Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 425

 

Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цэрэнпүрэв даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 4 дүгээр багт оршин суух Буянт овогт Балжиннямын Ганболд /РД:ЙЙ58120212/-ийн хүсэлттэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Б.Ганболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанцэцэгнар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.Ганболд нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Би 1975 оны 6 дугаар сарын 01-нээс 1977 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Эх орон нэгдэлд малчнаар ажиллаж байгаад 1977 оны 6 дугаар сарын 25-наас 1980 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 189 дүгээр ангид цэргийн алба хааж ирээд 1981 оны 01 дүгээр сарын 01-нээс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл эх орон нэгдэлд, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Эх орон хувьцаат компанид малчнаар тасралтгүй ажилласан.

Ингээд өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй гээд улсад ажилласан хугацаа маань ажилласан ажилд орж тооцогдохгүй хохироход хүрч байна. Надад хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч тухайн үеийн эрх бүхий хүмүүс дэвтэрт бичилт хийхдээ олгов тэмдэг даралгүй касс гэсэн тэмдэг дарснаас улсад ажилласан жил дутуу тооцогдож байна.

Иймд миний 1980 оны 01 сарын 01-нээс 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Эх орон нэгдэлд болон Эх орон хувьцаат компанид малчнаар ажиллаж байсан хугацааг сэргээн тогтоож өгнө үү гэв.

Хүсэлт гаргагчийн хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Б.Ганболд нь 1980 оны 01 сарын 01-нээс 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Эх орон нэгдэлд болон Эх орон хувьцаат компанид малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргажээ. /хх-ийн 1, 2 дугаар тал/

Хүсэлт гаргагч нь дээрх хугацаанд өөрийн ажиллаж байсан талаарх үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй гэдэг нь Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Нийгмийн даатгалын улсын байцаагчийн тодорхойлолт /хх-ийн 40 дугаар тал/-оор тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт заасны дагуу түүний хүсэлтийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой байна.

Б.Ганболд нь 1981 оны 01 сарын 01-нээс 1991 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Эх орон нэгдэлд малчнаар, 1991 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Эх орон хувьцаат компанид малчнаар ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 311 тоот архивын лавлагаа /хх-ийн 14 дүгээр тал/, Б.Ганболдын 1981 оны 6 дугаар сарын 15-ны өдөр авсан Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-ийн 5-8 дугаар тал/, Б.Ганболдын 1991 оны 10 дугаар сарын 30-ны өдөр авсан Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-ийн 9, 10 дугаар тал/, Нарийнтээл сумын Эх орон нэгдлийн зөвлөлийн 1984 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн хоёрдугаар хуралд ирсэн тэргүүлэгчдийн нэрс /хх-ийн 12 дугаар тал /, Нарийнтээл сумын Эх орон нэгдлийн зөвлөлийн ээлжит 1982 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн хоёрдугаар хуралд суусан хүмүүсийн нэрс /хх-ийн 16 дугаар тал /, Эх орон нэгдлийн тайлан сонгуулийн хурлын бэлтгэлийг хангах ажлын 1983 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн төлөвлөгөө /хх-ийн 17 дугаар тал/, Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Эх орон нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1989 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн протокол /хх-ийн 18 дугаар тал/, хамт ажиллаж байсан талаарх гэрч Д.Аюур, П.Пунцагцэрэн, Г.Лхамсүрэн нарын мэдүүлэг /хх-ийн 33, 36, 39 дүгээр тал/ зэргээр тус тус тогтоогдож байна.

Харин нэхэмжлэлийн шаардлагаас 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Эх орон нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдал баримтаар тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан хүсэлт гаргагч Буянт овогт Балжиннямын Ганболд /РД:ЙЙ58120212/-ийн 1981 оны 01 сарын 01-нээс 1991 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Эх орон нэгдэлд малчнаар, 1991 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Эх орон хувьцаат компанид малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Эх орон нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаарБ.Ганболдын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ЦЭРЭНПҮРЭВ