-31 дугаар тал/

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нар нь дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн үнийн санал ирүүлээгүй үндэслэлээр шинжээч томилох тухай 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн тогтоолоор “Итгэлт-Эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилсон тул, барьцааны зүйл болох Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 14 дүгээр хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 119 дүгээр байр, 18 тоот, 33.94 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 53 574 700 төгрөгөөр үнэлжээ.

/хэргийн 34-38 дугаар тал/

 

Хариуцагч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар орон сууцны үнийг дээрх үнэлгээний 70 хувиар тооцож, 37 502 290 төгрөгөөр дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон, анхны албадан дуудлага худалдааг 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 10 цагт явуулах тухай мэдэгдлийг төлбөр авагч, төлбөр төлөгч, өмчлөгчид 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 3/38033, 3/38009, 3/38014, 3/39579, 3/39618 тоот мэдэгдлээр мэдэгдсэн байна. /хэргийн 40-44 дүгээр тал/

 

Хариуцагчийн явуулсан дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт “Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн эд хөрөнгийг битүүмжлэх, барьцаалах, хураахдаа түүний чанар, хэрэгцээ, элэгдлийн байдал болон төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө”, 37.2.2-т “төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй бол үл хөдлөх эд хөрөнгийг шинжээчээр үнэлүүлнэ” гэсэнтэй нийцжээ.

 

Дээрх үнэлгээ нь үндэслэлгүй гэх баримт хэрэгт авагдаагүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчсөн болох нь тогтоогдоогүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргийнхээ дагуу баримтаар нотлож чадаагүй байна.

 

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шийдвэрийг хүчингүй болгуулахыг хүссэн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2017/01054 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Сайнбаярын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.БАТЗОРИГ

 

                                               ШҮҮГЧИД                                 М.НАРАНЦЭЦЭГ

 

                                                                       С.ЭНХТӨР