| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2022/0545/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/575 |
| Огноо | 2022-04-15 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Ч.Батбаатар |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 2022/ШЦТ/575
2022 04 15 2022/ШЦТ/575
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг ,
улсын яллагч Ч. Батбаатар /томилолтоор/
хохирогч Ч.А,
шүүгдэгч Х.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Х.Од холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 220 300 000 0158 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцээд
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Увс аймгийн Түргэн суманд 2002 оны 07 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, 20 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ “Их Засаг Олон Улсын их сургуулийн эрхзүйн ангийн 2-р курст суралцдаг байсан, одоогоор түр чөлөө авсан, ам бүл-6, эцэг, эх, эгч, дүү нарын хамт, тоотод бүртгэлтэй боловч, тоотод түр оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял, шийтгэл хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, Х.О
Яллах дүгнэлтэд холбогдсон хэргийн талаар:
Х.О нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Шинэ дөл” хотхоны зүүн урд замд 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 19 цаг 30 минутын орчимд “Тоёото “Приус-20” маркийн 6666666 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа нь Замын хөдөлгөөний дүрмийн “15.1-т “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч, мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтолцлоор хөндлөн гарч яваа унадаг дугуй, мопедод зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчиж явган зорчигч Ч.Аг мөргөж, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанд шүүгдэгч Х.О мэдүүлэхдээ: Хэргийн талаар нэмж ярих зүйлгүй. Хохиролыг боломжоороо төлнө гэв.
Шүүх хуралдаанд хохирогч Ч.А мэдүүлэхдээ: Би энэ зам тээврийн ослын улмаас эрүүл мэндээрээ маш их хохирлоо. Би оюутан буюу суралцдаг. Диплом ажил хийх, хичээл сургуульдаа явахад маш их бэрхшээл учирсан. 2 долоо хоногийн турш гэмтлийн эмнэлэг гэр хоёрын хооронд явсан, ингэж явахдаа байнгын такси, тээврийн хэрэгслээр явсан энэ хугацаанд бензен шатахуунд зарцуулсан зардал, таксины мөнгөө гаргуулж авмаар байна. мөн хавтаст хэрэгт хохиролд 573.700 төгрөгийн баримтыг өгсөн . энэ хохирол төлөгдөөгүй тул энэ хохирлоо гаргуулж авмаар байна. мөн цаашид гэмтлийн улмаас физик эмчилгээ хийлгэх шаардлагатай тул 5.000.000 төгрөгийг нэхэмжилсэн гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн үйл баримтын талаар:
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, /хавтаст хэргийн 1 дэх тал/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 3-9 дахь тал/,
Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, мөн явган зорчигчийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн 10 дахь тал/,
Дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 11 дэх тал/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 12 дахь тал/,
-“Кибер амжилт” сургуулийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, /хавтаст хэргийн 13 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ч.