Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/471

 

 

 

 

 

 

 

 

                                                                                                                         

 

  2022        03          30                                     2022/ШЦТ/471

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дариймаа,

улсын яллагч М.Отгонжаргал,

           шүүгдэгч С.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн С.Б холбогдох эрүүгийн 210 602 701 0744 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

                                                                                                            

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Завхан аймгийн Улиастай суманд 1991 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн, 31 настай, эмэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой,  тогооч мэргэжилтэй, хэрэг үйлдэх үедээ Мандах нэртэй ХХК-нд тогооч ажилтай, ам бүл-3, 5-11 насны  2 хүүхдийн хамт, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөөний гудамж 89 дүгээр байрны 38 тоотод бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо 8 дугаар байрны 39 тоотод түр оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл хүлээж  байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, С.Б

 

Холбогдсон хэргийн талаар:

 

С.Б нь шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор “Hagi Hagi” гэсэн нэртэй фэйсбүүк хаягнаас “байр түрээслүүлнэ” гэх утгатай зар оруулж улмаар 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр иргэн Л.Д Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 105 дугаар байрны 701 тоот орон сууцыг өөрийн өмчлөлийн байр гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан байрны түрээсийн төлбөрийн урьдчилгаа нэрийдлээр 600.000 төгрөгийг бусдын дансаар дамжуулан шилжүүлэн авч залилах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанд шүүгдэгч С.Б мэдүүлэхдээ:  Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Би санаатайгаар энэ гэмт хэргийг үйлдээгүй. Би байр түрээслэж байсан бөгөөд нэг сарын хугацаагаар хөдөө явах болсон тул өөрийн түрээсийн мөнгийг олж авахын тулд бусдад түрээсэлсэн. Түрээслэгч надад удаан хугацаагаар байраа түрээслэн гэсэн боловч богино хугацаанд түрээсэлсэн тул ийм зүйл болсон . Хохирогчид  учирсан  хохирлыг  гурав хувааж төлж барагдуулсан гэв.

 

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Хэргийн үйл баримтын талаар:

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 8 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Л.Д өгсөн: ...2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Hagi Hagi гэсэн фэйсбүүк хаягнаасаа “байр түрээслүүлнэ” гээд зар тавьсан байсны дагуу 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүрэг 22-р хороо 105-р байрны 01-р орц 701 тоотод очиж уулзахад Базарханд гэх нэртэй, 30 орчим настай нэг эмэгтэй байсан ба байрыг нь үзээд Базарханд надад хэлэхдээ “манайх 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр байрнаасаа гарна, нөхөр Ариунболд Оюутолгойд ажил хийдэг 21-нд ирэхээр манайх лагарь луу нүүнэ. Тэгээд нүүж орж болно, баталгаажуулаад 600.000 төгрөг шилжүүлж болно” гэж хэлэхээр нь нөхөр Ариунболдын гэх 5495447979 тоот дансруу 600.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр утасны дугаарууд руу нь залгахад  болохгүй болохоор тухайн байрандаа очиж үзэхэд хүн байхгүй байсан. 2021 оны 07 дугаар  сарын 23-ны өдөр очиход уг байрны эзэн гээд нэг настай эгч гарч ирэхээр нь Базарханд хүнийг асуухад тийм хүн байхгүй гэж хэлэхээр нь Базархандын над руу явуулсан зургийг үзэхэд манай байрыг түрээслэж байгаад гарсан эмэгтэй мөн байна. Надад Мөнхболор гэж хэлж байсан ба чамтай адилхан 2-3 хүн ирж надтай уулзаад явсан гэж хэлсэн. Базарханд гэдэг хүнтэй удаа дараа 88229122, 96111090 дугаарын утас руу холбогдоход удахгүй хийнэ, хүнд зээлсэн байгаа гэж хэлээд одоо бүр алга болсон. Уг 600.000 төгрөгийг шилжүүлэхдээ 105-р байрны гадна зогсож байхдаа шилжүүлсэн. Уг Базарханд гэдэг эмэгтэй эгч гээд 88388263 дугаарын утаснаас удахгүй төлнө. Манай хүүхэд авсан юм байна. 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хүлээгээ ч гэж хэлээд холбогдохгүй байгаа, эгчийнх нь нэрийг мэдэхгүй байна. Надад 600.000 төгрөгийн хохирол учирсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Энхмаагийн өгсөн:...Би Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтан сан хороолол 1 дүгээр орцны 07 давхарт 701 тоотод байх 2 өрөөг байрыг худалдаж авсан юм. Тухайн байрны ордер нь одоогийн байдлаар гараагүй байгаа юм. Би Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 27-1 дүгээр байрны 65 тоотод нөхөр хүүхдүүдийн хамтаар оршин суудаг учраас уг байрыг сул байлгүй гэсний үүднээс 2021 оны 04 дүгээр сард яг өдрийг нь хэлж мэдэхгүй байна сарын 600.000 төгрөгөөр 3 сарын хугацаатай үл таних эмэгтэйд түрээслэсэн. Тухайн эмэгтэйн нэрийг нь одоо тодорхой хэлж мэдэхгүй байна ямар ч байсан надад нэрээ өөр хүний нэрээр хэлж байсан С.Б гэж бол хэлээгүй. Манай байрыг түрээслэж байсан эмэгтэй түрээслэж байхдаа өөр хүнд түрээслэх гэж байгаа талаараа надад ерөөсөө хэлээгүй. Төлбөрийг нь сар сардаа өгдөг байсан 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр байрнаасаа гарах байсан дахиж сунгах юм уу? гэсэн чинь сунгахгүй гээд тэгээд гарсан. Гарсаны дараа манай байрыг өөр хүнд түрээслэнэ гээд 600,000 төгрөг авсан байсан тэгээд түүнээс болж тэр залуу цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байх. Миний хувьд төлбөрөө бүгдийг нь авсан ямар нэгэн гомдол санал болон нэхэмжлэх байхгүй... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 41-42 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар С.Бын өгсөн: Би Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтан хороололын 1 дүгээр орцны 07 давхарт 701 тоотод байрлах 2 өрөө орон сууцийг нэг сарын 600.000 төгрөгөөр түрээслэн амьдарч байсан юм. Түрээслэж байх хугацаанд буюу 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд Завхан аймаг руу хувийн ажлаар явах ажил гараад түрээслэж байсан байраа хоосон орхиж байхаар түрээслүүлэхээр болсон байсан юм. Тэгээд өөрийн Hagi Hagi фэйсбүүкний чатнаас 2 өрөө байр түрээслэнэ гэсэн зарын группт өөрийнхөө амьдарч байгаа өрөө байрыг нэг сарын хугацаатай түрээслэнэ гэсэн зар тавьсан. Зарыг байршуулсан шалтгаан нь ямар нэгэн санаа зорилго байгаагүй байрны сарын төлбөрийг нь өгчихсөн байсан. Тухайн үед мөнгөний хэрэг гарсан учраас сарынхаа төлбөрийг өөр хүнд хөлслүүлээд мөнгөө олчихъё гэж бодож байсан юм. Зарын дагуу над руу хүн холбогдсон хэдэн сарын хэдний өдөр хэн хэн гэдэг хүмүүс ямар дугаараас хандсаныг нь хэлж мэдэхгүй байна. Иргэн Л.Доржсамбуу зарын дагуу байраа харж үзсэн. Надад түрээслэчих гээд байсан. 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр тухайн үед хамт амьдарч байсан Д.Ариунболд гэдэг хүний ХААН банкны 5495477979 гэсэн дансаар Доржсамбуугаас 600.000 төгрөг авсан. 2021 оны 07 дугаар сарын 09-10-нд шиг санагдаж байна. Байрны эзэн гэх Энхмаа гэдэг эгч над руу залгаад би өөрөө байрандаа очино юм авах шаардлагатай гэсэн утгатай зүйл ярьсан. Л.Д болсон зүйлийг хэлсэн чинь одоо мөнгө өө авна гээд уурласан. Тэр үед мөнгийг нь хөдөө явах гээд чихэр хөдөө явах хүнсний зүйл авчихсан байсан учраас мөнгийг нь тэр даруйд нь өгч чадаагүй юм. Тэгээд би Доржсамбуу гэх залууд мөнгийг нь бүтнээр нь өгч чадахгүй цувуулж өгье гэсэн чинь тэр залуу бүтнээр нь авна гэсэн. Тэгээд бид хоёрын дунд үл ойлголцол гарч маргаан үүссэн. 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хавьцаа шиг санагдаж байна өдрийг нь хэлж мэдэхгүй байна. 300.000 төгрөг, 2021 оны 10 дугаар сард 200,000 төгрөг төлсөн, 2021 оны 11 дүгээр сарын эхээр 100.000 төгрөг, 2021 оны 12 дугаар сард 100,000 төгрөг өгсөн. Тэрнээс миний хувьд уг хүнийг залилан мэхлэх санаа бодол байгаагүй залилах хуурч мэхлэх байсан бол энэ хүнд мөнгийг нь анхнаас нь өгөхгүй зугтаад явчихсан байсан. Нэг сарын хугацаанд байраа эзэнгүй зүгээр байлгаж байхаар түрээслэе гэж бодоод ийм зүйл болчихлоо. Миний хувьд буруу зүйл хийж бусдад хохирол учруулсандаа чин сэтгэлээсээ гэмшиж байна. Д.Ариунболд бид хоёр салчихсан тус тусдаа амьдарч байгаа одоо энэ хүнийг хаана байгаа гэдгийг нь мэдэхгүй байна. Д.Ариунболдын 5495477979 тоот данстай ХААН банкны картыг нь би ашигладаг байсан бөгөөд намайг мөнгө авсан гэдгийг нь мэдээгүй байсан. Би 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр байрнаасаа гарах байсан. Би байрны эзэнд байраа түрээслэж байгаа талаараа ерөөсөө хэлээгүй. Миний ярьсан хэлсэн зүйл үнэн. Би хохирол мөнгө төгрөгөө бүрэн төлж

