Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 423

 

Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цэрэнпүрэв даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн Богд сумын 5 дугаар багт оршин суух Бэйс овогт Гөлөгтөмөрийн Хандсүрэнгийн хүсэлттэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Г.Хандсүрэн шүүхэд гаргасан хүсэлт болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюун дээ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Хандсүрэн нь 1984 оны 6 дугаар сарын 31-нээс эхэлж 1990 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл Богд сумын Сүхбаатарын зам нэгдэлд тасралтгүй малчнаар ажиллаж байсан. Ингээд өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсний улмаас улсад ажилласан хугацаа манааны ажилласан жилд орж тооцогдохгүй хохироход хүрч байна.

Иймд намайг 1984 оны 6 сарын 31-нээс 1990 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл Богд сумын Сүхбаатар зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан хугацааг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн хүсэлт, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Г.Хандсүрэн нь Өвөрхангай аймгийн Богд сумын Сүхбаатарын зам нэгдэлд 1984 оны 6 дугаар сарын 31-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргажээ. /хх-ийн 1 дүгээр тал/

Хүсэлт гаргагч нь дээрх хугацаанд өөрийн ажиллаж байсан талаарх үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт заасны дагуу түүний хүсэлтийг шүүх хянан шийдвэрлэхболомжтой байна.

Г.Хандсүрэн нь Өвөрхангай аймгийн Богд сумын Сүхбаатарын зам нэгдэлд 1984 оны 6 дугаар сарын 31-нээс эхэлж 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 507 тоот архивын лавлагаа /хх-ийн 4 дүгээр тал/, Сүхбаатарын зам нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1985 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 32 дугаар тогтоолын хуулбар /хх-ийн 5, 6 дугаар тал/, Г.Хандсүрэнгийн 1984 оны 3 сарын цалингийн тооцооны хүснэгтийн хуулбарууд /хх-ийн 8 дугаар төл/, хамт ажиллаж байсан талаархгэрч А.Уранчимэг, Ц.Өлзийсүрэн, Д.Чулуунбат нарын мэдүүлэг /хх-ийн 21, 25, 28 дугаар тал/ зэргээр тус тус тогтоогдож байна.

Иймд Г.Хандсүрэнгийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан хүсэлт гаргагч Бэйс овогт Гөлөгтөмөрийн Хандсүрэн /РД:ЙД67062201/-гийн 1984 оны 6 дугаар сарын 31-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд Богд сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаарГ.Хандсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ЦЭРЭНПҮРЭВ