Агийн өгсөн: Би 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Натурын замд автомашинаас буугаад гэртээ харих зорилгоор алхаад байрны дундуур явж байсан. “Шинэ дөл” хотхоны урдуур баруун тийш явган хүний замаар явж байснаа зүүн гэрлэн дохиотой явган хүний гарцаар зам хөндлөн гарах зорилгоор баруунаас зүүн тийш чиглэлд зорчих хэсгийн хойд талаар явж байсан. Тэгээд “Шинэ дөл” хотхоны зүүн урд талын уулзварт баруун талаас нь ирээд явган хүний гарцаар зам руу ороод хойноосоо урагшаа явах урсгалыг нь хөндлөн гараад урдаасаа хойшоо явах урсгал руу нь ортол зүүн талаас баруун гар тийшээ эргэж байсан автомашин зогсолгүй ирээд мөргөсөн. Намайг баруун хөл хэсэг рүү урд гупер хэсгээрээ мөргөөд би машины баруун урд талд нь унасан. Би газарт унахдаа 2 гараараа тулаад унах үед машин баруун урд дугуйгаараа миний баруун гар дээгүүр дайраад гарсан. Жолооч нь бууж ирээд машинд суучих гэхээр нь би эмнэлэг явья гээд жолооч замаараа эгчийгээ аваад “Саруул” хотхоны “Бадмамед” гэх эмнэлэгт ороод “Би машинд дайруулсан боолт хийлгэе” гэхэд энд хийхгүй гэмтэл яв гэхээр нь гэмтлийн эмнэлэг дээр очсон. Гэмтэл дээр зураг авахуулахад баруун гарны чигчий, ядам, дунд 3 хуруу хугарал, цууралттай гэсэн.Одоогоор эмчилгээндээ 215.900 төгрөг зарцуулаад байна. Жолоочоос гэмтэл дээр томографикийн зураг авахуулахад 360.000 төгрөг өгсөн.Баримт нь өөрсдөд нь байгаа байх.Би зүүн хөл өвчин ороод байгаа тул зураг авахуулах шаардлагатай байна. Осол гарах үед үүрч явсан гар цүнх халцарсан байсан.Энэ цүнхийг 2022 оны 07 дугаар сард 100.000 төгрөгөөр Солонгос улсаас авч байсан.Монгол улсад худалдаанд байдаггүй юм.Цаашдын эмчилгээний төлбөрт хэдэн төгрөг гарахыг сайн мэдэхгүй байна. Би маш их гомдолтой байна...гэх мэдүүлэг/хх-14-16 тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний хариуцагч А.Ганхуягийн өгсөн:...Осол гарах үед хамт байгаагүй бөгөөд ослын талаар мэдэх зүйл байхгүй. Дараа нь сонссон. Х.О нь надтай хамт ажилладаг байсан бөгөөд би “Тоёото Приус-20” маркийн 6666666 дугаарын автомашиныг 2021 оны 05 дугаар сард орж ирсэн тэрэг худалдан авахдаа банк бусаас 12.600.000 төгрөгийн зээл авч өөрөө 3.500.000 төгрөг төлж аваад унаж байгаад банк бусаар төлөх боломжгүй болоод Х.Огээс 4.500.000 төгрөг аваад банк бусыг нь төлүүлэх гээд 2021 оны 8 дугаар сард зарсан. Одоог болтол Х.О зээлийг төлөөд явж байгаа. Х.Огийн машин юм гэх мэдүүлэг /хх-ийн 28 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Мөнхцэцэгийн өгсөн: Би 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр ажил дээрээ байхад над дээр ирээд хүн мөргөчихлөө гэсэн. Хаана байгаа юм гэсэн чинь гадаа байгаа гэсэн. Тэгээд машин дотор очиж үзсэн мөргүүлсэн хүний гарнаас цус гарч байсан. Эмийн сан ороод боолт хийлгүүлье гэсэн чинь мөргүүлсэн хүн үгүй эмнэлэг явна гэсэн. Эмнэлэг дээр очоод мөргүүлсэн хүний гарт боолт хийлгүүлээд гэмтлийн эмнэлэг очсон. Гэмтэл дээр очоод томографикийн зураг авахуулсан хохирогчийн ах нь зөөлөн эдийн гэмтэл байна гээд эм авч өгсөн. Очирхүү Нарны замаас Натур луу эргэх гэж байгаад хүн мөргөчихлөө гэрлийн гялбаанд харагдаагүй гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 30 дахь тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 3163 дугаартай:
1.Ч.Агийн биед баруун гарын сарвууны чигчий хурууны алганы шивнүүр ясны зөрөө бүхий далд хугарал, зүүн тохой, зүүн шуу, зүүн өвдөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Т.Чимэд-Очир гэх дүгнэлт /хх-ийн 36-37 дахь тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 212 /нэмэлт/ дугаартай:
1.Ч.Агийн биед баруун гарын сарвууны чигчий хурууны алганы шивнүүр ясны зөрөө бүхий далд хугарал, зүүн тохой, зүүн шуу, зүүн өвдөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал зүүн өвдөгний үений урд чагтан холбоосны суналт, өвдөгний үеийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-42 тал/, Шинжээч эмч Т.Чимэд-Очир гэх дүгнэлт /хх-ийн 42-44 дэх тал/,
Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 239 дүгээртэй магадлагаанд:
1.Жолооч Х.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “15.1. Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндпөн гарч яваа явган зорчигч, мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцлоор хөндлөн гарч яваа унадаг дугуй, мопедод зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.