Барагдуулсан. Надад ямар нэгэн бусдыг залилан мэхлэх санаа бодол байгаагүй ...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 50-51 дэх тал/,

 

             -Дамба овогтой Ариунболдын  “ХААН”  депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 75 дахь тал/

 

              -Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт:

 

Шүүгдэгч С.Бын иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 61 дэх тал/,

Шүүгдэгч С.Бын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 65 дахь тал/ зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.

Шүүгдэгч С.Бын оршин суугаа газрын тодорхойлолт /хавтаст хэргийн 66 дахь тал/,

Шүүгдэгч С.Бын 2 хүүхдийн төрсөний гэрчилгээ /хавтаст хэргийн 67-68 дахь тал/,

Шүүгдэгч С.Бын Улсын бүртгэлийн Ерөнхий газрын гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 60 дахь тал/,

Шүүгдэгч С.Бын Нийгмийн даатгалын шитгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, албан тоот /хавтаст хэргийн 59 дэх тал/,

Шүүгдэгч С.Бын Төрийн банкны дансны хуулга /хавтаст хэргийн 69 дэх тал/ зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

 

С.Б нь шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор “Hagi Hagi” гэсэн нэртэй фэйсбүүк хаягнаас “байр түрээслүүлнэ” гэх утгатай зар оруулж улмаар 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр иргэн Л.Д Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 105 дугаар байрны 701 тоот орон сууцыг өөрийн өмчлөлийн байр гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан байрны түрээсийн төлбөрийн урьдчилгаа нэрийдлээр 600.000 төгрөгийг бусдын дансаар дамжуулан шилжүүлэн авч залилах гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй гэж заасан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэхээр хуульчилжээ.

