| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батдоржийн Цэрэнпүрэв |
| Хэргийн индекс | 145/2017/00385/И |
| Дугаар | 426 |
| Огноо | 2017-08-23 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 23 өдөр
Дугаар 426
Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цэрэнпүрэв даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо 361 дүгээр гарам, Майхан 3 гудамж 01 тоотод оршин суух Цагаан гэлэн овогт Рэнчинсэнгийн Наранчимэг /РД:ЙЮ66061907/-ийн хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Нарантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Р.Наранчимэг нь шүүхэд гаргасан хүсэлт болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Нарантуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Р.Наранчимэгийн төрсөн эгч нь юм. Миний дүү Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын Худалдаа бэлтгэлийн трестэд 1984 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ногоон зооринд цэвэрлэгч, галч, мал нядалгааны цэгт гэдэс арилгагчаар ажиллаж байсан. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсний улмаас улсад ажиллаж байсан хугацаа нь тооцогдохгүй хохироход хүрч байна. Учир нь миний дүүгийн гэрт хулгай орж эд зүйл болон бичиг баримтуудыг нь авч явсан тул хөдөлмөрийн дэвтэр нь олдохгүй байна.
Иймд Р.Наранчимэгийг Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын Худалдаа бэлтгэлийн трестэд 1984 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ногоон зооринд цэвэрлэгч, галч, мал нядалгааны цэгт гэдэс арилгагчаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
Хүсэлт гаргагчийн хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Р.Наранчимэг нь 1984 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын Худалдаа бэлтгэлийн трестэдногоон зооринд цэвэрлэгч, галч, мал нядалгааны цэгт гэдэс арилгагчаар ажиллаж байсан байдалтогтоолгох тухай хүсэлт гаргажээ. /хх-ийн 1 дүгээр тал/
Хүсэлт гаргагч нь дээрх хугацаанд өөрийн ажиллаж байсан талаарх үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт заасны дагуу түүний хүсэлтийг шүүх хянан шийдвэрлэхболомжтой байна.
Р.Наранчимэг нь 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 1989 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын Худалдаа бэлтгэлийн трестэд ногоон зооринд цэвэрлэгч, мал нядалгааны цэгт гэдэс арилгагчаар ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймаг, Арвайхээр хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн түр ажиллагсдыг ажилд авах ба томилох тухай 181 тоот тушаал болон хавсралтын хуулбар /хх-ийн 5, 6 дугаар тал/, Өвөрхангай аймаг, Арвайхээр хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1989 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн түр ажлаас чөлөөлөх тухай 164 тоот тушаал болон хавсралтын хуулбар /хх-ийн 7 дугаар тал/, хамт ажиллаж байсан талаарх гэрч Д.Дониддэмбэрэл, Ч.Наранчимэг, Н.Отгон нарын мэдүүлэг /хх-ийн дүгээр тал/ зэргээр тус тус тогтоогдож байна.
Харин нэхэмжлэлийн шаардлагаас 1984 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл, 1989 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 1989 оны 13 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажиллаж байсан байдал баримтаар тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иймд Р.Наранчимэг ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан хүсэлт гаргагч Цагаан гэлэн овогт Рэнчинсэнгийн Наранчимэг /РД:ЙЮ66061907/-ийн 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 1989 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын Худалдаа бэлтгэлийн трестэд ногоон зооринд цэвэрлэгч, мал нядалгааны цэгт гэдэс арилгагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож, 1984 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл, 1989 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 1989 оны 13 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын Худалдаа бэлтгэлийн трестэд ажиллаж байсан байдал тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаарР.Наранчимэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ЦЭРЭНПҮРЭВ