2.Явган зорчигч, хохирогч Ч.А нь Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Магадалгаа гаргасан Ү.Оюун-Эрдэнэ гэжээ. /хавтаст хэргийн 57 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Х.Огийн өгсөн: ... Би 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр “Тоёото приус-20” маркийн 6666666 улсын дугаартай автомашиныг жолоодон Натурын урд байрлах Ундрам нэртэй эмийн санд очих гээд ганцаараа явж байсан. “Нарантуул” захын уулзвараас баруун тийш чиглэлд яваад “Шинэ дөл” хотхоны зүүн урд уулзварт баруун гар тийш эргэж буюу ертөнцийн зүгээр зүүнээс хойд зүгт эргэх үед гэнэт урд хүн гарч ирээд мөргөөд зогссон. Машинаас буугаад очиход эмэгтэй хүн газарт уначихсан уйлаад байсан. Би машиндаа суулгаад эгч дээрээ очоод эгчийг аваад хувийн эмнэлэг дээр очиход гэмтэл яв гэсэн учир гэмтэл дээр очиж зургийг нь авахуулахад хуруу нь цуурсан гэж байсан. Цагдаа дээр ирж хэргийн газарт үзлэг хийхэд нь байлцсан. Тухайн үед би баруун гар тийш эргэхдээ явган хүний гарц байгааг анзаараагүй, буугаад очтол цагаан шугамтай байсан.Би хараагүй. Урдаас ирж байсан машины гэрэлд цохигдсон байх, мөн баруун талын салхины шилний багана халхлаад сайн харагдаагүй. Тухайн явган зорчигчоос өөр хүн зам гарч байгаагүй. Манай ах Ганхуягийн машин байсныг би худалдан аваад Банк бусын мөнгийг нь би төлөөд явж байгаа. Одоо миний өөрийн автомашин юм. Би 2021 оны 06 дугаар сараас хойш байнга унаж ашиглаж байна. Ямар нэгэн осолд нөлөөлөх эвдрэл гэмтэлгүй. Хамгийн сүүлд 2021 оны 03 дугаар сард оношилгоонд орж тэнцсэн. Хохирогчид гэмтэл дээр зураг авахуулах үед нь 360.000 төгрөг өгсөн. Цаашид гарах эмчилгээний зардлыг төлнө гэж бодож байна. Одоогоор өөр мөнгө төгрөг өгсөн зүйлгүй. Шинжээчийн дүгнэлтүүд, мөрдөгчийн магадлагаатай танилцсан. Хүлээн зөвшөөрч байна. Би буруугаа ойлгож байна. Осол гарсанд маш их харамсаж байна. Би яг тогтмол орлогогүй байгаа. Одоогоор “Эмээлт” зах дээр мах бэлтгэлд ажиллаж, шулаа хийж өдрийн 100.000 төгрөг олж байна. Ч.Ад мөнгө өгөхөөр цуглуулж байна. Одоогоор хохирогчтой ярилцаж үзээгүй байна. Ярилцаж, тохиролцоно гэж бодож байна... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 79 дэх тал/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт:
Х.Огийн жолоочийн лавлагаа мэдээлэл, /хх-ийн 33 дахь тал/,
-Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 61 дэх тал/,
-Оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 62 дахь тал/,
-Жолооны үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хх-ийн 64 дэх тал/,
-Жолоочийн лавлагаа, мэдээлэл, /хх-ийн 65 дахь тал/,
-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 66 дахь тал/,
- “БИЧИЛ ГЛОБУС ХХК”-ийн 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн зээлийн гэрээ /хх-ийн 68-71 дэх тал/,
-Тээврийн хэрэгслийн лавлагаа, /хх-ийн 72 дахь тал/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Энэ төрлийн гэмт хэрэг нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимог хэлбэрээр халдагдан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээр үйлдэгдэн хүний эрүүл мэндэд хохирол учирснаар төгсдөг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.
Харин жолоочийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл нь санаатайгаар, тус үйлдлийн улмаас үүдэн гарч байгаа хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан үйлдэл нь болгоомжгүй үйлдэгддэг онцлогтой.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Х.О нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Шинэ дөл” хотхоны зүүн урд замд 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 19 цаг 30 минутын орчимд “Тоёото приус-20” маркийн 6666666 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа нь Замын хөдөлгөөний дүрмийн “15.1-т “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч, мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтолцлоор хөндлөн гарч яваа унадаг дугуй, мопедод зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчиж явган зорчигч Ч.Аг мөргөж, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Тээврийн Прокурорын газраас Х.Огийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэл бүхий болжээ.