 

 Шүүгдэгч С.Бын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар болон түүнээс үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан,  хохирогч нь гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн зэрэг хуульд заасан шаардлагыг хангасан байх тул С.Бад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

 

С.Б нь шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор “Hagi Hagi” гэсэн нэртэй фэйсбүүк хаягнаас “байр түрээслүүлнэ” гэх утгатай зар оруулж улмаар 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр иргэн Л.Д Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 105 дугаар байрны 701 тоот орон сууцыг өөрийн өмчлөлийн байр гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, бусдад 600.000 төгрөгийн хохирол учруулан залилсан  нь  хохирогч,  шүүгдэгчийн мэдүүлэг,   дансны хуулга   зэргээр  нотлогдон тогтоогдсон бөгөөд шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Шүүгдэгч С.Б нь гэм буруугийн шууд санаатай үйлдлээр шунахайн сэдэлтэйгээр үйлдсэн байх бөгөөд амар хялбар аргаар тухайн эд зүйлийг өөрийн эзэмшлийн болгох гэсэн санаа, сэдэлтэй байжээ. Залилан мэхлэх гэмт хэргийг өмчлөх эрхийн эсрэг бусад гэмт хэргээс ялгагдах онцлог нь зөвхөн эд зүйлс, өмч хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах үйлдлээс гадна ирээдүйд эд зүйлс, өмч хөрөнгийг өөрийн мэдэлдээ оруулж, буцааж өгөхгүй ашиглах, захирах зарцуулах эрхийг олж авдгаараа ялгагдана.

 

Залилан мэхлэх гэмт хэргийн хохирогч нь гэм буруутай этгээдэд итгэж буюу хуурч мэхлэгдэн өөрийн эд хөрөнгө болон түүний эзэмших эрхээ сайн дураараа шилжүүлэн өгсөн байдаг.

 

Залилан мэхлэх гэмт хэрэг нь эд зүйлс, өмч хөрөнгө өмчлөгч, эзэмшигч, ашиглагч хамгаалагчаас эд зүйлс, өмч хөрөнгийг хуурамч ойлголт төрүүлэн гэмт этгээд өөрийн мэдэлд шилжүүлэн, захиран зарцуулах бодит бололцоог бүрдүүлснээр төгсдөг.

 

С.Б нь шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор “Hagi Hagi” гэсэн нэртэй фэйсбүүк хаягнаас “байр түрээслүүлнэ” гэх утгатай зар оруулж улмаар 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр иргэн Л.Д Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 105 дугаар байрны 701 тоот орон сууцыг өөрийн өмчлөлийн байр гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан байрны түрээсийн төлбөрийн урьдчилгаа нэрийдлээр 600.000 төгрөгийг бусдын дансаар дамжуулан шилжүүлэн авч цааш нь өөрийн хэрэгцээнд захиран зарцуулж буй үйлдэл нь “Залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Шүүгдэгч С. Базарханд нь  гэмт хэргийг гэм буруугийн санаатайгаар хэлбэрээр үйлдсэн байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Энэ хэргийн учир хохирогч Л.Д нь 600.000 төгрөг нэхэмжилсэн ба хохирол төлбөрөө барагдуулж авсан болох нь түүний 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн ХААН банкны дансны хуулгаар тогтоогдож байна. Мөн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ бичгээр илэрхийлсэн байх тул шүүгдэгч С.Быг баримтаар бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. /хавтас хэргийн 70, 86 дахьтал/

 

             Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруугийн үйлдлийг зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн байх ба гэм буруугийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчмын дагуу шүүгдэгч С.Б нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино  гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

 

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Шүүгдэгч С.Бад эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг, 1.2-т заасан учруулсан хохирлыг төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

                                                                                                                                 

Улсын яллагчаас шүүгдэгч С.Бад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин/ төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж байна.

 

 Шүүгдэгч С.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрөө төлсөн, хохирогч гомдол саналгүй талаарх хүсэлтээ бичгээр ирүүлсэн, бага насны 2 хүүхдийн хамт амьдардаг зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                          ТОГТООХ нь:                      

 

1. С.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т заасан бусдыг хуурч,цахим хэрэгсэл ашиглан бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Б-г 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар С.Бад оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, С.Б нь цагдан хоригдсон хоноггүй,  бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол С.Бад урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ч.АЛТАНЦЭЦЭГ