Х.О нь Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж буюу тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ аваагүйгээс үүдэн тухайн зам хөндлөн гарч байсан хохирогч Ч.Аг мөргөж, түүний биед баруун гарын сарвууны чигчий хурууны алганы шивнүүр ясны зөрөө бүхий далд хугарал, зүүн тохой, зүүн шуу, зүүн өвдөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал зүүн өвдөгний үений урд чагтан холбоосны суналт, өвдөгний үеийн зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учирсан нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт: ...өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно.
Шүүгдэгч Х.О нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр бусдын эрүүл мэнд хүндэвтэр хохирол учруулсан байна.
Иймд Х.Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заас ан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: ...энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно гэж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ...бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж,
Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д ...бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж ,
Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2-д ...гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй гэж тус тус хуульчилжээ.
Хохирогч Ч.А нь баримтаар 573.700 төгрөгийг нэхэмжилсэн байна. /хх-ийн 22-25 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллаганд шүүгдэгч Х.О нь хохирогчийн эрүүл мэндийн зардалд 435.300 төгрөг төлсөн болох нь хавтаст хэргийн 83 дахь талд авагдсан байна.
Шүүхийн шатанд шүүгдэгч Х. Очирхүү нь хохирогч Ч. Арвинсүрэнд 573.700 төгрөгийг төлөхөөр шүүх хуралдааныг завсарлуулах хүсэлт гаргасан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт …шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар гаргасан шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн санал, хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг засварлуулж болно гэж хуульчилжээ.
Шүүгдэгч Х.О хохирогч Ч.Ад 573.700 төгрөгийг төлсөн байх ба хэрэгт баримтаар төлөх төлбөргүй гэж үзэв. /хх-н 109-р тал/
Хохирогч Ч.А гэм хорын хохиролд 5.000.000 /таван / сая төгрөг нэхэмжилжээ. / хх- н 82-р тал/.
Нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон бичгийн нотлох баримтаа хавсарган ирүүлээгүй тул шүүгдэгч Х. Ос 5.000.000 /таван/ сая төгрөгийг гаргуулж шийдвэрлэх үндэсгүй байна.
Харин хохирогч Ч.Агийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх тул гэмтлийн улмаас цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох бичгийн нотлох баримтаа бүрдүүлж, шүүгдэгч Х.Огээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Х.Од эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Шүүгдэгч Х.Од эрүүгийн эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-т заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Х.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын саналыг гаргаж байна.
Шүүхээс шүүгдэгч Х.Од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал , анх удаа болгоомжгүйгээр хөнгөн гэмт хэрэг үйлдсэн , мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн шатанд хохирогчид өөрийн боломжоор хохирол төлсөн, цаашид гарах эрүүл мэндийн зардлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа, шүүгдэгчийн хувийн байдал, ажил хөдөлмөр эрхлэдэг, хохирогчийн эрүүл мэнд учирсан хохирлыг цаашид нөхөн төлөх бололцоог хангах зэрэг байдлуудыг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 /нэг мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая / төгрөгөөр торгох ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.
Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-т шийтгүүлсэн этгээд хууль, эсхүл торгох шийтгэл оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор, хэрэв хуульд зааснаар торгуулийг хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосон бол тогтоосон хугацаанд торгуулийг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй гэж тус тус хуульчилжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Си-Ди-ийг хэрэг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж шийдвэрлэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Х.Од авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Х.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.О-д 1000 /нэг мянган / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Х.Од оногдуулсан 1000 /нэг мянган / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая / төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчинтөгөлдөр болмогц 4 /дөрвөн / сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Х.Од оногдуулсан 1000 /нэг мянган / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая / төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5. Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-т шийтгүүлсэн этгээд хууль, эсхүл торгох шийтгэл оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор, хэрэв хуульд зааснаар торгуулийг хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосон бол тогтоосон хугацаанд торгуулийг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Х.О нь цагдан хоригдсон хоноггүй, нотлох баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдсугай.
7. Ч.А нь гэмтлийн улмаас цаашид гарах гэм хорын хохирлоо холбогдох бичгийн нотлох баримтаа бүрдүүлж шүүгдэгч Х.Огээс Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Си-Ди-ийг хэрэг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргасугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Х.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